Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 29

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Н- нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар “Н-ийг ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн                   Б.Содболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Д.Чагнаадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Н- нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжид зааснаар иргэдийн Нийтийн Хурлын сонгуулиаар Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргаар сонгогдон Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигийн захирамжийн дагуу Зулзага багийн Засаг даргаар ажиллаж байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгийг үндэслэн  2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын цагаар, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хонгор сумын Засаг дарга 57 дугаартай “ажлаас халах тухай” захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс архи согтууруулах ундаа уусан гэх зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хонгор сумын 2 дугаар багийн Засаг дарга Н-ийг архи уусан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хэдэн сарын өмнө болсон үйл процесс дээр үндэслээд шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасны дагуу иргэдийн Нийтийн хурлын саналыг авсны үндсэн дээр батламжилдаг этгээд нь сумын Засаг дарга өөрөө байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжид Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгийг үндэслэсэн байсан. Гэтэл хариуцагч талаас сумын Засаг даргын баталсан дотоод журам, сумын Засаг даргын Тамгын газрын баталсан дотоод журам гэж 2 дотоод журам байдаг гэж тайлбар хэлсэн. Сумын Засаг даргын баталсан дотоод журам нь багийн Засаг даргадаа үйлчилдэг нь ойлгомжтой. Гэтэл тэр дотоод журам нь хэрэгт авагдаагүй байна. Н- нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан. Тамгын газрын ажилчид нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаас бүрддэг. Засаг даргын тамгын газрын дарга өөрөө томилж, чөлөөлдөг албан тушаалтнуудад үйлчилдэг дүрмийг улс төрийн албан тушаалтан дагаж мөрдөх  ёсгүй. Хонгор сумын орон тооны бүтэц бүрэлдэхүүнийг 29 албан хаагчаар баталсан байдаг. Энэ 29 албан хаагч дунд Н- нь орохгүй. Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын баталсан дотоод журам чинь өөрөө энэ бүтэц бүрэлдэхүүнд ордог албан хаагч нарт үйлчилдэг гэдэг агуулгаараа энэ дотоод журам нь Н-т үйлчлэхгүй.                                                                                                                          

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжид Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан дотоод журмыг захирамжийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш Захиргааны байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэрт хамаарч байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулдаг. Хариуцагч талаас сонсох ажиллагаа хийсэн гэх асуудал яригдаж байгаа боловч тэр талаар баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шүүхэд мэдүүлэг өгөөд байгаа гэрчүүдээс нотлох баримт цуглуулах байдлаар асуугаад Н-оос тайлбарыг нь аваад архи уусан бол уусан гэдгийг нь тогтоогоод хуульд заасан хугацаанд нь арга хэмжээг нь аваад хувийн хэрэг нээх ёстой байсан. Гэтэл энэ процессыг алгасаад шүүхэд нэхэмжлэл гаргасных нь дараа шүүхэд хүсэлт гаргаж хандах замаар Н-ийг өнөөдөр архи уусан гэх бараг жилийн дараа шүүх хурал нь болж байхад энэ асуудал дээр нотлох гээд байгаа байдал нь тухайн захирамж нь анх гарахдаа хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн процессын үйл ажиллагааны зөрчилтэй гэдэг нь тодорхой харагдаж байна.

Мөн Н-ийг ажлаас чөлөөлж байгаа бас нэг гол үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан байдаг. Гэтэл Н- архи уусан гэх зөрчлийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тогтоосон гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авна гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн гэрчүүд зарим нь Н-ийг архи уусан, зарим нь архи уугаагүй гэдэг. Гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа нь гэрчийн мэдүүлэгт эргэлзэх эргэлзээ төрүүлж байна. Гэрчийн мэдүүлэг бол Захиргааны шүүхийн хувьд заавал давхар нэг нотлох баримтаар нотлогдож байж нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг байгаа. Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах үндэслэлгүй. Баримтлаад зөрчсөн гэж үзээд байгаа хөдөлмөрийн дотоод журам нь Н-т хамааралгүй болох нь тогтоогдож байна. Хонгор  сумын Засаг даргын захирамж  бол хууль хэрэглэж хүний хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргаж хөндсөн гэхээсээ илүү улс төрийн буюу хувь хүний хандлагаар хандсан байгаа нь тодорхой байна.

Тэгэхээр иргэн Н- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Засаг даргын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Хонгор сумын 2-р багийн Засаг даргаар ажиллаж байсан Н- нь ажлын байранд архи согтууруулах ундааг нэг биш удаа хэрэглэсэн. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн 2017.07.19-ний өдөр ажлын цагаар ажлын байранд Байгаль орчны улсын байцаагч Батхишиг, мал эмнэлэгийн үржлийн тасгийн мэргэжилтэн улсын байцаагч Шинэцэцэг нартай архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын цагаар биеэ авч явах чадваргүй болтлоо уусан байсан. Өмнө нь хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Тэр асуудал нь намжаагүй байхад 2017.12.14-ний өдөр ажлын байрандаа буюу мал эмнэлгийн үржлийн тасгийн өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад тухайн иргэд болон холбогдох хүмүүсийн мэдээллээр газар дээр нь Засаг дарга очиж үзэхэд 3 шил архи уусан гэж хэлээд сууж байсан. Н- нь мал тооллогын үеэр хөдөө явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж ажлаа цалгардуулдаг. Энэ талаар сумын Засаг дарга удирдах ажилчдын зөвлөгөөн дээр удаа дараа сануулж байсан. Гэтэл удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг үл хайхарч дахин дахин архи согтууруулах ундаа хэрэглээд байгаа учир яалт ч үгүй хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ийм нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргыг огцруулах, чөлөөлөх байсан гэж байна. 2018.04.17-ны өдрийн 57 дугаартай захирамжаар тухайн багийн Засаг даргыг огцруулаагүй, чөлөөлөөгүй ажлаас халсан. Ажлаас халах тогтолцоог бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулж өгөөгүй. Ажлаас халах зохицуулалт бол хөдөлмөрийн харилцаатай маргаан үүсэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээрт зүйлд зааснаар хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэдэг байдлаар тухайн албан тушаалтныг ажлаас халсан. Сонсох ажиллагааг нэг биш удаа явуулсан. Тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Мөнхбаяр дарга өмнө нь Н-ийг өрөөндөө дуудаж сонсох үйл ажиллагаа зохион байгуулахад архи согтууруулах ундаа хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Харин тухайн сонсох үйл ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гэхэд би архи ууснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Засаг даргатай уулзаад өөрөө ажлаас гарах өргөдлөө өгнө гэсэн гэдэг. Удирдах ажилтны зөвлөгөөн буюу 7 хоног бүрийн шуурхай хуралдаан дээр сумын Засаг дарга хууль сануулж сонсох үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ зөвхөн сонсох үйл ажиллагаагаар шийдвэр гаргана гээд эцэслээд тогтоочихсон юм биш. Н- нь би архи уусан нь үнэн гэдэг учир Н-оос хариу тайлбарыг авах гээд хүлээсэн боловч Н-  хариу тайлбараа гаргаж өгөөгүй. Тэгээд шийдвэр гарсны дараа би архи уугаагүй, та нар хууль дүрмийнхээ дагуу шийд гэсэн. Н- архи уусан өмнөх асуудалд хугацаа алдсан байж магадгүй гэхдээ энэ байдлыг давраагаад өөгшүүлж болохгүй.

Сумын Засаг даргын баталсан хөдөлмөрийн дотоод журам, сумын Засаг даргын Тамгын газрын баталсан хөдөлмөрийн дотоод журам гэж 2 байдлаар хөдөлмөрийн дотоод журам батлагдсан байдаг. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын баталсан хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдсан. Сумын Засаг даргын баталсан дотоод журам хэрэгт авагдаагүй, олдохгүй байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж заасан байна. Тэгэхээр зөвхөн шийдвэрлэх эрх нь сумын Засаг даргад энэ хуулиараа олгогдсон байгаа. Иргэдийн нийтийн хурлыг саналыг үндэслээд томилохуу, огцруулах уу гэдэг шийдвэр гаргах эрх нь сумын Засаг даргад олгогдсон байгаа юм. Зөвхөн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслээд иргэдийн нийтийн хурлаас огцруулъя, томилоё гэсэн санал ирсэн тохиолдолд шууд баримталдаг эрх зүйн зохицуулалт биш. Хонгор сумын 2-р баг 1800 гаруй иргэдтэй. Тэдний 1/3 хувийг цуглуулахад 600 гаруй малчин иргэдийг цуглуулахаар байгаа. Н-ийг зөвхөн архи уусан талаар хэлэлцүүлнэ гээд огцруулах чөлөөлөх асуудал яривал тэрэн шиг худлаа юм байхгүй. Ганц Н- гэх хүн тухайн багийг төлөөлж байгаа төрөөс цалин авч байгаа төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тодорхойлсон байгаа. Н-т төрийн албан хаагчийх нь хувьд арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр хөдөлмөрийн сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах нь зөв гэж үзэж байгаа учир 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай захирамж хуульд нийцсэн. Н- нь ажилдаа томилогдоод 1 жилийн дараа удаа дараа ийм асуудал гаргасан. Багийн дарга хүн байж ийм байдлаар цаашдаа ажлаад байхыг иргэд нь зөвшөөрөхгүй. Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах ямар ч боломжгүй. Иргэдийн нийтийн хурлаар огцруулах, чөлөөлөх асуудлыг л зохицуулдаг. Халах гэсэн зохицуулалт байхгүй. Шийдвэрлэх эрх нь сумын Засаг даргад олгогдсон.

Иймд сумын Засаг даргын гаргасан захирамж хууль тогтоомжид нийцэж байгаа гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар “Н-ийг ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Н-ийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д “ажлаас халах”, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-д “ажилдаа согтуу ирэх, түүнчлэн ажоын байрандаа буюу албан үүргээ гүйцэтгэж явах үедээ архидан согтуурсан албан тушаалтанг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3, 26.2-ыг тус тус үндэслэн энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүйгээр Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийдвэр гаргана” гэж тус тус заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын цагаар, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас халах захирамж буюу маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Хонгор сумын Засаг даргын 2018 оны 57 дугаар захирамжаар  нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н- нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн улс төрийн”, 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүх шатны Засаг дарга ...” гэж зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу улс төрийн албан тушаалтан буюу багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэхийг сумын Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж журамласан байна.

Хариуцагч нь Н-ийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээр архи уусан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргахдаа иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй, багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг татан оролцуулж, оролцогчийг сонсох, тайлбар  гаргуулах ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.4, 28.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д  заасан журмыг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хонгор сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот албан бичиг, Хонгор сумын удирдах ажилтны шуурхай хурлын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н-ийг Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй байна.

Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байх ба  шүүхэд нэхэмжлэл гарган шүүх  хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл нийт ажлын 105 хоногийн хугацаанд захиргааны албан тушаалтны хууль зөрчсөн шийдвэрийн улмаас ажилгүй байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1-д “ … ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж зааснаар Н-т ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2 700180/ хоёр сая долоон зуун мянга нэг зуун наян / төгрөгийг Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч талаас  ирүүлсэн CD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3,  11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н- шүүхэд гарсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар захирамжийг хүчингүй болгож, Н-ийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2700180 төгрөгийг Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Атархишигээс 70 200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Н-т олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА­