Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 249

 

“Булган брокер ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Альянсфинанс групп ББСБ” ХХК-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 171 411 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/16 дугаар “Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн акт”-ыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 51 550 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Золжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баярмаа, Д.Бадамхорол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Булган брокер ҮЦК” ХХК, “Альянсфинанс групп ББСБ” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг худалдан авахад зуучлалын үйлчилгээ авах, хувьцаа худалдан авах хэлцлийг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд зуучлалын үйлчилгээ үзүүлсний төлөө хувьцаа худалдан авах нийт үнийн дүнгийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. “Булган брокер ҮЦК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 10200 багц буюу 102 000 000 ширхэг хувьцааг 9 690 000 000 төгрөгөөр худалдан авах хэлцлийг амжилттай хийсэн. Хамтран ажиллах гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу “Альянсфинанс групп ББСБ” ХХК нь 242 250 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар арын 18-ны өдөр шилжүүлэх ёстой байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 142 250 000 төгрөгийг шилжүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/16 тоот Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн актаар үлдэгдэл төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барагдуулж дуусгах ёстой байсан боловч энэхүү хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд 142 000 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 29 161 250 төгрөг, нийт 171 411 250 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээнд “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 2 этгээд нь гарын үсэг зурсан учраас талууд хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч тал үндсэн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа атлаа үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг зөрчиж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. “Альянсфинанс групп ББСБ” ХХК нь 100 000 000 төгрөгийг төлснөөрөө хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулчихаад цаашаа “Альянсфинанс групп ББСБ” ХХК нь хичнээн компаниуд руу шилжүүлсэн гэдэг нь тухайн хариуцагч компанийн хувийн дотоод асуудал гэж үзэж байна.   Сайванг гэх хамааралгүй этгээдээр гэрээнд гарын үсэг зуруулчихаад одоо гарын үсэг зураагүй, уг хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэх зохисгүй гэж үзэж байна  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган брокер ҮЦК” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 08/16 дугаартай хамтран ажиллах гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан. Уг хамтран ажиллах гэрээний зорилго нь Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хувьцааг худалдан авахаар хоёр талын хооронд байгуулсан ба худалдан авсан хувьцааны үнийн дүнгийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний зуучлалын төлбөрийг авахаар тохиролцсон. Гэрээ дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/16 дугаартай актаар 5 компанийн нэр бичиж, 9 690 000 000 төгрөгийн хувьцаа авсан гэж нэр бүхий тус тусдаа аж ахуйн нэгжүүдийг нийлүүлээд нэг тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Энэхүү актан дээр 2 аж ахуйн нэгж л гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээ нь хоёр аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн хэлцэл болохоос биш 7 компанийн байгуулсан хэлцэл биш юм. Анх байгуулсан хамтран ажиллах гэрээнд зааснаар “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийн Хөдөө аж ахуйн биржээс худалдан авсан хувьцааны үнийн дүнгийн 2,5 хувийн зуучлалын төлбөр нь 48 450 000 төгрөг байхад “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийн зүгээс 100 000 000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 51 500 000 төгрөгөө буцаан нэхэмжилж байна.

Хамтран ажиллах гэрээний актад “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийг төлөөлж захирал О.Эрдэнэ, ТУЗ-ын дарга Ү Жиангуо, гадаад харилцааны дарга Сайванг нар гэх гурван хүний гарын үсэг зурагдсан. Гэтэл “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан О.Эрдэнэ нь гэрээ байгуулагдах үед манай компанийн захирлаар ажиллаж байгаагүй. “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийн гэрчилгээний ар тал дээр 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр захирал О.Дашпүрэв гэж бичигдсэн. О.Эрдэнэ нь би захирал, О.Дашпүрэв гүйцэтгэх захирал гэж ярьдаг. Компанийн тухай хуульд зааснаар захирал нь ТУЗ-аас томилогддог, дараагийн захирал томилогдмогц, эхний захирал нь чөлөөлөгдөж байх зарчмаар явагддаг. ТУЗ-ын дарга Ү Жиангуо нь компанийн 85 хувийн хувьцааг дангаараа эзэмшдэг хэдий боловч “АФГ санхүүгийн групп” ХХК, “АФГ трейдинг” ХХК, “Эй Эф Жи капитал трейдинг” ХХК, мөн “Глобал инвестмент Фонд” ХХК-ийг төлөөлөх ямар ч эрхгүй хүн бөгөөд зөвхөн “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд юм.

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сайванг нь Монгол Улсад байгаагүй, “Альянсфинанс групп ББСБ” ХХК-д ямар ч хамааралгүй, уг хүний гарын үсгийг дуурайлгаж, зураад нэрийг бичсэн. Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн акт нь төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл юм. Хоёр эргэлзээтэй баримт нь хэргийн материалд авагдсан. Нэг нь нотариатаар гэрчлэгдсэн, нөгөө нь гэрчлэгдээгүй, эх хувиараа, уг баримтууд дээр О.Эрдэнийн гарын үсэг нэгэн дээр нь бичигдсэн, нөгөө дээр нь бичигдээгүй байдаг. “Булган брокер ҮЦК” ХХК нь дүрмийн зорилго зөрчиж, энэхүү хэлцлийг хийсэн. “Булган брокер ҮЦК” ХХК нь өөрөө Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр, брокерын үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан компани юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл учраас энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3.3, 232 дугаар зүйлийн 232.6  дахь хэсэгт зааснаар “Альянсфинанс групп ББСБ” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр   142 250 000 төгрөгийг гаргуулж “Булган брокер ҮЦК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 161 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-т зааснаар  хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн 51 550 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн “Альянсфинанс групп ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар хариуцагч “Альянсфинанс групп ББСБ” ХХК-иас 869 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 027 700 төгрөг, хариуцагчийн төлсөн 485 900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн акт"-д "Булган брокер ҮЦК" ХХК-ийг төлөөлж захирал Д.Амгалан, менежер Г.Баярсайхан, "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийг төлөөлж захирал О.Эрдэнэ гээд гарын үсэггүй, /өөр нэг баримт дээр гарын үсэгтэй/ ТУЗ-ын дарга Ү Жиангуо гээд гарын үсэгтэй мөн Сайванг гээд гарын үсэг зурсан байх бөгөөд уг эрх зүйн чадамжгүй, хүчин төгөлдөр актад үндэслэн шүүх шийдвэр гаргасан гэж үзэж байна. О.Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийн захирлаар ажиллахаа больсон бөгөөд компанийн захирлаар О.Дашпүрэв гэж хүн томилогдон ажиллаж байна. О.Эрдэнэ нь компанийг төлөөлөх эрхгүй, зөвхөн компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг, хэрэгт авагдсан хэзээ яаж гарын үсэг зурагдсан нь тодорхойгүй мөн гарын үсэгтэй, үсэггүй эргэлзээ төрүүлхүйц 2 өөр акт байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ү Жиангуо нь өөрийн 85 хувийн хувьцааг эзэмшдэг "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулсныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч "Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн акт"-д дурдагдсан нэр бүхий 4 компанийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй этгээд хийсэн гэдгийг мөн уг актад зөвхөн "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийн тэмдэг дарагдсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актад Сайванг гэсэн нэр бичиж гарын үсгийг зурсан байдаг бөгөөд уг гарын үсгийг Сайванг өөрөө зураагүй, тухайн өдөр буюу акт үйлдэгдсэн өдөр Монгол Улсад байгаагүй гэдэг нь түүний G 26081962 дугаартай паспортын хуулбар, шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн акт дээрх Сайвангийн гарын үсгийг дуурайлган зурсан, хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсоор байтал шүүх анхаарч үзсэнгүй.

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актад дурдагдсан "АФГ санхүүгийн групп" ХХК, "АФГ трейдинг" ХХК, "Эй Эф Жи капитал менежмент" ХХК, "Глобал инвестмент фонд" ХХК-иуд нь Компанийн тухай хуулийн дагуу бие даасан аж ахуйн нэгжүүд бөгөөд "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийн охин болон хараат компани биш юм. Тэгэхээр уг акт нь гуравдагч компанийн асуудлыг "Альянсфинанс групп ББСБ" ХХК, "Булган брокер ҮНЦ" ХХК нь шийдвэрлэсэн хууль бус асуудал юм. Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэлцэл хийж болдог. Гэтэл уг актад гарын үсэг зурсан хэн нь ч нэр бүхий 4 компанийн итгэмжлэлийг аваагүй.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 076 тоот албан бичиг, гэрээ дүгнэсэн акт зэргээс үзэхэд "Альянсфинанс групп ББСБ" ХХК нь 10 200 багц буюу 102 000 000 ширхэг хувьцааг 9 690 000 000 төгрөгөөр худалдаж авсан болох нь тогтоогдсон байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х-16/041 дугаартай "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-тай "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-гээр "Альянсфинанс групп ББСБ" ХХК-ийн худалдан авсан хувьцаа, түүний үнэ нь нотлогдоно. "Альянсфинанс групп ББСБ" ХХК нь 10 200 багц буюу 102 000 000 ширхэг хувьцааг 9 690 000 000 төгрөгөөр худалдаж авсан тухай баримт ямар ч хэрэгт авагдаагүй болно.

Хамтран ажиллах гэрээ 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байдаг бөгөөд ТУЗ-ын дарга нь гарын үсэг зурсан тул Компанийн тухай хуульд заасны дагуу уг гэрээг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлсөн. Гэтэл уг гэрээг дүгнэсэн актдаа нэр бүхий хамааралгүй 4 компанийн нэрийг дурдаж тэдгээр компанийн худалдан авсан хувьцааны үнийг "Альянсфинанс групп ББСБ" ХХК нь төлөхөөр тусгаж, мөн нэр бүхий 4 компанийн ямар ч итгэмжлэлгүй төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж мөн гарын үсгийг хуурамчаар үйлдэж хийсэн уг акт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж бид үзэж байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 102/Ш32016/20838 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1 "Б"-д заасан нотлох баримт нь хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Булганброкер ҮЦК” ХХК нь хариуцагч “Альянсфинанс групп ББСБ” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэгт 171 411 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчингүй болгож, 51 550 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчдын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбарыг нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр нотлох баримтыг бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч талаас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас маргаанд ач холбогдол бүхий гэж үзсэн, талуудын хооронд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн акт /хх 15 дах тал/-д бичигдсэн “Альянсфинанс групп ББСБ” ХХК, “АФГ санхүүгийн групп” ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Эй эф жи капитал менежмент” ХХК, “Глобал инвестмент фонд” ХХК-д хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл, хувьцаа худалдах, худалдах авах тухай гэрээнүүдийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2016/20838 тоот захирамжаар шийдвэрлэсэн байна.

            “Хөдөө аж ажуйн бирж” ХХК-ийн зүгээс хувьцаа худалдах, худалдан авах гэрээг сонирхогч этгээдүүдтэй байгуулсан ба захирамжид заасан баримтуудыг уг компанийн хувьчлалтай холбоотойгоор шүүхэд хүргүүлэх боломжгүй гэсэн агуулга бүхий хариу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7/115 тоот албан бичиг ирүүлснийг нотлох баримт бүрдүүлэх тухай шүүгчийн дээрх захирамж биелэгдсэн гэж дүгнэхгүй юм.

            Захирамжид заасан дээрх нотлох баримтууд нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоход ач холбогдолтой байж болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хамтран ажиллах эсхүл зуучлал, даалгаврын гэрээний аль нь байгуулагдсаныг тодорхойлох нөхцөл байдал, гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэхийг тогтоох тул шүүгчийн захирамжид заагдсан нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

            Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримт, эрх зүйн харилцаа, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

            Хариуцагч 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх бөгөөд нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасантай нийцэх, түүнчлэн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй тул нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Зохигчдын хүсэлтээр нотлох баримтуудыг бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөө энэ нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2016/01108 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Альянс Финанс групп ББСБ” ХХК-ийн төлсөн 1 365 900 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА