Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 275

 

Иргэн С.Банзрагчийн ХХХнэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч С.Банзрагч нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0338 дугаар магадлалтай, иргэн С.Банзрагчийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 1-д “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: гээд 2/-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэсэн нэмэлтийг Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан. С.Банзрагч 2006 онд тэтгэвэрт гаргахдаа 2001-2005 оны хоорондох 5 жилийн цалингийн дундажаар тэтгэвэр тогтоолгож, 2015 оноос 1 сард 372,009 төгрөгийн тэтгэвэр авч байсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолоор батлагдсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдсэн байна. Тэрээр 1986-1990 оны цалингийн тодорхойлолтын дагуу тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн тогтоолгох хүсэлтийг харъяа Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан боловч ийнхүү шинэчлэн тогтоосон тэтгэврийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ нь хууль бус тул 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан итгэлцүүрээр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд энэ нь 9,6 тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлж, 62,7 тэрбум төгрөгийн орлого бууруулах судалгаа гарсан. Энэ нь орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавар бүхий бодлогын шинжтэй шийдвэр тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн энэхүү журмыг хэрэгжүүлэх чиглэлийг Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2558 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/2961 дүгээр албан бичгээр “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж ажиллах чиглэл” өгсөн болно. Иймд, С.Банзрагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 30 дугаар зүйлд заасныг баримтлан С.Банзрагчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү /133,200*6=799,200/ төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас гаргаж нэхэмжлэгчид олгохыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү болон Улаанбаатар хот, Булган аймаг ирж очихын унааны зардалд 99,000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0338 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан хуулиар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 2-т нэмэлт оруулж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. С.Банзрагч 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөлдөө 2006 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо сонгосон 5 жилийн цалингийн дундаж /2001-2006/-ийг 1986-1990 оны цалингийн дундажаар өөрчлөн тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр заасан хэдий ч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх" гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтыг төсөвт нөлөө үзүүлэх заалт хэмээн үзэж 2016 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлийг Сангийн Сайдын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4-3/4164 дүгээр албан бичгээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайдад хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ы өдөр батлагдсан хуулиудыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхэд нийт 9,6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж, 62,7 тэрбум төгрөгийн орлого буурахаар тооцоо гарсан. Түүнчлэн Хүм амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2558 дугаар албан бичгээр “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасны дагуу дээрх хуулийн заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосон” юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн дээрх заалтууд нь нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагыг төсвийг Улсын Их Хурлаас баталсны дараах зохицуулалт байхад анхан шатны шүүх төсвийн жилийн дундуур орлого буурах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэх тухайн зохицуулалтад хамааруулан хэрэглэсэн нь буруу болсон. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно: 2/-т авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэсэн нэмэлтийг Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

Харин Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолоор “2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг “Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 01 дүгээр  сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох”-оор заажээ.

Ийнхүү, тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой холбогдуулан 2006 онд тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч С.Банзрагч “тэтгэвэр бодох цалинг 1986-1990 оны хөдөлмөрийн хөлснөөс тооцон, итгэлцүүрээр дүйцүүлэх нэг удаа шинэчлэн тогтоолгох” хүсэлтийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх тул Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-ийн 2/-т заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон тэтгэврийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэсэн нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах хуулийн зохицуулалт биш юм.

Нэгдүгээрт, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан бөгөөд тухайн харилцаанд Төсвийн тухай хууль бус, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль илүү нарийвчлан зохицуулсан төдийгүй сүүлд хүчин төгөлдөр болсон хууль үйлчлэхээр байна.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон тул хууль мөн хугацаанаас үйлчилнэ; харин тухайн жилийн төсөвт /нийгмийн даатгалын сангийн батлагдсан төсөв/-т тусгагдаагүй /зарлага нэмэгдсэн/-ээс хэрэгжүүлэхэд хүндрэл учрахаар бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт бөгөөд энэ нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврээ  шинэчлэн тогтоолгон авах эрх үүссэн С.Банзрагчийн авбал зохих тэтгэврийн зөрүүг дараагийн төсвийн жилд нөхөн олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.Банзрагчийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, тэтгэврийн зөрүүг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгохгүй байгаа Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн зөрүү нийт 799,200 төгрөг олгохыг даалгаж шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0338 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН