Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00846

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэр,                                          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Т.Ц-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаар мэдэгдлийн дагуу хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал болгох хурлыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу Т.Ц-аас 25,271,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Май капитал” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний ээж Ш.Тунгалагийг ирж уулз гэж дуудаж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзах гээд очиход нь Санал болгох хурлыг хийсэн болохыг сүүлд нь мэдэгдлээр мэдлээ. Ингээд хурал хийсний дараа 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3\16631 дугаар Санал болгох хурлын мэдэгдлийг миний ээжид өгсөн байна. Т.Ц- миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамж, 6 тоотод байрлах хувийн сууцыг санал болгох хурлаар оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас Санал болгох хурлыг хийхдээ надад огт мэдэгдэл хүргүүлээгүй, миний ээжид ч мэдэгдээгүй, зүгээр ирж уулз гэж дуудчихаад хурал хийсэнд гомдолтой байна. Хариуцагч байгууллагаас ажиллагааг хийхдээ ээж Ш.Тунгалагт итгэмжлэл олгосон гэж байгаа ч уг итгэмжлэлд ийм эрх олгоогүй, харин шүхэд хариуцагчийг төлөөлөх тухай итгэмжлэл юм. Өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч энэ тухай тогтоол гараагүй, харин тэмдэглэлээр шийдвэрлэсэн. Мөн уг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд Г-2204006549 дугаарт бүртгэлтэй хөрөнгө гэж шүүхийн шийдвэрт дурдаагүй хөрөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020814 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан. Иймд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3\16631 дугаар мэдэгдлийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу тодруулбал төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр Т.Ц-аас 25,271,840 төгрөгийг гаргуулж “Май капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Ц-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Битүүмжилж хураасан үл хөдлөх эд хөрөнгөнд талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 250,000,000 төгрөгөөр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь үнийг харилцан тохиролцсон. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 250,000,000 төгрөгийн 70 хувь буюу 175,000,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувь буюу 125,000,000 төгрөгөөр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Т.Ц-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр санал болгох хурлаар оруулж төлбөр төлөх 21 хоногийн боломжит хугацаа олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч “Май капитал” Хадгаламж зэлийн хоршоонд төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.Ц- 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 258 дугаар тойргийн нотариатчаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэх эрхийг эдэлж, үүрэг хүлээх, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хуралд төлөөлж оролцох, санал, хүсэлт гаргах баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийлгэн ээж Ш.Тунгалагтаа эрх олгосон байна. Уг итгэмжлэлийн дагуу түүний ээж Ш.Тунгалаг ажиллагаанд оролцсон. Төлөөлөх эрхтэй этгээдийг санал болгох хуралд оролцуулсан. Мөн санал болгох хурлаас тогтоол гарах ёстой гэсэн зохицуулалт хуульд байхгүй тул тэмдэглэлээр шийдвэрлэсэн байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Т.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: “Май капитал” Хадгаламж зээлийн хоршоо нь Т.Ц-аас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу 25,271,840 төгрөг төлүүлэн авах ёстой. Энэ шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 23765 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхээр өнөөг хүртэл ажиллаж байна. Т.Ц- шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгсөн байна. Өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шат шатны шүүхээр хянаад Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00159 тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод бүтэн 3 жил боллоо. Барьцаа хөрөнгө нь байсаар байхад шүүхийн шийдвэр биелүүлэгдээгүй байна. Санал авах хурлын товыг удаа дараа хүргүүлэхэд Т.Ц- зугтаагаад ирдэггүй байсан. Санал болгох хуралд миний бие байсан бөгөөд Т.Ц-ын ээждээ гаргаж өгсөн итгэмжлэлийг хуралд оролцогчдод танилцуулж ээжийг нь хуралд оролцуулсан болно. Нэг талаас шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж байгаа төрийн байгууллага, нөгөө талаас төлбөрөө төлүүлж авахаар олон жил хүлээж байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Мөн манайхаас олгосон зээлд үүргийн гүйцэтгэлд хоёр хөрөнгийг барьцаалсан. Энэ тухай шүүхийн шийдвэрт байгаа. Г-2204006549 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамж 6 тоотод байрдах 164 м.кв талбайтай газар юм. Т.Цогтцацаралаас авах мөнгө нь “Май капитал” Хадгаламж зээлийн хоршоонд гишүүдийн оруулсан хөрөнгө, мөнгөө хадгалуулсан гишүүдийн хадгаламжийн мөнгө юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд санаатай саад учруулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Т.Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181\ШШ2017\03129 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 477 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 85 дугаар шийдвэрийн дагуу Т.Ц-аас 25,271,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Май капитал” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний ээж Ш.Тунгалагийг ирж уулз хэмээн дуудаад 2017 оны 06 сарын 08-ны өдөр очиж уулзтал түүнийг олон хүнтэй өрөөнд оруулж Санал болгох хурлыг хийсэн болохыг сүүлд нь мэдэгдлээр мэдлээ. Ингээд хурал хийсний дараа 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 3\16631 дугаар Санал болгох хурлын мэдэгдлийг миний ээжид өгсөн байна. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 хороо Чулуут АОС 9 гудамж 6 тоотод байрлах хувийн сууцыг санал болгох хурлаар оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас Санал болгох хурлыг хийхдээ надад огт мэдэгдэл хүргүүлээгүй, миний ээжид бас мэдэгдэл хүргүүлээгүй, зүгээр ирээд уулз гэж дуудчихаад хурал хийсэнд гомдолтой байна. Иймд дараах үндэслэлээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

1. Ш.Тунгалагт олгосон итгэмжлэл хуульд нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийг удирдлага болгосон итгэмжлэл байсаар байхад тухайн итгэмжлэлээр санал болгох хуралд Ш.Тунгалагийг оролцуулсан нь буруу болсон

2. Санал болгох хурал хийх тухай мэдэгдэл надад болон Ш.Тунгалагт өгөөгүй, мөн \2002 оны \ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу намайг оролцуулаагүй.

3. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрт Г-2204006548 гэсэн улсын бүртгэлийн дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаагүй байхад ийм хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа.

4. Анхны албадан дуудлага худалдаанд Ү-2204020834 улсын бүртгэлийн дугаартай 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар тогтоол үйлдсэн атлаа Санап болгох хурал хийхдээ Г-2204006548 гэсэн бүртгэлийн дугаарыг хэрэглэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллага хууль ёсны байх зарчим алдагдсан байх бөгөөд 85 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж засуулах бүрэн боломжтой байсан ч 85 дугаар шийдвэрийн дагуу ажиллагаа буруу хийсэн. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 477 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаартай мэдэгдлийн дагуу хийгдсэн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал болгох хурлыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч Т.Ц-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр санал болгох хурлаар оруулан төлбөр төлөх 21 хоногийн боломжит хугацаа олгоход нэхэмжлэгч дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч “Май капитал” хадгаламж зээлийн хоршоонд төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Май капитал” хадгаламж зээлийн хоршоо оролцож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд санаатай саад учруулж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбар гаргасан байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 301 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Т.Ц-аас 25,271,840 төгрөгийг гаргуулан, “Май капитал” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Т.Ц-ын барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоотод байрлах 126 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, 164 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.6, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.Ц-ын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Май капитал” хадгаламж зээлийн хоршоонд төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн санал болгох хуралд нэхэмжлэгчийг төлөөлж Ш.Тунгалаг оролцон төлбөр төлөх талаар санал гаргасан нь тэмдэглэлд тусгагдсан ба тэрээр зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул санал болгох хурлыг мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Ц- нь өөрийн ээж Ш.Тунгалагт “...худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хуралд төлөөлж оролцох... эрх”-ийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэлээр олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “төлөөлөх эрхгүй этгээдийг санал болгох хуралд оролцуулсан” гэсэн түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хууль зүйн хувьд үгүйсгэгдэнэ.

Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх барьцааны хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020834 дугаарт бүртгэлтэй гэж алдаатай бичсэн хэдий ч 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаартай мэдэгдэл /хх8/, санал болгох ажиллагааны тэмдэглэл, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Ү-2204020834, Г-2204006518 дугаарт тус тус бүртгэлтэйг дурдсан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй шүүхийн шийдвэрт дурдаагүй Г-2204006548 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт шилжүүлсэн гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/03129 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН