Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1349

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

гэрч Э.Баасанхүү, Ё.Золбоо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Галхүү  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Аод холбогдох эрүүгийн 1906 03512 2774 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Э.А, 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмээ, өвөө, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 501-65 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай

Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хотхоны 903-32 тоот гэртээ амь хохирогч Ц.Тэмүүжинтэй маргалдаж улмаар биед нь “баруун шанаанд 2х0.6см, хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0.5см, 4х0.2см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1.5см зуйван хэлбэрийн зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цогтсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай хүү 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт ажилдаа яваад 10 цагт ажлаасаа чөлөө аваад Э.А гэдэг хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд Мөнхтуултай уулзаад Э.Аын гэрт орсон. Мөнхтуул нь манай хүүхэд рүү дандаа мессеж бичээд дуудсаар байгаад авч ирсэн байсан. Мөнхтуулыг шүүх хуралдаанд холбогдогчоор дуудах ёстой. Манай хүү Э.Аринболдын гэрт ороод Э.А, Мөнхтуул 3 ууж идсэн байсан. Э.А нь архи согтууруулах ундааны зүйл уугаагүй гэж байгаа ч гэсэн Мөнхтуулын мэдүүлэг мөн бичлэгт байгаа. Э.Аын дуудсан Золбоо гэдэг залуу орохдоо зүгээр орчиход 10 минутын дараа бичлэгт хүзүү нь улайсан шархтай байсан. Тийм амархан харшил үүсэхгүй. Харшил ямар үед, хэдий хугацаанд гардаг талаар мөрдөн шалгах ажиллагаанд асууж, тодруулж, дүгнэлт гараагүй. Шүүгдэгч Э.А, Баасанхүү, Нэргүй, Мөнхтуул нарыг нийлж зодсон гэж бодож байна. Хаалгаа түгжээд 4 хүн байж нэг хүнээс айна гэдгийг би ойлгохгүй байна.  Миний хүүг зодчихоод явуулчихгүй. Мөрдөн шалгах ажиллагаа эхнээсээ маш буруу явагдсан. Би хэрэг болсон өдөр найзынхаа гэргийг нүүлгэж байсан. Хэрэг 15 цаг 36 минутад болсон. Тэгэхэд ар гэрийнхэнд нь 22 цаг 30 минутад хэлсэн. Яагаад хэлээгүй юм бэ гэхээр нууц гээд юуг нь нууцалж байсныг ойлгоогүй. Цагдаагийн газар 12 дугаар сард мэдүүлэг өгсөн. Тэгэхэд манай хүүхдийг эхнэр, хүүхэдгүй гэж бичсэн байсан. Би найз бүсгүйтэй, жирэмсэн болсныг мэдээгүй байсан. Эхнээс нь мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан. Эд нарыг бүгдийг шалгах шаардлагатай. Ганцхан Э.Аыг өмөөрөөд байж болохгүй. Энэ хэрэгт лифт, орцын гадаах бичлэгийг үзсэн. 2019 оны 06 сарын 08-нд орц, байрны гадаа нь зар тавихад нэг эмэгтэй хүн над руу залгаад “би дээд айлын хүн байна манай доод айлд хүмүүс зодолдоод нохой хуцаад байсан” гэж надад хэлэхэд би мөрдөгчид хэлээд өгөөрэй гэж хэлээд орхисон. 8 дугаар сард тэр хүний мэдүүлэгт “манай доод айлд 1 хүн агсан тавиад байсан” гэж мэдүүлсэн байсан. Тэр хүн харсан үгүйг мэдэхгүй гэхдээ 1 хүн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ? Дараа нь би хажуу талын Отгонбаяр гэдэг эгчтэй уулзахдаа би утсан дээр бичлэгийг бичсэн. Отгонбаяр эгч хэлэхдээ “хүмүүс 15 цагийн орчим хаалга нүдээд зодолдоод байсан” гэж хэлсэн. 12 дугаар сард би хавтаст хэрэгтэй танилцахад мөрдөгч тэнд ямар нэгэн зүйл болоогүй гээд бичсэн байсан. Мэдүүлгийн зөрүү их байна. Гантулга мөрдөгчид Мөнхтуул нь “надад гар хүрээгүй, юу ч болоогүй” гэж мэдүүлсэн байсан. Харин Э.А мөрдөгчид “намайг цохисон, би паар мөргөж унасан” гэж мэдүүлсэн байсан. Паар мөргөж унасан юм бол эрүүлжүүлэхийн тэмдэглэлд биед хөхөрсөн эсэхийг бичдэг. Үүнийг шалгуулах хэрэгтэй. Үг хэлж чадахгүй, өнгөрсөн хүнийг ингэж муухай хэлж болохгүй. Мөнхтуул гэдэг хүн нь “Их Монгол” хорооллын архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийг архиар угждаг. Нөхөр нь Өвөр Монголд аяллын компанитай. Мөнхтуул залуучуудыг хооронд нь муудалцуулснаас энэ хэрэг болсон. Манай хүү рүү нөхрийгөө “муу нохой чинь өчигдөр намайг оролдоод” гэж янз бүрээр мессеж бичээд уруу татаад байсан. Би 30 жил хамт амьдарсан хүүхдээ мэднэ. Манай хүүгийн гэмтэл нь хүзүү, цээж, өвдөг хэсэгт нь маажсан байсан. Хувцсыг нь Алтангэрэл мөрдөгч орой 20 цагт өгсөн. Хувцас нь муухай үнэртээд байхаар нь задалж үзсэн чинь цамц нь урагдсан байхад цамцыг гэмтэлгүй гэж бичсэн байсан. Би тэр хувцсыг нь арц хийж байгаад шатаасан нь буруудсан. Тэр урагдсаныг хутгаар урсан байх. 4 залуу нийлж байгаад зодсон. Энэ бие муутай хүн манай хүүг тэгж зодож чадахгүй. 2019 оны 06 дугаар сарын 07-ны 15 цаг 20 минутын үеийн эсрэг талын байшингийн бичлэгт цонхны цаана хүчтэй хөдөлж, зодооны шинжтэй бичлэг байсан. Миний хүүг унахаас өмнө цонхон дээр 1 хүний хөдөлгөөн байсан. Тэнд 3-4 хүний хөдөлгөөн байсан. Эд нарыг бүгдийг нь шинжлүүлэх хэрэгтэй байна. Миний ганц хүсэж байгаа зүйл нь үнэнийг л олох байна. Шинжээч Чулуунсүх камерын билчлэгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны 15 цаг 36 минут 23 секундэд хүний унаж байгаа дүрс байгаа гэж дүгнэлт гаргасан. Баасанхүү, Нэргүй 2 болохоор тэр өдрийн 15 цаг 38 минутад лифтээр бууж байгаа. Баасанхүү, Нэргүй хоёрыг оруулчхаад А нохой нь хажуу талд Э.А гэртээ орж байгаа бичлэг байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэдэг нь миний хүүг унагачихаад явж байгаа. Золбоо гэдэг залуу нь шатаар бууж байсан. Эд нарын мэдүүлэг зөрүүтэй байсан. Энэ мэдүүлгийг бүгдийг нь би зөндөө уншсан. Миний хүү эд эрч хүчтэй ажиллаж, эхнэр, хүүхэд бид нартай инээд хөөр баяр баясалтай амьдарч байх ёстой байтал хүмүүсийн дарамт шахалтад орж амиа алдсан. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хийсэн мөрдөгч Алтангэрэл хэрэгт хяналт тавьсан прокурор Ц.Ганцэцэг нарт маш их гомдолтой байна. Миний хүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бид нарын өмгөөлөгч болон ар гэр ах дүү нараас удаа дараа хүсэлт тавихад хэргийн бодит байдлыг тал бүрээс нь хянаж тогтоох талаар дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан боловч гаргасан хүсэлтийг бүхэлд нь буюу зарим хэсгийг мөрдөгч, прокурор хангаж өгөөгүйд гомдолтой байна. Өмгөөлөгч болон ар гэрийн гаргасан хүсэлт, гомдлууд нь миний хүүгийн бусдад зодуулж, айлган сүрдүүлэлт доромжлол үзүүлсний улмаас гарсан. Хүн амины хэрэг гэж эцэг хүний зүгээс үзэж байна. Хэргийн бодит байдлыг тал бүрээс үнэн зөв шалгаж тогтоох, чухал ач холбогдолтой хүсэлтүүд байсан. Энэ хүсэлтийг бичлэг үзээд гарсан. Тэрнээс биш хүнийг гүтгэх гэж хүсэлт гаргаагүй. Хэргийг мөрдөн шалгах, хянах үйл ажиллагаа маш их удаан явагдсан. Хэргийн холбогдоч нарыг хоорондоо үгсэн хуйвилдах, яриа тохирох боломжийг бий болгосон гэж үзэж байна. Хэрэгт шууд холбоотой этгээдүүдийг хэрэг гарснаас хойш 2 сар 10 хоногийн дараа дуудаж, нэг дор мэдүүлэг авсан. Өмгөөлөгч болон бид нарын зүгээс хэргийг түргэн шуурхай шалгаж өгөөгүй. Ялангуяа мөрдөгч Алтангэрэл хүнд байж боломжгүй шалгах, ёс зүйгүй тайлбар өгсөн. Ангийнх нь хүүхэд мэдүүлэг авч байхад “муу мангар бацаан худлаа яриад байна. Эд нарын үгээр яваад байна” намайг хажууд нь сууж байхад тэгж хэлсэн. Гэрч хүн өөрийнхөө мэдэж байгааг хэлж байхад “сахалтай мангар бацаан” гээд тэр хүнийг уурлуулаад мөрдөгч зогсоосон. Эрдэнэсүрэн, Отгонбаяраас мэдүүлэг очоод аваарай гэж би өмгөөлөгчтэйгөө хамт хүсэлт тавьсан. Тэгэхэд Алтангэрэл мөрдөгч ганцаараа очоод энэ мэдүүлгийг хөтөлж авсан гэж үзэж байна. Би дараа нь тэр эгчтэй очиж уулзсан. Тэр эгч “би ингэж хэлээгүй. Би бичсэн зүйлийг уншаагүй. Зурсан гарын үсэг нь мөн байна” гэж хэлсэн. Эрдэнэсүрэн гэдэг хүнтэй утсаар ярихад “би тэгж хэлээгүй. Гэхдээ миний гарын үсэг мөн байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ 2 хүнийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан. Би ганцхан үнэнийг олохыг хүсэж байна. Тэрнээс биш надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүүгийн амь нас алдсан хэрэгт Э.А, Мөнхтуул, Золбоо, Баасанхүү, Нэргүй нарыг шударгаар шүүж өгөөч гэж хүсэж байна” гэв.

 

Гэрч Э.Баасанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай ажлын залуу Золбоо над руу залгаад “энд асуудал гарсан байна. Хүрээд ир” гэхээр нь тусламж хэрэгтэй болсон юм байна гээд өрөөнд хамт байсан Нэргүй ахыг “хань болоод явчих” гээд дагуулаад хамт гараад лифтнээс гарч ирэхэд Ё.Золбоо, Э.А хоёр шатан дээр сууж байсан. Э.А дээгүүрээ нүцгэн хүзүүг нь боосон байх гэж би харсан. Архи бага зэрэг үнэртэж байсан байх сайн санахгүй байна. Тэгээд би “юу болсон бэ” гэж асуухад “дотор нь согтуу хүн байгаа. Тусламж хэрэг болсон юм. Цагдаа дуудсан байгаа” гэхээр нь би “ойлголоо цагдаа дуусан бол яахав” гээд буцаад явсан” гэв.

 

Гэрч Ё.Золбоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э.А эхлээд 12 цагийн үед залгаад хүрээд ир гэж хэлсэн. 2 цагийн өмнө дуудсан дуудаад ажилтай байсан болохоор очиж амжихгүй байж байгаад 15 цаг өнгөрөөд очсон чинь Э.А орцондоо дээгүүрээ шалдан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хүзүү нь улайсан байдалтай нохойтойгоо зогсож байсан. Би дээгүүрээ шоотой цэнхэр цамц, дотуураа богино ханцуутай цамцтай байсан болохоор цамцаа өгөөд дараа нь куртикээ өмссөн. Би “яасан бэ” гэсэн чинь Э.А “хүн ирээд агсан тавиад байхаар нь гарч ирээд гаднаас нь түгжсэн байна. Цагдаа дуудсан, ирж байгаа” гэсэн тэгээд би ажлын газрын Э.Баасанхүүг “энд нэг асуудал гарсан байна” гэж дуудсан. Тэр хүнийг гаргахгүй байх зорилготой байсан. Э.Баасанхүү, Нэргүй хоёр ирэхээр нь “энд ийм асуудал гарсан цагдаа иртэл цуг байж байх уу” гэсэн чинь “цагдаа дуудсан юм чинь явлаа” гээд 3-4 минут болоод явсан. Э.А нөгөө хүн нь дотроос би үсэрлээ шүү гэхээр нь би арай тийм зүйл болохгүй байлгүй гээд харах гээд гарсан. Гараад очиход ойролцоогоор 3 минут болсон байх тэгсэн талийгаач газар унасан байсан, дээшээ харахад нэг эмэгтэй тагтаар харж байсан. Би нарны харшилаас болж хүзүү улайдаг” гэв.

Гэрч Ё.Золбоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А бид хоёр 10 жилийн найзууд байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед над руу залгаад гэрт хүрээд ирээч гээд...15 цаг өнгөрч байхад гэрийнх нь орцоор яваад орсон чинь А орцон дотроо нохойтойгоо, тавчик өмсчихсөн, дээгүүрээ нүцгэн сууж байхаар нь яасан бэ гэсэн чинь манай энд 1 эгч байдаг юм. Тэрэнтэй явалддаг залуу агсам тавиад гэр дотор барьцалдаж аваад би зугтаагаад гараад ирлээ. Цагдаа дуудчихсан байгаа гэж байсан. Ингээд цагдаа руу байн байн залгасан боловч дуудлагатай байна гээд ирэхгүй байхаар нь А чи ойрхон найз нөхөд байвал дуудчихаач энэ хүмүүс гаргахгүй байж байгаад цагдаад хүлээлгэж өгмөөр байна гэхээр нь би ажлынхаа хүн болох Баасанхүү, Нэргүй нарыг 15 цаг 23 минутанд залгаж дуудсан. Ингээд тэр хоёр удалгүй хүрээд ирсэн бөгөөд Нэргүй, Баасанхүү хоёр цагдаа ирж байгаа юм бол гайгүй бие гээд орцонд уулзчихаад буцаад яваад өгсөн. Бөөнөөрөө орвол наад хүн чинь согтуу байгаа юм бол маргаан болно гээд орохоо больцгоосон. Дээрх хоёрыг явсны дараа 102 руу А ахиж ярьсан чинь 102-иос холбогдох хүмүүстэй нь яриад одоохон явуулна гэж хэлсэн. А намайг архи ууя гэж дуудаад байсан. Хүнтэй маргалдсан талаараа юу ч яриагүй. Харин гэрт нь орох гээд иртэл орцондоо нохойгоо тэвэрчихсэн сууж байсан. Атой орцонд орж уулзахад дээгүүрээ шалдан байсан болохоор өөрийн өмсөж байсан үоотой цамцаа өгч, А гэрийнхээ хаалган дээр очоод гаднаас дотор байгаа нөгөө эгчдээ санаа зоволтгүй, цагдаа дуудсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 189/,

Гэрч И.Ананд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг 17 минутанд манай найз Ц.Тэмүүжин миний 99102075 дугаарын утас руу залгаад намайг хүмүүс зодох гээд байна, орцонд нэг нохойтой хүн байгаа. Тэрнээс түлхүүрийг булааж аваад хаалга онгойлгоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад такси бариад Тэмүүжингийн хэлсэн байрны гадаа ирсэн. Тэгээд би Тэмүүжингийн утас руу залгаад байсан чинь ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь Түмүүжин рүү залгаад утсаа авахгүй байгаад байхаар нь найз Билгүүн рүү залгаад Цээгийн энд хүнд зодуулах гээд байна гэнээ гэж хэлээд хүрээд ир гэж дуудсан...Тэгээд бид хоёр 16 цаг өнгөрч байхад уулзаад 903 дугаар байрны ард хүн хэвтчихсэн цагдаа нар ирсэн байсан...Бид хоёр бодохдоо тэр унасан хүнийг Тэмүүжин биш байна гэж бодсон. Би Тэмүүжинг чи хэнтэй байгаа юм бэ гэж асуухад за тэр яах вэ би ганцаараа байна гэж хэлсэн. Цаана нь ямар ч чимээ сонсогдоогүй. Тэмүүжин надад хэлэхдээ тэр залуутай хоёулахнаа уугаад хэрэлдсэн чинь найзуудыгаа дуудчихлаа гялс хүрээд ир гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 193/,

Гэрч Б.Мөнхтуул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А, Тэмүүжин бид гурав хамт сууж, энгийн яриа өрнүүлж, 1-2 шил байх ууцгаасан. Тэгээд би нэлээн согтсон, гэхдээ болсон явдлыг санаж байна. А эрүүл шахуу байсан байх. Харин Тэмүүжин халамцуу уурлаад байсан. Мөн бид гурав ээлжлэн орцонд гарч тамхи татаад байсан санагдаж байна. Тэгээд Тэмүүжин намайг хардаад над руу дайрч гараараа миний зүүн шанаа руу цохиход нь би буйдан дээр унаад хэсэг манарч суухад А намайг өмөөрч Тэмүүжинтэй маргалдаж, зууралдаад зодолдоод байсан. Тухайн үед тэр хоёр зууралдсан харагдсан. Гэхдээ хэн нь хэнийгээ яг яаж цохихыг сайн хараагүй. Би хэсэг манараад сэргэхэд Тэмүүжин, А 2 байхгүй, өрөөний хөшигнүүд сэвэлзээд даараад байхаар нь босож хөшгийг холдуулахад тагтны хаалга цонх онгорхой салхи сэвэлзээд байсан. Би тагт дээр гарахад хүн унасан байна гэх чимээ гаднаас цонхоор сонсож, тагтны онгорхой цонхоор шагайж доош харахад Тэмүүжинтэй адилхан хувцастай хүн газар уначихсан байдалтай хэвтэж байхаар нь би сандраад орилсон. Тэгэхэд орцонд хаалганы цаанаас Туул эгчээ тайван бай, цагдаа дуудсан гэхэд би буцаад уйлаад буйдан дээр суугаад шоконд орсон байхад нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 201/,

Гэрч Э.Эрдэнэсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ганцаараа ирэхэд дээд талын айлд байх эрэгтэй гэхээр нь нэг хүн согтуу агсам тавиад байгаа гэхээр байдалтай дуу чимээ гараад байсан. Тэгээд би жирэмсэн болохоор ядраад унтаад өгсөн. Тэгээд унтаад 16-17 цагийн орчим сэрэхэд ямар нэг дуу чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 202/,

Гэрч Ч.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 10 хоногийн өмнө 5 дахь өдөр манай хажуу, өөдөөс харан хаалганы ганц бие тохитой томоотой залуу байдаг. Тэр өдөр цагийг санахгүй байна. Гэрт нь нэг залуу нэлээд хаалга цохиж байгаад орж байгаа сонсогдож байсан. Мөн өөр ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 203/,

 Гэрч Д.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар зүйлийн 07-ны өдөр цагийг санахгүй байна. Үдээс хойш Их Монгол хорооллын хажууд байх ажил дээрээ байж байхад инженер Золбоо хамт ажилладаг Баасанхүүд утсаар хүн зодуулж байна, яаралтай хүрээд ир гэж хэлүүлсэн байсан. Улмаар ажлын хажууд ойролцоо байдаг болохоор нь Баасанхүү намайг хамт яваач гээд очиход Их Монгол хорооллын 903 дугаарын байрны 1 дүгээр орцны 5 давхарт лифтээр гарахад Золбоо, хажууд нь 1 залуу байж байсан. Хамт байсан залуу нь дээгүүрээ нүцгэн, цээжний дээд хэсэг хүзүүний орчим боолгосон шинжтэй улаачихсан, халамцуу гэхээр байдалтай байсан. Тэр залуу манай гэрт 1 залуу намайг зодохоор нь зугтаж гэрийнхээ түлхүүрийг авч гарч ирсэн гээд цагдаа дуудсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 207/,

Гэрч Э.Баасанхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цагийг санахгүй байна. Үдээс хойш Их Монгол хорооллын хажууд байх ажил дээрээ байж байхад инженер Золбоо утсаар залгаж, манай найз хүнд зодуулаад байна, тусламж хэрэгтэй байна хүрээд ирээч гэхээр нь би тоогоогүй. Удалгүй дахин залгаад сандарсан байдалтай яаралтай хүрээд ир Их Монгол 903 дугаар байрны урд талын орцны 5 давхарт гээд байхаар нь асуудал үүссэн байна гэж бодоод хамт ажилладаг Нэргүй гэх ахад хэлж очсон. Лифтээр 5 давхарт гарахад Золбоо дээгүүрээ хөх сааралдуу өнгийн богино хүрэм, ногоон эрээн өнгийн шоотой цамц өмссөн, доогуураа юу өмссөн байсан гэдгийг санахгүй байна. Мөн Золбоод зодуулсан гэх ул мөр ажиглагдаагүй. Харин Золбоотой хамт байсан танихгүй найз гэх залуу /Арриунболд/ нь дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй, хүзүүндээ боолгуулсан гэхээр улаасан байдалтай байсан ба өөр зодуулсан гэхээр ул мөр ажиглагдаагүй. Хажууд нь жижиг нохой байсан. Бид хоёрыг очиход Золбоогийн найз гэх залуу нь “нэг согтуу залуу орж ирээд юунаас гэдгийг надад хэлээгүй агсам тавьж, өөрийг нь зодох гээд байхаар нь ноцолдож байгаад зугтаж гарч ирээд хаалганы гаднаас түгжээд цагдаад дуудлага өгсөн” гээд байж байсан. Гаднаас гэр хаалганы цаанаас дотогшоо хандаж, эгчээ зүгээр үү гээд асуугаад байх шиг байсан. Тэнд Нэргүй ах бид хоёр удаагүй ойролцоогоор 5 минут болсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 209/,

Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Амь хохирогчийн биед илэрсэн хэвлийн баруун хэсгийн зулгаралт цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, нидрэгдэх үед үүсгэгдэх боломжтой...амь хохирогчийн баруун шанаанд 2х0.6см, хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0.5см, 4х0.2см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1.5см зуйван хэлбэрийн зулгаралтууд гэмтлүүдээс хүзүүний баруун хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн цохих, нидрэгдэх, маажигдах, үрэгдэх үед бусад гэмтэл нь мохоо зүйлийн нидрэгдэх, унах, цохигдох үед үүсэх боломжтой...амь хохирогчийн хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 248-249, 2хх-1/,

 Яллагдагч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Мөнхтуул эгч согтоод унтах гээд байхаар нь амар гэж хэлсэн чинь амь хохирогч надтай хардаж Мөнхтуул эгчийг явахаар татаж босгосон чинь Мөнхтуул чи яв гэсэн чинь уурлаж шанаа руу нь цохиж буйдан руу унагачихаар нь “чи одоо яаж байгаа юм бэ” гэсэн чинь над руу агсарч харилцан заамдалцаж намайг дарж унагаачаад дээрээс зодох гээд байхаар нь “би хамаагүй” гэсэн чинь жаахан тайвшраад босохоор нь би гэмтэлтэй эгэм хөндөж, зодуулах юм байна гэж бодоод айсандаа нохойгоо дагуулж гараад, гаднаас нь хаалгаа цоожилсон. Бид хоёрыг заамдалцахад Мөнхтуул боль гэж байсан. Тэгээд гарчихаад шууд цагдаад дуудлага өгөөд орцондоо сууж байхдаа хажууд байдаг найз Золбоог утсаар дуудаж “хамт архи уусан хүн агсам тавиад байхаар нь гаднаас нь цоожилж цагдаа дуудаад ирэхийг нь хүлээгээд явж байна гэж хэлсэн. Золбоогийн ажил ойрхон учраас удаагүй орж ирээд бид 2 нийлж цагдаа руу олон удаа залгасан боловч цагдаа ирэхгүй удаад байхаар нь Золбоог ажлынхаа хүн байвал дуудчих нийлж байгаад согтуу хүнийг гаргаад гэртээ оръё гэж хэлсний дагуу Золбоо ажлынхаа 2 хүнийг дуудаж тэр 2 нь ирчихээд цагдаа дуудсан бол ороод яахав дээ, асуудал болно гэж хэлээд гараад явсан. Хаалганы цаанаас Туул эгчид цагдаа дуудсан санаа зоволтгүй гэж хэлсэн чинь Аоо би үсэрлээ шүү, чамайг алнаа гээд хаалга балбаад байсан. Тэгээд дотор хэсэг түжигнэж байгаад хэсэг чимээгүй болчихоор нь Золбоо гарч харсан чинь түүнийг унасан байна гэж надруу утсаар хэлсэн, би гарч харчихаад шоконд ороод буцаж гэртээ ороод Мөнхтуул эгч рүү орилоод байж байсан чинь цагдаа орж ирсэн. Амь хохирогч Тэмүүжин согтуу байсан учраас намайг зодож гэмтэлтэй эгэм гэмтээчиж магадгүй гэж айсандаа цагдаа иртэл хаалгаа гаднаас нь цоожилж орцондоо суусан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1518 тоот дүгнэлтэд: 

1. Амь хохирогчийн биед тогтоогдсон баруун шанаанд 2х0.6см, хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0.5см, 4х0.2см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1.5см зуйван хэлбэрийн зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, амь хохирогчийг амьд ахуй үед, нас барахаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Амь хохирогчийн биед тогтоогдсон хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт. /2хх-ийн 17-19/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 20-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 72, 73/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 74/, сидинд бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 171-172/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26-27/, дуудлагын лавлагаа /1хх-ийн 170/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж маргасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж мэтгэлцсэн болно.

Шүүх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Аын үйлдэлд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох санаа сэдэлт болон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хотхоны 903-32 тоот гэртээ амь хохирогч Ц.Тэмүүжинтэй маргалдаж улмаар биед нь “баруун шанаанд 2х0.6см, хүзүүний баруун хэсэгт 5х0.6см, 5.5х0.6см, 3.5х0.5см, 2х0.2см, 3х0.5см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9см, 1х0.3см, 0.8х0.3см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0.5см, 4х0.2см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1.5см зуйван хэлбэрийн зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Гэрч Б.Мөнхтуулын: “...А, Тэмүүжин бид гурав хамт сууж, энгийн яриа өрнүүлж, 1-2 шил байх ууцгаасан. Тэгээд би нэлээн согтсон, гэхдээ болсон явдлыг санаж байна. А эрүүл шахуу байсан байх. Харин Тэмүүжин халамцуу уурлаад байсан. Мөн бид гурав ээлжлэн орцонд гарч тамхи татаад байсан санагдаж байна. Тэгээд Тэмүүжин намайг хардаад над руу дайрч гараараа миний зүүн шанаа руу цохиход нь би буйдан дээр унаад хэсэг манарч суухад А намайг өмөөрч Тэмүүжинтэй маргалдаж, зууралдаад зодолдоод байсан. Тухайн үед тэр хоёр зууралдсан харагдсан. Гэхдээ хэн нь хэнийгээ яг яаж цохихыг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Эрдэнэсүрэнгийн: “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим гэртээ ганцаараа ирэхэд дээд талын айлд байх эрэгтэй гэхээр нь нэг хүн согтуу агсам тавиад байгаа гэхээр байдалтай дуу чимээ гараад байсан. Тэгээд би жирэмсэн болохоор ядраад унтаад өгсөн. Тэгээд унтаад 16-17 цагийн орчим сэрэхэд ямар нэг дуу чимээ сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Отгонбаярын: “...Одоогоос 10 хоногийн өмнө 5 дахь өдөр манай хажуу, өөдөөс харан хаалганы ганц бие тохитой томоотой залуу байдаг. Тэр өдөр цагийг санахгүй байна. Гэрт нь нэг залуу нэлээд хаалга цохиж байгаад орж байгаа сонсогдож байсан. Мөн өөр ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Аод хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Аод хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас талийгаач Ц.Тэмүүжингийн биед учирсан хөнгөн хохирлын талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул гэм буруутай этгээдээс гаргуулах төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Аын хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж түүнд хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ. Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Аод 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР