Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1422

 

 

 

 

 

2020           08          04                                   2020/ШЦТ/1422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч А.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн 2006 01611 0962 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн А.Н, 1978 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 3-2-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул ферм 3-2-2 тоотод гэр бүлийн хамаарал харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биеэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч Д.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр Н чи надад шил аваад өг гэхээр нь би 0.75 шилтэй Хараа архи авч өгөөд би өөрөө хувцсаа угааж байтал нөхөр чи намайг цагдаад барьж өгдөг гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь тоохгүй байтал нөхөр согтуу босч ирээд намайг гэрт дотор түлхэж унагаагаад цохисон. Тэгээд нөхөр бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон тэр миний баруун гарын шуу, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдгөнд учирсан гэмтлийг намайг түлхэж унагаагаад хоёр гараас базаснаас болж үүссэн гэмтэл. Бид 2 хамт амьдраад 8 жил болж байна. Энэ хугацаанд хэрүүл маргаан болдог байсан. Тэр үед нь би цагдаа дуудаж эрүүлжүүлдэг байсан. Түүнээс бол шалгагдаж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Яллагдагч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байдаг гэртээ эхнэр Д.Мөнхцэцэг бид хоёр хамт 2 шил архи хувааж уугаад хоорондоо маргалдсан. Тэр үед би өөрөө их согтуу байсан. Эхнэр Д.Мөнхцэцэгийг түлхэж газар унагаад байсан гэсэн. Тэгэхэд учирсан гэмтэл, тийм болохоор би учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3770 тоот дүгнэлтэд: 

1. Д.Мөнхцэцэгийн биед ооч, зүүн бугалга, баруун шуу, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзүүлэхээс 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул ферм 3-2-2 тоотод гэр бүлийн хамаарал харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биеэн тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Д.Мөнхцэцэгийн: “...нөхөр Н чи надад шил аваад өг гэхээр нь би 0.75 шилтэй Хараа архи авч өгөөд би өөрөө хувцсаа угааж байтал нөхөр чи намайг цагдаад барьж өгдөг гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь тоохгүй байтал нөхөр согтуу босч ирээд намайг гэрт дотор түлхэж унагаагаад цохисон. Тэгээд нөхөр бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон тэр миний баруун гарын шуу, зүүн бугалга, баруун шилбэ, зүүн өвдгөнд учирсан гэмтлийг намайг түлхэж унагаагаад хоёр гараас базаснаас болж үүссэн гэмтэл.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Нид хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Мөнхцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч А.Нид хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар А.Нид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР