Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 80

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0263/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.А-, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Д.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Цэрэнбат

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаар  захирамжтай,  Д-н Б-д холбогдох, 1818009120011 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-н Б-.

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг 11-р байрны 58 тоотод иргэн Б.О-ын хэвлийн тус газар нь өшиглөж, гутлаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаар захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Б-д холбогдох эрүүгийн 1818009120011 дугаартай 2 хавтас хэргийг прокурорт буцааж,

Хэрэг  Прокурорын газар очтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх гэрч В.Ц-гийн 1-р хавтас 74-77 дугаар хуудас, гэрч Б.У-ын 78-79 дүгээр хуудас, гэрч Б.А-ын 84 дүгээр хуудас, гэрч Б.Э-ын 90 дүгээр хуудас, гэрч Д.Д-ын 92 дугаар хуудас, гэрч Л.Н-ийн 95 дугаар хуудас, гэрч Б.Б-ийн 108-114 дүгээр хуудас, гэрч Б.Х-н 116-118 дугаар хуудас болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.О-ыг хэн зодсон болох, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгээгүй болохыг нотолсон баримтуудад дүгнэлт өгөөгүй байна.

3өрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогч гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах зорилгоор хохирогч Б.О-ыг гэрч Б.У-, Б.Б-, Д.Д-, Б.Э- нартай, гэрч Ө.О-г гэрч Б.У-, Д.А-, Д.Д-, Б.Э-, Д.Х-, Б.Б- нартай нүүрэлдүүлж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хохирогчийн удаа дараагийн тогтворгүй өөр өөр агуулга бүхий мэдүүлгийг үгүйсгэсэн эдгээр гэрчүүдийн тогтвортой өгсөн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүх хуралдаанд прокурорын гэрч оролцуулах саналыг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаартай хэргийг прокурорт буцаасан  захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэлдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна., Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцээгүй тул эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-: .

Цагдаагийн мөрдөгч Батцоож намайг хэргээ хүлээчих.,  чамайг 10 сая төгрөгөөр торгуулаад хэргээс чинь салгачихна гэж надад хэлж байсан. Тэгээд би энэ талаар Авилгатай тэмцэх газарт өргөдөл гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд Д.Х-тэй нүүрэлдүүлэн байцааж өгөөч гэхэд мөрдөн байцаагч ажил явдалтай байна гээд нүүрэлдүүлэн байцааж өгөөгүй би гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:

Хэрэгт  шүүгдэгч Д.Б- дээрх хэргийг үйлдсэн гэж үзэх ямарч нотлох баримт байхгүй, энэ нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед ч тодорхой байсан., Иймд  Д.Бат-Эрдээнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Б-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Хайрхан баг 11-р байрны 58 тоотод иргэн Б.О-ын хэвлийн тус газар нь өшиглөж, гутлаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн үед болсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал,  шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоогоогүй байх тул хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлтэй байна.

              Тухайлбал гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад хэний мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзсэн, хэний мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзсэн болох нь тодорхойгүй., мөн  гэрч хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдсон эсхүл үгүйсгэгдсэний үндсэнд шүүгдэгч Б.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн болох., хавтаст хэрэгийн 61 дүгээр талд авагдсан гэрч Б-, хохирогч Б.О- нарыг нүүрэлдүүлэн байцаахад хохирогч нь   ...намайг тонгойсон хэвтэж байхад  миний баруун гараас татаж  Б-, Б.Э- бас саарал куртиктэй залуу гэдэс рүү өшиглөсөн .., гэсэн мэдүүлэг., мөн хэргийн 68 дугаар талд  хохирогч болон гэрч Б.Э-ыг нүүрэлдүүлэн байцаахад  намайг  3 хүн зодсон гэж мэдүүлсэн.,  гэрч Ө.Одхүүгийн  ... жижиг өрөөнөөс  Х-,  Э- 2 гарч  ирсэн бөгөөд  Б-ийг Х- цохиж унагаан бусад нь өшиглөсөн гэсэн мэдүүлэгүүдийг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй., хохирогч нь шүүгдэгч Б.Б- намайг зодоогүй гэж мэдүүлсэн байхад ямар баримтаар хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нь тодорхой бус байна.

              Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт  буцаасан нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Мөн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд  захирамжинд заасан ажиллагааг  шүүхийн хэлэлцүүлгийн үед нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 740 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА