Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 08

 

            

 

 

С.Эд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Х.Даваахүү,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан, Б.Мянган,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Эд холбогдох, эрүүгийн 201610010142 дугаартай, 2 хавтас, 502 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн  Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Банкны гудамж .... тоотод оршин суух, Олгонд овогт Самбуугийн Э /РД:ПЮ62060778/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд бусдын эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны машиныг жолоодон яваад Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн асфальтан хучилттай зам дээрээс хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад тээврийн хэрэгслийн маслын даралтын шланк нь задарсны улмаас 2 урсгалтай, 4 эгнээ замын 1 дүгээр эгнээ бүхий зам дээр ослын зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслийн газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна... гэсэн, мөн дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүнийг зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөний замын зүүн гар талд түр зогсоохыг зөвшөөрнө гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр зогссоны улмаас талийгаач Я.Баярсүрэнгийн жолоодон явсан 16-99 ДГА улсын дугаартай автомашин мөргөж, жолооч Я.Баярсүрэн, зорчигч М.Ядамсүрэн нарын амь насыг хохироосон, талийгаач Я.Баярсүрэнгийн эзэмшлийн 16-99 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн автомашинд 4600.000 төгрөгийн хохирол, Д.Авирмэдийн эзэмшлийн 84-15 УНМ улсын дугаартай ачааны автомашинд 455.000 төгрөгийн шууд, бусад зардал 70.000 төгрөг, нийт 525.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчилж,

Шүүгдэгч С.Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялаар хорьж шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Энэ хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашин, 8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашинуудын битүүмжлэлийг, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Д.Авирмэдийг иргэний хариуцагчаар татсан тогтоолын хамт хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Эы жолоочийн үнэмлэхийг Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлж, 1699 ДГО улсын дугаартай “sonata-6” маркийн автомашиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаад, 8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркийн автомашиныг бичиг баримтын хамт эзэмшигч Д.Авирмэдэд тус тус буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 4600.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаад олгох, оршуулгын зардалд 5935.644 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 10000.000 төгрөг, оршуулгын зардал 377.086 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                                                                                                            

Шүүгдэгч С.Э давж заалдсан гомдолдоо: Миний бие хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн жолоодож явсан иргэн Д.Авирмэдийн эзэмшлийн 8415УНМ улсын дугаартай, Нongyan маркын авто машиныг Оношлогооны төвийн Замын-Үүд салбарт “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо"-нд хамруулсан /1-р хавтас 134-р тал/ бөгөөд уг оношлогоогоор тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн болох нь тогтоогдсон юм. Уг оношлогооны төвөөс хөдлөж гаалийн шалган нэвтрүүлэх төв рүү явж байх замд машины маслын шланк задарч масло гоожоод машинаас хөх утаа гараад явж болохгүй болсон тул машиныг аль болох замын хөвөө хэсэг рүү гаргаж тавих гэсэн боловч машин унтарч энерцээрээ явсаар байгаад зогссон. Энэ нь зайлшгүй зогсолт байсан бөгөөд машиныг дахин асаах боломжгүй байдал бий болсон учир засах сэлбэг авахуулах, авахуулсан сэлбэг шаардлага хангахгүй байсан тул янзалж байгаад машинд сэлбэж тавих зэрэгт цаг хугацаа их орсон юм. Би машинаа засварлаж байх үедээ болзошгүй аюул ослоос сэргийлж машины чиргүүлийн нэмэлт гэрлүүд болон подварын гэрэл /ослын дохионы гэрэл/-ийг асааж байгаад засвар хийж байсан бөгөөд энэ байдлыг надтай хамт машин засаж байсан гэрч Ч.Өсөхбаяр /1-р хавтас 48-р тал/ тодорхой гэрчилдэг болно. Гэтэл хавтаст хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр ослын тэмдэг тавиагүй гэж үзэж намайг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д “...ослын дохионы гэрэл ажиллахгүй /эсвэл байхгүй/...” тохиолдолд ослын зогсолтын тэмдэг хэрэглэхээр заасан бөгөөд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь ослын дохионы гэрэлтэйгээс гадна тухайн үед ослын дохионы гэрлээ ажиллуулж байсан болно. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн ослын улмаас иргэн Я.Баярсүрэн, М.Ядамсүрэн нар нас барсан үйлдэлд миний жолоодож явсан 8415 УНМ улсын дугаартай машины араас мөргөсөн 1699 ДГА улсын дугаартай Соната 6 маркын авто машины жолооч Я.Баярсүрэн нь дараахь байдлуудаар шууд буруутай гэж үзэж байна.

1. Хэрэг учрал болохын өмнө 1699 ДГА улсын дугаартай Соната 6 маркын авто машины жолооч Я.Баярсүрэн архи /согтууруулах ундааны зүйл/ хэрэглэж байсан гэдгийг хохирогч Э.Ундармаа /1-р хавтасны 23-р тал/, гэрч Х.Баярсайхан /1-р хавтасны 51-р тал/, гэрч Ц.Ганбаяр /1-р хавтасны 54-р тал/ нарын мэдүүлэг шууд нотолдог билээ. Гэтэл хохирогч Э.Ундармаа анхан шатны шүүх хурал дээр дээрхи мэдүүлгээсээ буцаж, хэрэг мөрдсөн мөрдөн байцаагчийг гүтгэж, жолооч Я.Баярсүрэнг архи уугаагүй, уудаггүй байсан мэтээр мэдүүлж буй нь зориуд худал мэдүүлэг өгсөн эрүүгийн хариуцлага хүлээхээр шууд санаатай үйлдэл гэж үзэж байна. Хэрэг шалгасан мөрдөгч хохирогч Э.Ундармаагаас албадлага хэрэглэн мэдүүлэг авсан гэж үзэхэд гэрч Х.Баярсайхан, Ц.Ганбаяр нарт хүч хэрэглэж зориуд худал мэдүүлэг авсан гэж үзэхэд эргэлзэж байна. Төрийн байгууллагын ажилтнууд цогцост задлан шинжилгээ хийх үед бэхжүүлж авсан талийгаач нарын цусны дээж ямар шалтгаанаар, хэний буруутай үйл ажиллагааны улмаас шинжилгээний шаардлагыг хангахгүй болсон нь ойлгомжгүй байдаг бөгөөд тэдний буруутай үйлдлийн улмаас иргэн надад хилсээр ял шийтгэл оногдуулж байгаад туйлын ихээр гомдолтой байна.

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хавтас 3-р тал/-ээс үзэхэд жолооч Я.Баярсүрэн тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдгаас гадна хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцож байсан болох нь хавтаст хэрэг /1-р хавтас 20-р тал/-т авагдсан Соната-6 маркын авто машины километрийн заалтыг харуулсан фото зургийн үзүүлэлтээр нотлогджээ гэж үзэж байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 175 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Уг хэргийн гол нотолгоог 2017.01.02-ны өдрийн 728 тоот шинжээчийн дүгнэлтэнд үндэслэсэн буюу Эыг МУ-ын ЗХД-ийн 6.3, 11.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас Бямбасүрэнгийн жолоодон явсан 16-99 ДГА улсын дугаартай автомашин мөргөж , хохирогч Бямбасүрэн, Ядамсүрэн нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан Эы үйлдэлд хамруулаад байгаа ЗХД-ийн 6.3 буюу ослын зогсолтын тэмдэг нь уг заалтын "б" хэсэгт заасан түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд ....гэсэн ба гэтэл С.Эы хувьд зайлшгүй зогсолт хийхдээ аваарын ослын дохионы гэрлээ /мөн чиргүүлийн нэмэлт гэрлүүд болон подварын гэрлээ /асаасан болох нь түүний анхнаасаа мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэрч Өсөхбаяр /хх-48/ нарын мэдүүлгүүдээр нотлогддогийн гадна хх-ийн 14-р хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Эх гэрэл болон нэмэлт гэрлүүд бүрэн ажиллагаатай байв /2016-07-04-ний өдрийн/ зэрэг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах боломжтой болохыг анхааран үзэх атал эдгээр нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй ба мөн үгүйсгэсэн үндэслэлээ ч заагаагүй болно. Иймээс ийм байдлаар Эыг дүрмийн энэ заалтаар буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн дүрмийн 11.1 буюу жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөний замын зүүн гар талд зогсохыг зөвшөөрнө гэсэн заалтаар буруутгасан ба гэтэл Эы техникт учирсан гэмтлийг зайлшгүй зогсолт болохыг шинжээч Цэндсүрэн /хх-181/ нотолсон ба мөн гэрч Ганболдын мэдүүлгийг /хх-223/ давхар дүгнэх боломжтойн гадна ийм тохиолдолд уг замын хөдөлгөөний дүрмээр шаардагдсан энэхүү хөдөлгөөнийг хийх ямар ч боломжгүй учраас түүнийг энэ заалтаар буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл техникт учирсан гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд өөр ямар нэгэн хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй ба тиймээс техникийн зайлшгүй зогсолт гэдгийг тодруулаад байгаагийн гол шалтгаан нь үүнтэй холбоотой болохыг л хуульчид бид бодитойгоор дүгнэх нь чухал юм. Иймд эдгээр 2 холбогдол бүхий заалтаар Эыг буруутгаад байгаа шинжээчийн 728 тоот дүгнэлт нь эргэлзээтэй байдаг учраас ЭХХШТХуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан" шинжээчийн дүгнэлтийг "шүүх прокурор мөрдөгч өмгөөлөгч" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэсэн заалтаар шийдвэрлэхэд хуулинд харшлах үндэслэл байхгүй хэмээн үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч " Я.Бямбасүрэн" гэсэн нэр тодорхойлогдоод байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд зүй ёсоор нийцэхгүй байгааг анхааран үзнэ үү? Уг дүгнэлтээр 16-99 ДГа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баярсүрэн нь ЗХД-ийн 2.7, буюу согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн буруутай болохыг тогтоосон атал анхан шатны шүүхээс энэ байдлыг илтэд үгүйсгэж өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч нарыг согтуу байсан гэж үзэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Улмаар хэрэгт авагдсан гэрч Ганбаяр /хх-54/, гэрч Баярсайхан нар нь энэ байдлыг нотолж мэдүүлсэн байдаг атал эдгээр нотолгоог ямар байдлаар яаж үгүйсгээд байгааг тогтоолд тодорхой заагаагүйн гадна энэ тогтоолд хохирогч Бямбасүрэн гэсэн нэр томъёологдож бичигдсэн болохоор хохирогч Баярсүрэнгийн хамаарал бүхий баримтууд нь дүгнэгдэх боломжгүй юм болов уу гэсэн ташаарсан ойлголтыг олж авахаар хууль бус дүгнэлт тусгагдсан нь ЭХХШТХуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтууд зөрчигдсөн хэмээн үзэж байна.

Шүүхийн энэ дүгнэлттэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд хариуцлагагүй хандаж хохирогч Баярсүрэн, Ядамсүрэн нарыг сотгууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор явуулсан цусны шинжилгээ нь чухам ямар байдлаар яагаад шинжилгээний шаардлагыг хангахгүй болсон болох энэ байдалд хэн буруутай болох улмаар шинжээч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж миний үйлчлүүлэгчийн эрхийн асуудал хохирох ёсгүй болох зэргийг дахин тодруулж шалгаж тогтоох шаардлагатай хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхээс зөвхөн хэт нэг талын өрөөсгөл байдлаар буюу зөвхөн хохирогч Ундармаагийн мэдүүлэгт тулгуурлаж ийм нөхцөл байдлыг үүсгэсэн дүгнэлтийг хийгээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд нөгөө талаас энэ байдалтай уялдаж 728 тоот шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан хохирогч Баярсүрэнгийн зохих ёсны буруу, түүний давхар нотолгоо болох шинжээч Батзоригоос мэдүүлсэн /хх-203/ 16-99 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Баярсүрэн нь МУ-ын ЗХД-ийн жолоочид хориглох заалтыг үл биелүүлж согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож дүрмийн холбогдох заалтыг үл биелүүлж зогсож буй тээврийн хэрэгслийн араас мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан гэх нотлох баримт нь ямар нэгэн байдлаар дүгнэгдээгүй орхигдсон нь гэм буруугийн оролцооны хэр хэмжээг зөв зүйтэй дүгнэхэд шууд нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Уг хохирогч Баярсүрэнгийн жолоодож явсан машины маш хүчтэй мөргөлтийн улмаас зам дээр зогсож байсан 84-15 УНМ дугаартай “Hongyan” маркийн автомашинд учирсан эвдрэл болох арын чиргүүлийн раамын хөндлөн төмөр нь угаараа цуурч, нум төмрүүд нь хугарч арын 4 дугуй нь хоорондоо нийлсэн, мөн арын гэрэл нь муруйж наалдсан, улмаар чиргүүлийн арын хамгаалалтын төмөр нь 22 метрт шидэгдэж уг машин нь 1 метр хиртэй урагшаа түрэгдсэн байсан зэрэг бодит байдлуудыг харьцуулж үзээгүйн гадна мөн гэрч Ганболдын мэдүүлсэн /хх-223/ мэдүүлэг тухайлбал Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хянах самбар буюу хэмжих заалтын зүү 125 км/ц, моторын даралтны заалтын зүү 3 гэсэн дээр гацсан байсан ба энэ нь осол болохоос өмнө ямар хурдтай явж байсныг техникийн талаас гэрчлэх нотолгоо мөн үү? гэсэн асуултанд тухайн үед зааж байсан заалтууд нь ослын дараа яг тэр байдлаараа хадгалагдаж үлддэг болохыг ЗЦГазрын мэргэжилтнүүдээс сонссон гэх мэдүүлгийг ч анхаарч үзээгүй болно.

Ийм байдлуудаар шүүхээс зөвхөн Эыг гэм буруутайд тооцож улмаар хохирлын асуудлыг ч учир дутагдалтай шийдвэрлэсэн хэмээн үзэж байна. Тухайлбал: Эаас 16-99 ДГО улсын дугаартай /тогтоолд дго гэж бичсэн тул энэ байдлаар нь бичсэн ба хэрэгт ДГА гэсэн байгаа болно./ Соната-6 маркийн автомашины үнэ болох 4600000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ундармаад олгохоор шийдвэрлэсэн ба гэтэл уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар өөр хүний нэр дээр байдаг бөгөөд өөрөөр хэлбэл хууль ёсны эзэмшигч нь хохирогч Баярсүрэн биш болно. Мөн гэм хорын хохирлыг ч 100% тооцож гаргуулсан нь буруу хэмээн үзэж байна. Шүүхээс мөн ШШҮХ-ийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6837 тоот шинжээчийн дүгнэлтийг хамруулсан нь ойлгомжгүй бөгөөд энэхүү нотлох баримт нь өмгөөлөгч миний хүсэлтээр цаг хугацааны хувьд хэзээ хойно буюу уг осол 2016-06-28 ны өдөр гарсан атал үүнээс хойш осол болсноос бүтэн 5 сарын дараа 2016-11-25 ны үед техникт дахин үзлэг хийгдэж дүгнэлт гарсан учраас баримтын шаардлага бүрэн хангахгүй ач холбогдлоо ч алдсан хэмээн үзэж байна. Тиймээс Цэндсүрэнгийн мэдүүлэг ч мөн адил...Тухайлбал: Ослын дохионы гэрлүүдийг энэхүү үзлэгийн байдлаараа мэдүүлдэг бөгөөд гэтэл тухайн жижиг тэрэгний хүчтэй мөргөлтөөс болж уг том тэргэнд ямар гэмтэл учирсан болохыг харьцуулан үзэхийн гадна улмаар тэрхүү мөргөлтийн доргилтоос үүдэж уг том тэрэгний дохио гэрлэнд өөрчлөлт орж болно гэсэн хоёрдмол байдлаар өөрийн мэдүүлгээ үгүйсгэдэг мөн цаг хугацааны хувьд энэ бүгдийг бодит байдалтай харьцуулан үнэн байдалд нийцүүлэн дүгнэх боломжгүй болно. Иймд Эд холбогдох хэргийг дахин хянаж ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эы гомдлыг дэмжиж оролцож байгаа. Э тухайн үед 8415 УНМ улсын дугаартай, Нongyan маркын Д.Авирмэдийн эзэмшлийн машиныг жолоодож явсан байгаа. Ажил гүйцэтгэх хэлцлээрээр тодорхой хөлстэйгөөр энэ машиныг жолоодсон байдаг, түүнээс биш байнгын үйл ажиллагаа явуулдаг машин биш. Хэрэг гардаг өдөр буюу 2016.06.28-ны өдөр уг тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын Оношлогооны төвд оношлогоонд /1-р хавтас -134/ оруулсан байдаг. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо гэсэн хуудсан дээр ямар нэгэн доголдол байхгүй байсан байна, гэрэл дохио бүрэн байна гэж дүгнэсэн байдаг. Уг оношлогооны төвөөс хөдөлж гаалийн шалган нэвтрүүлэх төв рүү явж байх замд машины маслын шланк задарч зайлшгүй зогсох шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл машин жолоодлогогүй болоод, машин унтраад, энерцээрээ явсаар байгаад хэрэг болсон газар зогссон. Машины даац их хүнд учраас уг машиныг зорчих хэсгээс чөлөөлж тавих боломж нь тэр байсан. Уг машиныг засаж сэлбэх, авчирсан сэлбэг хэрэгслийг сольж тавих зэрэгт хугацаа их орсон байдаг. Машиныг засаж сэлбэж байх явцдаа, аваарын ослын дохиогоо асаасан байсан гэдгээ шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлдэг. Энэ талаар тухайн үед хамт байсан гэрч Өсөхбаяр мэдүүлдэг. Гэтэл түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасан ослын дохионы тэмдгийг тавиагүй байна гэж буруутгадаг. Гэтэл энэ заалтад тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл ажиллахгүй эсхүл байхгүй нөхцөлд л ослын тэмдэг тавих зохицуулалт байдаг. Гэтэл хэргийг нөхцөл байдал дээр ослын дохионы гэрэл нь ажиллаад зогсож байсан. Ажиллаж байгаа тохиолдолд нэмэлтээр ослын тэмдэгийг тавих шаардлагагүй. Тэгэхээр энэ заалт нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Мөн дээр нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтаар буруутгаж байгаа. Машин зайлшгүй ослын зогсолт хийх шаардлага бий болоод энерцээрээ яваад, 1 дүгээр эгнээнд тавьсан. Тухайн зам бол 4 эгнээтэй, жолооч Эы явсан зам бол 2 урсгалтай зам байсан. Тухайн үед 16-99 ДГА улсын дугаартай Соната-6 маркын авто машины жолооч Я.Баярсүрэнгийн буруутай үйл ажиллагаанаас энэ зам тээврийн осол гарчээ. Түүнийг буруутгасан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ундармаа /1-р хх-23/ мэдүүлсэн байдаг. Мөн түүнтэй архи уусан гэрч Х.Баярсайхан /1хх-51/, гэрч Ц.Ганбаяр /1-р хх-54/ нарын мэдүүлэгт талийгаач Я.Баярсүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хамт хэрэглэсэн гэдгээ маш тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл түүнийг архи уугаагүй мэтээр Ундармаагийн худал мэдүүлгээр үндэслэж Ганбаяр, Баярсайхан нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байна. Хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, нэмэлт шинжилгээ авсан материал гэдэгт шүүхийн шинжилгээнд авсан дээжид этилийн шинжилгээг тогтоолгохоор 5 мл цусыг цогцосноос авав гээд дурдсан байдаг. Тэгэхээр цогцост задлан хийхдээ этилийн спиртыг тогтоолгохоор цус авсан байна гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд авагдсан 26 тоот шуудангийн даалгавар гэдэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжилгээний хэлтэст 1 боодол зүйлийг ахлагч С.Уртнасан хүлээлгэн өгсөн байдаг. 5 мл цусыг Уртнасан гэдэг ахлагч шуудангийн газарт хүлээлгэж өгчээ. Үүнээс хойш цус хаачсан талаар мэдэхгүй. Цусны талаар хэн шинжээч томилсон юм бэ бүү мэд. Хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.07.27-ны өдрийн 29 тоот дүгнэлтийн 8 дахь заалтад шүүхийн химийн шинжилгээгээр цус дахь этилийн спиртийг тогтоолгохоор авсан 10 мл цус нь Шүүхийн шинжилгээний биологийн хэсэг рүү Монгол шуудан компаниар тээвэрлэгдэх явцдаа хэт дулааны үйлчлэлээр цус хийсэн хуруу шилний бөглөө нь мултарч асгарсан. Ийм учир Я.Баярсүрэнгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх дээр хариулах боломжгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээч эмч Гаваасүрэн гаргасан байдаг. Гаваасүрэн гэдэг хүн бол дээр дурдсан цусны дээж авахад байлцсан шинжээч эмч байдаг. Гаваасүрэн эмчийн дүгнэлтийн 8 дахь заалтаар цус байхгүй болчихсон юм байна, цус шаардлага хангахгүй болчихсон байна гэдгийг дүгнэсэн. Энэ дүгнэлтэн дээр шүүх үнэлэлт хийгээд Баярсүрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй байна гээд хаячихаж байгаа. Асуудалд яагаад ингээд хариуцлагагүй хандаад байгаа юм бэ. Тухайн  хүний биеэс авсан цусыг тээвэрлэх, зохих байгууллагад хүргүүлэх үүрэг нь хэнд байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам /хх-196/ гэж байгаа. Журмын 2.4 дэх заалтад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний обьектын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, нууцлалыг битүүмжилж шинжилгээний байгууллагад өөрийн биеэр эсхүл цагдаагийн байгууллагын тусгай шуудангаар хүргүүлнэ гээд заасан байдаг. Цусны битүүмжлэл, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хэн хариуцах ёстой вэ гэхээр шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь хариуцахаар байна. Эрх бүхий этгээд нь мөрдөгч Мөнхсүлд байгаа нь харагдаж байна. Шинжээч томилсон тогтоолоор Мөнхсүлд юм уу тухайн үед хариуцаж байгаа эрх бүхий этгээд тухайн асуудлыг хариуцах ёстой. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хэрхэн яаж шийдвэрлэсэн юм бэ, сахилгын арга хэмжээ авагдах ёстой юм уу, үүн дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй байж хүний хувь заяаг шийдвэрлэх боломжгүй юм. Ийм байдлаар асуудалд хандсан нь буруу байна гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг /1-р хх-3/ үзэхэд жолооч Я.Баярсүрэн тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан ба хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Соната-6 маркын авто машины километрийн заалтыг харуулсан фото зургийн үзүүлэлтээр /1-р хх-20/ нотлогдож байна гэж үзэж байна. Тухайн үед талийгаач Я.Баярсүрэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас замын хөдөлгөөнд оролцсон байна гэдэг нь харагдаад байгаа. Яагаад гэхээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг. Ямар нэгэн тормозны ул мөр хэргийн газраас илрээгүй. Дүгнэлтэнд шаардаад байгаа ослын тэмдэг тавьсан ч ослын тэмдэгийг харах боломж байсан эсэх. Аваарын гэрэл асаагаад зогсож байгаа машиныг харахгүй байгаа хүн жижиг хэмжээний ослын тэмдэгийг харах боломж байгаа эсэхэд нь эргэлзээтэй байна. Тухайн зам 4 урсгалтай байсан. Шүүгдэгчийн жолоодож явсан машин 1 дүгээр эгнээнд зогссон. Тухайн хүн эрүүл саруул, хөдөлгөөнд оролцож байсан бол 1 дүгээр эгнээнд байсан саадыг тойроод өөрөө эгнээгээ тааруулаад явах боломжтой байсан. Ийм чадвар тухайн үед байдаггүй нь харагдаад байгаа юм. Сая миний дурдсан фото зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл дээр стометрийг харуулсан зураг нь 125 дээр очоод гацчихсан байгаа. Үүнийг бас мөрдөгч шалгаагүй. Осол болох үед машин ямар хурдтай явж байсан талаар тогтоох боломжтой эсэхийг мөрдөн байцаагч мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байна. Техникийн шинжээч томилоод осол болох үед осол болсоны дараа стометр нь 125 гэж заасан байсан. Мөргөлдөх үед тухайн тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг шууд илэрхийлж болох уу гэдэг байдлыг тогтоож чадаагүй. Миний ойлгож байгаагаар тухайн Соната-6 маркын машины хурдыг шууд тодорхойлсон байна гэж харж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-44/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-135/ зэрэгт тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэн байгууллага гэдэгт Д.Авирмэд гэдэг хүн бүртгэлтэй байна гэж тусгагдсан байдаг. Энэ баримтаас харахад Д.Авирмэд гэдэг хүний эзэмшлийн машин гэдэг нь эрх бүхий байгууллагуудын бүртгэлд тусгагджээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан иргэн Д.Авирмэдийн эзэмшлийн машин гэдэг нь мөн лавлагаагаар гарч ирсэн байдаг. Гэтэл шүүх хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд 2012 оны 06 сар гэсэн худалдах худалдан авах гэрээ, мөн 60 дугаар хуудсанд авагдсан 2016.06.12-ны өдөр гэсэн хятад ханзаар бичигдсэнийг үндэслээд түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлсөн байдаг. Хятад ханзаар юу гэж бичсэн байгааг би мэдэхгүй. Яагаад 4 жилийн хугацаанд энэ хүний эзэмшлээс хасагдахгүй байгаа юм бэ. Ийм хятад бичгийг Эрээний захын хятад хүнээр хэн ч хийлгэж чадна. Ийм байдалд үнэлэлт дүгнэлт хийгээд Авирмэдийн эзэмшлийн машин биш байна гээд дүгнэлт хийж байгаа. Тэгсэн мөртлөө шийтгэх тогтоолдоо тухайн тээврийн хэрэгслийг биш гэж дүгнэсэн нь Авирмэдийн эзэмшилд буцаад очиж байгаа. Логикийн хувьд хятад хүн дээр өгмөөр байгаа юм. Эзэмшигч нь биш хүнд буцааж өгөхөөр шийдвэрлэснийг ойлгохгүй байгаа юм. Талийгаач Баярсүрэнгийн буруутай үйл ажиллагаанд шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Шүүхээс талийгаачийн үйлдэлд ерөөсөө үнэлэлт дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн Э буруутай байна гэж иргэний нэхэмжлэлийг 100%-иар Эаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хариуцагчаар Авирмэдийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэв Эыг буруутай гэж үзэх юм бол иргэний хариуцагч Авирмэд, иргэний нэхэмжлэлийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Хавтаст хэргийн хүрээнд машины эзэмшигч нь Авирмэд байна гэдэг нь тогтоогдож байна. Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байрны захиргаанд хүсэлт гаргаад хоригдогч Эы биеийн байдлаар тодорхойлолт авсан. Тодорхойлолт авах үед Э шүүгдэгчийг хоригдож байх үед тус цагдан хорих байрны эмч ажлаасаа гарсан. Энэ асуудал дээр цагдан хорих байрнаас удаа дараа үзлэг шинжилгээнд хамруулж холбогдох эмчилгээг нь өгч байсан талаараа миний хүсэлтэд хариу өгсөн тодорхойлолтон дээрээ тусгагдсан байгаа. Үүнийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Мөн түүний өвдгөнд мэс засал хийлгэх дайны гэмтэл илэрч гарч ирээд байгаа. Зам тээврийн осол гарахад авсан гэмтэл байна гэж үзээд байгаа. Хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмч Гаваасүрэнгийн 2016.07.01-ний өдрийн 313 тоот дүгнэлтэн дээрээ түүний баруун хөл зулгаралттай, мөн тархи доргилттой гээд хөнгөн гэмтэл гээд дүгнэсэн. Үүнийг би учир дутагдалтай гэж үзэж байна.  Баруун хөлний зулгаралт биш, өвдгөндөө хүнд гэмтэл авсан байгаа нь мэс заслын ажилбар хийлгэх шаардлагатай, энэ байдлаасаа ч юм уу даралт байнгын өөрчлөлттэй, биеийн эрүүл мэнд муудсантай холбоотойгоор Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн, хийгдэх ажиллагаа гүйцэт хийгдээгүй байна. Хуучин хуулиар мөрдөн байцаалтад буцаах гэсэн ойлголт байсан, өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд мөрдөн байцаалтад буцаах гэсэн ойлголт байхгүй. Харин түүнийг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтууд нь эргэлзээтэй гэж үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан тул Эыг гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн түүний гомдлыг дэмжиж байна гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолд дурдсан иргэний нэхэмжлэлтэй, хариуцагчид холбоотой заалтууд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Авирмэд мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Хятад улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн. Өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гээд очихоор Уул гэдэг хүн нь шоронд ял эдлээд явчихсан учраас шилжүүлэх боломжгүй байсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Уул, Авирмэд хоёрын асуудал нотлогдож байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд Шинэбаяр гэдэг гэрч “Баганаа гэдэг хүнээс 400 юаниар түрээслээд аваад явсан” гэсэн мэдүүлэг байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Э гэдэг хүнээс та Авирмэд гэдэг хүнийг таних уу, энэ тээврийн хэрэгслийг танд шилжүүлж өгсөн үү, ажилд энэ хүн таныг томилсон уу гэж асуухад Э “би танихгүй, мөрдөн байцаах ажиллагааны явцад нэг удаа харсан” гэж хэлдэг. Энэ байдлаас харахад мөрдөн байцаах ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Түүндээ Авирмэдийг оролцуулаагүй. Иргэний хариуцагч гэж үзэж байгаа бол ажиллагаанд Авирмэдийг оролцуулах ёстой байсан. Тухайн тээврийн хэрэгслийг Авирмэдийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан, мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Ингээгүй тохиолдолд хариуцах үндэслэл байхгүй гэсэн үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолын заалт үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэсэн заалтыг анхаарч үзнэ үү. Нэгэнт тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, өгөөгүй байгаа тохиолдолд Авирмэдийг иргэний хариуцагчаар татах нь үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд ийм ажиллагааг дутуу хийсэн байна гэсэн асуудлыг тавьсангүй, харин гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, цагаатгаж өгнө үү гэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүгдийг нотолсон гэж үзэж байна. Хэргийн хувьд 2 жолоочийн тус тусын буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн. 8-10 жил ажилласан 3 шинжээч дүгнэлт гаргасан. Талийгаач Баярсүрэнг Прокурорын зүгээс буруугүй гэж үзээгүй. Буруутай байна гэж үзсэн, гэхдээ энэ хүн нас барчихсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Эыг ямар үндэслэлээр буруутай гэж үзээд байгаа вэ гэхээр мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтийг барьж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр Эыг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мянган өмгөөлөгч хэлэхдээ Эыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, аваарын гэрлээ асаасан байсан гээд байна. Гэрлээ асаасан байсан гэдгийг өөрөө ч, хамт байсан гэрч Өсөхбаяр ч хэлдэг. Гэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т 4 тохиолдолд ослын тэмдэг тавина гээд заагаад өгчихсөн. Зам тээврийн ослын улмаас зогссон үед жолооч аваарын гэрэл асаахаас илүү ослын тэмдгийг зайлшгүй тавина гээд заагаад өгчихсөн. Э өнөөдөр аваарын гэрлээ асаачихаад, ослын тэмдэгээ тавьчихсан бол өнөөдөр буруутан болоод зогсохгүй. Ослын тэмдэгийг заавал авч явах үүрэгтэй. Үүрэгтэйгээс гадна осол болохын бол түүнийг суурин газарт 15 метрт тавих ёстой. Яагаад 15 метрт гээд заагаад өгчихсөн юм бэ, ослын тэмдэг цацарч байх ёстой. Ослын тэмдэгийг тавиагүй нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзээд байгаа. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гарсан байж болзошгүй гэсэн үүднээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд Эыг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3,  11.1 гэсэн заалтыг зөрчсөн гэдгийг бататгаад гараад ирсэн. Мөн шинжээч Батзоригийг /хх-203/ асуусан, маш тодорхой мэдүүлсэн байдаг. 2 жолоочийн буруутай үйл ажиллагаанаас осол гарсан бөгөөд Э дүрмийн заалтыг үл биелүүлж, зам тээврийн осол гарахыг бүрдүүлсэн, Баярсүрэн мөн жолоочийн хориглох заалтыг үл биелүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хөдөлгөөнд оролцож, дүрмийн заалтыг үл биелүүлж, машины араас нь мөргөж зам тээврийн осол болоход шалтгаан болсон гэж дүгнэсэн. Иргэний хариуцагчийн талаар шүүх дүгнээгүй байна. Миний хувьд иргэний хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Авирмэд Эыг яваад өг гээд хөлс өгөөгүй.  Жолоочийг огт танихгүй. Тээврйин хэрэгслийн гэрчилгээ Авирмэдийн нэр дээр байгаа боловч энэ хүн Эаар ажил гүйцэтгүүлээгүй учраас анхан шатны шүүх иргэний хариуцагчийг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Цусны асуудал  дээр үнэхээр тийм асуудал гарсан. Хэрэгт энэ талаар шалгасан. Эмч Гаваасүрэнг асуусан байгаа. Зориулалтын шаардлагыг хангаад явуулсан, энэ бол миний буруутай үйл ажиллагаа биш, мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаа биш гэдгийг хэрэгт нотолчихсон байгаа учраас энэ дээр хэн нэгэн албан тушаалтныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Эдгээр нотлох баримтуудаар Эыг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, осол болох боломжийг бүрдүүлсэн гэдгийг 2 удаагийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтээр тогтоогдож, шинжээчийн тайлбар, мөн хэргийн газрын үзлэг, Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн учраас буруутай гэж үзэж байгаа. 12 цагт машин зогссон байдаг. 12 цагт зогссон машиныг шөнө 22 цаг хүртэл хөдөлгөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тэр байтугай орхиод яваад өгчихсөн байгаа. Замын хөдөлгөөнд оролцож байгаа зам дээр машинаа зогсоочихсон юм чинь засварлах боломжгүй бол ачаад явах боломжтой байсан шүү дээ. Тухайн үед аваарын гэрэл ассан гээд байгаа. Үүнийг тогтоох боломжгүй, Э хамт явсан гэрч хоёр  гэрлээ асаасан гээд байгаа боловч асаасан талаар нотлох баримт байхгүй. Асаасан үгүйг нь шалгахаар аваараас болоод машины гэрэл асахаа байсан гэдэг мэдүүлгийг өгдөг. Аваарын гэрэл ассан ч бай, асаагүй ч бай, ослын тэмдэийг жолооч тавих үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг жолооч бүхэн биелүүлэх ёстой. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Эыг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх Улаанбаатараас Замын-Үүд сумын чиглэлийн хатуу хучилттай зам дээр 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй 75-01 БЧ улсын дугаарын чиргүүлтэй ачааны Хонгяан маркийн автомашиныг хойноосоо урагшаа чиглэлтэй жолоодож явах үед нь тээврийн хэрэгслийнх нь маслын даралтын шланк задарсны улмаас 2 урсгалтай 4 эгнээ замын 1-р эгнээнд ослын зайлшгүй зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д зааснаар ослын зогсолтын тэмдгийг хэрэглээгүй,  мөн дүрмийн 11.1-д зааснаар автомашиныг замаас чөлөөлж зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсох, хашлагагүй бол зорчих хэсгийг чөлөөлөх, шахах боломжгүй бол аль болох замын зах руу шахаж зогсооно гэснийг тус тус зөрчсөн зөрчлүүд гаргасны улмаас хохирогч Я.Баярсүрэн 16-99 ДГА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа уг автомашины араас нь мөргөсний улмаас жолооч Я.Баярсүрэн, хамт зорчиж явсан түүний эцэг Ядамсүрэн нар нас барсан тул шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан мөрдөн байцаалтын шатанд гарсан ослын талаарх Замын цагдаагийн шинжилгээний 07 /1-р хх-ийн 86/, дахин шинжилгээний 488 /1-р хх-ийн 99-101/, бүрэлдэхүүнтэй шинжилгээний 728 /1-р хх-ийн 186-188/ тоот шинжээчийн дүгнэлтүүд, техникийн шинжилгээний 6881 /1-р хх-ийн 164-165/, 6837 /1-р хх-ийн 172-174/ тоот шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 03-04/, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 14, 18/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 15-17, 19-21/ , гэрч Ч.Өсөхбаяр /1-р хх-ийн 48-49/, Ч.Шинэбаяр /1-р хх-ийн 33/, хохирогч Э.Ундармаа /1-р хх-ийн 23-25/, шүүгдэгч С.Э /1-р хх-ийн 36-37/ нарын мэдүүлгүүд, хохирогч нарын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 76-79, 81-84/, шинжээч Ж.Явуухулан /1-р хх-ийн 147/,  замын цагдаагийн шинжээч Б.Батзориг /1-р хх-ийн 203/, техникийн шинжээч Ц.Цэндсүрэн /1-р хх-ийн 181/ нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлуудын дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Замын цагдаагийн 07, 728 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд шүүгдэгч С.Эы жолоодож явсан Хонгяан маркийн автомашинд учирсан техникийн гэмтэл нь зайлшгүй зогсолт болсон гэж үзсэн боловч жолооч С.Э нь зайлшгүй зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

 

Техникийн шинжилгээний 6881 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогч Я.Баярсүрэнгийн жолоодож явсан Соната-6 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл, хянах самбарт шинжилгээ хийж уг автомашины осол болохоос өмнө хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бол техникийн шинжээчийн 6837 тоот дүгнэлтэд шүүгдэгч С.Эы жолоодож явсан Хонгяан маркийн автомашинд шинжилгээ хийж Хонгяан автомашинд хөдөлгүүр, хийн компресор холбосон масло даралтын шланк задарч масло алдсанаас зогсолт хийсэн байна, хагас чиргүүлийн баруун хойд дохионы гэрэл асахгүй, баруун хойд оврын гэрэл бүдэг асна гэж дүгнэсэн.

 

Хэргийн газрын үзлэг /1-р хх-ийн 03-11/ -т  “ ... ослын газарт ... ослын гурвалжин тэмдэг болон тормосны мөр зам дээр огт байгаагүй байсан ба чиргүүлийн нэмэлт гэрэлнүүд унтраастай, чиргүүлийн хойд талд цацруулагчгүй байсан болно“  гэж тэмдэглэгдсэн байна.

 Гэмт хэрэг гарахад байсан ганц гэрч Ч.Өсөхбаяр оврын гэрлээ асаасан байсан гэж мэдүүлдэг боловч дээрх нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байгаагийн гадна хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас баримтанд “... ослын гэрэл +” гэсэн нь автомашиныг оношлуулах үед ослын гэрэл хэвийн ажиллаж байсныг нотлохоос шүүгдэгч А.Эыг хэрэг гарах үед ослын гэрлээ асаасан болохыг нотлоогүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.3 дугаар зүйлийн в-д заасан “... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ... ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчсөн нь тогтоогдсон ба түүнийг зайлшгүй зогсолт хийхдээ бусад жолооч нарт анхааруулга болгож ослын дохиог зохих журмын дагуу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тухай  тэмдэглэлд “... зорчих хэсгийн нийт өргөн 17 м /асфальт/, 4 эгнээг тусгаарлах нэг чиглэлийн хоёр эгнээ замын өргөн 8.50 м, нэг чиглэлийн тасархай зурааснаас асфальтан замын баруун ирмэг хүртэл 4,25 м, асфальтан замын ирмэгээс шороон замын баруун хөвөө хүртэл 1.85 м байв. ... ачааны автомашины чиргүүлийн давхар дугуйны арын дугуйнаас асфальтан замын ирмэг хүртэл 2,05 м, кабины дан дугуйнаас асфальтан замын ирмэг хүртэл 1,90 м ... ” гэснээс үзэхэд шүүгдэгч С.Эыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэснийг зөрчсөн нь тогтоогдсон ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч Я.Баярсүрэнгийн талаар Замын цагдаагийн шинжээчийн 07, 728 тоот дүгнэлтүүдэд түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг болон 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн 2.3-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн, гэрч Х.Баярсайхан, Ц.Ганбаяр нар нь хохирогч Я.Баярсүрэн нь осол болохын өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мэдүүлсэн ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд юм.

Иймээс Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газар эдгээр нотлох баримтуудад үндэслэн хохирогч Я.Баярсүрэнг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон боловч зам тээврийн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны 5/03 тоот прокурорын тогтоолоор хохирогч Я.Баярсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон  байна.

Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу хохирогч Я.Баярсүрэнгийн гэм буруугийн талаар гаргасан замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж буйг тогтоолдоо заагаагүйгээр хохирогч Я.Баярсүрэнг согтуу байсан гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй төдийгүй энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарын цусыг шинжилгээнд явуулсан боловч замдаа асгарч шинжлэгдэж чадаагүйд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гомдолтой байгаа боловч гэрч Х.Баярсайхан, Ц.Ганбаяр нарын мэдүүлгээр Я.Баярсүрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон, улмаар энэ талаарх буюу түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлийн а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул дээрх нөхцөл байдлыг дахин шалгах нь хэрэгт ач холбогдолгүй ба энэ нь шүүгдэгч С.Эы үйлдлийг цагаатгах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хохирогч Я.Баярсүрэн нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон хэдий ч  шүүгдэгч С.Эы үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, хохирогч нар нас барсан явдалд түүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед автомашины осол болон техникийн эвдрэл, гэмтлийн талаар гарсан замын цагдаагийн болон техникийн шинжилгээнүүд нь тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх журамд нийцнэ.

Давж заалдах шатны шүүхээс эдгээр үндэслэлүүдээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт гарах гол нөхцөл байдалд шүүгдэгч С.Э, хохирогч Я.Баярсүрэн нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлүүд бүгд нөлөөлсөн гэж үзсэн болно.

Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч С.Э нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар  хохирогчийн гэм бурууг харгалзан шүүгдэгчийн хариуцах гэм хорын хэмжээг  багасгаж болох тул анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн  хохирогч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт учирсан хохирол болох 2 хүний оршуулгын зардал 5.935.644 төгрөг, хохирогч Я.Баярсүрэнгийн жолоодож явсан Соната 6 маркийн автомашины үнэ болох 4.600.000 төгрөг нийт 10.535.644  төгрөгийн хохирлыг хохирогчийн гэм буруутай байдлыг харгалзан 50%-иар багасгаж, 5.267.822 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэх ба  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн жолоодож явсан 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй 75-01 БЧ улсын дугаарын чиргүүлтэй ачааны Хонгяан маркийн автомашин нь иргэн Д.Авирмэдийн нэр дээр улсын бүртгэлтэй байгаа боловч уг автомашин нь одоо түүний эзэмшилд байдаггүй, шүүгдэгч С.Э болон гэрч Ч.Шинэбаяр нарын мэдүүлгээр уг автомашиныг Д.Авирмэдээс шилжүүлэн аваагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул иргэний хариуцагчаар Д.Авирмэдийг татсан мөрдөн байцаагчийн тогтоол /1-р хх-ын 232/ -ыг анхан шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу ... худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар ... тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул иргэний хариуцагч Д.Авирмэдийг 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй 75-01 БЧ улсын дугаарын чиргүүлтэй ачааны Хонгяан маркийн автомашины өмчлөгч гэж үзэх боломжгүй ба анхан шатны шүүх түүнд автоамашиныг олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т нийцээгүй хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ.

Харин уг автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хурааж, хохирлоос илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх буюу шүүгдэгч С.Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байх ба хэрэгт авагдсан Вендо ХХК-ийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд /хх-116-119, 120-123/ уг автомашины зах зээлийн үнийг 7 сая төгрөг, чиргүүлийг 6 сая төгрөг гэж тэмдэглэсэн байх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар автомашин болон чиргүүлийг дахин үнэлүүлж, худалдан борлуулах ажиллагааг явуулж түүний үнээс нэн тэргүүнд хохирлыг барагдуулах нь зүйтэй. 

Шүүгдэгчийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллуулахаар шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч С.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасч, 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Я.Баярсүрэнг Я.Бямбасүрэн гэж,  шүүгдэгч С.Эы насыг зөв тодорхойлоогүй зэргээр техникийн шинжтэй алдаа гаргасан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх өөрөө алдаагаа залруулж, залруулсан шийтгэх тогтоолоо хэргийн оролцогч нарт дахин гардуулан өгөх нь зүйтэй.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нараас гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай давж заалдсан гомдлууд үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1,  39.6 дугаар зүйлийн 1, 1.2-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 , 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дах хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын 7 дугаар заалтын “ ... 8415 УНМ улсын дугаартай толгойтой, 7501 БЧ улсын дугаартай чиргүүлтэй “Hongyan” маркын  автомашиныг бичиг баримтын хамт эзэмшигч Д.Авирмэдэд буцаан олгосугай “ гэснийг,

“Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж хэрэгт хураагдсан 84-15 УНМ улсын дугаарын чирэгчтэй, 75-01 БЧ улсын дугаарын чиргүүлтэй ачааны “Hongyan” маркийн автомашиныг бичиг баримтын хамт хохирогч нарын хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.“ гэж,

8 дугаар заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 4600.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаад олгох, оршуулгын зардалд 5935.644 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 10000.000 төгрөг, оршуулгын зардал 377.086 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар оршуулгын зардлын 5.935.644 төгрөгийн 50% болох 2.967822 төгрөгийг,  хохирогчийн автомашины үнэ 4.600.000 төгрөгийн 50% болох 2.300.000 төгрөг, бүгд 5.267.822 төгрөгийг шүүгдэгч С.Эаас болон хэрэгт хураагдсан “Hongyan” маркийн автомашин, түүний чиргүүлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулсан үнээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ундармаа, Я.Баярмаа нарт олгож, “Hongyan” маркийн автомашин болон түүний чиргүүлийг худалдан борлуулсан үнийн дүнгийн хохирлоос илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж,  тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Э нь 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                          А.САЙНТӨГС