Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/01297

 

 

 

 


 

2017 оны 06 сарын 06 өдөр

       Дугаар 183/ШШ2017/01297                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын  Зүүн түрүү 4 дүгээр баг, ХААК-ын байрны 1 тоотод байрлах “Булган брокер ҮЦК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн офиссийн  903 тоотод байрлах  “Альяанс финанс групп ББСБ”ХХК-д холбогдох,

       хамтран ажиллах гэрээний үүрэгт 171411.250 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,  хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн 51.550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “Булган боркер ҮЦК”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Булган брокер ҮЦК” ХХК, “Альяанс финанс групп ББСБ” ХХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулсан.  Уг гэрээгээр Хөдөө Аж Ахуйн Биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг худалдан авахад зуучлалын үйлчилгээ авах, хувьцаа худалдан авах хэлцлийг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд зуучлалын үйлчилгээ үзүүлсэний төлөө хувьцаа худалдан авах нийт үнийн дүнгийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний хөлсийг төлөхөөр гэрээ байгуулсан. Ингээд “Булган брокер ҮЦК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 10200 багц буюу 102 000 000 ширхэг хувьцааг 9 690 000 000 / есөн тэрбум зургаан зуун ерэн сая/ төгрөгөөр худалдан авах хэлцэлийг амжилттай хийсэн. Хамтран ажиллах гэрээний 3,2 дах хэсэгт заасны дагуу “Альяанс финанс групп ББСБ” ХХК нь 242 250 000/ хоёр зуун дөчин хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 18 ны өдөр шилжүүлэх ёстой байсан боловч 2016 оны 03 дугаар сарын 01-ний  өдөр 100 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 142 250 000 төгрөгийг шилжүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. 2016 оны 02 дугаар сарын 02 ны өдрийн 01/16 тоот хамтран ажиллах гэрээ дүгнэсэн актаар үлдэгдэл төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 22 ны өдөр барагдуулж дуусгах ёстой байсан боловч энэхүү хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2016 оны 05 дугаар сарын 06 өдөр “Альяанс финанс групп ББСБ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр тооцоогоо дуусгах ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй болно. Иймд Хамтран ажиллах гэрээний 3.2, 3.3-д заасан төлбөрийн үлдэгдэл 142 000 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хэлцэлээр тохиролцсоноор хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 2016 оны 6 дугаар сарын 2 ны өдрийн байдлаар 29 161 250 төгрөг, нийт 171 411 250 төгрөгийг “Альяанс финанс групп ББСБ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Альяанс финанс групп”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Апьяанс финанс групп” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Булган брокер” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан уг гэрээний зорилго нь Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг худалдан авахад зуучлах зорилготой байсан. Энэхүү Хамтран ажиллах гэрээнд “Апьяанс финанс групп” ХХК түүнийг төлөөлж захирал О.Эрдэнэ, ТУЗ-ын дарга Wujiangu, Гадаад харилцааны дарга Сайванг нар “Булган брокер” ХХК-г төлөөлж захирал Д.Амгалан, менежер Г.Баярсайхан нар гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээ нь 2 талт гэрээ бөгөөд гэрээний зорилгын дагуу “Альяанс финанс групп” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х-16/041 дугаартай “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-г хийж гэрээний дагуу 95 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 400 00 ширхэг 1 938 000 000 төгрөгийн хувьцааг худалдан авсан. “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 48 450 000 төгрөгийг төлөх ёстой. Бидний зүгээс 2016 оны 03 дугаар сарын 01 -ны өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн. Дээрх Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг 2016 оны 02 дугаар сарын 29- ны өдөр үйлдсэн бөгөөд уг актад зөвхөн ТУЗ-ын дарга дангаар гарын үсэг зурсан, хувьцаа эзэмшигч О.Эрдэнэ гарын үсэг зураагүй мөн энэхүү акт нь зөвхөн Монгол хэл дээр үйлдэгдсэн байдаг. ТУЗ-ын дарга Wujiangu нь Монгол хэл мэдэхгүй, мөн Монголоор уншиж бас ярьж чадахгүй. ТУЗ-ын дарга Wujiangu нь дангаараа компаниудыг төлөөлөн хувьцаа худалдан авсан тухай, зуучлалын төлбөрийг тогтоох, төлөх тухай, алданги тооцох тухай актад гарын үсэг зурах эрхгүй этгээд тул 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актад дурдагдсан “АФГ санхүүгийн групп” ХХК, “АФГ трейдинг” ХХК, “Эй Эф Жи Капитал менежмент” ХХК, “Глобал инвестмент фонд” ХХК-иуд нь тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд “Апьяанс финанс групп” ХХК , түүний ТУЗ-ын дарга Wujiangu нь дангаараа дээрх компаниудыг төлөөлөх, шийдвэр гаргах эрх олгогдоогүй болно. Иймд бид энэхүү тайлбарын хамт сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

            Хариуцагч “Альяанс финанс групп” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Апьяанс финанс групп” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр “Булган брокер” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан уг гэрээний зорилго нь Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг худалдан авахад зуучлах зорилготой байсан. Энэхүү Хамтран ажиллах гэрээнд “Апьяанс финанс групп” ХХК түүнийг төлөөлж Захирал О.Эрдэнэ, ТУЗ-ын дарга \Л/ияапди, Гадаад харилцааны дарга Сайванг нар “Булган брокер” ХХК-г төлөөлж захирал Д.Амгалан, менежер Г.Баярсайхан нар гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээ нь 2 талт гэрээ бөгөөд гэрээний зорилгын дагуу “Альяанс финанс групп” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Х-16/041 дугаартай “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-г хийж гэрээний дагуу 95 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 400 00 ширхэг 1 938 000 000 төгрөгийн хувьцааг худалдан авсан. “Хамтран ажиллах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 48 450 000 төгрөгийг төлөх ёстой. Бидний зүгээс 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 100 000 000 төгрөгийг төлсөн. Дээрх хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг 2016 оны 02 дугаар сарын 29- ны өдөр үйлдсэн бөгөөд уг актад зөвхөн ТУЗ-ын дарга дангаар гарын үсэг зурсан, хувьцаа эзэмшигч О.Эрдэнэ гарын үсэг зураагүй мөн энэ хүү акт нь  зөвхөн Монгол хэл дээр үйлдэгдсэн байдаг. ТУЗ-ын дарга Wujiangu нь Монгол хэл мэдэхгүй, мөн уншиж бас ярьж чадахгүй. Мөн ТУЗ-ын дарга Wujiangu Хамтран ажиллах гэрээг дангаар дүгнэх /монгол хэлээр ямар ч орчуулгагүйгээр/, компаниудыг төлөөлөн хувьцаа худалдан авсан тухай, зуучлалын төлбөрийг тогтоох тухай, алданги тооцох тухай актад гарын үсэг зурах эрх олгогдоогүй болно. Иймд 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус гэж тооцож егнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Альяанс финанс групп” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Булган брокер”  ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа билээ.   Манай компанийн зүгээс компанийн шаардлагыг эс зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.   Сөрөг нэхэмжлэлд   дурдсан  манай компаниас  хамтран ажиллах гэрээний төлбөрт 100.000.000 төгрөг төлсөн.  “Алъяанс финанс групп ББСБ” ХХК нь Хаан биржийн 95 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20.400.000  ширхэг хувьцааг 1.938.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг худалдан авсан хувьцааны 2.5 хувь болох 48.450.000 төгрөгийг төлөх ёстой хэдий ч одоо 100.000.000 төгрөгийг төлсөн. Иймд энэхүү 51.550.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

 

            Нэхэмжлэгч “Булган боркер ҮЦК”ХХК-ийн шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцаанаас худалдан авах гэрээнд зуучлуулахдаа 90-ээс дээш хувь буюу 95-100 сая ширхэг хувьцаа худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж гэрээ байгуулсан. Хөдөө аж ахуйн биржийн хувьцааг төр гаргадаг  учир ганц компанид давуу эрх олгох боломжгүй гэсэн. Тэгээд 5 компани нэгдээд Хөдөө аж ахуйн биржийн хувьцааг авах ажиллагааг хийсэн. Эдгээр компанийн захирал, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга нь О.Эрдэнэ, БНХАУ-ын иргэн WU JIANGUO нар өөрсдөө байдаг. Өөрөөр хэлбэл ХААБ-н хаалттай хүрээнд гаргасан хувьцаанаас 1 компанид 2040 багцаас илүү  гэсэн шаардлагыг Монгол Улсын Засгийн Газраас тавьсан учир БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 5 компанийг уг дуудлага худалдаанд оролцуулж нийт 10 200 багц буюу 102 сая ширхэг хувьцааг худалдан авсан юм. Эдгээр 5 компани бид авах ёсгүй хувьцаагаа авчихлаа, хувьцаагаа дутуу авчихлаа гэж гомдол гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгй. Хариуцагч тал нэг бүр нь 95 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 20.400.000 ширхэг хувьцааг 1.938.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний 2.5 хувь нь 48.450.000 төгрөг болж байгаа юм. Хариуцагч талаас 100.000.000 төгрөг төлсөн болохоор илүү төлсөн 51.550.000 төгрөгийг буцааж авна гэдэг. Гэрээгээр болон бодит үйлдлээр “Алъяанс финанс групп ББСБ”ХХК нь энэхүү 9.690.000.000 ширхэг хувьцаа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 48.450.000 төгрөг төлөх ёстой компани хэзээ ч 100.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж бичээд шилжүүлэх боломжгүй. Гэрээнд зааснаар 242.250.0000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан компани энэхүү мөнгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн хамт байж байгаад хамтран ажиллах гэрээг дүгнэсэн. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээ дүгнэсэн актанд “Альяанс финанс групп ББСБ” ХХК-н захирал О.Эрдэнэ гарын үсэг зураагүй тул хамтран ажиллах гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн бөгөөд ямар манай талаас шүүхэд гарган өгсөн нотлох баримтанд гарын үсэг зурсан гэрээний хуулбар байгаа болно. Хамтран ажиллах гэрээ дүгнэсэн актыг байгуулахад “Альяанс финанс групп ББСБ”ХХК аас БНХАУ- иргэн WU JIANGUO, САО ҮОNG , Монгол Улсын иргэн О.Эрдэнэ нар оролцож гарын үсгээ зурцгааж тамга тэмдэгээ дарсан байхад гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад          

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаад мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХХК нь хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 171.411.250 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн 51.550.000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 142.250.000 төгрөгийн шаардлагыг хангаж, 29.161.250 төгрөгийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК нь Хөдөө аж ахуйн биржийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг “Булган брокер ҮЦК”ХХК-иар зуучлуулан худалдан авч, хувьцаа худалдан авах хэлцлийг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд хувьцаа худалдан авах нийт үнийн дүнгийн 2.5 хувьтай тэнцэх хэмжээний хөлсийг зуучлагчид төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-14/

            Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байна.

            Учир нь талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хамтран ажиллах гэрээ нэрээр байгуулагдсан боловч оролцогчид хураамж төлөн, хамтран ашиг олох болон бусад зорилгыг хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй,  харин  нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХК нь хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-ийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээд болох “Хөдөө аж ахуйн бирж”ХХК-тай холбож өгөн хувьцааг худалдан авахад зуучилж, үүний төлөө хөлс төлөх авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд зуучлалын гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХК нь гэрээнд заасны дагуу “Хөдөө аж ахуйн бирж”ХХК-ийн хаалттай хүрээнд гаргаж буй хувьцааг худалдан авахад зуучлах үүргээ биелүүлж “Алъянс финанс групп”ХХК болон түүнтэй харилцан хамаарал бүхий “АФГ санхүүгийн групп”ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Эй эф жи капитал менежмент”ХХК, “Глобал инвестмент фонд”ХХК нар нь тус бүр 2040 багц буюу 20.400.000 ширхэг хувьцаа, нийт 102.000.000 ширхэг хувьцааг 9.690.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь зохигчдын тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээг дүгнэсэн №01/16 тоот акт, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдээр  нотлогдож байна. /хх-15, 173-200/

            Нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХК нь гэрээний 3.2-т заасны дагуу хувьцаа худалдан авах дүнгийн 2.5 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлс болох 242.250.000 төгрөгийг зуучлагчид төлөх үүрэгтэйгээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 142.250.000 төгрөгийн хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-16/

            Хариуцагч “Алъянс финанс групп”ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу 20.400.000 ширхэг хувьцааг 1.938.000.000 төгрөгөөр худалдаж авсан тул гэрээний 3.2-т заасны дагуу 48.450.000 төгрөгийг нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХК-нд төлөх ёстой.  Хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актад дурдагдсан “АФГ санхүүгийн групп”ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Эй эф жи капитал менежмент”ХХК, “Глобал инвестмент фонд”ХХК-иуд нь тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд “Алъяанс финанс групп ББСБ”ХХК, түүний ТУЗ-ын дарга Wu Jiangu-д дангаараа дээрх компанийг төлөөлөх, шийдвэр гаргах олгогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч “Алъянс финанс групп ББСБ”ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн №01/16 дугаартай актаар зөвхөн өөрт ногдох 20.400.000 ширхэг хувьцааг худалдан авсаны зуучлалын хөлс төдийгүй,  өөрийн харилцан хамаарал бүхий “АФГ санхүүгийн групп”ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Эй эф жи капитал менежмент”ХХК, “Глобал инвестмент фонд”ХХК-иудын худалдан авсан, нийт 102.000.000 ширхэг хувьцаа худалдан авсаны зуучлалын хөлс болох 242.250.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 42.250.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 100.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Дээрх гэрээ дүгнэсэн актад “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-ийг төлөөлж захирал О.Эрдэнэ, ТУЗ-ын дарга Ү Жиангуо нар гарын үсэг зурсаныг хууль зөрчсөн, эрх олгогдоогүй этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХХК нь зуучлалын хөлсний үлдэгдэл 142.250.000 төгрөгийг хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иас шаардах эрхтэй байна.

            Харин талууд зуучлалын гэрээндээ алданги тооцох талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анз шаардах эрхгүй бөгөөд гэрээ дүгнэсэн актад алданги төлөхөөр тохиролцсоныг анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас алданги 29.161.250 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар:

            Хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иас гаргасан хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн 51.550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэсгүй байна гэж үзлээ.

            Учир нь зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээг дүгнэж 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр акт үйлдсэнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 3.2-т хувьцаа худалдаж авсан компаниуд хувьцаа худалдан авах үнийн дүнгийн 2.5 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний хөлсийг зуучлагч “Булган брокер” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ХААБ-н хаалттай хүрээнд гаргасан хувьцаанаас 1 компанид 2040 багцаас илүү  гэсэн шаардлагыг Монгол Улсын Засгийн Газраас тавьсан учир БНХАУ-ын иргэн WU JIANGUO нь 5 компанийг уг дуудлага худалдаанд оролцуулж нийт 10 200 багц буюу 102 сая ширхэг хувьцааг худалдан авсан юм” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд зуучлалын харилцаа үүссэн үед “АФГ санхүүгийн групп”ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иудын ТУЗ-ын даргаар БНХАУ-ын иргэн Wu Jiangu, “Эй эф жи капитал менежмент”ХХК, “Глобал инвестмент фонд”ХХК-иудын гүйцэтгэх захирлаар О.Эрдэнэ  нар ажиллаж байсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа,  хувьцаа худалдан авах гэрээнүүд зэргээр тогтоогдож байх ба өөрсдийн хувьцаа эзэмшдэг компаниудад хувьцаа худалдан авч байршуулж, зуучлалын үр шимийг хүртсэний үндсэн дээр зуучлалын хөлсийг “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иас төлж барагдуулахаар тохиролцсоныг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүйгээс гадна  гэрээ дүгнэсэн актад компанийн тамгыг дарж баталгаажуулж, актад заасан графикийн эхний төлбөр болох 100.000.000 төгрөгийг нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХХК-д шилжүүлсэн нь зуучлалын гэрээ  болон гэрээ дүгнэсэн акт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байна. /хх-62-66/

            Хавтаст хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээ дүгнэсэн акт гэсэн захирал О.Эрдэнийн гарын үсэгтэй болон гарын үсэггүй баримтууд гаргаж өгсөн боловч О.Эрдэнэ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон шүүх хуралдаанд оролцохдоо “Би хамтран ажиллах гэрээг дүгнэсэн акт дээр гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн,  би “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Тухайн үед гэрээ хэлцэл хийж байхад надад яаралтай ажил гараад шууд Хөдөө аж ахуйн бирж рүү гараад явсан. Нэг гэрээндээ зурж амжаад, нөгөө гэрээн дээрээ гарын үсэг зурж амжаагүй, дараа нь зурчихаж болох байх гэж бодсон. Гэрээ дүгнэсэн актыг БНХАУ-ын иргэн Wujiangu нь орчуулагч Сай вангаар уншуулж байгаад  гарын үсгээ зурсан. Орчуулагч нь монгол хэлээр маш сайн уншиж бичиж чаддаг хүн байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул гэрээ дүгнэсэн актад О.Эрдэнэ гарын үсэг зураагүй, гэрээ дүгнэсэн акт нь монгол хэлээр ямар ч орчуулгагүй, БНХАУ-ын иргэн Wujiangu нь монгол хэл мэдэхгүй байхад гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх-114-120/

            Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дүгнэсэн актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

            Дээрх актаар зуучлалын хөлс болох 242.250.000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 42.250.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 100.000.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 100.000.000 төгрөгийг “Булган брокер ҮЦК”ХХК-д шилжүүлсэн нь гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлсэн гэж тооцогдохоос бус “Булган брокер ҮЦК”ХХК-нд илүү  51.550.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэхгүй.

            Учир нь хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК нь өөрийн компанийн худалдан авсан хувьцааны зуучлалын хөлс төдийгүй “АФГ санхүүгийн групп”ХХК, “АФГ трейдинг”ХХК, “Эй эф жи капитал менежмент”ХХК, “Глобал инвестмент фонд”ХХК-иудын худалдан авсан нийт 102.000.000 төгрөгийн хувьцаа худалдан авсаны зуучлалын хөлс болох 242.250.000 төгрөгийг төлж барагдуулахаар гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрсөн байна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 142.250.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.027.700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  869.200 төгрөгийг хариуцагчаас, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 12694 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон          

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иас 142.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29.161.250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,  492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-ийн гаргасан хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн актыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, илүү төлсөн 51.550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.027.700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алъяанс финанс групп ББСБ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 869.200 төгрөг, улсын орлогоос 12694 төгрөг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Булган брокер ҮЦК”ХХК-д  олгосугай.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

               5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР