Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2017/02107/И |
Дугаар | 001/ХТ2018/00529 |
Огноо | 2018-04-03 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00529
Ц.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02279 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2604 дүгээр магадлалтай,
Ц.О-ийн нэхэмжлэлтэй,
"З” ОНӨААТҮГ-т холбогдох
Нэг удаагийн буцалтгүй тусламж 22,563,496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О-, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Би төрийн байгууллагад нийт 29 жил 4 сар ажилласан. Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “20-оос дээш жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасныг үндэслэн З ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 2/232 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэртээ гарч хуульд зааснаар 1 удаагийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдлөө тэтгэвэрт гарах хүртлээ ажиллаж байсан байгууллага болох Зийн газарт 2017 оны 4 сард өргөдөл өгснөөр 1 сарын тэтгэмж 860.000 төгрөг авсан. Би ажлаас халагдсаны тэтгэмж биш өндөр насны тэтгэвэрт гарсан тэтгэмжээ авах зорилготой байсан бөгөөд ийнхүү Үндсэн хуульд заасан тэтгэмж авах эрхээ хэрэгжүүлж чадаагүй болно. Миний бие 1982 оны 09 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Автобус-1 дүгээр баазад тоо бүртгэгчээр анх ажилд орсон. 1984 оны 08 сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар Автобус-1 дүгээр баазаас чөлөөлөгдөж Арьс ширний үйлдвэрт техникчээр орж ажиллаж байгаад 1990 онд Арьс ширний үйлдвэр хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Ингээд 1995 оны 12 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Автобус-1 дүгээр баазад кондуктороор ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 04 сарын 30-ны өдрийн Б/130 дугаар тогтоолоор орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2015 оны 05 сарын 18-ны өдөр мөнгө хураагчаар ажилдаа эргэн орж ажиллаж байгаад 2017 оны 03 сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автобус 1, 3 дугаар бааз, Цахилгаан тээвэр нийслэлийн өмчит үйлдвэриийн газрыг татан буулгаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/778 дугаар захирамжаар З ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан. Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 16.3-т зааснаар хамтын гэрээг хэвээр мөрдөнө гэж заасан. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан хөлсөөр ажиллах журамд орохгүйгээр 1996 оны 08 сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчдын ажилласан хугацаанд орж тооцогдоно гэж заасан. Засгийн газрын 2015 оны 08 сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөлт оруулахдаа хамгийн сүүлд ажиллаж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэвэр, тэтгэмжийг олгоно. Үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож олгоно. Энэ тогтоолыг 2015 оны 01 сарны 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Миний бие 1996 оны 08 сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Автобус-1 дүгээр баазад кондуктор, сэлбэгийн нярвын ажил хийж байсан. Иймд Засгийн газрын 405 дугаар тогтоолд хамаарна гэж үзэж байна. Иймд сүүлийн 3 жилийн нэг сарын дундаж цалин 648.986 төгрөгийг 36 сараар тооцоход 23.363.496 төгрөг бөгөөд үүнээс байгууллагаас олгосон 1 сарын тэтгэмж 800.000 төгрөгийг хасч тооцон 22.563.496 төгрөгийг З ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ц.О- нь тус үйлдвэрийн 1 дүгээр баазад 1982 оны 09 сарын 27-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар тоо бүртгэгчээр ажилд орж, 1984 оны 08 сарын 01-ний өдрийн 301 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1995 оны 12 сарын 12-ны өдрийн 2156 дугаар тушаалаар дахин ажилд орж кондуктороор ажиллаж байгаад 2002 оны 02 сарын 11-ний өдрийн 19 дүгээр тушаалаар сэлбэгийн няраваар шилжүүлэн ажилласан байдаг. 2015 оны 04 сарын 30-ны өдрийн Б/190 тоот тушаалаар орон тооны бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөн тэтгэмжид 3.168.618 төгрөгийг олгосон байдаг. 2015 оны 05 сарын 18-ны өдрийн Б/693 тоот тушаалаар мөнгө тоологчоор дахин ажилд орон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 03 сарын 20-ны өдрийн Б/232 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазын санхүүгийн албанд мөнгө тоологчоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээний заалтад хамааралгүй болно. Учир нь уг хамтын гэрээ нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазын хамтын гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь 1 дүгээр баазад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч Ц.О-ийг өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 868.427 төгрөгийг 2017 оны 04 сарын 19-ний өдрийн Б/399 дүгээр тушаалаар олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээний хувьд Автобус-3 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 сарын 03-ны өдрийн 155 тоотоор 3 дугаар баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр Автобус-3 нь НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдаж ажиллаж байна. “З” ОНӨААТҮГ нь нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон хамтын гэрээг НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хууоийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар З болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХ-оос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-нд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй, энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 сарын 01-нд МҮЭ-ийн хороонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Автобус-3 дугаар баазын хамтын гэрээг үндэслэж гаргасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ц.О- нь Автобус-1 дүгээр баазад ажиллаж байсан тул Автобус 1 дүгээр баазын хамтын гэрээ үйлчилнэ. Хариуцагч байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт зааснаар өөр олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийн аж ахуйн тооцоот газар гэж явдаг. З ОНӨААТҮГ-ын захиргааны ажилчид ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаардаггүй, бид төрийн албан хаагч биш. Зөвхөн З ОНӨААТҮГ-ын захирал төрийн албан хаагч гэж явдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Автобус-1 дүгээр баазын хамтын гэрээг үндэслэх ёстой байсан. Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан хамтын гэрээ нь 2013 оны 02 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Уг нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгохоор заасан бөгөөд үүнд: 5 хүртэл жил ажилласан бол 3 сарын, 5 жил ажилласан бол 6 сарын, 6-10 жил ажилласан бол 9 сарын, 11-15 жил ажилласан бол 12 сарын, 16-20 жил ажилласан бол 15 сарын, 21-25 жил ажилласан бол 18 сарын, 26-30 ажил ажилласан бол 21 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.О- нь 1992 оны 09 сарын 27-ны өдрөөс 2017 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт 4 удаа ажлаас орж гарсан байдаг учир хамтын гэрээний 8.5 дахь хэсэгт заасан тасралтгүй гэдэг шаардлагыг зөрчиж, 4 удаа тасалдсан байна. Иймд бид Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж Ц.О-т өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажилтны өндөр насны тэтгэмж шаардах эрх нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гарсан 2017 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн үүсч байна. Гэтэл Ц.О- нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд эрх зөрчигдсөнийг мэдэх буюу мэдсэнээс хойш 3 сарын хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. 2017 оны 05 сарын 01-ний өдөр Ц.О-ийн дансанд нэг сарын дундаж, цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэгчийн дансанд орсон. Үүнээс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02279 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “З”ОНӨААТҮГ-аас нэг удаагийн буцалтгүй тусламж 22,563,496 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2604 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02279 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "З” ОНӨААТҮГ-аас 1,736,854 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,826,642 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2279 дүгээр шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2604 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнээс хальж, хэт нэг талыг барьж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Учир нь нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг Ц.О-ийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр хариуцагч байгууллагаас 868,427 төгрөгийг хүлээн авсан өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа тооцох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж, тэтгэмж гаргуулахыг хүссэн байтал шүүх хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдлоо гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч байгууллага 2017 оны 05 сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 868,427 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй. Нэхэмжлэгч 2017 оны 05 сарын 14-ний өдөр дансны мэдээллээ шалгаснаар ажил олгогчоос тэтгэвэр, тэтгэмж авах эрхээ зөрчсөн талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй, 2017 оны 08 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ёстой. 2017 оны 05 14-ний өдөр дансны мэдээллээ шалгасан гэдгийг хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэл болгосон тухайгаа дурьдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж 22,563,496 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.О- нь 2017 оны 4 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргасны дагуу ажил олгогч “З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний 868,427 төгрөгийн тэтгэмжийг олгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.
Ажил олгогч буюу хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн дансанд 868,427 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн тухай дансны хуулга хэрэгт авагдсан ба дансанд мөнгө шилжүүлсэн өдрөөр нэхэмжлэгчийг эрхээ зөрчсөнийг мэдсэн өдөр гэж хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т нийцнэ гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтыг хариуцагч гаргаагүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дансны мэдээллээ шалгаснаар ажил олгогчоос тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь зөрчсөн талаар мэдсэн, тэрээр 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Улаанбаатар хотын Зорчигч тээврийн “Автобус-1” баазад нэхэмжлэгч Ц.О- нь кондуктороор ажиллаж байсан боловч 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тогтоолоор орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөж, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөнгө тоологчоор ажилдаа эргэн орж ажилласан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 8.5-д өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгох, 5 хүртэл жил ажилласан бол 3 сарын тэтгэмж олгохоор талууд харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн үндэслэлтэй гэж дүгнэн, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчоос Ц.О-т олгосон 868,427 төгрөгийг хасч, үлдэх 1,736,854 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн хамтын гэрээний зохицуулалтад нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2604 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 42.800 /дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН