Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/03129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................ршин суух Т  Ц  /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................... байрлах, НШГА/хуучнаар: НШГА/-т холбогдох,

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаар мэдэгдлийн дагуу хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн санал болгох хурлыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу Т.Цаас 25.271.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М. К” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. НШГАнаас миний ээж болох Ш.Т. ирж уулз хэмээн дуудаад 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр очиж уулзтал миний ээж болох Ш.Тийг олон хүнтэй өрөөнд орж суулгаад Санал болгох хурлыг хийсэн болохыг сүүлд нь мэдэгдлээр мэдлээ. Ингээд хурал хийсний дараа 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3\16631 дугаар Санал эолгох хурлын мэдэгдлийг миний ээж болох Т  өгсөн байна. Т.Ц миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамж, 6 тоотод байрлах хувийн сууцыг санал болгох хурлаар оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас Санал болгох хурлыг хийхдээ надад огт мэдэгдэл хүргүүлээгүй, миний ээжид бас мэдэгдэл хүргүүлээгүй, зүгээр ирээд уулз гэж дуудчихаад хурал хийсэнд гомдолтой байна.

Хариуцагч байгууллагаас ажиллагааг хийхдээ ээж Ш.Тт итгэмжлэл олгосон гэж байгаа ч уг итгэмжлэлд ийм эрх олгоогүй, харин шүхэд хариуцагчийг төлөөлөх тухай итгэмжлэл. Өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчиж хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч энэ тухай тогтоол гараагүй, харин тэмдэглэлээр шийдвэрлэсэн. Мөн уг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд Г-2204006549 дугаарт бүртгэлтэй хөрөнгө гэж шүүхийн шийдвэрт дурдаагүй хөрөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020814 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3\16631 дугаар мэдэгдлийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу тодруулбал төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрээр Төмөрчөдөрийн Цаас 25.271.840 төгрөгийг гаргуулж “М. К” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Битүүмжилж хураасан үл хөдлөх эд хөрөнгөнд талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 250.000.000 төгрөгөөр үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь үнийг харилцан тохиролцсон. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 250.000.000 төгрөгийн 70 хувь буюу 175.000.000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоот хувийн сууц, газрын хамт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэлгээний 50 хувь буюу 125.000.000 төгрөгөөр 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулахад санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй төлбөр төлөгч Т.Цын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр санал болгох хурлаар оруулж төлбөр төлөх 21 хоногийн боломжит хугацаа олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч “М. К” Хадгаламж зэлийн хоршоонд төлбөрт тооцож шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Т.Ц 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 258 дугаар тойргийн нотариатчаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэх эрхийг эдэлж, үүрэг хүлээх, шүүхийн шийдвэрийг хүлээн авах, худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хуралд төлөөлж оролцох, санал, хүсэлт гаргах баримт бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийлгэн ээж Ш.Ттаа эрх олгосон байна. Уг итгэмжлэлийн дагуу түүний ээж Ш.Т ажиллагаанд оролцсон. Төлөөлөх эрхтэй этгээдийг санал болгох хуралд оролцуулсан. Мөн санал болгох хурлаас тогтоол гарах ёстой гэсэн зохицуулалт хуульд байхгүй тул тэмдэглэлээр шийдвэрлэсэн байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Т.Цын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М. К” Хадгаламж зээлийн хоршоо нь Т.Цаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийн дагуу 25.271.840 төгрөг төлүүлэн авах ёстой. Энэ шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 23765 дугаар шүүгчийн захирамжийн дагуу НШГА биелүүлэхээр өнөөг хүртэл ажиллаж байна. Т.Ц шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай саад учруулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг шүүхэд өгсөн байна. Өмнө нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шат шатны шүүхээр хянаад Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/хт2017/00159 тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод бүтэн 3 жил боллоо. Барьцаа хөрөнгө нь байсаар байхад шүүхийн шийдвэр биелүүлэгдээгүй байна. Санал авах хурлын товыг удаа дараа хүргүүлэхэд Т.Ц зугтаагаад ирдэггүй байсан. Санал болгох хуралд миний бие байсан бөгөөд Т.Цын ээждээ гаргаж өгсөн итгэмжлэлийг хуралд оролцогчдод танилцуулж ээжийг нь хуралд оролцуулсан болно. Нэг талаас шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлж байгаа төрийн байгууллага, нөгөө талаас төлбөрөө төлүүлж авахаар олон жил хүлээж байгаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Мөн манайхаас олгосон зээлд үүргийн гүйцэтгэлд хоёр хөрөнгийг барьцаалсан. Энэ тухай шүүхийн шийдвэрт байгаа. Г-2204006549 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамж 6 тоотод байрдах 164 мкв талбайтай газар юм.  Т.Ц... авах мөнгө нь “М. К” Хадгаламж зээлийн хоршоонд гишүүдийн оруулсан хөрөнгө, мөнгөө хадгалуулсан гишүүдийн хадгаламжийн мөнгө юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нь санаатай саад учруулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Т.Ц нь НШГА/хуучнаар:НШГА/-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/16631 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх мэдэгдлийн дагуу хийгдсэн ажиллагаа буюу мөн өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, бусад ажиллагаанд холбогдуулан гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байх тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 301 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор Т.Цаас 25.271.840 төгрөгийг гаргуулж “М. К” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэжээ. /хх /

            Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00159 дүгээр тогтоолоор Т.Цын нэхэмжлэлтэй НШГАнд холбогдох эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00624 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1888 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.

Уг шийдвэр, тогтоолд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаар шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 9 дүгээр гудамжны 6 тоотод байрлах 126 мкв талбайтай хувийн сууц, 164 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж,  2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хураан авч, талуудаас үнийн саналыг авч харилцан тохиролцсон үнэ болох 250.000.000 төгрөгөөс тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулсан тухай үйл баримтыг дурдаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулиар тогтоосон үе шат, дарааллаар явагдсан, шийдвэр гүйцэтгэгч тухай бүр хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт ажиллагааны талаар мэдэгдэж байсан, ажиллагаа хуульд нийцсэн болохыг дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр НШГАны санал болгох комиссын хурал болж худалдан борлогдоогүй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020814, Г-2204006548 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС, 9 дүгээр гудамж 6 тоотод байрлах 126 мкв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах 164 мкв талбайтай газрыг төлбөр авагч “М. К” ХЗХоршоонд төлбөл зохих төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

            Санал болгох комиссын хуралд төлбөр төлөгчийг төлөөлж Ш.Т  оролцсон байх ба хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн төлөөлүүлэгч Т.Цаас төлөөлөгч Ш.Тт олгосон итгэмжлэлд “үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгож хуралд төлөөлж оролцох” эрхийг олгосон, уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна. Иймд төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Мөн хуурч мэхлэх замаар Ш.Тийг оролцуулсан гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул энэ тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 85 дугаар шийдвэрт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС, 9 дүгээр гудамж 6 тоотод байрлах 126 мкв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах 164 мкв талбайтай газрыг барьцаалсан барьцааны гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг дурдаад, тогтоох хэсэгт дээрх хоёр хөрөнгийг хоёуланг нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020814 дугаарт бүртгэлтэй гэж техникийн алдаатай бичигдсэн байх хэдий ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 314 дүгээр тогтоолд дээрх хаягт байрлах хувийн сууц эрхийн улсын Ү-2204020834 дугаарт, мөн хаягт байршилтай газар эрхийн улсын бүртгэлийн Г-2204006548 дугаарт тус тус бүртгэлтэйг дурдсан байна. Иймд шийдвэрт дурдагдаагүй Г-2204006548 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг төлбөрт шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй.

            Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гомдол 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх үед явуулсан ажиллагаа тул шүүх тухайн хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар НШГА/НШГА/-т холбогдох 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Т.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ