Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 15

 

            

 

 

 

 

 

 

 

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Батбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр цагаатгах тогтоолтой, шүүгдэгч А.Бд холбогдох, эрүүгийн 201710010104 дугаартай, 1 хавтас, 148 хуудас бүхий хэргийг прокурор Г.Мөнхтүвшингийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат, 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин мехнизмын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Ганзамын ... тоотод оршин суух, Хан өндөр овогт А-ийн Б /РД:ЕЦ91062215/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Баярбилэгтэй маргалдаж улмаар түүний нүүр рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Хан Өндөр овогт Алтанцэцэгийн Бд холбогдох эрүүгийн 201710010104 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Шүүгдэгч А.Б нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,      

 

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Баярбилэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хохирогч Б.Баярбилэгийн “...сумын төв рүү миний машинаар явах замдаа Б зодолдох уу, чи барахгүй шүү гэх мэт үг хэллэг хэлж хоорондоо маргалдсан. Тэгээд Б бид хоёр машинаас буугаад нэг нэгийгээ заамдалцаад зогсож байсан ...нэг сэрэхэд миний хамар амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч Ц.Энхмаагийн “...Б, Баярбилэгт “чи найзыгаа тосно гэчихээд тосохгүй, төөрөөд хөлдөж үхэх шахлаа" гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдаад зууралдаад байсан...би түүн рүү гэрэл тусгаад харахад нүүр нь цус болоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Ёолкын “...Б ах пизда минь гээд зөрүүлээд нүүр рүү нь цохиход Баярбилэг ах газар унасан ба Б ах Баярбилэгийн нүүр рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, яллагдагч А.Бат-Эрдэнийн “...Баярбилэг бид хоёр машинаас бууж тэр миний дагз руу гараараа цохихоор нь уур хүрээд битгий давраад байгаарай гээд шанаадсан чинь газар уначихсан, түүнийг өндийгөөд босоход нь нүүр рүү 2 удаа өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Бат-Эрдэнийг зөвхөн “...бичиг үсэг мэдэхгүй, өмгөөлөгч авах эрхтэй талаар тайлбарлаж өгсөн эсэх нь тодорхойгүй...” гэдэг үндэслэлээр хэргийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, нөгөө талаараа түүнд ял завшуулах боломжийг бий болгож байна.

Учир нь А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй” гэж мэдүүлэн мэдүүлгээ баталж гарын үсэг зурсан, прокурорын яллах дүгнэлтийг өөрийн биеэр гардан авч гарын үсгээ зурсан, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь “бага зэрэг удаан үсэглэж уншдаг” гэж мэдүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхээс түүний биеийн байцаалтыг дахин тодруулахад тэрээр “бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй...” гэж мэдүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Б нь биеийн байцаалтаа өгөхдөө “бүрэн дунд боловсролтой” түүнээс гадна “хүнд машин механизмын засварчин” мэргэжил эзэмшсэн байна. Тэгэхээр шүүгдэгч А.Б нь ямар нэгэн бичиг үсэг мэдэхгүйгээр сургууль төгсөх боломжгүй, үүнийг анхаараагүй, хэт шүүгдэгчийн хэлсэн үгэнд хөтлөгдөж шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн шүүхээс шүүгдэгч А.Бат-Эрдэнийг гэм буруугүй гэж дүгнэж цагаатгасан атлаа шийтгэх тотоол гаргаж техникийн алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй байна. Иймд А.Бд холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн бол прокуророос хэргийг буцаах үндэслэл болно гэж заасан байдаг. Прокурорт буцаагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  явуулахад татгалзах зүйл байхгүй. Б нь над руу залгаад би шүүх хуралдаантай, та өмгөөлөгчөөр ороод өгөөч ээ гэсний дагуу өмгөөлөгчөөр орсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож  байгаа. Ирэхээр нь ямар хэрэг дээр яллагдаж байгаагаа уншиж мэддэггүй юм уу гэхэд Б би уншиж чаддаггүй шүү дээ гэж хэлсэн. Энэ талаараа хэлсэн юм уу гэхэд хэлээгүй гэсэн. Хүсэлт гаргаж байсан уу гэхэд Б би уншиж чадахгүй, бичиж чадахгүй гэж хэлсэн. Хэргийн материал дээр энэ талаар байгаагүй. Би Бтэй уулзаад л бичиг үсэг мэдэхгүй талаар нь мэдсэн гэв. 

Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч А.Б, хохирогч Б.Баярбилэг нар нь иргэн Батсайханы гэрт хамт архи ууж байхдаа А.Б нь Б.Баярбилэгийг тосож аваагүйгээс төөрч ирлээ гэдэг шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зодолдсон ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн хацар яс, зүүн нүдний дотор ханын хугарал, хамрын таславчийн муруйлт, доод уруулын дотор салстын шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шанаа, хамрын баруун хэсэг, зүүн чихний доод хэсэг, доод уруулын зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллуулахаар Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүлснийг шүүх шүүгдэгч нь Монгол хэл, бичиг мэддэггүй байхад түүнийг мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Шүүгдэгч А.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны үед  /хх-ийн 14, 53/  2 удаа сэжигтэн, яллагдагчаар байцаасан ба уг байцаалтуудын биеийн байцаалтад тэрээр “ ...бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй” гэж тус тус мэдүүлсэн байх ба  шүүгдэгчийг бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй, мэргэжилгүй гэдгийг тогтоосон баримт байхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.28-д заасан нэр томъёоны тодорхойлолтуудад “ орчуулагч, хэлмэрч” гэсэн нэр томъёог “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр болон хэлээр, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг орчуулж байгаа, хэлмэрчилж байгаа хүнийг”  гэж тус тус ойлгохоор утгачилан тайлбарласнаас үзэхэд “монгол хэл, бичиг мэдэхгүй хүн” гэдэг нь гадаад улсын иргэн эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн гэж ойлгогдохоос гадна огт бичиг үсэг мэдэхгүй буюу уншиж бичиж чадахгүй хүнийг “монгол хэл, бичиг мэдэхгүй хүн” гэж үзэж болох боловч шүүгдэгчийн боловсролын байдлыг тогтоогоогүйгээр түүнийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “монгол хэл, бичиг мэдэхгүй хүн“ гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Бат-Эрдэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “монгол хэл, бичиг мэдэхгүй хүн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах буюу мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй ажиллагаа гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч А.Бат-Эрдэнийн энэ эрхийг хангаагүй, өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн нь түүнийг байцаасан байцаалтын тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогджээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Бат-Эрдэнийн  хувьд мөрдөн байцаалтын ажиллаагааг явуулахдаа дээрх хуульд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж энэхүү дүгнэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болжээ.

 

Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй нь түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэл болох учиргүй бөгөөд гагцхүү түүний энэ эрхийг зөрчсөнөөр нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, шалгасан, бэхжүүлсэн, уг нотлох баримтыг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон тохиолдолд буюу  түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэл болох бөгөөд дээрх тохиолдолд зөвхөн түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримт болохгүй юм.

 

Гэхдээ шүүхийн шатанд шүүгдэгч нь өмгөөлөгч Э.Батбаярыг сонгож, өмгөөлүүлэх эрхээр хангагдсан байх ба шүүгдэгчийг мөрдөн байцаалтын шатанд өмгөөлүүлэх эрхээр хангаагүйгээс шүүгдэгч А.Бат-Эрдэнийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “долдугаар бүлэг“-т заасан яллагдагчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг өөр бусад  нотлох баримтад үндэслэхгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн прокурорын эсэргүүцлийг хангаж,  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр Замын-Үүд сум дахь  Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС