Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г, Г.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Д.Агар,

          Шүүгдэгч Д.Г /цахим сүлжээгээр/ өмгөөлөгч Г.М,

          Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ч.Н,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Г, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1210 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д-ийн Г, 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Сувилахуйн арга зүйч мэргэжлээр 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байрны 59 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

 

2. Т овгийн Г-ын Б, 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 27 дугаар дунд сургуулийн 12/г ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 8-280 тоотод оршин суух,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /,

 

Д.Г, Г.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын колонкийн урд байрлах түргэн үйлчилгээний цэгийн худалдагч Б.Н-ийн хоолойд хутга тулган, хүч хэрэглэж 42.100 төгрөг, парламент тамхи 4 ширхэг, кембаб 1 ширхэгийг  дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Г, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Г, Г.Б нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Г, Г.Б нар нь бүлэглэн хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Б- ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ын цагдан хоригдсон 49 хоногийг, Г.Б-ийн цагдан хоригдсон 49 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй төмөр хутга 1 ширхэг, бор өнгийн дөрвөлжин жижиг хээтэй цагаан өнгийн 15x50 см хэмжээтэй даавуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Г, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Г, Г.Б нар нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сансарын колонкийн урд байрлах түргэн үйлчилгээний цэгийн худалдагч Б.Н-ийн хоолойд хутга тулган хүч хэрэглэн 42.100 төгрөг, парламент тамхи 4 ширхэг, кембаб 1 ширхэг зэргийг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Н-ийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хутгыг хураан авсан тэмдэглэл, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашигласныг үгүйсгээгүй боловч хутгаар хохирогчийн биед гэмтэл учруулсан зүйлгүй байна гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... шүүгдэгчид ... оногдуулсан ялын төрөл, хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээг ... тусгана” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Бд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллагаас ялтны хорих ялыг хэрхэн биелүүлэх нь тодорхой биш байна.

Ийнхүү шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ч.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгүүд үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, зүйлчлэлийг өөрчилсөн нь анхан шатны шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд хийгдсэн гэж үзэж байна. Биедээ хутгатай байсан ч гэсэн хохирогчийн биед халдаагүй, гэмтэл учруулаагүй энэ байдлаар нь шүүх харгалзаж үзээд зүйлчлэлийг өөрчилсөн нь зөв гэж үзэж байна. Харин прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г, Г.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

Шүүх, шүүгдэгч Д.Г, Г.Б нар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч Б.Н-ийн хоолойд хутга тулгаж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад хохирогчид гэмтэл учруулаагүй гэсэн дүгнэлт хийж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл учирсан эсэх нь хамаарахгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх Д.Г, Г.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буцаан хэрэглэх, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж алдаа гаргасан байна. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүх, дээрх 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх заалтуудад тус тус “тэнсэх” ялыг тусд нь эдлүүлэхээр хуульчлаагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “хууль ёсны зарчмыг” зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б нь 2002 оны Эрүүгийн хуулиар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ял шийтгүүлсэн бөгөөд үүнээс хойш гэмт хэрэг шинээр үйлдээгүй, харин уг ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэгт нь шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ял шийтгэл оногдуулжээ.

 

 Дээрх тохиолдолд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлээр нэмж нэгтгэн ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаас гадна 6.9 дүгээр зүйл нь ялтны хувьд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр зохицуулсан байна.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх тохиолдолд урьд оногдуулсан ялыг сүүлд оногдуулсан ялд бүгдийг нь багтаах эсхүл заримыг нэмэх зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал үүсэхээр байгааг анхаарч хууль буцаан хэрэглэх, эсхүл гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг аль Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай анги дээрдүүлж байгааг дүгнэвэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Б нь 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн байх бөгөөд шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байхад шүүх ямар үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Уг зүйл, хэсэгт ... өсвөр насны хүнд ... хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана гэж тодорхой заасан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ийн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өмнө үйлдсэн дээрх хоёр хэргийг нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Д.Г, Г.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж  үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Г, Г.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Г, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ