Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 773

 

                                                    

 

                                                                                   

А.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цэрэнжамц,

хохирогч Д.Мөнхцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Галавын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Нид холбогдох эрүүгийн 2006 0161 10962 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1978 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ЧТ/;

 

А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 3-2-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биен тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч А.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Л.Галав нь бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн 2006016110962 дугаартай хэргийн шүүгдэгч Боржигон овгийн Адъяагийн Нямдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 3-2-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биен тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж, тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 3- 2-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биен тус газар нь гараараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Боржигон овогт Адьяагийн Нямдоржийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж дүгнэсэн атлаа, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Нид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсугай.” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Л.Галавын бичсэн эсэргүүцэлд нэмж хэлэх тайлбар байхгүй. Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв. 

 

Хохирогч Д.Мөнхцэцэг “...тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд  заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 3-2-2 тоотод гэр бүлийн хамаарал харилцаатай эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биен тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх...” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч А.Нийг эхнэр Д.Мөнхцэцэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биен тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон талаар дүгнэж, түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч А.Нид хүндрүүлэх шинжгүй гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахаар шийдэрлэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн прокуророоос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, шинжийг тогтоосон талаархи нөхцөл байдал...зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Яллах дүгнэлтэд “...бие нь тус газар гараараа зодож...” гэсэн байгаа нь ойлгомж муутай байх тул анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн үйл баримтыг тодруулж, шүүгдэгч А.Н нь хохирогч Д.Мөнхцэцэгт хэрхэн хүч хэрэглэж, биеийн аль хэсэгт ямар гэмтэл учруулсан талаар тодорхой дүгнэлт хийвэл зохино.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Нид холбогдох эрүүгийн 2006 0161 10962 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ