| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2018/0013/З |
| Дугаар | 00011 |
| Огноо | 2018-10-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий Б.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.У, гэрч Э.А, Н.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ханх сумын Засаг дарга нь 2018 оны 06 сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжаар төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн тул төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж намайг ажлаас халсан энэ захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
2. Дотоод хяналт шалгалт хийхдээ Засаг даргын Тамгын газрын дарга миний биед удирдамж танилцуулаагүй, дотоод хяналт шалгалт хийсэн тайлантай танилцахад хууль бус хувийн ашиг сонирхлоор хяналт хийж, албан тушаал нэр төрд халдсан гэж үзэж байна.
3. Засаг даргын захирамжид үндэслэсэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт нь төсвийн хуулинд байхгүй байна.
Сумын дотоод хяналт хийхдээ надад удирдамжийг нь танилцуулаагүй. Тухайн үеийн сонсох ажиллагааны хурал дээр дотоод хяналтанд гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авч хэлэлцээгүй. Энэ маргаан дээр төсвийн тухай хуулийн асуудал яригдаж байгаа учраас сумын Санхүү албаны даргыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Төсвийн тухай хуулиар миний ажлыг үнэлж, дүгнэдэг асуудал бол аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан гэрээний 1 дүгээр хавсралтаар Төсвийн тухай хуулийн хэрэгжилтүүдийг хагас, бүтэн жилүүдээр бид нар өгч явдаг. Энэ өгч явж байгаа хуулийн хэрэгжилтүүд нь дандаа 90%-аас дээш үнэлэгдэж явдаг. 2017 оны аудитын дүгнэлтээр манай сум зөрчилгүй санал дүгнэлт авч байсан учраас энэ захирамжид гомдол гаргасан. Би нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж 1 дүгээрт нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 тоот сахилгын шийтгэх ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2 дугаарт нь ажилдаа эгүүлэн тогтоолгох, 3 дугаарт нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4.035.493 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хуульд байхгүй заалтад үндэслэн төрийн албаны тухай хуулиар арга хэмжээ авч ажлаас халсан нь хууль бус байх тул Засаг даргын 2018 оны 06 сарын 26-ны өдрийн Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах гэж байна. Сая Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга гаргасан захирамжаа захиргааны актын илэрхий алдаа гээд засах тухай 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б/04 тоот захирамж гаргаж Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Энэ зассан захирамж гаргасан юм бол эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдсэн, гардуулсан байх ёстой юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад сонсох ажиллагаагаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг баримталж хийж явуулсан мөртлөө өөрт нь тамга, тэмдэг эрх мэдэл байна гэсэн байдлаар илэрхий хууль бус захирамж гаргах шаардлагагүй юм. Сумын Засаг дарга нь Б/02 тоот захирамжинд 1 гэж зассанаас өөр захирамжийн үндсэн утга агуулгад өөрчлөлт оруулаагүй болохыг дурдсугай гэж байгаа учраас захиргааны маргаан бүхий акт маань Б/03 тоот захирамж юм байна гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 19,900,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг төсвийн шууд захирагч Б.Б албан тушаалын байдлаа ашиглан шийдвэр гүйцэтгэгч В.О-тэй хамтран шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон баримт бичиг үйлдэн өөрийн хувийн өмчид хууль бусаар шилжүүлэн авсан байдал зөрчлөөр илэрсэн. Энэхүү зөрчилтэй холбогдуулан аймгийн аудитын газраас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ХӨА-2017/22/СТА-ТТЗ-01/02 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг Ханх сумын Засаг дарга Б.Э миний нэр дээр хаяглан ирүүлсэн. Албан шаардлагын дагуу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр сумын Засаг даргын Б/06 дугаартай захирамжаар Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулан биелэлтийг хүргүүлсэн ч зөрчлийг Б.Б арилгаагүй. Энэ байдал өнөөдөр ч зөрчлөөр бүртгэлтэй, биелэлтийг сумын Засаг даргаас төрийн аудитын байгууллага шаардсаар байна. 2017 оны Ханх сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төрийн аудитын шалгалтаар “7 500 000 төгрөгийн авлага барагдуулаагүй, зөрчлийг арилгуулахаар өгсөн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, үндэслэлгүйгээр 2 255 800 төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгож, батлагдсан төсвийг үр ашиггүй зарцуулж төлбөр үүсгэсэн” зөрчил дахин илэрч Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” албан шаардлага сумын Засаг дарга буюу төсвийн төвлөрүүлэн захирагч Б.Э миний нэр дээр дахин ирсэн. Жил дараалан гарсан дээрх зөрчлүүдтэй холбогдуулан аймгийн Засаг дарга буюу дээд шатны албан тушаалтнаас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гарч 1 дэх заалтаар Ханх сумын Засаг дарга Б.Э миний биед сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2 дахь заалтаар Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баасансүрэнд хариуцлага тооцон эргэж мэдэгдэхийг сумын Засаг дарга Б.Э миний биед мөн даалгаж шийдвэрлэсэн. Улмаар сумын төсвийн байгууллагууд санхүүгийн үйл ажиллагааны зөрчил дутагдлаа арилгаж ажиллаж байгаа эсэхийг болон төсөв санхүүгийн үйл ажиллагааны явцын хэрэгжилтийг хянах зорилготой шалгалтыг сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах төсөвт байгуулагуудад төсөв санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хийх ажлын удирдамж”-аар зохион байгуулж, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/39 дугаартай “Сумын дотоод хяналтын комиссыг шинэчлэн батлах тухай” захирамжаар батлагдсан комисс хяналт шалгалтыг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн. Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд 2017 онд аудитаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, энэхүү зөрчилтэй адил зөрчлийг давтан гаргаж 2018 онд Засаг даргын Тамгын газрын цалингийн сан 1-4 сард 2 467 928 төгрөгөөр хэтэрч зарцуулагдан өр үүссэн, санхүүгийн ил тод байдлын самбараар санхүүгийн байдлаа тайлагнадаггүй, шатахууны зарцуулалт зөрчилтэй, зориулалтын бусаар замбараагүй зарцуулсан, шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой /Б.Б-д холбогдох/ өр төлбөр төлөгдөөгүй, бусад авлагыг барагдуулаагүй зэргээс Засаг даргын Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол болон Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. Иймд удаа дараа төсвийн сахилга хариуцлага алдаж, төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, албан шаардлагыг биелүүлдэггүй, төрийн байгууллага албан тушаалтны захирах захирагдах ёсыг зөрчдөг, удирдлагын шийдвэрийг хүндэтгэдэггүй албан тушаалтанд сахилгын хариуцлага тооцсон үйл ажиллагаагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан “Үр нөлөөтэй байх”, 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэх хэсэгт бичсэн байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг 70.3 дахь заалт хэмээн хүчингүй болсон заалт бичиж бичилтийн алдаа гаргасан байх тул захиргааны актын илэрхий алдаагаа засаж тухайн маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсгийн заалтыг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр зөвхөн үндэслэх хэсгийн заалтад өөрчлөлт оруулан алдаагаа засаж шүүхэд хүргүүлсэн” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын хүсэлтээр хариуцагчийн өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байна. Би дараах дүгнэлтүүдийг хэлье.
1 дүгээрт: 2016 оны санхүү тайланд аймгийн Аудитын газраас Хөвсгөл аймгийн Ханх сумын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тухайн үед Б.Б, О хоёрт акт үйлдэж тухайн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд байсан 19.900.000 төгрөгийн үнэ бүхий “Бекаб” маркийн улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлийг Б.Б нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байдлыг зөрчлөөр илрүүлсэн. Энэхүү зөрчилтэй холбогдуулаад аймгийн Аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ХӨА-2017/22/СТА-ТТЗ-01/02 дугаартай төсвийн төвлөрүүлэн захирагчид зөрчил арилгах тухай албан бичгийг Ханх сумын Засаг даргын нэр дээр гаргасан байдаг. Энэ албан шаардлага бол Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б зөрчил гаргасан байна. 19.900.000 төгрөгийн үнэ бүхий Засаг даргын Тамгын газрын өмчийг өөрийн эзэмшилд авсан байна. Тиймээс энэ зөрчлийг арилга гэсэн албан шаардлага ирсэн байдаг. Энэ гаргасан зөрчилтэй холбогдуулаад 2016 оны санхүү тайлангийн үйл ажиллагаанд аймгийн Аудитын газраас хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн. Энэ албан шаардлагын хоёр дахь заалтаар Б.Б-д сахилгын шийтгэл ногдуул гэсэн. Сая сумын Засаг дарга хэллээ. Албан шаардлагын дагуу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг дарга Б/06 тоот захирамжаар Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ сахилгын шийтгэл ногдуулахдаа 3 сарын дотор энэ гаргасан зөрчлөө арилга гэсэн. Тэгэхээр эхний аймгийн Аудитын газрын дүгнэлтийг мэдэхгүй байх ямар ч үндэслэл харагдахгүй байна. Б.Б нь энэ сахилгын шийтгэл дээр гомдол гаргаагүй. Дараа жил болох 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Аудитын газраас дахин хяналт шалгалт хийхэд 7.500.000 төгрөгийн авлага барагдуулаагүй. Зөрчлийг арилгуулахаар өгсөн аймгийн Аудитын газрын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй. Өмнө гаргасан 19.900.000 төгрөгийн зөрчил явж байгаа юм. Үндэслэлгүйгээр 2.225.800 төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгож батлагдсан төсвийг үр ашиггүй зарцуулж, өр үүсгэсэн байна гэж дурдсан байдаг. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай албан шаардлага сумын Засаг дарга буюу төсвийг төвлөрүүлэн захирагч Б.Э-ын нэр дээр саяны зөрчилтэй холбогдуулаад дахин Аудитын газраас албан бичиг ирсэн. Энэ албан шаардлага дээр 2017 онд гарсан зөрчлийг арилгуулахын хамт Б.Б-д сахилгын шийтгэл дахин авч биелэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг шаардсан. Тухайн албан шаардлагыг Нямбаяр Б.Баасансүрэнд танилцуулсан ба Б.Б дарга тухайн үед гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Тухайн баримтыг өнөөдөр өглөө шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Жил бүр Ханх сумын санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг аймгийн Аудитын газар илрүүлээд явж байтал аймгийн Засаг дарга 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/21 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж гарч 1 дүгээр заалтаар сумын Засаг дарга Б.Э-т сахилгын шийтгэл ногдуулсан. 2 дугаар заалтаар Б.Б даргад арга хэмжээ авч эргүүлэн мэдэгдэх үүрэг өгсөн байдаг. Энэ гарсан зөрчлүүд дээр сумын Засаг дарга шууд хариуцлага тооцоогүй байдаг. 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд сумын дотоод хяналт шалгалт тухайн жилийн графикын дагуу шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалт нь сумын бүх төсвийн байгууллагуудын хүрээнд зохион байгуулагдсан. Энэ шалгалтаар 2018 онд сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн сан 1 сараас 4 сарын хооронд 2.467.928 төгрөгөөр хэтэрсэн байдаг. Ингэж хэтэрч зарцуулагдсан учраас өр үүссэн. Ханх сумын Засаг даргын Тамгын газар нь санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнадаггүй. Шатахууны зарцуулалт зөрчилтэй. О нь Ханх сумын төвд цайны газар ажиллуулдаг. О-ын нэр дээр гурван удаа Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд гэж шатахуун зарцуулагдсан. Б.Б нь өөрийн нөхөр А-ийн нэр дээр хоёр удаа шатахуун зарцуулсан. Ё.Г гэж сум хооронд явдаг хүн тээврийн жолооч байдаг. Б.Б нь тайлбараа бичсэн байгаа. Өөрийн нөхөр болон нөхрийн найз гэж замын зардал гэж сумын шатахууны зардлаас олгосон. Мөн шүүхийн шийдвэрээр олгогдох ёстой Б.Б-д холбоотой нөтбүүкний төлбөр байдаг. Ийм зөрчлүүд гаргасан. Нэгэнт ийм зөрчлүүд гарсан учраас сумын Засаг дарга захирамж гаргасан. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан заалтаар хариуцлага хүлээлгэхээр заасан. Анх бол бичвэрийн алдаа гаргаж Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан гэж бичсэн. Энэ заалт нь төрийн албанд 10 жил орохгүйгээр халсан байна гэж Б.Б дарга хүчингүй болсон заалт байна гэж мэдэж байсан. Захиргааны ерөнхий хуулинд зааснаар бол захиргааны акт гаргасан этгээд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг гэж илэрхий алдаагаа зассан юм. Тэгэхдээ тухайн захирамжийн утга агуулга алдагдаагүй гэж илэрхий алдаа засахдаа тайлбарыг бичсэн байгаа. Зорилго нь төсвийн шууд захирагчийн гаргасан алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй, Төрийн албаны тухай хуулинд зааснаар хариуцлага тооцох үндэслэлтэй байна гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг барьж хариуцлага тооцож сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ гаргасан захирамж нь хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй байна гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхээс юу хүсэж байна гэхээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл хариуцагчийн гаргаж байгаа тайлбар зэргээр Б.Б нь зөрчил гаргасан гэдэг нь илэрхий байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна” гэв.
Гэрч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие сумын Засаг даргын орлогчоор томилогдсоноосоо хойш сумын дотоод хяналтын ахлагчаар давхар томилогдож ажиллаж эхэлсэн. Хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, удирдамжийн дагуу эрхлэх хүрээний байгууллагуудад хяналт шалгалтыг хийсэн. Би энэ хяналт шалгалтаар удирдамжаар хангаж ажилласан болохоос арга зүйн зөвлөгөө өгч ажиллаагүй. Би эдийн засгийн чиглэлийн хүн биш. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн сонсох ажиллагаан дээр би өөрийн биеэр байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би байгаагүй учраас зөвлөмж өгсөн байж таарахгүй байна. Энэ зөвлөмж нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө гарсан зөвлөмж байгаа юм” гэв.
Гэрч Н.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Шалгалтын комисс бол байгууллагын тээвэр, шатахуун, байгалийн нөхөн сэргээлт, нийгмийн эрүүл мэнд, цалин гэсэн зардлууд дээр түлхүү энэ удаагийн шалгалтыг хийнэ гэж хийсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын шатахууны асуудал дээр Баялаг гэх цайны газарт олон удаа шатахуун гэж бичилт хийгдсэн байсан. Хэрвээ сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа бол өөрсдөө машинтай учраас өөрсдийн тээврийн хэрэгсэлд шатахуунаа хийж явах боломжтой. Ямар учраас цайны газрын хүнд олон удаа шатахуун гарсан бэ гэдэг талаар няравыг явуулж тодруулуулсан. Б.Б даргад шалгалт хийх удирамжаа өгсөн. Аймгийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд манай сум 4.000.000 төгрөгийн цалингийн сан хэтэрсэн үүнээс 2.500.000 төгрөг нь төсвийн шууд захирагчийн буруутай үйл ажиллагаанаас болж цалингийн сан хэтэрсэн байна гэж төрийн аудитын газраас дүгнэсэн юм. Дотоод хяналтаар буурсан байна уу гэдэг дээр хяналт хийхэд буураагүй нэмэгдсэн байсан. Нэмэгдсэн шалтгаан нь сумын дотоод хэргийн ажилтан Золзаяад 20 хувиар 2 сар цалин нэмсэн. Дараа нь урд оны өр дуусаагүй байхад урьдчилгаа авсан байсан. Урьдчилгаа авахдаа шууд нягтлангаараа дамжуулж авсан. Уг нь сумын Засаг даргаар цохолт хийлгэх ёстой. Бид нар анхан шатны баримтын бүрдэл байгаа эсэхийг хардаг. Харин тухайн байгууллагын дарга, нягтлан хоёр тухайн баримтын үнэн эсэхийг хариуцдаг. Багийн Засаг дарга нарын хувьд үйл ажиллагаандаа шатахуун зарцуулдаг. Галч нар бол хог цэвэрлэх гэж 10 литр шатахуун зарцуулдаг. О дээр 87.2 литр шатахуун зарцуулагдсан байдаг. Энэ хүн бол манай ажилчин биш. Харин хувиараа цайны газар ажиллуулдаг хүн юм. А гэдэг хүн 35 литр шатахуун зарцуулсан байсан. Манайх дараа жилийн төсвийн тодотголоо байгууллагын нягтлан, төсвийн шууд захирагчтай хамтарч явуулдаг. 2018 оны 12 дугаар сард манай сум бараг цалин байхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдуулан “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэгүүд болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 3/1624 дугаар албан бичгээр түүнд “ ... хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч Б.Б нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга нь “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалтыг үндэслэн Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэж үзэн Б.Б-г Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ноогдуулсан байна. /хх-3 дугаар хуудас/
Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: “... 2017 оны Аудитын дүгнэлтээр санхүүгийн зөрчилгүй дүгнэлт гарсан, дотоод хяналт шалгалт хийх тухай удирдамжийг надад мэдэгдээгүй, ба түүнийгээ үндэслэн мэдэгдэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой ба хуулинд байхгүй заалт баримтлан акт гаргасан ...” гэж,
Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...төсвийн хууль зөрчсөн нь зохих байгууллагын шаардлага, дүгнэлтээр тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” хэмээн тус тус маргаж байна.
Нэг. "Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжаар Б.Б-г Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ноогдуулсан байна.
Хариуцагч ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 06 сарын 11-ны өдрийн 1/77 дугаар албан бичгээр Б.Б-д хүргүүлж улмаар 15 хоногийн дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан боловч түүнд Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гаргахад ач холбогдолт бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй шууд хариуцлага тооцсон нь тогтоогдож байна.
Тухайлбал ... Байгууллагын дотоод хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн зөвлөмж, дүгнэлтэд санал нийлж байгаа эсэх, эсхүл гомдол гаргах эсэх талаар тодруулалгүйгээр захиргааны акт гаргасан хариуцагчийн үйл ажиллагаа нь дээрхи хуулийн заалттай нийцэхгүй байна.
Хариуцагчаас гаргасан Маргаан бүхий захиргааы акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг судлах, шалгаж тогтоох, дүгнэлтийг үндэслэх гэх зэрэг шаардлагад нийцэхгүй, Уг хуулийн 27 дугаар зүйлд: Захиргааны акт гаргахдаа ямар зөрчил гаргасныг ямар үндэслэлээр ажлаас халах болсон тухайгаа, зөрчлийг хэрхэн яаж тогтоосноо мэдэгдэж сонсгох ажиллагаа заавал хийгдсэн байхыг шаардахаар зохицуулсан байна. Ийм учраас 2018 оны 06 сарын 11-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлийг сонсох ажилагаа хийсэн шаардлагад нийцэхгүй байна гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагчаас ” сонсгох ажиллагааг явуулсан 2018 оны 06 сарын 11-ний өдөр гарын үсэг байгаа”гэж тайлбарлах авч /хх-4 дүгээр хуудас/ ЗДТГын дарга нь төсвийг зохистой удирдаагүй өр төлбөр үүсгэсэн төсвийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд захиргааны арга хэмжээ авах талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч хуулийн заалт нь Төсвийн тухай хуулийн 70.3-д зааснаар арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Гэвч энэхүү хуулийн заалт нь тухайн хуульд байхгүй болно.
Хэдийгээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б төсвийн зөрчил удаа дараа гаргасан төсвийг зохистой удирдаагүй өр төлбөр үүсгэсэн нь аудитын шаардлага, байгууллагын дотоод хяналт шалгалтын хэсгийн дүнэлтээр тогтоогдсон, бодит нөхцөл байдал үүсгэсэн тохиолдолд холбогдох баримтуудаа байгууллагынхаа дэргэдэх ёс зүйн хороонд шилжүүлэн хянан шийдвэрлүүлж дүгнэлт гаргуулах журмыг зөрчиж ажил олгогч өөрийн санаачлагаар сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халасан тухай үйлдэл нь Төрийн албаны тухай хууль болон ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд аливаа албан тушаалтаны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмаар нийцүүлэн шийдвэр гаргах учиртай.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.1-д “байгууллагын албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулахаар”-аар зохицуулсан,
Мөн түүнчлэн Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ын 4.3-д” ... Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийг зөрчил гаргасныг тогтоож, ... дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалд холбогдох, баримт, материалын хамт хүргүүлэхээр, мөн журмын 5.1-д “... Ёс зүй хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан сахилгын аль нэгийг ногдуулах шийдвэр гаргана” гэж зааснаас дүгнэхэд Б.Баасансүрэнг зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны хурлаар батлагдсан нөхцөлд ажлаас халах үндэслэл болно” гэсэн зохицуулалттай байхад дээрхи хууль, журмын шаардлагад нийцэхгүй байх бөгөөд хариуцагч Б.Баасансүрэнгийн хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нотолсон баримтуудыг /Дотоод хяналт шалгалтын зөвлөмж, дүгнэлт, аймгийн Аудитын шаардлага зэргийг холбогдох эрх бүхий байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооны бусад гишүүдэд хүргүүлж, дүгнэлт гаргуулалгүйгээр өөрөө шууд тушаал гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байна.
Хоёр: Урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:
Дээрх байдлаар Ханх сумын Засаг дарга шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх бөгөөд түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй;
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчиж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас халагдсаны дараа маргаан бүхий захиргааны актын зарим үндэслэлийг өөрчилж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дугаар “Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий хоёр захиргааны актуудыг хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Гурав: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд;
Нэхэмжлэгчийг Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрхи байдлаар хууль бус болох нь тогтоогдож, шүүхээс маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно" гэж заасныг баримтлан нэхэмжлэгч урьд ажиллсан хугацаанд Ханх сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс цалин хөлсөө авч байсныг харгалзан түүний ажилгүй байсан хугацаа болох 2018 оны 06 сарын 26-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 4.035.493 /Дөрвөн сая гучин таван мянга дөрвөн зуун ерөн гурван/ төгрөгийг Ханх сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Дөрөв: Бусад шаардлагын тухайд:
-Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, 2016, 2017 оны Б.Б-ийн Үр дүнгийн гэрээ, биелэлт, хэрэгжилтийн илтгэх хуудас, мөн түүнчлэн 2017 оны шатахуун зарцуулалттай холбоотой гэх баримтуудыг болон түүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Т.Д-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг хүлээн авч шүүхээс дүгнэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл: дээрхи баримтуудийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн шаардлагын хамааралтай маргаанд ач холбогдолгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааруулан шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй тул шүүхээс үнэлээгүй болохыг;
-Нэхэмжлэгчээс: “...байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг надад удирдамжаа мэдэгдэлгүйгээр шалгасан” гэх гомдол гаргаж тайлбарлах боловч энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагааг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй болохыг тус тус дурьдаж байна.
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргад холбогдох “Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тоот захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/04 дугаар “ Захиргааны актын илэрхий алдааг засах тухай” захирамжийг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан буюу Б.Б-г Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б-ийн ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажлын 97 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин / төгрөг/-ийг ажлын өдрөөр тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.035.493 /дөрвөн сая гучин таван мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг/-ийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, олгохыг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН