| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2019/0297/З |
| Дугаар | 221/МА2022/0056 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0056
М.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Г
Нэхэмжлэгч М.Г
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 734 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2019/0297/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 696 дугаар шийдвэрээр:
2.1. “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 734 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
3.2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээгүй.
3.3. Нэхэмжлэгч анхны нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэмэгдүүлсэн нь бөгөөд энэхүү нэмэгдүүлсэн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаагүй байхад нэмэгдүүлсэн шаардлагыг нь шийдвэрлээгүй орхигдуулсан.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зөвхөн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Шүүх нэхэмжлэгч М.Г-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа.
2.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн...”, 121.3.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.
2.2. Нэхэмжлэгч М.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна.
2.3. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар тушаалтай холбогдуулан цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар, үндэслэлийг харьцуулан дүгнэх үүргээ биелүүлээгүй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа гаргасан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч талаас “...Нэгдүгээрт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хоёрдугаарт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Гуравдугаарт ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Дөрөвдүгээрт ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон байхад анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага бүрд анхаарал хандуулаагүй, зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/250 дугаар тушаалд холбогдуулан маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болжээ.
2.6. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хууль зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон зэрэг хэрхэн шийдвэрлэснийг тусгайлан заах ёстой бөгөөд ийнхүү шийдвэрлэлгүй орхигдуулснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй байдлыг үүсгэж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 734 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА