Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 113/ШШ2018/0012

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: М.Н

 Хариуцагч: УБХ

“УБХ-д Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122  тоотод байрлах орон сууцны улсын бүртгэлийг М.Н миний нэр дээр бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагч УБХ, гуравдагч этгээд “ХБ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр М.Н, Г.Я нарын 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоотын 2 өрөө орон сууцны” бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон.

            Нэхэмжлэгч Г.Я, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нарын нэхэмжлэлийн шаардлагатай Г.Я, Д.П нарын Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоот орон сууцны “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.П-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, Сүмбэр сумын 3-р баг 4-122 тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Я-г бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд даалгасан.

            Харин нэхэмжлэгч М.Н миний бие нь Г.Я-ийн нэр дээр бүртгэгдсэн Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоотод байрлах орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хэдий ч тус бүртгэлийн газар нь “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэйг дурдсугай” гэж заасан, шүүхийн шийдвэрт “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, бүртгэлийн байгууллагаас шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгснөөр М.Н миний хууль ёсоор орон сууц өмчлөх эрхийг зөрчиж байна.

            Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор Д.П-аас Г.Я-д Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоот орон сууц өмчлөх эрх шилжсэн ба харин Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр М.Н, Г.Я нарын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоот орон сууцыг буцаан М.Н миний нэр дээр бүртгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.        

            Иймд УБХ-д Сүмбэр сум 3-р баг 4-122 тоот орон сууцны улсын бүртгэлийг нэхэмжлэгч М.Н миний нэр дээр бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

   Нэхэмжлэгч М.Н 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Нэхэмжлэгч М.Н миний бие нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоол, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууц болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 4-р байр 122 тоотод байрлах орон сууцыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг, гэрчилгээний үнэ тушаасан орлогын баримт зэргийг хавсарган УБХ-д 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн боловч тус аймгийн УБХ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 165 дугаар /хавсаргасан материалгүй/ албан бичгээр улсын бүртгэл хийхээс татгалзсан хариу ирүүлсэн.

УБХ нь дээрх эс үйлдэхүйгээрээ:

  1. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.8 дахь заалтыг зөрчсөн.
  2. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Г.Я болон Д.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Д.П-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн заалтуудад эрх зүйн үнэлгээ, дүгнэлт үл хийсэн эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд хариуцагч УБХ-ийн тус аймгийн Сүмбэр сум 3-р баг, 4-р байрны 122 тоотод байрлах орон сууцыг М.Н миний нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

             Хариуцагч УБХ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3-р баг 4-р байрны 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг М.Н /ЦВ65012600/-ийн өмчлөлд 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн байна.

            2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г.Я-ийн гаргасан мэдүүлэг 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч М.Н-ээс өмчлөх эрхийг Г.Я /ЕЙ69100104/-д шилжүүлэн бүртгэсэн байна.

            2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.П-ийн гаргасан мэдүүлэг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн Сүмбэр сум 3-р баг 4-р байр 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч Г.Я-ээс өмчлөх эрхийг Д.П /ЕЙ75112019/-д шилжүүлэн бүртгэсэн байна.

            Улмаар Сүмбэр сум 3-р баг 4-р байрны 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд Хас банкны 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1120010732 дугаартай зээлийн гэрээгээр үүрэг ноогдуулсан байна.

            Иргэн Г.Я-ийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэг, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаартай тогтоолыг үндэслэн Сүмбэр сум 3-р баг 4-р байрны 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч Д.П-аас өмчлөх эрхийг Г.Я  /ЕЙ69100104/-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.

            Улсын бүртгэлийн байгууллага нь дээрх бүх бүртгэлийг хууль, журмын дагуу бүртгэж, өмчлөх эрхийг тус тус баталгаажуулсан болно.

            Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэйг дурдсугай” гэж шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгсөн байна. Бүртгэлийн байгууллагаас мөн үүнтэй холбоотой 2018 оны 3 дугаар сарын 12-ны 165 дугаартай албан бичгээр тодорхой хариултыг нэхэмжлэгч М.Н-д хүргүүлсэн болно.

Мөн өнөөдрийн байдлаар Сүмбэр сум 3-р баг 4-р байрны 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнд Хас банкны 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1120010732 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр үүрэг ноогдуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр байхын зэрэгцээ үүнтэй холбоотой Хас банкны эрх ашиг энд хөндөгдөж байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай, 000427462 гэрчилгээний дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн Хас банкинд зээлийн болон барьцааны гэрээний дагуу эх хувиараа хадгалагдаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч М.Н Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний 134/ШШ2016/00098 дугаартай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шүүхийн шийдвэрээс давсан зүйлийг бүртгэлийн байгууллагаас шаардаж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч УБХ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаартай тогтоолыг бүрэн биелүүлж, өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийг зохих хууль, журмын дагуу улсын бүртгэгч бүртгэж баталгаажуулсан. Г.Я 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахдаа М.Н-ийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкинд тушаасан баримтыг эх хувиар нь мэдүүлгийн хамт улсын бүртгэгчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүсэлтэд “...гэрчилгээний үнэ тушаасан баримт, орлогын баримт зэргийг хавсарган УБХ-д 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн боловч УБХ нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 165 тоот /хавсаргасан материалгүй/ албан бичгээр улсын бүртгэл хийхээс татгалзсан хариу ирүүлсэн” гэж худал ярьж байгаад хариуцагчийн зүгээс харамсаж байна.

Нэхэмжлэгч М.Н нь бүртгэлийн хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” бүртгэл хийлгэхээр мэдүүлэг, 20000 төгрөг тушаасан баримт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэр холбогдох баримтыг хавсарган гаргасан байдаг. Улмаар шүүхийн шийдвэрт бүртгэлийн хэлтэст даалгасан тухай шийдвэр байхгүй байсан тул эрхийн улсын бүртгэгч мэдүүлэг бусад нотлох баримтыг буцааж, бүртгээгүй байна.

...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, мөн хуулийн 14.1.6-д “Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж тус тус заасны дагуу М.Н-ийг өмчлөгчөөр бүртгэх эрх зүйн үндэс байхгүй байсан бөгөөд тодруулбал Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрт М.Н-ийг өмчлөгчөөр бүртгэх талаар тодорхой заалт байхгүй байсан, мөн М.Н 2017 онд мэдүүлэг гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаартай тогтоолыг хавсаргаж өгөөгүй тул улсын бүртгэгч хуулийн дагуу бүртгэхээс татгалзаж, буцаасан болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг газар, үл хөдлөх эд хөрөнгийг анх бүртгэхэд хамаатай заалт болно. Харин үл хөдлөх эд хөрөнгийн шилжилтийн талаарх бүртгэлийг тус хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэн баталгаажуулдаг.

Мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу буцаасан бөгөөд буцаасан гэдэг нь М.Н-ийн анх 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлгэнд хавсаргасан 20000 төгрөг тушаасан эх баримтыг сүүлд нь буюу Г.Я 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг гаргахдаа М.Н-ээс уг баримтыг авч бүртгэл хийлгэснээр нотлогдож байгаа бөгөөд улсын бүртгэгч хэзээ ч материалыг дутуу буцаахгүйг дурдах нь зүйтэй байна.

...Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрт “...орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэй” гэж заасныг хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэйгээс гадна маргаан бүхий байрыг шүүхийн шийдвэрт улсын бүртгэлд бүртгэх эрх зүйн үндэс байсан бол аль хэдийн бүртгэх боломжтой байсан ” гэжээ.

 

            Гуравдагч этгээд ХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай, 000219167 гэрчилгээний дугаартай орон сууцтай холбоотой дараах нөхцөл байдал үүссэн:

  1. М.Н нь 2010 онд “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу Г.Я-д шилжүүлсэн бөгөөд энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай маргааныг шийдвэрлэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу “Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн зүйлийг Г.Я буцаан шилжүүлэх боломжгүй, гуравдагч этгээдэд шилжсэн байх тул орон сууцны үнийг гаргуулах эрхтэйг дурдсан. Энэ шийдвэрт талууд буюу М.Н, Г.Я нарын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон.

Дээрх байдлаар “Бэлэглэлийн гэрээ”-тэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн, орон сууцны үнийг шаардах эрх нь байсаар байтал давхардуулан байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр ийнхүү хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартайг дурдах нь зүйтэй болов уу.

Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 32 дугаар тогтоолын 4.2 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан хэсэгт “Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харъяаллын шүүхийн ажиллагаанд хамаарна” гэсэн. Шүүхээс ийнхүү орон сууцыг буцаан шилжүүлэх боломжгүй байна, иймээс үнийг гаргуулах эрхтэй гэж шийдвэрлэснээрээ тухайн хөрөнгийн хувьд хийгдсэн шилжилт буюу улсын бүртгэлийг хэвээр үлдээсэн болно.

  1. Г.Я нь 2014 онд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Д.П-д шилжүүлсэн бөгөөд мөн энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэг Монгол Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Монгол Улсын дээд шүүхээс “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, байрыг Г.Я-д шилжүүлэхийг даалгасан. Уг хэрэгт бие даасан нэхэмжлэл гаргасан гуравдагч этгээдээр М.Н мөн оролцсон бөгөөд Улсын Дээд шүүхээс байрыг М.Н-д бус Г.Я-д шилжүүлж, Г.Я-ээс Д.П-д шилжсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.  Энэ дагуу ажиллагаа хийгдсэн билээ.
  2. Өмчлөгч Д.П нь 2014 онд Хас банкинд барьцаалуулсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор орон сууцны өмчлөгч өөрчлөгдөх нь барьцаалагч Хас банкны эрх ашгийг хөндөөгүй, “Барьцааны гэрээ”-ний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болохыг дурдсан. Уг барьцаагаар үүрэг нь хангагдах “Зээлийн гэрээ” зөрчигдөж эхэлсний улмаас банк шүүхэд хандаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 134/ШШ2018/00102 дугаар шийдвэрээр зээлдэгч Д.П-аас зээлийн төлбөр гаргуулах, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122 тоот орон сууцаас үүргийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн болно.

Үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжихэд Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу ямар нэгэн гэрээ хэлцэл, эсхүл шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэхээр заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч М.Н нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр түүнд орон сууцыг шилжүүлэх тухай заагаагүй байхад ийнхүү захиргааны байгууллагад гомдож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй үйлдэл гэдэгт эргэлзэж байна. Монгол Улсын дээд шүүхээс тус банкны барьцааны эрхийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгсөн, түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар бүлэг, 28 дугаар зүйл, мөн дээрх нөхцөл байдлуудын хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн дагуу Хас банкны барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд ХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр орон сууцыг Г.Я буцаан шилжүүлэх боломжгүй байх тул орон сууцны үнийг гаргуулах эрхтэйг дурдсан. Өөрөөр хэлвэл тус шүүхийн шийдвэрээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н-ийн нэр дээр бүртгэхийг даалгах тухай шийдвэр гараагүй тул М.Н-ийн нэр дээр орон сууцыг шилжүүлэх, бүртгэхийг даалгах, түүнийг өмчлөгчөөр тогтоосон аливаа шүүхийн шийдвэр, нотлох баримт байхгүй нь нотлогддог учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Говьсүмбэр аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч М.Н-ийн нэр дээр Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь үндэслэлтэй юм.

...М.Н нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг мэдүүлэгтээ хавсаргаагүй буюу тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-т заасан шаардлагыг биелүүлээгүй учраас УБХ-ийг тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь заалт нь хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, өмнөх гэрчилгээг хүчингүй болгох, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгох тохиолдолд хамаарах хуулийн зохицуулалт учраас УБХ-ийг тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй болно.

Иймд М.Н-ийн УБХ нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н-ийн нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Я шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Г.Ян миний бие нь нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.Н болон бид хоёрын хооронд маргаан байхгүй тул үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Г.Я миний хууль ёсны эрх, ашиг хөндөгдөхгүй болно” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н-ээс УБХ-д холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны улсын бүртгэлийг нэхэмжлэгч М.Н миний нэр дээр бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “...хариуцагч УБХ тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Н миний нэр дээр улсын бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Дээрх шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000546 дугаартай Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг:

-2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр М.Н-ийн нэр дээр “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу,

-2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Г.Я-ийн нэр дээр “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу,

-2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Д.П-ийн нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу,

-2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Г.Я-ийн нэр дээр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолын дагуу тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

 

Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг дурдвал:

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн М.Н иргэн Г.Я-д холбогдуулан “...бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-122 тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэй” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, ...гэсэн хэдий ч маргаан бүхий орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.П-ийн өмчлөлд 2014 онд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжсэн, ...хүчин төгөлдөр бус болсон гэрээний үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой ба дээрх нөхцөл байдлын улмаас орон сууц буцаан өгөгдөх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь уг байрны үнийг буруутай этгээдээс гаргуулахад уг шийдвэр саад болохгүй юм” гэх зэргээр шүүх дүгнэж, уг шийдвэрт оролцогч талуудын хэн аль нь гомдоогүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.Я иргэн Д.П-д холбогдуулан “...Г.Я, Г.П нарын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2017 оны 2 дугаар 09-ний өдрийн 134/ШШ2017/00029 дүгээр шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 216/МА2017/00006 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Гэвч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ201700978 дугаар тогтоолоор “...шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь хэсгийг баримтлан Г.Я болон Д.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Д.П-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Я-г бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд даалгасугай” гэж өөрчилж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Ингээд нэхэмжлэгч М.Н Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар /”Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон/ шийдвэр,  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар /”Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон/ тогтоол зэргийг үндэслэн УБХ-д хандан тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот 3 өрөө байрыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр[1] хандсан байх бөгөөд уг мэдүүлгийг “материал дутуу” гэсэн тэмдэглэл хийж 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан хүний гарын үсэг зуруулалгүйгээр буцаасан[2] байна.

 

Эд хөрөнгө өмчлөх  эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, мөн зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”  гэж заажээ.

 

 Гэтэл УБХ-ээс хуулийн дээрх заалтад нийцүүлж, нэхэмжлэгч М.Н-ээс өгсөн мэдүүлгийг яагаад хүлээн авахаас татгалзаж, буцаасан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй, тайлбар бичгээр хийх шаардлагагүй гэж хариуцагч шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа зэрэг нь буруу, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

 

Харин Г.Я-ийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэг[3], Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолыг үндэслэн уг маргаан бүхий орон сууцыг Г.Я-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэжээ.

 

Гэтэл дээрх бүртгэл хийгдсэний дараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Н тус аймгийн УБХ-д уг орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан боловч тус хэлтсээс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаар албан бичгээр “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэйг дурдсугай гэж заасан, шүүхийн шийдвэрт “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон, бүртгэлийн байгууллагаас шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор “...Г.Я болон Д.П нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Д.П-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Я-г бүртгэхийг Говьсүмбэр аймгийн Эд хөрөнгийн бүртгэлийн албанд даалгасан...”; харин Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэрээр “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар М.Н, Г.Я нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг 4-122 тоотод байрлах орон сууцыг буцааж өгөх боломжгүй болсон тул М.Н нь орон сууцны үнийг Г.Я-ээс гаргуулах эрхтэй” гэсэн байгаа тул М.Н-ийн нэр дээр шилжүүлэх үндэслэлгүй харин Г.Я-ийн нэр дээр шилжүүлсэн” гэж тайлбарлаж байна.

 

Гэтэл Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаар шийдвэр гарах үед Г.Я, Д.П нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоолоор “Худалдах, худалдан авах гэрээ” нь хүчингүй болжээ.

 

Иймд иргэн М.Н-ээс Г.Я-д шилжүүлсэн “Бэлэглэлийн гэрээ”, иргэн Г.Я-ээс Д.П-д шилжүүлсэн “Худалдах, худалдан авах” гэрээ тус тус хүчингүй болсон тул М.Н-ийн нэр дээр уг орон сууцыг шилжүүлэн бүртгэх нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд Г.Я 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...М.Н бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой маргаан байхгүй”[4], мөн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Г.Я миний бие нь нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... бид хоёрын хооронд маргаан байхгүй тул үл хөдлөх хөрөнгийг шилүүлж өгөхөд татгалзах зүйлгүй...”[5] гэсэн тайлбаруудаас харвал нэхэмжлэгч М.Н-ийн нэр дээр уг маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхэд татгалзахгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр УБХ нь нэхэмжлэгч М.Н-ийг тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байх тул уг орон сууцны өмчлөгчөөр иргэн М.Н-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг УБХ-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 59.7-д зааснаар гуравдагч этгээд Г.Я-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр “шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй” гэж[6] бичгээр тайлбар ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2,  14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Н-ийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг УБХ-д даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗУЛ

 


[1] ХХ1-ийн 196 дугаар тал

[2] ХХ2-ын 15 дугаар тал

[3] ХХ1-ийн 94 дүгээр тал

[4] ХХ1-ийн 125 дугаар тал

[5] ХХ1-ийн 132 дугаар тал

[6] ХХ1-ийн 125 дугаар тал