Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/225

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Д.Энхтуяа,

Хохирогч Б.Д.О- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,

Шүүгдэгч Д.Д.Б-э,

Гэрч Б.Б.Б-, В.В.Ц-, Ө.В.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Б-эд холбогдох эрүүгийн 1818009120011 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, урд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  Д.Б-э

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.Д.Б-э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03 цагийн орчим иргэн Б.Д.О-ыг өшиглөж, гутлаар цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:     

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

     Шүүгдэгч Д.Д.Б-э мэдүүлэгтээ: “.2018 оны 11 сарын 30-ны орой Шарын голын бааранд зургуулаа ороод 1 шил архи хувааж уусан. Тухайн үед би Б.Б.У-, Б.Б.Э-, Б.Б.Б-, Б.Б.Х-, Ө.В.О- нарын хамт зургуулаа баарнаас гараад, Б.Б.У- бид хоёр цуг гэрт ирсэн. Бид хоёртой цуг явсан нөгөө хэд баарнаас тараад явсан байсан. Бид хоёр гэрийн том өрөөнд байсан хүмүүстэй юм ярьж байхад н.Г- сэрүүн байсан ба Б.Б.У- архи ууя гэхээр нь би 20,000 төгрөг өгсөн. Удалгүй н.Б.У- орж ирээд дэлгүүр хаасан, архи байхгүй  байна гээд миний мөнгийг надад өгсөн. Гэтэл гаднаас н.Б.Э-, н.О.Н-, н.Б.Х- нар 1 шил архи аваад ороод ирсэн. Би Г- юм ярьж байхад, В.В.Ц-, Б.Д.О-, Ө.В.О- нар араас нь цувж орж ирсэн. Тэд жижиг өрөөнд архи уусан. Тэгээд тэд хоорондоо маргалдаад байхаар нь би очиж харахад В.В.Ц- Б.Б.Б- нар маргалдаж байсан. Тэгэхээр нь би Б.Д.О- н.Ш- /Б.Д.Б-э/-ийн дүү юм гэнэ лээ гээд, Б.Д.О-аас ахынх нь дугаарыг аваад залгая гэж бодож байсан. Тэгээд тэд нар маргалдаад болохгүй болохоор нь би В.В.Ц-г авч гарахад В.В.Ц- намайг боосон, би боолтод орж байхад Б.Б.У- бид хоёрыг салгасан. Нэг сэрэхэд би гал тогооны өрөөнд боолгож ухаан алдаж унасан байсан ба тухайн үед зодоон болж байсан. Намайг гараад иртэл коридориор дүүрэн хүн зодолдож байсан” гэв.

     Хохирогч Б.Д.О- өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зодоон болсон. В.В.Ц- бид хоёр Ш- гээд ахынд байхад В.В.Ц- Б.Б.У-тай уулзъя, хамт явъя гээд бид хоёр Шонхын гэрээс гарсан. Бид хоёр Хаан банкны урд Б.Б.У- нартай уулзчихаад дэлгүүр орж, Б.Б.У- 0,5 литртэй “Хараа” архийг бид хоёрт авч өгсөн. Дэлгүүрийн гадна Б.Б.У-тай хамт явсан хүмүүстэй бид 5 уулаа архинаас 2 удаа татаад, үлдсэн архийг бид хоёрт өгсөн. Бид хоёр хоол ундны зүйл аваад Ш- ахынд  эргээд ортол В.В.Ц- бааранд оръё  гээд нөгөө хэд дээр очиход н.Б.У- архи уух уу гэж надаас асуухад би уухгүй гэж хэлээд архи уугаагүй. Би ширээн дээр байсан 0,75 литртэй “хараа” архинаас уугаагүй, харин пиво авахуулж уусан. Намайг бааранд бүжиглэж байхад тэд нартай хамт явсан өндөр залуу намайг түлхээд байхад Б.Б.У- намайг өмөөрөөд тэр залууг аваад явсан. Бид бөөнөөрөө баарнаас гарахад В.В.Ц- нэг хүүхэнтэй маргалдаж байгаад зугтаагаад явахад бид хоёр салж яваад Ш- ахынд ороход В.В.Ц- тэнд байсан ба нөгөө хэд дээр очъё гэж хэлсэн. Намайг гэрт ортол 0,5 литртэй архийг жижиг өрөөнд уугаад сууж байсан. Би хоёр татаад том өрөөнд ороход 3-4 хүн байсан, би тэнд сууж байхад үүдэнд маргаан болсон. Намайг гарахад В.В.Ц- Д.Д.Б-э нар барилцаад авсан байсан. Гэтэл хажуугийн өрөөнөөс Б.Б.Б- гарч ирээд В.В.Ц-г 2-3 удаа цохисон. Би Б.Б.Б-ийг давхар хамж хамт унасан. Би босоод, эргээд хартал миний аймхай руу цохиод би унасан. Тэгээд намайг тал талаас өшиглөсөн үйлдэл болсон гэв” гэв.

Гэрч Б.Б.Б- өгсөн мэдүүлэгтээ...” Гэрлээ унтраагаад унтах гэж байтал эд нар орилоод байсан. Би В.В.Ц-тэй зууралдаж байхад Б.Д.О- намайг давхар хамж унагаасан. Би В.В.Ц-тэй зууралдаад унасан. Д.Д.Б-э ах бид хоёр энэ хоёртой барилцаж авсан. Энэ үед Б.Б.Х- өрөөндөө орондоо орсон байсан ба бид нарын өрөөнд байсан хүмүүс бүгд орондоо орсон байсан. Б.Д.О- намайг унагаахад би В.В.Ц-тэй зууралдаж цаад том өрөө рүү орсон. Бид хоёр том өрөөнд зодолдож байхад том өрөөний паарнаас ус алдсан. Бид хоёрыг Б.Б.А-, Б.Б.Э- нар салгасан. Миний хувьд В.В.Ц-г ганц нэг удаа толгой руу нь цохисон. Харин Б.Д.О- коридорт байсан ба яг хэн түүнийг зодсоныг мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтсэн гэдгийг эрүүлжүүлэхээс гарч ирээд мэдсэн гэв. Эрүүлжүүлэхээс гарч ирээд Д.Б-э ах бид хоёр эмнэлэг дээр очиж, хохирогчтой уулзаагүй, ахтай нь уулзсан. Биеийнх нь байдал ямархуу байгаа талаар асуусан. Хохирогчийг сахидаг шалтгаан нь бид хамт ажил хийдэг болохоор, зодоон болоход цуг байсан, хамт архи уусан, хэн цохисон, хэн гэдсийг нь тасалсан талаар мэдээгүй, ах нь ажил хийгээд мөнгө олж байя гээд Д.Б-э ах яваад би сахиж үлдсэн, бид нэг хамт олон, би энэ хэрэгт хамааралгүй гээд явж болохгүй байсан. Ах нь хүнтэй ярьж чадахгүй, чи ар гэрийнхэнтэй нь уулзаад байж бай гэж хэлж байсан. Б.Х- төрийн албаны шалгалт өгсөн байсан Завханд өгсөн байсан нь дуудаад явсан байсан.  Б.Х-гийн ах Тэмүүжинг Д.О-ын ахыг таньдаг учир ярья гэж дуудсан, Тэр хүнийг Д.Б-э дуудсан гэв. Д.Б-э Тэмүүжин нар бие биенээ мэддэг гэдгийг бүгд мэддэг байсан. Тухайн үед 4 сая төгрөг өгсөн, эмчилгээний зардалд зориулж, хохирол гомдолгүй болгоё гэж өгсөн.  Хохирогчид мэдүүлэг зааж  өгсөн зүйл байхгүй, яагаад тэгж хэлээд байгааг мэдэхгүй байна . Намайг гүтгээд байх шиг байгаа юм, худал хэлсэн юм шиг байна лээ, үхэж үрэгдсэн хүнийг гүтгэж болохгүй, би болсон хэргийн талаар ярьж байгаа гэв. 4 сая төгрөгөөс гадна Д.Б-э ах уурлаж дайрдаг шалтгаан байгаа, Д.О-т мөнгө нэмж өгье, прокурорт мөнгө өгье 5 сая төгрөг өгье, би өмгөөлөгч авсан гэхэд, ойр зуур мөнгө олуул гаргаж өгье гэж утсаар ярьсан, тэрнээс хойш утсаар ярьсан зүйл байхгүй, Би Завхан аймаг яваад 1 сарын 3-ны өдөр ирээд, 4-5 ны үед утсаар ярьсан байдаг гэв. Намайг В.Ц-тэй муудалцаад гараад ирэхэд Д.О- байгаагүй гэв. В.Ц-г зодуулсан үйлдэл дээр ЗТХ-иар 100,000 төгрөгөөр торгуулсан гэв. В.Ц-, хохирогчийн эхнэр бид нар хамт байж хохирогчид мөнгө өгсөн гэв. Өндөр хүн хэн байсан талаар мэдэхгүй байна, гараар бичиж өгсөн зүйлийн талаар зургийг нь авсан байгаа “гэв.

 

Гэрч В.В.Ц- өгсөн мэдүүлэгтээ...”Б.Д.О-, Б.Б.У- бид гурав босоод гутлаа өмсөөд сууж байтал зодоон болж, би Б.Б.Б-той зодолдоод цаад өрөө рүү орсон. Үүдэнд зодоон болж хэн хэнийг зодсон талаар би хараагүй. Б.Б.Б- бид хоёрыг Б.О.Н- салгасан байдаг. Намайг Б.Б.Б-оос салаад босож ирэхэд шүүгдэгч надтай зууралдаад байсан, Б.Д.Б-э наадуулаа зодооч, бүгдийг нь ал, тэрийг зод гэж Б.У-ыг хэлж байсан, Б.Д.О- салтаагаа дэлгээд сууж байсан, гэдэс болохгүй байна гээд орилоод байсан, ах руу нь залгаад дуудаад зодуулчихлаа гээд ах нь ирсэн, тэр хооронд шатаар Ө.В.О-, Б.Б.У- буулгаж өгсөн, би түрүүлээд буусан” гэв.

 

Гэрч Ө.В.О- өгсөн мэдүүлэгтээ...”Би  том өрөөнд болконы хажуугийн цонхны дэргэд унтаж байхад жижиг өрөөнд эд нар маргалдаад байсан. Удалгүй Б.Д.О- В.В.Ц-г явъя гээд үүдэнд хувцсаа өмсөөд зогсож байхад В.В.Ц- явахгүй байсан. Гэтэл удалгүй Д.Д.Б-э В.В.Ц- хоёр заамдалцаад гараад ирсэн. Энэ үед Б.Б.Б-, В.В.Ц-г араас нь гарч ирээд цохисон. Б.Д.О- найзыгаа өмөөрөөд Б.Б.Б-ийн хөлөөс давхар хамаад өргөөд шидсэн. Нөгөө өрөөнөөс Б.Б.Э- Б.Б.Х- нар гарч ирээд Б.Б.Х- Б.Д.О-ыг цохих шиг болоход Б.Д.О- доошоо болж хэвтсэн. Б.Б.Б-, Б.Б.Э-, Б.Б.Х- нар Б.Д.О-ын тал талаас нь унасан байхад нь өшиглөөд байсан. Б.Б.Б-, Б.Б.Э- нар В.В.Ц-г зодоод том өрөө рүү орсон, Б.Б.Х- Б.Д.О-ыг гутлаар, гараараа, Б.Д.О-ын хаагаагүй хэсэгт цохиод байсан. Би хүн аллаа шүү дээ гэхэд  Б.Б.Х-г салгах гэхэд Б.Б.Х- дайраад байсан. Б.Б.Х- намайг Ө.В.О- гуай гээд алгадсан. Энэ үед Б.Д.О- явсан байсан. Би нөгөө өрөөнд ортол Ц.О.Н-, Б.Амарсайхан хоёр, Б.Б.Э-, Б.Б.Б- нарыг зодож байхад нь салгасан” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д.Б-ийн өмгөөлөгч Цэрэнбат... Цагдаагийн ажилтан Х.М-н.Г-, н.Д.Б-э зэрэг цагдаагийн ажилтнуудын мэдүүлгүүдийг хасуулах хүсэлтэй байна. Эдгээр гэрч нар нь нэг нэгнийгээ дэмжиж мэдүүлэг өгсөн байдаг ба хамаарал бүхий албан тушаалтнуудын нотлох баримт гэж үзэж байна гэв. Шүүх өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх тул нотлох баримтаас хасах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гурав. Яллах болон өмгөөлөх талаас Эрүүгийн  1818009120011 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Гэрч В.В.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...“...Б.Б-той маргалдаад Б.Б- миний зүүн нүд рүү цохих үед би тонгойгоод газар хэвтсэн чинь Б.Б- дээрээс өшиглөсөн. Гэтэл нэг нүцгэн залуу Б.Б-ийг цааш нь аваад явахаар нь би үүдэнд очсон чинь надтай хамт байсан Д.О- гэдсээ бариад сууж байхаар нь юу болсныг асуухад энэ байранд байдаг шар нэрийг нь үл мэдэх залуу гэдэс рүү өшиглөчихлөө гэсэн. ” гэх мэдүүлэг /1-р хх 74-75/,

“...үүд рүү яваад очсон чинь Д.О- хөлөө жийгээд суучихсан бахираад байсан. Тухайн үед яасан талаар асуухад намайг шар залуу өшиглөчихлөө гэж хэлсэн. Тухайн үед тэнд Б.Х-, Д.Б-э хоёроос өөр шар хүн байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хх 170/,

Гэрч Б.Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...“...гутлаа өмсөх гээд сууж байсан Д.О- нь Д.Б-э, В.Ц- нарыг салгах гээд дундуур нь орсон чинь Б.Б- В.Ц- нар барьцалдаад том өрөө рүү зодолдоод орохоор нь би араас нь салгах гээд орсон чинь О.Н-, В.О- нар салгаж байхаар нь би эргээд Д.О- дээр очсон доошоо харсан байдалтай хэвтсэн түүний дээр Д.Б-э гэгч нь Д.О-ын нуруу руу цохиж байхаар нь би очоод Д.О-ын дээр очиж хэвтээд хамгаалсан” гэх мэдүүлэг /1-р хх 78/,

“...Д.Б-э В.Ц-тэй маргалдаж барьцалдаж аваад түүний цээж рүү цохисон. Гэтэл Б.Б- гарч ирээд В.Ц-гийн нүүр рүү 2-3 удаа цохисон. Энэ үед Д.О- Б.Б-ийн хоёр хөлнөөс барьж дээж өргөн газар унагахад Д.Б-э гартаа өвлийн том гутал бариад нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. ...энэ үед би эргээд харахад Б.Х-г Д.О- бариад зогсож байсан. Харин О.Н- миний хажуугаар шалны алчуур барьж гүйгээд байсан. Тэгээд арай гэж намжаад В.О- Д.О-ын ах руу залгаж В.Ц-, Д.О- нарыг байрнаас гаргаад явуулсан” гэх мэдүүлэг /2-р хх 155-156/,

Гэрч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...“...Б.Б- В.Ц-тэй барьцалдаад авчихсан Д.Б-э Д.О- хоёр зодолдсон бололтой газарт Д.О- 4 хөлөлчихсөн доошоо харчихсан хажууд нь Д.Б-э зогсоод Б.Э- салгаж байгаа юм шиг л харагдсан” гэх мэдүүлэг /1-р хх 84/,

“...Д.О- газар 4 хөлөлчихсөн байдалтай хажууд нь Д.Б-э том гутал бариад зогсчихсон тэр хоёрын голоор Б.Э- орчихсон Д.Б-ийг хориод зогсож байсан.” гэх мэдүүлэг /2-р хх 165/,

Гэрч Б.Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... “...Шөнө 00 цагийн үед В.Ц- залгаад Д.О- гадаа хэвтэж байна намайг байрнаас гаргахгүй байна гэж ярьсан. Тэгсэн 10 гаруй минутын дараа дүү Д.О- утсаар залгаад ахаа зодуулчихлаа 11-р байрны гадаа байна гэж хэлсэн. Тэгээд би 11-р байрны гадаа очиход манай дүү Д.О- орцны үүдний шатан дээр эвхрээд сууж байсан. Хажууд нь В.О- зогсож байсан ба 4-5-уулаа нийлээд дүүг чинь зодчихлоо би салгаад дийлсэнгүй гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 128/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1178 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Д.О-ын биед нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийн шингэн хуралт, хагалгааны дараах байдал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу мохоо зүйлээр цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1-р хх 144/,

 

            Шинжээч Э.О-с мэдүүлэг авсан тэмдэглэл ...”Б.Д.О-ын биед үүссэн гэмтлийг хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр буюу мохоо зүйлээр цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой” /1хх-147,/ хэвлийн хөндийн гэмтэл нь шууд буюу шууд бус механизмаар үүсдэг. Шалтгаан нь хүчтэй цохилт, доргилт, дарагдал, хатуу мохоо зүйлчлэлээр үүсдэг. Иймээс араас гутлаар цохиулах үед үүсэх боломжтой гэмтэл юм.” /2хх180/,

 

            Гэрч Т.А- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”2018 оны 11 сарын 19-30-ны шилжих шөнө 03 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр Д.О- нь өөрийн ах Д.Б-э, зүс таних жижиг биетэй бас нэг залуугийн хамт өөрийн биеэр ирж Хайрхан баг 11-58 тоотод намайг хүн зодчихлоо гэж дуудлага өгсний дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэболдын хамтаар тус хаяган дээр очсон. Бид хоёрыг ороход 2 өрөө байр байсан ба жижиг өрөөнд 2 залуу унтаж байхаар нь сэрээж юу болсон талаар тодруулж асуухад Д.Б-э гэх залуу нь босч ирээд бид нарыг амарч байхад гаднаас хажуугийн том өрөө хөлсөлж суудаг хүмүүс дээр Д.О- гэх залуу нэг найзынхаа хамт орж ирээд бид хоёрыг бос нэг шил архи ууя гэхээр нь би унтаж амарч байхад ядаргаатай юм гэж хэлээд Д.О- гэх залууг үүдний коридорт гэдэс рүү нь нэг өшиглөсөн юм тэгсэн чинь Д.О- хамт орж ирсэн найзынхаа хамт гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх32/,

 

            Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...”тухайн үед ахлах ахлагч Т.А- бид хоёртой хамт явсан залуу болохоор Д.О-ыг Д.Б-э  гэдэс рүү нь цохисон гэж хэлж зааж байсан” гэх мэдүүлэг /2хх33/,

 

            Гэрч Г.З- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...” би өөрөө Завхан аймаг Их-Уул суманд төрж өссөн хүн байгаа юм. Д.Д.Б-э гээд залуу манай Завхан аймгийн Тосон сумын залуу болохоор 2007 онд Орхон аймагт ирээд хамт газар шорооны ажил хамтдаа хэсэг хугацаанд хийж бас нэг нутаг гээд таньдаг болсон. Миний мэддэг Д.Д.Б-э хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, хамт олонч, нийтэч, эвтэй найртай байдаг залуу байгаа юм. би Д.Д.Б-ийг архи тамхи хэрэглээд явж байсныг огт хараагүй” гэх мэдүүлэг /1хх136/,

 

            Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...” би он, сарыг нь санахгүй байна. 2018 оны 12 сард Орхон аймагт гэртээ ээж, аав дүү нарынхаа хамтаар байж байсан чинь Дарханд байдаг манай нөхрийн эгч С- өөрийнхөө утсаар залгаад Д.О- утсаар ярья гэж байна гээд би Д.О-тай ярьсан чинь би Шарын гол суманд найзынхаа гэрт байж байгаад хүнд зодуулчихлаа эмнэлэгт хэвтэж байна гэж хэлэхээр нь би 2 хоногийн дараа Дарханд ирээд эрүүл мэндийн төв дээр очиход сахалтай шар залуу ирсэн байсан. Тэгсэн тэр шар залуу манай том эгчид би айлд хувцсаа сольж усанд орчихоод орой 19 цагт ирээд сахиж хоноё гэж хэлээд ирээд Д.О-ыг сахиж хоносон. Би маргааш өглөө 8 цагийн үед эмнэлэг дээр ирсэн чинь сахиж хоносон сахалтай шар залуу надтай зөрөөд гараад явсан. Тэгсэн Д.О- надад энэ намайг сахиж хоносон залуу хэргээ татаад авчихаач мөнгө өгье гэж хэлж байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг/1хх-139-140/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 15/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 16-19/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 21, 23, 37, 39/,

Гэрч, хохирогч нарыг нүүрүүлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх 59-72/,

Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх 108-127/,

Шүүгдэгч Д.Д.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 166-168/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх 181-186/,

Хохирогч Б.Д.О-ын өвчний түүх /1-р хх 194-221/,

Шүүгдэгч Д.Д.Б-ийн арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны хуулга /1-р хх 223-250/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 142-148/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Дөрөв. Хэргийн талаарх дүгнэлт:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Өмгөөлөгч Б.Цэрэнбат шүүгдэгч Д.Д.Б-ийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах дүгнэлтийг тус тус гаргаж  мэтгэлцэж байна.

 

Хохирогч Б.Д.О-аас мөрдөн шалгах ажиллагаанд 8 удаа мэдүүлэг авсан байх ба түүний  мэдүүлэг тогтворгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, дотоод итгэлээрээ дүгнэлт хийв. Үүнд:

 

Хохирогч Б.Д.О- 2018 оны 12 сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ...”тэдний том өрөөнд сууж байхад гэнэт юм түжигнээд явчихаар гайхаад очтол манай найз В.Ц-г тухайн жижиг өрөөнд байсан гурван залуу В.Ц-г унагаачихсан нийлээд хавирга, нүүр рүү нь өшиглөө зодож байсан. Тэгэхээр нь би очоод та нар хүн аллаа шдээ болиоч ээ гэхэд намайг нэг хүн татахаар нь эргээд харсан чинь Д.Б-э гэх залуу гэдэс рүү өшиглөчихсөн. Ингэж өшиглүүлээд би доошоо тонгойгоод суухад тухайн Д.Б-э гэх залуу 3-4 удаа гэдэс рүү өшиглөж том хар гутлаа гартаа барьчихсан гутлаараа нуруу болон гэдэс рүү олон цохиж зодсон. Яг хэдэн удаа гутлаараа цохисонг хэлж мэдэхгүй байна. Их л олон удаа цохиод байсан. Ингэж зодуулж байгаад би зугтаагаад тэр айлын хаалгаар нь мөлхөөд гарч байснаа санаж байна” гэх /1хх-51/,

 

            2019 оны 01 сарын 14-ны өдөр хохирогч Б.Д.О- дахин өгсөн мэдүүлэгтээ...”...нөгөө В.Ц-гийн байсан өрөөнд шуугилдаад маргаан болохоор нь би очсон чинь Д.Б-э В.Ц- 2 барьцалдаад байж байсан чинь цаад өрөөнөөс Б.Б- гарч ирээд В.Ц-гийн нүүр хэсэгт 3 удаа цохихоор нь би В.Ц-г өмөөрөөд Б.Б-ийг хоёр хөлнөөс нь хамж татаад газар унаад босоод ирсэн чинь үүдэнд Б.Х- гэх залуу миний цээж хэсэг рүү цохиод би газар дөрвөн хөллөөд хэвтсэн чинь дээрээс түрийтэй гутлаар нуруу руу цохиж гэдэс рүү хажуу талаас өшиглөсөн. Тэр үед найз Б.У- болон тэнд байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних 2 залуу салгахаар нь байрнаас мөлхөж гадаа гараад сандал дээр сууж байсан чинь тэр байранд байсан нэрийг нь үл мэдэх ах миний төрсөн ах Д.Б- рүү залгаад удалгүй ах ирж эмнэлэг рүү явсан. ...Би адамдоржийн 2 хөлнөөс хамаад хамтдаа газар унаад босоод ирсэн чинь Б.Х- гэх залуу миний цээж рүү баруун гараараа цохих үед би шууд газар сөхрөөд унасан. Тэр үед дээрээс Б.Б-, Б.Х- нэрийг нь үл мэдэх хуруу муутай залуу 3 дээрээс гутлаар цохиж мөн өшиглөсөн. Тухайн үед над дээр Б.Б- 4000000 төгрөгтэй ирээд тэр өндөр залуу өшиглөсөн гээд хэлчих гэж хэлэхээр нь би Б.Х- гэх залууг хэлж байгаа юм болов уу гэж бодоод Д.Б-э гээд залуу өшиглөсөн гэж мэдүүлсэн” гэх мэдүүлэг /1хх53-54/,

 

            2019 оны 01 сарын 28-ны өдөр хохирогч Б.Д.О- өгсөн мэдүүлэгтээ...” нөгөө жижиг өрөөнд хүмүүс чанга чангаар яриад байхаар нь би эргээд жижиг өрөөнд ороход найз В.Ц-, Д.Б-э, Б.Б- мөн намайг бааранд түлхсэн саарал куртиктэй өндөр залуу мөн саарал өмдтэй залуу хэвтэй байсан газраа хэвтэж байхад Б.Б.У- гал тогооны өрөөнд ганцаараа ус уугаад зогсож байсан. Би цааш яваад том өрөөнд хэвтэж байсан зүс таних ахтай юм яриад байж байсан чинь гарах хаалганы үүдний хэсэгт манай найз В.Ц- тэр байранд байсан Д.Д.Б-э ах 2 заамдалцсан байдалтай байхад жижиг өрөөнөөс Б.Б.Б- гарч ирээд В.В.Ц-г 2-3 удаа шанаа руу цохихоор нь найз В.В.Ц-г өмөөрөөд Б.Б-ийн хоёр хөлнөөс хамаад бид 2 хамт газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь тэнд байсан нэрийг нь  тогтоохгүй байна, нэрийг нь мэдэхгүй залуу шууд миний аймхай хэсэг рүү гараараа цохиход би 2 өвдгөөрөө газар доошоо өвдөглөөд 2 гараараа тулаад доошоо хараад хэвтсэн чинь миний баруун болон зүүн талаас өшиглөөд байсан. Тэр үед байранд байсан Б.Б.У- гэх залуу миний дээрээс хүн аллаа гээд хэвтээд хэсэг хугацааны дараа Б.Б.У- миний дээрээс босохоор би үүд рүү мөлхөөд гарч байхдаа эргээд харсан чинь миний хэвтэж байсан газарт Б.Б.Б-, саарал куртиктэй байсан өндөр залуу нэг нь саарал дотуур өмдтэй залуу гурвыг Б.Б.У- цааш нь түлхэж байсан. Намайг эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байхад Б.Б.Б- гэх залуу, манай найз В.В.Ц-, нэрийг нь үл мэдэх залуутай гурвуулаа ирээд 4 сая төгрөг бэлнээр өгөөд Б.Б.Б-, В.В.Ц- нар чи Д.Д.Б-ийг цохисон гээд хэлчих гэж хэлэхээр нь би тухайн байранд намайг цохьсон залууг хэлж байгаа байх гэж бодоод өндөр шар Д.Д.Б-э гээд залуу гээд хэлчихсэн чинь надад 4 сая төгрөг өгөөд явсан. Мөн Д.Д.Б-э, Б.Б.Б-, мөн найз В.В.Ц- нар утсаар ярьдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-55-56/

 

            2019 оны 04 сарын 24-ний өдөр хохирогч Б.Д.О- мэдүүлэхдээ...”Эрдэнэтийн Д.Б-э ах над руу залгаад ах нь эмчилгээний хохирол гарснаас үдсэн 2 сая төгрөгийг чинь ах нь өгчихье, мөн өмгөөлөгч авч байхаар өмгөөлөгчид өгөх 600000 төгрөгийг бас чамд өгчихье гэж ярихаар нь авмааргүй байна гэж хэлсэн би Д.Б-ээс утсаа таслаад Д.Б-ийн ярьсныг байцаагч Мөнхбат руу ярьж хэлсэн хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна, эмнэлгээс гараад гэртээ харьсан байхад буюу Д.Б-ийг ярихаас өмнө Б.Б- бид нар ажил хийж байгаад дундаасаа үлдсэн 2 сая төгрөгийг чинь гаргаад өгье гэж ярьсан, тэгэхээр нь би авахгүй гэсэн” гэх мэдүүлэг /1хх-57-58/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авах журмын дагуу гэрч Б.Б.У-, Б.Б.А-, Б.Б.Э-, Д.Д.О-, Л.О.Н-, Б.Б.Х- нарт хууль сануулж мэдүүлэг авсан, түүнчлэн гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаанд прокурор оролцсон, гэрчүүдийн удаа дараагийн мэдүүлэг тогтвортой байх тул дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлтэй.

Харин гэрч Ө.В.О- 2018 оны 11 сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ...”тухайн үед шуугилдаж, маргалдаад байхаар нь би босоод очсон чинь Б.Б-, В.Ц- гэгчийн дээр нь гарчихсан цохиж байхаар нь би салгаж байсан чинь хажуунаас Б.А- хүрч ирээд бид хоёр салгаж байхад паарнаас ус алдаад Б.А- ах паарыг дараад би Б.Б-ийг өрөө рүү нь оруулсан “ гэж мэдүүлсэн боловч 2019 оны 01 сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ... “Б.Б-, В.Ц-г цохиод байж байхад цаанаас Д.О- ирээд Б.Б-ийн 2 хөлийг хамаад аваад шидсэн. Тэгсэн Б.Б- эргэж босч ирээд Д.О-тай маргаад зууралдаад цохилцож байсан чинь цаанаас Б.Х-, Б.Э- 2 гарч ирээд Д.О-ыг газар унагаагаад цохиж байснаа Б.Б-, Б.Э- 2 В.Ц-тэй зодолдоод том өрөө рүү орсон. Тэр үед Б.Х- гартаа том хар түрийтэй гутал барьчихсан Д.О-ын толгой болон биеийн бүх хэсэгт цохиж байхаар нь би салгасан. Намайг Б.Х- намайг хүртэл ална гээд Д.О- ах Б.Х-г татаад жижиг өрүү оруулах гэж байгаад цаашаа унаад эргэж босч ирээд Б.Х-г гарнаас нь чирээд өрөө рүү нь оруулсан” гэх мэдүүлэг/1хх-104/ нь гэрч Б.Б.У-ын... “том өрөөнд Б.Б.Б-, В.В.Ц- нар орохоор нь би араас нь салгах гээд очсон Ө.В.О-, О.Н- хоёр салгаж байсан” гэх мэдүүлгээр, Ө.В.О-гийн... “хохирогч Б.Д.О-ыг Б.Х- гартаа том хар түрийтэй гутал барьчихсан зодсон” гэх  мэдүүлэг нь гэрч Д.Д.О-, Б.Б.А-, Б.Б.Э-, Б.Б.У- нарын мэдүүлгээр  үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Д.О-ыг мэдүүлгээ өөрчлөх болсон шалтгааныг дараахь нотлох баримтаар нотолжээ.Үүнд:

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл....” 1-р хүн/мөрдөгч, а/х Х.Мөнхбат/ аан аан, 2-р хүн/Б.Д.О-/ тэр нөгөө Д.Б-э гээд байгаа биздээ, 1р хүн: Эрдэнэтийн юу, тийн, тийн, 2-р хүн:тэр чинь намайг цохиогүй гээд хэлчихээ чи одоо, би нөгөө хоёр сая төгрөгийг чинь гялс гаргаад өгчихнө шдээ, тэгээд нэмэлт байцаалт авч байхаар би чамд зургаан зуун мянган төгрөгөө чамд өгчихье гээд байх юм. 1р хүн: одоо тэгээд Д.Б-э нэг ёсондоо юу гээд байгаа юм, чи намайг өшиглөөгүй цохиогүй гээд хэлчих гээд байгаа юм уу, 2р хүн: тийн, цохиогүй гээд нэмэлт байцаалт өгчих гээд байх юм, наадах чинь одоо, 1р хүн: за тэгвэл чамайг тэгээд хэлчихвэл 2 сая төгрөг өгье гээд хэлээд байгаа юм уу? 2-р хүн: тэгээд чи юу яасан, 2 сая дээр чинь нэмээд өмгөөлөгчийнхөө 600000 төгрөгийг өгчихье гээд солиороод байх юм наад Д.Б-э гээд нөхөр чинь надад, 1-р хүн: за тэгээд одоо чамд нэг ёсондоо 2600000 төгрөг өгөнгүүтээ чамайг дахиж урд нь худал мэдүүлэг өгсөн байна, одоо дахиад мэдүүлэг өгье намайг Д.Б-э өшиглөөгүй гэж хэлчих гэж хэлээд байгаа юм уу, 2-р хүн тийн тийн, тэгээд байсан” гэх /1х-35/,

 

            Хохирлын мөнгө 2018 оны 12 сарын 4-нд Б.Б-, Д.Д.Б-э нараас хүлээлгэн өгсөн баримт /1хх-45/,

           

            Гэрч Х.М- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ...” би 2018 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Шарын гол сумын Хайрхан багийн 11 дүгээр байрны 58 тоотод иргэн Б.Д.О- нь бусдад зодуулж эрүүл мэндээрээ хүнд хохирсон хэргийг шалгаж байсан. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр шарын гол суманд байж байхад миний 99841218 дугаарын гар утас руу 99808648 дугаар буюу тухай үед хохирогч Б.Д.О-ын ашиглаж байсан дугаар байхаар нь би авсан чинь би Д.О- байнаа, би Орхон аймагт байна, миний эхнэр төрж чадалгүй бид 2 хүүхдээ алдчихлаа гэж хэлээд бид хоёрт мөнгө хэрэгтэй байна, та Д.Б-э рүү залгаад ядаж 200000-300,000 төгрөг өгчих гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Мөн Д.Б-э над руу залгаад чи намайг цохиогүй гээд дахиад мэдүүлэг өгчих 2000,000 төгрөг гялс гаргаад өгье, бас өмгөөлөгч авах 600,000 төгрөг нэмээд 2,600,000 төгрөгийг чамд өгье нэмэлт байцаалт өгчих гэж утсаар яриад байна гэж надад хэлсэн. Мөн Бадаа гэж дууддаг Б.Б- над руу залгаад хэзээ би чамд Д.Б-э цохьсон гээд хэлчих гэж хэлсэн юм бэ? гээд над руу бас утсаар яриад байсан гэж надад хэлэхээр нь би Д.О-ын ярьж байгааг сонсоод гар утсан дээрээ бичиж авсан” гэх мэдүүлэг /1хх141/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг зэрэг болно.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багийн 11 дүгээр байрны 58 тоотод нэг талаас В.В.Ц- нь Д.Д.Б-э, Б.Б.Б- нартай “нүхнээс чинь шороо авна” гэж маргалдсан байх ба В.В.Ц-, Б.Д.О- нарыг байрнаас гарахаар коридорт гарах үед Д.Д.Б-э нь В.В.Ц-тэй барьцалдаж заамдалцахад Б.Б.Б- тэдний дундуур орж В.В.Ц-гийн шанаа руу цохиж заамдалцсан, Б.Д.О- өөрийн найз В.В.Ц-г өмөөрөн Б.Б.Б-ийн 2 хөлийг хамж аван унасан,  Б.Д.О-ыг унасан үед Д.Д.Б-э гартаа өвлийн түрийтэй гутлаар нуруунд нь 3-4 удаа цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо.

Хохирогчийн Б.Д.О-ын биед халдсан үйл баримтын талаар...

 

            Гэрч В.В.Ц- 2018 оны 12 сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ...”би Д.О-ыг хэн зодож цохихыг хараагүй. Би Б.Б-ид зодуулчихаад наашаа үүд рүү ирсэн чинь Д.О- гэдсээ бариад сууж байхаар нь би юу болсон талаар асуухад чамайг салгах гээд очсон чинь тэнд байсан нэрийг нь мэдэхгүй шар залуу намайг газар унагаагаад дээрээс өшиглөж цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх75/   

           

            Гэрч Б.Б.У- 2018 оны 12 сарын 03-ны өдөр мэдүүлэхдээ...”анх В.Ц- Б.Б-ид хандаж маргааш нүх рүү орж ажиллана, нүх рүүгээ орохыг чинь харнаа гээд маргалдахаар нь би В.Ц-, Д.О- нарыг жижиг өрөөнөөс дагуулаад үүд рүү очиж хувцсыг нь өмсүүлж байсан чинь өрөөнөөнс Д.Б-э ганцаараа гарч ирээд В.Ц-г суугаад босч байхад нь араас нь татаад хана налахад нь В.Ц- Д.Б-ийг яаж байгаа юм бэ? гээд бариад авсан чинь Д.Б-э, В.Ц-гийн цээж рүү цохиод барьцалдсан чинь арын жижиг өрөөнөөс Б.Б- гарч ирсэн, нөгөө талаас гутлаа өмсөх гээд сууж байсан Д.О- босоод Д.Б-э, В.Ц- нарыг салгах гээд дундуур нь орсон. Тэр үед Д.О- Д.Б-э нар барьцалдаад мөн Б.Б-, В.Ц- нар хоорондоо бас барьцалдаад том өрөө рүү зодолдоод орохоор нь би араас нь салгах гээд очсон чинь В.О-, О.Н- нар салгаж байхаар нь би эргээд Д.О- дээр очсон чинь газар доошоо харсан байдалтай хэвтсэн, түүний дээр Д.Б-э гэгч нь баруун гартаа гутал барьчихсан Д.О-ын нуруу руу цохиж байсан. Би болиоч ээ гэж хэлээд Д.О-ын дээр нь гарч хэвтээд хамгаалсан” гэх мэдүүлэг /1хх79/,

           

            Гэрч Б.Б.А- мэдүүлэхдээ...”...намайг коридорт гарч ирэхэд Б.У-, Б.Х- хоёр харагдаагүй тэнд Б.Б-, В.Ц- хоёр  барьцалдаад авчихсан, Д.Б-э,Д.О- хоёр зодолдсон бололтой газарт Д.О- дөрвөн хөллөсөн доошоо харчихсан, хажууд нь Д.Б-э зогсоод Б.Э- Д.Б-ийн урдуур нь ороод боль гэж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /1хх85/,

 

Гэрч Б.Б.Э- мэдүүлэхдээ... “...Б.Б- В.Ц-гийн дээр гарчихсан гараараа цохиж байхад Б.А- салгаж байсан. Харин Б.Д.О- доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э үүдэнд байсан Б.Б-ийн өмсдөг өвлийн түрийтэй хар гутлыг гартаа барьчихсан далайгаад Д.О-ыг цохиж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 90/,

“...Үүдэнд хүмүүс зодолдох үед манай өрөөнд байсан Б.Б- түрүүлж гарч араас нь Д.О- ах гарч түүний араас би гарсан. Харин ард Б.Х- үлдсэн. Ингээд би өрөөнөөс гараад ирэхэд Б.Б- В.Ц-г барьж аваад цохиж байсан. Хажууд нь Д.О- нь доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э том хар гутлаар цохиж байсан. Өөр хүн байгаагүй бөгөөд Д.О- луу өөр ойртсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх 161/,

Гэрч Д.Д-мэдүүлэхдээ... “...Д.О- доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э том хар гутал барьчихсан дээрээс нь цохиж байсан. Хажууд нь Б.Б- гаднаас орж ирсэн өндөр залуутай газарт дээр доороо ороод зодолдож байсан” гэх мэдүүлэг /1-р хх 92/,

“...Д.О-ыг хэзээ яаж унасан талаар би мэдэхгүй байна. Намайг өрөөнөөсөө гарч ирэхэд Д.О- коридорт уначихсан дээрээс нь Д.Б-э гутлаар цохиж зодож байсан. Д.О-ыг өөр цохиж зодож байсан хүн байгаагүй. Харин хажууд нь В.Ц-г Б.Б- зодож байхад нь Б.Э- салгах гэж байгаа бололтой араас нь тэвэрсэн байсан. Энэ зодоонд өөр хүн оролцоогүй” /2-р хх 163/,

Гэрч Л.О.Н- мэдүүлэхдээ... “...Б.Б- В.Ц-гийн дээр гарчихсан цохиж байхад  В.О-, Б.А- 2 салгаж байсан. Харин Д.О- газар хэвтсэн байдалтай Д.Б-э нуруун тус газар нь цохиж байхад Б.Э- салгаж байхаар нь би очоод хамт салгаад Д.Б-ийг өрөө рүү нь оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх 95/,

“...Б.Б- нь В.Ц-гийн дээр гарчихсан цохиж байсан ба В.О-, Б.А- нар салгаж байсан. Харин Д.Б-э нь В.Ц-тэй хамт явж байсан намхан залуугийн дээр гарчихсан 2 удаа нуруун тус газар нь цохиж байсан. Би Б.Э-ын хамтаар очиж салгасан” гэх мэдүүлэг /2-р хх 167/

Гэрч Б.Б.Х- мэдүүлэхдээ... “...үүдний хэсэг рүү юу болж байгааг харсан чинь гаднаас орж ирсэн намхан залуу газар доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э ах гартаа хар түрийтэй гутал барьчихсан 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Гэтэл цаанаас Б.У- ирээд Д.О-ын дээр хэвтэж хамгаалаад хүн аллаа шүү дээ гэхэд Б.У-, В.О- нарыг хүртэл алаач муу гөлөгнүүдийг гээд Д.Б-э орилоод байсан” гэх мэдүүлэг /1-р хх 87/,

Гэрч Ө.В.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б- нь В.Ц-г цохиод байж байхад цаанаас Д.О- ирээд Б.Б-ийн хоёр хөлийг хамаад өргөөд шидсэн. Тэгсэн Б.Б- эргэж босч ирээд Д.О-тай маргалдаж зууралдаад цохилцож байсан чинь цаанаас Б.Х-, Б.Э- 2 гарч ирээд зодолдоод том өрөө рүү орсон. Тэр үед Б.Х- гартаа том хар гутал барьчихсан Д.О-ын толгой болон биеийн бүх хэсэгт нь цохиж байхаар нь би салгасан” гэх мэдүүлэг /1-р хх 104/ зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлжээ.

Хэргийн үйл баримтаас хохирогч Б.Д.О-ын биед Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1178 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  “нарийн гэдэсний задрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу мохоо зүйлээр цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт гарсан ба уг гэмтлийг шүүгдэгч Д.Д.Б-э учруулсан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Д.Б-ийн гэмт үйлдлийг гэрч Б.Б.У-ын “Д.Б-э гэгч нь баруун гартаа гутал барьчихсан Д.О-ын нуруу руу цохиж байсан” гэх мэдүүлгээр, гэрч Б.Б.А-ын “Д.Б-э, Д.О- хоёр зодолдсон бололтой газарт Д.О- дөрвөн хөллөсөн доошоо харчихсан, хажууд нь Д.Б-э зогсоод Б.Э- Д.Б-ийн урдуур нь ороод боль гэж байгаа харагдсан” гэх мэдүүлгээр, гэрч Б.Б.Э-ын “Д.О- нь доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э том хар гутлаар цохиж байсан” гэх мэдүүлгээр, гэрч Д.Д.О-ын “Д.О- коридорт уначихсан дээрээс нь Д.Б-э гутлаар цохиж зодож байсан” гэх мэдүүлгээр, гэрч Л.О.Н-ийн “Д.Б-э нь В.Ц-тэй хамт явж байсан намхан залуугийн дээр гарчихсан 2 удаа нуруун тус газар нь цохиж байсан” гэх мэдүүлгээр, гэрч Б.Б.Х-гийн “үүдний хэсэг рүү юу болж байгааг харсан чинь гаднаас орж ирсэн намхан залуу газар доошоо хараад хэвтчихсэн дээрээс нь Д.Б-э ах гартаа хар түрийтэй гутал барьчихсан 2-3 удаа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлгээр, гэрч Т.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг...”2018 оны 11 сарын 19-30-ны шилжих шөнө 03 цагийн үед...мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэболдын хамтаар тус хаяган дээр очсон. Бид хоёрыг ороход 2 өрөө байр байсан ба жижиг өрөөнд 2 залуу унтаж байхаар нь сэрээж юу болсон талаар тодруулж асуухад Д.Б-э гэх залуу нь босч ирээд бид нарыг амарч байхад гаднаас хажуугийн том өрөө хөлсөлж суудаг хүмүүс дээр Д.О- гэх залуу нэг найзынхаа хамт орж ирээд бид хоёрыг бос нэг шил архи ууя гэхээр нь би унтаж амарч байхад ядаргаатай юм гэж хэлээд Д.О- гэх залууг үүдний коридорт гэдэс рүү нь нэг өшиглөсөн юм тэгсэн чинь Д.О- хамт орж ирсэн найзынхаа хамт гараад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлгээр, гэрч Б.Э- ”тухайн үед ахлах ахлагч Т.А- бид хоёртой хамт явсан залуу болохоор Д.О-ыг Д.Б-э нь гэдэс рүү нь цохисон гэж хэлж зааж байсан” гэх мэдүүлгээр, Шинжээч эмч Э.О-...”Б.Д.О-ын биед үүссэн гэмтлийг хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр буюу мохоо зүйлээр цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой”, хэвлийн хөндийн гэмтэл нь шууд буюу шууд бус механизмаар үүсдэг. Шалтгаан нь хүчтэй цохилт, доргилт, дарагдал, хатуу мохоо зүйлчлээр үүсдэг. Иймээс араас гутлаар цохиулах үед үүсэх боломжтой гэмтэл юм” гэх мэдүүлэг болон гэрч Б.Б.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлон тогтоогдлоо.

Тав. Гэм буруугийн талаарх дүгнэлт

Шүүгдэгч Д.Д.Б-э нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Б-ийг согтуугаар 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан багийн 11 дүгээр байрны 58 тоотод хохирогч Б.Д.О-ын биед халдаж нарийн гэдэсний задрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Д.О- нь эмчилгээний зардалд нийт 6000000 төгрөг нэхэмжилж байгаа ба түүнд 4000000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2000000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос түрийтэй хар гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д.Б-эд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 277777 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Шүүгдэгч Д.Д.Б-э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хохирогч Б.Д.О-ын 2000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос түрийтэй хар гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст хүргүүлсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ