Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 31

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимгэийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Э-, Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол             1Б-84 тоотод оршин суух Энх- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсэг, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаар захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     Ө.Ганзориг,  

Нэхэмжлэгч Ж.Энх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч                     Э.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                              Б.Түмэнцогт,

Гуравдагч этгээд Р.Эрдэнэбаярын өмгөөлөгч                      Т.Цэрэндагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Жалсрай овогтой Энх-ын Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноёнхонгорт байрлах фермерийн зориулалттай 5 га газрыг Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжаар өөрийн нэр дээр хууль журмын дагуу шилжүүлэн эзэмшсэн бөгөөд тус газарт 6.448.000 төгрөг бүхий 52 м.куб бетон зуурмаг, 1.884.000 төгрөг бүхий блок, ажлын хөлс 7.000.000 төгрөг, нийт 15.332.000 төгрөгийг зарцуулж хашаа бариулсан. Гэтэл Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар миний нэр дээрээс миний хүсэлт, зөвшөөрөлгүйгээр мөн бүртгэлийн дэвтэр дээр миний нэрийг илт зассан, хуурамч хүсэлт зэргийг бүрдүүлэн Рэнцэн овогтой Эрдэнэбаярт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байсныг Орхон сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн утсаар болон албан бичгээр надад мэдэгдээгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж байгаа тохиолдолд талуудын газрын гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ гэх мэт баримтыг бүрдүүлж байж эрхийн гэрчилгээг шилжүүлдэг. Гэтэл эдгээр баримтыг нягтлан шалгалгүйгээр Орхон сумын Засаг дарга нь хуульд заагдсан үндэслэл бүрдээгүй байхад хууль бусаар миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн байх тул Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Энх- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие анх Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар тус сумын Энхтал багийн Ноёнхонгорт байрлах, фермерийн зориулалттай, 5 га газрыг хууль журмын дагуу эзэмшихээр авсан. Энэхүү газраа би иргэн Р.Эрдэнэбаярт түр ашиглуулахаар тохиролцож. Р.Эрдэнэбаяр нь уг газарт хашаа барьж, харж хамгаалж байхаар ярьж тохирсны дагуу газрыг маань тойруулан блокоор хашаа барьж, газрыг маань ашигласаар өдийг хүрсэн. Гэтэл миний дээрх газрыг миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр Г.Э- гэгч хүнд шилжүүлэн эзэмшүүлж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамж гарсан болохыг хүний амнаас олж мэдлээ. Улмаар иргэн Р.Эрдэнэбаярт шилжүүлсэн байх бөгөөд миний бие дээрх захирамжийг гарсныг одоог хүртэл огт мэдээгүй. Надад уг захирамж гарсныг хэн ч мэдэгдээгүй бөгөөд газар дээр маань одоог хүртэл Р.Эрдэнэбаяр анх тохиролцсоны дагуу үйл ажиллагаа явуулсаар байгаа тул газрыг маань шилжүүлснийг мэдэх ч боломж байгаагүй болно. Би газраа хэн нэгэнд шилжүүлэх талаар огт хүсэлт гаргаж байгаагүй, хэн нэгэнтэй гэрээ байгуулж байгаагүй байхад хууль бусаар, надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн нь хуулийг ноцтой зөрчиж, миний газар эзэмших эрхийг маань ноцтойгоор зөрчиж байна. Тухайлбал Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1, 38.2.2, 38.2.3, 38.2.4-т заасны дагуу ямар нэгэн баримт бүрдүүлж, хүсэлт гаргаж байгаагүй байхад миний өмч хөрөнгө болох газар эзэмших эрхийг бусдад миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн байна. Иймд Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Энх- 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:   “...Манай хүргэн ах Р.Эрдэнэбаяр миний нэр дээр Ноёнхонгорт байрлах, фермерийн зориулалттай, 5 га  газар авсныг би мэдээгүй байсан. Татварын газраас газрын төлбөрөө төл гэж надруу ярихад нь эгчээсээ асууж тэр талаар мэдсэн. Хүргэн ах намайг чи шүүхэд  хүсэлт, нэхэмжлэл гаргах хэрэгтэй байна гээд эгч Насанжаргал нэхэмжлэл, хүсэлтийг бичиж, ажил дээр ирж надаар гарын үсэг зуруулсан. Би нэхэмжлэл гаргасан гээд байгаа боловч юу ч мэдэхгүй Г.Э-тэй Орхон сум ороогүй. Р.Эрдэнэбаяр, Г.Э- нарын л асуудал байх энэ газрыг би өөрөө аваагүй болохоор таны асуултанд хариулахад үнэхээр хэцүү байна. ...” гэжээ.

 

 Нэхэмжлэгч Ж.Э- 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа: “...Р.Эрдэнэбаяр  дүү Ж.Энх-ын нэр дээр газар байгаа улс төр хэцүү байна мөнгөний хэрэг гараад байна чи зохицуулаад тэр газрыг өөрийн нэр дээрээ болгоод авчихаач гэхээр нь би бичиг баримт нь яах юм бэ гэтэл Ж.Энх-, Батбаяр дарга 2 мэдэж байгаа, асуудал байхгүй гэсэн. Тэгээд би 15.000.000 төгрөгийг Р.Эрдэнэбаярт бэлнээр нь өгсөн. Ж.Энх- бид 2 Орхон сумын Засаг дарга Батбаярын өрөөнд ороод өргөдлөө бичиж өгсөн. Батбаяр дарга өөрөө газрын хэмжээ болон өргөдөл бичих талаар хэлж өгч байсан. Р.Эрдэнэбаяр нь асуудалгүй гэсэн учир баримтуудаа бүрдүүлээд өгсөн юм чинь гэрээ, гэрчилгээ гарах байх гээд хүлээж байсан. 2016 оны сонгуулийн дараа Засаг дарга Батбаяраас газрын гэрээ, гэрчилгээ юу болсон талаар асуухад Р.Эрдэнэбаяр янз бүрийн дарамт шахалт үзүүлээд байхаар нь тус газрыг чинь чамаас Р.Эрдэнэбаярт А/119 дугаар захирамжаар шилжүүлчихсэн шүү. Та 2 найзууд юм чинь учраа олчих гэж хэлэхээр нь тус захирамж гарсан талаар мэдсэн одоогийн Засаг дарга Алтансарнай даргын өрөөнд орж маргаан бүхий газартай холбоотой материалтай танилцахад Ж.Энх- бид хоёрын бичиж өгсөн өргөдөл байхгүй байсан. Харин миний ах Эрдэнэбулганы нэрээр хүсэлт бичээд өргөдөл гомдлын дэвтэрт миний нэрийн “сүх” гэдгийг “булган” болгож өөрчлөөд Р.Эрдэнэбаярын нэр дээр шилжүүлсэн байсан. Тухайн газар дээр би хашаа бариулсан. Харин Р.Эрдэнэбаярын нэр дээр болсны дараа хашааны хаалгыг нь хийсэн байсан гэжээ...” гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар Жалсрай овогтой Энх-д Ноён хонгор хэсэгт 5 га газрыг фермерийн зориулалтаар олгосон байна. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Засаг даргын Тамгын газрын “өргөдлийн бүртгэлийн дэвтэр”-т Ж.Энх-аас Г.Эрдэнэбулганд 5 га газар шилжүүлэх хүсэлт 148 дугаарт бүртгэгдсэн бүртгэл байна.  Тухайн хүсэлтийг “шийдвэрлэх боломжгүй материал дутуу” гэдэг хариуг газрын даамал Б.Түмэнцогт амаар өгсөн гэдэг бүртгэл дэвтэрт тэмдэглэсэн боловч өргөдөл, хүсэлт эх хувиараа байхгүй байна. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн сумын Засаг даргын 150 дугаар захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Жалсрай овогтой Энх-аас Гомбоням овогтой Э-эд 5 га газар шилжүүлж эзэмшүүлэх шийдвэр гарсан. Г.Э-эд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тухай болон гэрээ байгуулсан тухай бүртгэл газар эзэмших улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй. Ж.Энх-ын газар шилжүүлэх хүсэлт, өргөдөл байхгүй. Г.Э-ийн газар шилжүүлэн авч эзэмших өргөдөл хүсэлт байхгүй. 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн сумын Засаг даргын 159 дүгээр захирамж “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Ж.Энх-ын 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаар захирамжаар олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гарсан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Г.Э-ээс Р.Эрдэнэбаярт шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан байна. Засаг даргын Тамгын газрын өргөдлийн бүртгэлийн дэвтэрт 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаарт Г.Эрдэнэбулганаас Р.Эрдэнэбаярт газар шилжүүлэн эзэмшүүлэх өргөдөл бүртгэгдсэн. Өргөдөл эх хувиараа байгаа. Г.Эрдэнэбулганд энэхүү газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, 2016 оны А/119 дүгээр захирамжийг үндэслэн 000662624 гэрчилгээний дугаартай 80231511 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгож, гэрээ байгуулсан байна. Г.Э-ийн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Энх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Уг маргаан бүхий газрыг 2012 оны 142 дугаартай захирамжаар Ж.Энх- нь эзэмших эрхтэй болсон. 2014 оны 11 сарын             26-ны өдөр газар эзэмших гэрээгээ байгуулаад 0403945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр хууль ёсны дагуу тухайн газрыг эзэмшиж байсан. Тухайн үед Ж.Энх- нь өөрийн эзэмшиж байсан газраа бусдад шилжүүлэх тухай хүсэлт Орхон сумын Засаг даргад гаргаж байгаагүй, энэ талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Ж.Энх-аас Г.Э-рүү тухайн газар шилжсэн асуудал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд юу юу бүрдүүлэх ёстой талаарх шаардлагыг хангадаггүй. Маргаан бүхий газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлж байгаа гэсэн нотариатаар батлуулсан гэрээ байдаггүй. Иймд Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамж хууль зөрчиж Ж.Энх-ын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  Энэхүү захирамж гарсан талаар иргэн Ж.Энх-д мэдэгдээгүй, хавтаст хэрэгт мөн мэдэгдэж байсан баримт байхгүй. Энэ нь өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж байгаа. Ж.Энх- нь гэрээний аль үүргийг яаж зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Иймд Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв. 

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнцогт шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ж.Энх-ын хувьд тухайн үед би газрын асуудал хариуцсан газрын даамлаар ажиллаж байсан. Ж.Энх- нь 2012 онд анх газар эзэмших хүсэлтээ өөрийн биеэр өгч байгаагүй. Ж.Энх-аас Г.Э-эд газар эзэмших эрх шилжихэд тухайн үед Засаг дарга өрөөндөө намайг дуудаж оруулаад энэ газрыг Ж.Энх-аас Г.Э-эд шилжүүлэх юм байна гэж хэлэхээр нь би  бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бүрдүүлж ирсний дараа материалыг үндэслэж байж шилжүүлэх боломжтой гэж хэлээд гарсан боловч Засаг дарга захирамжаа гаргасан байсан.

Г.Эрдэнсүхээс Р.Эрдэнбаярлуу шилжихэд би өөрийн биеэр Э-рүү залгаж хэлж байсан. Энэ газрыг анх фермерийн зориулалтаар авсан боловч зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй учир  Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Би Ж.Энх- гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй учир газар эзэмших эрх шилжиж байгаа талаар мэдэгдэх боломж байгаагүй учир мэдэгдээгүй” гэв.

 

Гуравдагч этгээд Р.Эрдэнэбаяр шүүхэд  гаргасан тайлбартаа:  “Миний бие Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгорт” байрлах фермерийн зориулалттай 5 га газрыг хуулийн Г.Э-ээс шилжүүлэн авсан бөгөөд уг газар дээр маань блокон хашаа болон түүнийг барих ажлын хөлсийг бүгдийг нь өөрөөсөө гаргаж бариулсан болно. Харин Г.Э-ийн газар эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн эсэх нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Р.Эрдэнэбаярын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Г.Эрдэнэбаярын тухайд бол уг газар эзэмших гэрчилгээг хууль ёсны дагуу авсан гэж үзэж байгаа. Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дугаартай захирамжаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэдэг байр сууринаас тайлбараа хэлнэ. Г.Эрдэнэбулган гэх хүнээс Г.Эрдэнэбаярт шилжүүлье гэдэг хуурамч хүсэлт байна гэж яриад байгаа боловч хуурамч гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Г.Э- гэж хүн Г.Эрдэнэбулган гэж гарын үсэг зурдаг байхыг хэн ч хаана ч ямар ч хуулиар хориглоогүй. Нөгөө талаар бол төрийн захиргааны байгууллагаас өргөдөл хүсэлт байхгүй байхад газар эзэмших эрхийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх хуулийн зохицуулалт байдаггүй учраас тэр өргөдлийг үндэслээд шилжүүлж байна гэдэг чинь нэхэмжлэгч Г.Э-ийн өргөдөл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Эрдэнэбулган гэдэг гарын үсэгтэй өргөдөл ирсэн байхад Г.Э-ийн газрыг өөр хүнд шилжүүлж болохгүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа 15,332,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч хэрэгт авсан баримтаар нотлогдохгүй байна. Зарлагын баримт гаргасан компани нь Г.Э-ийн компани, компаниас ийм зарлага гаргалаа гэсэн боловч хүлээж авсан мөнгийг төлсөн баримт байдаггүй. Р.Эрдэнэбаярын хувьд газар дээрээ барилга барьж байгаа, хуулийн дагуу зориулалтаар ашиглаж байсан гэдэг нь харагдана. Нөгөө талаар нэхэмжлэгч Г.Э- нь нэхэмжлэл гаргах эрхтэй хүн мөн эсэхийг анхаарч үзэх ёстой. Яагаад гэхээр баримтаар анхны газар эзэмшигч Ж.Энх-аас Г.Эрдэнсүхэд газраа шилжүүлье гэсэн хүсэлт байхгүй, Г.Э- нь тухайн газрыг авъя гэсэн хүсэлт байхгүй, ямар журмаар газар эзэмших эрх үүсэв гэдэг нь эргэлзээтэй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд ямар баримтууд бүрдүүлэх талаар заасан байдаг. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд хураамж төлнө гэсэн байна. Тэр талаар баримт байхгүй, хураамж байтугай газрын төлбөр төлсөн баримт байхгүй. Тиймээс энэ хүний газар эзэмших эрх нь өөрөө хууль зөрчиж үүссэн байна гэдгийг нэхэмжлэгч Ж.Энх- нэхэмжлэл гаргасан байгаа учир тэр нь тогтоогдсон гэж үзэж байна.  Үүнээс үзэхэд Г.Э- нь маргаан бүхий газрыг хууль бусаар шилжүүлж авсан учраас миний хууль ёсны газар эзэмших эрх хөндөгдлөө гэж ярих хууль зүйн боломж байхгүй. Энэ асуудал бол Р.Эрдэнэбаяр, Г.Э- нарын хооронд хуулийн дагуу газар эзэмшүүлэх ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харилцаанаас болоод Эрдэнэбулганы нэрээр шилжлээ гэдэг асуудал үүсээд байгаа болохоос биш өөрөө хүсэлтээ гаргаад Р.Эрдэнэбаярт өгье гэдэг хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлж эзэмшиж байгаа. Ийм учраас Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гэрч С.Нямдаваа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “...2012 оны ирсэн бичгийн дэвтэр дээр Ж.Энх-ын газар хүссэн өргөдөл бүртгэгдээгүй. Өргөдөл гомдлын дэвтэрт Г.Э-, Ж.Энх- нарын өргөдөл бүртгэгдээд, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамж Г.Э-ийн нэрээр гарсан. Захирамжийн дараа наадах чинь Г.Э- биш Эрдэнэбулган юм байна лээ шүү гэж дарга хэлж байна гэж Б.Түмэнцогт хэлсэн тэгэхээр нь нэгэнт захирамж гарчихсан юм чинь гээд бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн Э-ийн “сүх”-ийг “булган” болгож зассан. Тухайн захирамжийг Ж.Энх-д мэдэгдээгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх нэхэмжлэгч Г.Э-ийн “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 05 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгч Ж.Энх-ын “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 09 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 131 дүгээр захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Энх-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын  2015 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

 

  Нэхэмжлэгч Г.Э-ийн “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамж түүний хавсралтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн Орхон сумын “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрыг Гомбоням овогтой Э-ээс Рэнцэнгийн Эрдэнэбаярт шилжүүлсэн байна.

  Ингэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлийг тодруулна” гэж заасны дагуу 38.3.1” энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2 ”шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3 “эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг шалгаж тодруулна гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан Гомбоням овогтой Э-ээс эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг авалгүй Рэнцэнгийн Эрдэнэбаярт “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь дээрх хуулийг заалтуудыг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргажээ. Учир нь:

  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Орхон сумын Засаг даргын Тамгын газрын “Өргөдөл гомдлын дэвтэр”-ийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаарт Гомбонямын Эрдэнбулганы “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрыг Р.Эрдэнэбаярт шилжүүлэн өгөх тухай хүсэлт бүртгэгдсэн, Г.Эрдэнэбулган гэдэг хүний нэрээр бичсэн өргөдөл байгаа ч, Г.Эрдэнэбулган гэдэг хүн энэхүү хүсэлтийг бичээгүй, тус газрыг тухайн Засаг даргын шийдвэрээр  эзэмшиж байгаагүй болох нь нотлогдож байгаа болно.

 Гэтэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс: “... Г.Э- гэж хүн Г.Эрдэнэбулган гэж гарын үсэг зурдаг байхыг хэн ч хаана ямар ч хуулиар хориглосон зүйл байхгүй, Эрдэнэбулган гэдэг гарын үсэгтэй Г.Э- гэдэг хүний хүсэлтээр фермерийн зориулалттай 5,0 га газрын эзэмших эрх Р.Эрдэнэбаярт шилжсэн нь хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана”, 38.2.1 "нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” 38.2.2 ”эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” 38.2.3 “ хураамж төлсөн тухай баримт” гэж заасантай нийцээгүйн дээр гуравдагч этгээд Р.Эрдэнэбаяр нь Г.Э-ээс уг газрыг хуулийн дагуу авсан гэх үндэслэл нотлогдохгүй байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч  Ж.Энх-ын  “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

  Хариуцагч нь дээрх захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг үндэслэн Орхон сумын “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрыг Ж.Энх-аас Г.Э-эд шилжүүлсэн байна.

  Анх Орхон сумын Засаг даргын 2012 оны 09 дугаар сарын 25-ний өдрийн ”Газар эзэмшүүлэх тухай” 142 дугаар захирамж түүний хавсралтаар “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрыг Ж.Энх-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болон уг шийдвэрийг үндэслэн олгосон 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн 0403945 дугаартай гэрчилгээ, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ нь нэхэмжлэгч Ж.Энх-ын нэрээр бичигдсэн байгаа хэдий ч бодит байдал дээр түүний хүргэн ах Р.Эрдэнэбаяр нь тус сумын Засаг даргаар 2012 онд ажиллаж байх хугацаандаа дээрх газрыг өөрөө авах зорилгоор эхнэрийн дүү Ж.Энх-ын нэр дээр дээрх захирамжийг гаргаж, гэрчилгээ, гэрээг газрын даамалаар бичүүлэн авсан байх бөгөөд Улмаар Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамж түүний хавсралтаар тус фермерийн зориулалттай 5,0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Энх-аас Г.Э-эд шилжүүлэх, Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамж түүний хавсралтаар Г.Э-ээс Р.Эрдэнэбаярт шилжүүлэх ажиллагааг Р.Эрдэнэбаяр хийж, Засаг даргаар дээрх захирамжуудыг гаргуулсан болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд өгсөн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч Нямдаваагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн Захирааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр  гуравдагч этгээд Р.Эрдэнэбаярын өмгөөлөгчөөс өгсөн ”...  Ж.Энх-ын шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт” болон  2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ж.Энх-ын нэрээр бичсэн Орхон сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Ж.Энх- өөрөө гаргаагүй, бичээгүй харин түүний эгч Ж.Насанжаргал бичиж, Ж.Энх-аар гарын үсгийг нь зуруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

       Хариуцагч Орхон сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар Ж.Энх-, Г.Э- нарын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг” шилжүүлэх хүсэлтүүдийг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нь Орхон сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Өргөдөл гомдлын дэвтэр”-ийн 148, 149 дүгээрт бүртгэгдсэн бүртгэл, бүртгэл хяналтын картаар тогтоогдож байх бөгөөд энэхүү хүсэлтийг үндэслэн Засаг даргын  2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамж түүний хавсралтаар Орхон сумын “Ноён хонгорт” байршилтай фермерийн зориулалттай 5,0 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Энх-аас Г.Э-эд шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1, 38.3.2, 38.3.3-т заасныг зөрчсөн хэдий ч, шүүхээс уг хэргийг хянан шалгах явцад  Ж.Энх- нь анх  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу уг газрыг эзэмших хүсэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших хүсэлт гаргаагүй хүнд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т: “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчин газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргаагүй болох нь нэхэмжлэгч Ж.Энх-ын тайлбараар тогтоогдож байх тул энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна .

 Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэгчийн  “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Нэхэмжлэгч Ж.Энх-ын  “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын  2015 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Хариуцагч нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн хавсралтаар Жалсрай овогтой Энх-ын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг” Гомбоням овогтой Э-эд шилжүүлсэн атлаа 2015 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн  ”Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 159 дугаар захирамжийн хавсралтаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Ж.Энх-ын Газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгосон захирамж гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасантай нийцээгүй, нөөгөөтэйгүүр уг газрыг эзэмших хүсэлт гаргаагүй Ж.Энх-ын нэрээр захирамж гаргаж, түүнтэй 2014 оны 11 дүгээр сарын  26-ны өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулаагүй байж түүнийг газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутган захирамж гаргасан нь буруу байна.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 159 дугаар захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ээс гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч  Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/119 дүгээр захирамжийн Р.Эрдэнэбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Энх-ын гаргасан “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаар захирамжийн Г.Э-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар захирамжийн Ж.Энх-д холбогдох хэсгийг  хүчингүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  нарт олгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Э-, Ж.Энх- нарт олгосугай.

 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНЧИМЭГ