| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0312/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/53 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Л.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох эрүүгийн 1925004600338 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-нь өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодисын түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн,
2. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан Вокзалын 3 дугаар байрны 2 дугаар орцны подвалд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх бодисын түүхий эдээр шавар гэх зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үнд 1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/
2. Гэрч П.Б-И-гийн ...“2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 22 цаг 40 минутын үед 3-23-136 тоот гэр рүүгээ эхнэр хүүхдийн хамт орох гээд орцондоо ортол шатсан өвсний үнэр үнэртээд байсан. Үүдэнд сууж байсан 2 залууг шалгах гэтэл зугтаагаад яваад өгсөн. Араас нь хартал манай орцны Шижирболд гэх залуу мөн байх шиг байхаар нь орцондоо хэсэг нуугдаж хүлээж 30 гаруй минут болсон. Тэгээд байрны гадаа гараад хартал нөгөө зугтсан Шижирболд хамт зугтаасан залуутайгаа ирж явахаар нь барьж аваад асуулт асуухад бид 2 мансууруулах төрлийн өвс ургамал хэрэглэсэн талаар ярьж байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
3. Гэрч Б.Шижирболдын ...“Г.А бид 2 өвс хэрэглэсэн. Өөр хүн байгаагүй. Бид хоёр 3-24-104 тоотод буюу манай гэрт хэрэглэсэн. Энэ ургамалыг Г.А ганцаараа түүсэн ба би тухайн үед хамт байсан. Гэхдээ би түүгээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3883 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Уурхайчин 3-24-140 тоотоос хураасан 22,11 грамм гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 25 грамм, цэвэр жин 22 грамм байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-28-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3884 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул шинжилгээнд тэнцэж байна. “Г, Г.А НМ99120530” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 36-37-р хуудас/
6. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 64-69-р хуудас/
7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-74-р хуудас/
8. Эд мөрийн баримтаар 22,11 грамм өвс мэт зүйлийг тооцох тухай тогтоол /хх-ийн 78-р хуудас/
9. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-93-р хуудас/
10. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р хуудас/
11. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 10-11-р хуудас/
12. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12- 13-р хуудас/
13. Гэрч Б.Сарантуяагийн “...Г.А шүүхийн тогтоолыг 2019 оны 11 сарын 06-ны өдөр гардаж авсан. Шүүхийн тогтоолыг гэртээ уншиж байсан. Орой 22 цагийн үед би Город явчихаад 23 цагийн үед гэртээ ирэхэд Г.А гэрээсээ гараад явчихсан байсан. Г.Аын утас руу залгахад утсаа авахгүй салгаад байсан. Тэр шөнө Г.А гэртээ ирж хоноогүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/,
14. Гэрч И.Итгэлтийн ...“Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Систем РС тоглоомын газарт ороход Г.А, Орхонтулга нар РС тоглож байсан. Би Г.А, Орхонтулга нартай хамт РС тоглоом тоглож байгаад 20 цагийн үед РС тоглоомын газраас гарсан. Г.А хэдүүлээ Вокзал орж пиво уухуу гэхээр нь Орхонтулга бид хоёр зөвшөөрч Барилгачдын талбай дээрээс вокзалын таксинд суугаад вокзал дээр ирсэн. Систем РС тоглоомын газраас Барилгачдын талбай хүртэл алхаж байхад Г.А намайг эмийн сан ороод спирт аваад өгчих гэж хэлсэн. Би 1-3 дугаар эмийн сангаас гар ариутгадаг 4 ширхэг хуванцар савтай спиртийг аваад Г.Ат өгсөн. Г.Ат спирт өгч байхыг Орхонтулга харсан. Вокзал дээр очсоны дараа дэлгүүрээс 2.5 литрийн сэнгүүр гэсэн нэртэй пиво аваад вокзалын байрны 2 дугаар орцны подвалд ороод уусан. Подвалын хаалга онгорхой байсан. Пиво ууж дууссаны дараа Г.А орой болохоор такси зогсчихдог юм, эртхэн Город ор гэж хэлсэн. Тэгээд Орхонтулга бид хоёр машинд суугаад Городод 21 цагийн үед ирсэн. Г.А гэртэй харина гээд вокзалд үлдсэн. Вокзалын байрны подвал дотор ороход муухай, гэрэл байхгүй, харанхуй байсан. Бид нар подвалд ямар ч мансууруулах төрлийн ургамал хэрэглээгүй. Подвалд мансууруулах төрлийн ургамал байсан эсэхийг мэдээгүй. Г.А эмийн сангаас спирт аваад өгөөч гэж хэлэхээр нь би эмийн сангаас гар ариутгадаг спирт авч өгсөн. Г.Ат спирт өгч байхдаа наадхаа ууж болохгүй, уувал сохордог гэж байна шүү гэж хэлсэн. Би дотроо Г.А спиртийг устай найруулж уух гэж байна гэж бодож байсан. Эмийн сангаас 4 ширхэг гар ариутгах спиртийг авахад эмийн санд худалдагч хийж байсан настай эмэгтэй хүн наадахаа ууж болохгүй шүү, сохордог шүү гэж хэлснийг би Г.Ат дамжуулж хэлсэн юм ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
15. Гэрч Б.О-гын “...Пиво ууж дуусч байхад Г.А утсаа гаргаж ирээд юүтүб сайт дээрээс мансууруулах ургамал дээр виски хийж байгаа бичлэг байна, цэвэр спирт юм уу, өндөр градустай архи олдвол хийж үзнэ гээд ярьж байсан. Вокзалын 5 давхар шар өнгөтэй байрны подваль руу Г.А дагуулж орсон. Г.А подвалийн хаалганы цоожийг татаж онгойлгоод дотогшоо орсон. Г.А гар утаснаасаа 4-16 байрны орцонд байхдаа ярьж байсан бичлэгийг хараад Итгэлтийн эмийн сангаас авсан гар ариутгадаг спиртийг подвалд байсан шилэнд хийсэн. Спирт дээрээс нунтаг өвс хийгээд шилний тагийг таглаад сэгсэрч байгаад таваг дээр асгасан. Г.А бичлэг дуурайж шавар хийж байна гэж ярьж байсан. Нунтаг өвс, таваг, шил зэрэг нь тэр подвалд байсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 6308 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Хуванцар саванд хийсэн хар ногоон өнгийн 4 ширхэг шингэн зүйл, “3 дугаараар тэмдэглэсэн”, “4 дугаараар тэмдэглэсэн”, “5 дугаараар тэмдэглэсэн” гэж тус бүр хаягласан гялгар ууттай 3 ширхэг ургамал мэт зүйл, хар бараан өнгийн шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 Тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-31-р хуудас/
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 6309 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г-гын Г.А 2019.11.07” гэж хаягласан шээснээс тетрагидоканнабинол /ТНС/ илэрсэн...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Г.А нь хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Г.А нь өмнө энэ төрлийн гэмт хэргийг 2019 оны 06 сард үйлдэж шүүхээр шийдвэрлэгдсэн хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сард дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Эдгээр үйлдлүүд хэрэгт авагдсан нотлох баримтаар тус бүр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч Г.А-ыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоход устгах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд хөнгөн ангиллын гэмт хэрэгт тэнсүүлэх боломжтой. Иймд Эрүүгийн хуульд заасан боломжуудын аль боломжтойг хэрэглэж шүүгдэгчид оногдуулах ял хариуцлагыг тэнсэж өгөөч. Тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 7.3-т заасан үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэж өгөөч гэсэн саналтай байна. Хорих ялыг эдлүүлснээр гэмт хэрэг буурахгүй. Үнэхээр тэнсэх боломж байхгүй, заавал хорьсноор бусад хүмүүс гэмт хэрэгт өртөхгүй байх юм гэж үзвэл хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оноож өгнө үү” гэв.
Шүүх хавтас хэрэг авагдсан гэрч Б.С, И.И, Б.О, П.Б-И нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Аыг 2019 оны 06 дугаар сарын 28-нь өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан Вокзалын 3 дугаар байрны 2 дугаар орцны подвалд НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдээр шавар гэх зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Г.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлт гаргасан боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, мансуурууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэх, хадгалах гэмт хэрэг үйлдэн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байхдаа дээрхи төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22,11 грамм нунтаг өвс мэт зүйл, хуруу шилэнд хийсэн ногоон өнгийн шингэн зүйл 4 ширхэг, Денатурат гэсэн бичигтэй хуванцар сав 4 ширхэг, 3 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 3.5188 грамм, 4 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 3.7102 грамм, 5 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 5.8583 грамм, Г.Аын биенээс хураан авсан улаан өнгийн цаасан хайрцагтай 2 ширхэг бритва, 1,8х1,8 хэмжээтэй бараан өнгийн зөөлөн шавар мэт зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 22,11 грамм нунтаг өвс мэт зүйл, хуруу шилэнд хийсэн ногоон өнгийн шингэн зүйл 4 ширхэг, Денатурат гэсэн бичигтэй хуванцар сав 4 ширхэг, 3 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 3.5188 грамм, 4 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 3.7102 грамм, 5 гэж дугаарласан нунтаг ургамал мэт зүйл 5.8583 грамм, Г.А-ын биенээс хураан авсан улаан өнгийн цаасан хайрцагтай 2 ширхэг бритва, 1,8х1,8 хэмжээтэй бараан өнгийн зөөлөн шавар мэт зүйл зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС