Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 16

 

          

А.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч А.А-д холбогдох, эрүүгийн 1720000270032 дугаартай, 1 хавтас, 139 хуудас бүхий хэргийг прокурор Г.Мөнхтүвшингийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас;

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын харъяат, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний хөдөлгөөний найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын харъяа Замын-Үүд өртөөнд найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Төмөр замын ...тоотод оршин сух, Баянбогд овогт А-ийн А /РД: ЕП84012812/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал зам дээр 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Баянбогд овогт Адъяасүрэнгийн Аад холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1720000270032 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж,

 

А.А нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Дд 1550000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,

 

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Аад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор Г.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: А.А нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 58 км-т засмал зам дээр 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэл жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, зорчигч З.ДЭ нь 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний 4.1. б/ Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам, тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө гэснийг зөрчсөн, мөн 4.2 в/ хөдөлгөөний үед жолоочийг сарниулах, түүний үйлдэлд саад болох гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна” гэж дүгнэснээс үзэхэд уг зам тээврийн осол нь шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдлээс улбаалан гараагүй болох нь нотлогдож байгаа ба улсын яллагчийн яллах дүгнэлт, хэргийн бодит байдалтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр А.Аыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 1.Шүүгдэгч А.А нь 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б/ хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээврлэхгүй байх гэсэн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Төгөлдөрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, хохирогч Г.Дгийн “...ДЭ бид хоёр арын зааланд суусан...жолооч хамгаалах бүс зүүсэн байсан ба ДЭ бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, шүүгдэгч А.Аын “...зорчигч Д, ДЭ нарыг хамгаалах бүсээ зүүж хэрэглэх талаар би хэлж шаардсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт “...миний машины арын заалны суудалд хамгаалах бүс байгаа, хөдөлгөөнд оролцохоос өмнө зорчигч Д, ДЭ нарыг хамгаалах бүс бүслэх талаар хэлж байгаагүй...”, “...тэд ядарч байна, тэгвэл унтая би урд талын суудал дээр унтана гэж байгаа сонсогдсон...” гэж мэдүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

 

Харин Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3.б /хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/-д заасан заалтыг "...жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамраахгүй...” гэж тайлбарласан байна. Эндээс дүгнэхэд дээрх заалт нь жолооч А.Аад хамааралтай байна. Жолооч ганцаараа яваагүй, хүн тээвэрлээд явж байгаа юм чинь  тэр хоёр хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хариуцаж явах ёстой. Дгийн машины урд суудал руу хөлөө оруулж байгаа үйлдэл нь жолоочийн хоёр гар дээр түлхэлт өгөөгүй, нэг гар дээр нь түлхэлт өгөөд байгаа. Нэг гар дээр нь түлхэлт өгч байгаа тохиолдолд тэр хүн нэг гараараа жолооны рулээ бариад явах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл жолоочийн гар руу цохиогүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй байхад жолооч өөрөө машиныг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзээд байгаа. А.А нь МУ-ын ЗХД-д заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд А.Аад холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 179 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс ослыг Аын буруутай үйлдлээс болоогүй байна гэж үзээд цагаатгасан нь үндэслэлтэй. Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтэнд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл энэ заалтыг зөрчсөнөөс энэ осол гараагүй. Харин зорчигчийн буруутай үйл ажиллагааны улмаас буюу 4.2 в-д зааснаар жолоочийн үйлдэлд зорчигч саад болсноос энэ осол гарсан. Тэгэхээр жолоочийн хувьд гэм буруугүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.   

 

Давж заалдах шатны шүүх Замын-Үүд дэх Сум дундын прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч А.Ариунбат нь өөрийн эзэмшлийн 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд явахдаа зорчигч Г.Дэлгэрмаа, З.Дэнсмаа нарын хамт зорчих үед зорчигч З.Дэнсмаа нь хөдөлгөөний үеэр жолоочийн хажуу талын суудалд суухаар хөлөө давуулж орж ирэхдээ биеэрээ жолооч А.Ариунбатын гарыг цохиж жолоог алдуулснаас автомашин онхолдож зорчигч Г.Дэлгэрмаагийн биед аарцаг ясны хугарал, дунд чөмөгний мултрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан тул прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх зам тээврийн осол нь шүүгдэгчийн буруутай үйлдлээс улбаалан гараагүй гэж үзсэн атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Энэ нь ослын талаарх Замын цагдаагийн 22 тоот шинжээчийн дүгнэлтэд “ ... Зорчигч З.Дэнсмаа нь 49-09 ДГА улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 4.1 б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам /эсвэл хөвөө/ тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө гэснийг, мөн дүрмийн 4.2 в/ “хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох“  гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна.“ /хх-ийн 48/  гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Г.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “ …Дэнсмаа бид 2 арын зааланд суусан байсан,  … машин хөдөлгөөнд оролцож явж байхад Дэнсмаа урагшаа суух гээд урд талын суудлын голоор орох гэж байгаад биеэрээ жолоочийн гарыг хөдөлгөх үед жолооч жолоодлого алдаж замын хажуу руу онхолдсон... “ гэсэн /хх-ийн 23-24/ мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Ариунбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Уг зам тээврийн осол нь зорчигч З.Дэнсмаагийн гаргасан үйлдлээс болсон гэж үзэж байна. Учир нь З.Дэнсмаа нь надад мэдэгдээгүй гэнэт урд талын голын хайрцаг дээгүүр бөгсөн биеэрээ надруу харсан байдалтай давж орж ирээд өгзөгний дээд хэсгээрээ миний тохойны доод хэсгээр цохиж, машин баруун гар тал руугаа тэнцвэр алдахад суудалдаа сууж амжаагүй зорчигч Дэнсмаа дахин энерцээрээ зүүн гарт хүрч машин замаас гарч уг зам тээврийн осол болсон” гэсэн /хх-ийн 60, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар энэ хэрэгт зорчигч З.Дэнсмаагийн жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болсон Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 в/-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан нь болсон гэж үзэхээр байна.

 

Гэтэл мөрдөгч, прокурор нар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр “хэргийн бодит байдлыг тогтоох” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй буюу мөн хуулийн 16.2-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд болох гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоолгүй зөвхөн жолооч  А.Аыг гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна хохирогч Г.Дэлгэрмаагийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг хэн хариуцах нь тодорхойгүй болж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн эрх зөрчигдсөн байна.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр ба зорчигч З.ДЭгийн болгоомжгүйгээр бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан эсэх болон  түүнийг иргэний хариуцагчаар татагдах эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Прокурорын бичсэн шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдэлд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаалгах тухай эсэргүүцэл нь үндэслэлгүй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 172 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС