Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 0889

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,  

           нарийн бичгийн дарга Г.Н,   

           улсын яллагч Д.Н,  

            хохирогч П.Г ,

            шүүгдэгч Х.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ийн М-д холбогдох 2008 0115 31100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн байцаалт :   

Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 27 дугаар байрны 5 дугаар орцны 168 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б. овогт Х-ийн С, /РД: .............../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:   

Шүүгдэгч Х.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны гадаа иргэн П.Г ийг эрүүлжүүлэхээр авч явж байсан цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл дотор хамт явж байхдаа түүний газарт унагаасан 4.300.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хэлэлгүй завшиж 4.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :    

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Х.М  нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчим иргэн П.Г ийн хамт албадан саатуулах арга хэмжээ авагдахаар  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны нутаг дэвсгэрт цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл дотор зорчин явж байхдаа П.Г ийн гээгдүүлсэн 4.300.000 төгрөгийг завшсан болох нь :          

- иргэн П.Г ийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр машинаа зараад 4.300.000 төгрөгийг бэлнээр авч, машинд архи пиво уугаад байж байхад алаг тэрэгтэй 2 цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхээр машиндаа суулгаад явж байхад бас нэг хүн хамт сууж байсан. Эрүүлжүүлэх байр руу ороход миний мөнгө байхгүй болсон байсан...тухай цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-8/,

- хохирогч П.Г ийн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Сайн ломбард”-д байсан өөрийн эзэмшлийн 39-34 УНД улсын дугаартай Тоёота приүс машиныг 7.300.000 төгрөгөөр зарсан ба авсан хүн нь надад 3.000.000 төгрөгийг дансаар өгөөд 4.300.000 төгрөгийг ломбарданд тавиад бэлнээр авч өгсөн. Орой 22 цагийн машин дотор пиво уугаад сууж байхад шөнө 00 цагийн үед 2 цагдаа ирээд бид нарыг машинаас буулгаад шалгасан. Намайг машиндаа суулгахад 40 гаран насны эрэгтэй хүн мөн сууж байсан. Би баруун талаар нь орж суухад тэр хүн сэрүүн байсан. Ингээд бид 2-ыг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэс рүү явж байхдаа торгуулаад явчихъя гэж цагдаа нараас гуйсан боловч дотогшоо аваад орсон. Тэгээд надад байгаа эд зүйлсийг ширээн дээр гаргаж тавихад миний халаасанд байсан шар дугтуйтай 4.300.000 төгрөг гарч ирээгүй...Мөнгө алга  болсон талаар Гунгаабууд хэлээгүй, учир нь 22-р байрны гадаа мөнгөө унагаачихаж гэж бодоод эрүүлжүүлэхэд оролгүйгээр гарч очоод мөнгөө олно гэж бодсон...22-р байрны гадаа очоод  мөнгөө хайхад мөнгө харагдаагүй...Машинд байсан хүн мөн л торгуулна гэж байх шиг байсан, алаг тэргэнд хамт сууж байсан эрэгтэй хүн миний мөнгийг авсан байх гэх мэдүүлэг /хх-41-42/,

- гэрч М.Г-гийн “...тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн авто эргүүлд эргүүлийн офицер Н.Б-ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан...Тухайн иргэний биед үзлэг хийхэд гар утас, бор өнгийн хэтэвч, дотор нь иргэний үнэмлэх 1 ширхэг, 2 банкны карт, Онцгой байдлын албаны тэмдэг зэрэг гарч ирсэн бөгөөд ямар ч бэлэн мөнгө гарч ирээгүй. Саатуулах байранд байхдаа намайг торгоод явуулчихаач, маргааш ажилтай гээд байхлаар нь  офицертоо танилцуулаад торгохоор болсон...Торгуулийн мөнгөө АТМ-ээс авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-47/,

-  гэрч Н.Б-жийн “...Тухайн өдөр Н.Г-гийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23:56 цагт 89760513 дугаараас “27-р байрны 5-р орцны 6 давхарт согтуу хүн агсам тавиад зодчих гээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу 27-р байрны 5 дугаар орцны гадаа очиход тухайн орцны жижүүр гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн Хишигтийн М-Э-ийн /................../ гэдэг эрэгтэй хүнийг 6 давхраасаа орцныхоо үүдэнд буулгаад ирчихсэн зогсож байсан. Бид 2 М ийн  хувцаст болон биед нь үзлэг хийгээд өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс биед нь хурц үзүүртэй зүйл, төмөр эд зүйл байгаа эсэхийг шалгаад автомашиныхаа арын суудал дээр суулгасан. Тухайн иргэний биеэс ямар нэгэн овор ихтэй зүйл гарч ирээгүй. Орон гэргүй тэнэмэл хүн байх шиг байсан. М гэх хүнийг автомашинд суулгах үед бид 2-т дараагийн дуудлага ирсэн. Тэр дуудлага нь 00:30 цагт 99995867 дугаарын утаснаас “машин дотор хүмүүс архидаад хоорондоо зодолдоод байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу 27-р байрны гаднаас хөдлөөд шууд 22-р байрны 4-р орцны харалдаа зүүн талд, цэцэрлэгийн баруун хойд буланд байрлах авто машины зогсоол дээр очсон. Машины дэргэд 2 залуу зогсож байсан.  Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад заасны дагуу хориглосон газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас 25 нэгжээр торгоно гэж хэлэхэд дуудлага өгсөн гэх залуу уурлаад “торгуулахгүй” гээд бүгд эсэргүүцээд байсан, нилээн ноцолдож байгаад хөлийг нь арай гэж оруулаад хаалгыг нь хаачихаад нөгөө хэдийг нь “харьж амарцгаа” гэж хэлээд саатуулах байр руу хөдөлсөн. Тухайн залууг машинд суухад өмнөх дуудлаганаас авсан эрэгтэй арын суудалны зүүн талд суугаагаараа унтаж байсан. Сүүлд авсан залуу өмнөх дуудлагаас авсан залууг сэрээчихсэн “Чи юу вэ? Хэн бэ?” гэчихсэн хэрэлдэж байсан. Замдаа тэр залуу “би торгуулчихья” гэж хэлэхээр нь чамайг саатуулна гэж хэлэхэд тэрний хажууд сууж явсан залуу тэгвэл би торгуулчихья гэж хэлэхээр нь “чамд мөнгө байгаа юм уу” гэж асуухад “мөнгө байгаа” гэж хэлээд халаасаа ухаад байх шиг байсан. Тэгээд халааснаасаа үзүүр нь урагдсан, базагдчихсан 20.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирсэн. Тэр мөнгийг нь нөгөө залуу шүүрч аваад бид 2-ын суудлын голоор урагшаа шидсэн. Би тэр мөнгийг нь өөрийнхөө урд талд тавьсан. Тэгээд дүүргийн түр саатуулах байрны гадаа очоод манай жолооч цагдаа Гунгаабуу сүүлийн дуудлаганаас авсан залууг машинаас буулгасан чинь саатуулах байр руу орохгүй “торгуулчихья л даа” гээд машин тойрч зугтааж байгаад хамт саатуулах байр руу орсон. Би тэр хугацаанд машиндаа эхний дуудлаганаас авсан залуутай машиндаа үлдээд таб дээрээ дуудлага мэдээллийнхээ шийдвэрлэлтийг хийж байсан. Гэтэл саатуулах байр дотроос манай цагдаа над руу залгаад “Энэ хүн чинь Онцгойд ажилладаг гэж байна, Онцгой байдлын албаны тэмдэг гарч ирлээ гэхээр нь зөвшөөрсөн...Тэр залууг аваад машинд суухад нь “торгуулийн мөнгөө гаргаад ир” гэж хэлсэн чинь “бэлэн мөнгө байхгүй. Картнаас авч өгье” гээд Хаан банкны АТМ-ны үүдэнд очиж зогсоод тэр залууг буулгахад АТМ орж карт уншуулчихаад бэлэн 50.000 төгрөг аваад ирсэн. Торгуулын 25.000 төгрөгөө аваад, үлдсэн мөнгийг нь өөрт нь шийтгэлийн хуудасны 1 хувьтай өгөөд тэр залууг тэнд нь үлдээгээд хөдөлсөн. Тэндээс хөдлөөд 34-р байрны гүүр хүрэх замаар явж байгаад эхний дуудлаганаас авсан залууг 33-р байрны баруун талд 10.000 төгрөгийн шийтгэлийн хуудсаар торгоод, 20.000 төгрөгний хариулт 10000 төгрөгийг нь өөрт нь өгөөд тэнд нь буулгаад явуулсан...Ахлах ахлагч Г  саатуулах байрны хяналтын камерын дор тухайн иргэний биед үзлэг хийхэд биеэс нь мөнгө гараагүй байсан...Хэрвээ тухайн иргэн манай албаны машинд суух үед мөнгө нь байсан бол манай машинд сууж явсан өмнөх дуудлаганаас авсан эрэгтэй авсан байж магадгүй. Бид 2 өөрсдийн машиныхаа арын суудлыг шалгахад арын суудал дээр юу ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг/хх-49-50/,

- цагдаагийн байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 00:30 цагт “машин дотор хүмүүс архидаад хоорондоо зодолдоод” байна гэх гомдол мэдээлэл ирснийг бүртгэсэн лавлагаа /хх-ийн 23/, 

- цагдаагийн байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 20-ний шөнийн 23:56 цагт “согтуу хүмүүс агсам тавиад зодчих гээд байна” гэх гомдол мэдээлэл ирснийг бүртгэсэн лавлагаа /хх-ийн 24/,

- Х.М , П.Г  нарыг 2020 оны 02 дугаар сарын 21- ний өдөр Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан баримт /хх-ийн 26-27/,

- шүүгдэгч Х.М-ийн...тухайн үед манай дүү нар гэртээ байхгүй орж чадахгүй шатан дээр унтаж байхдаа орцны жижүүртэй маргасан юм шиг байна лээ. Орцны жижүүр цагдаа дуудаад намайг авч явсан ба цагдаа нар бас нэг дуудлагатай явж байсан бөгөөд нэг залууг 22 дугаар байрны орчмоос аваад машинд суулгасан. Тухайн үед тэр залуугийн халааснаас нэг зүйл  унах шиг болохоор нь бариад үзтэл мөнгө байхаар нь сугандаа хийсэн. Замдаа намайг торгуулиад явах уу гэхээр нь би зөвшөөрөөд нөгөө боодолтой мөнгөнөөс 20.000 төгрөг өгөхөд буцаагаад 10.000 төгрөг хариулж өгсөн. Тэгээд би тэндээсээ буугаад такси бариад төмөр замд нэг зочид буудалд орсон. Тэр өдрөө мөнгөө тоолоогүй...Цагдаагийн машинаас олдсон мөнгө байна гэж бодоогүй. Мөнгө олохдоо хэнд ч хэлээгүй...тухай мэдүүлэг /хх-90/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хариуцлагагүй байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрт байсан бэлэн мөнгөө хамгаалах буюу гээгдэх, алдагдахыг мэдэх чадвар алдагдсан, мөн албадан саатуулахаар автомашинд оруулах гэхэд цагдаагийн албан хаагчтай зүй бус харьцан улмаар  харилцан барьцалдсан, цагдаагийн автомашинд ороод Х.Мөнх-Эрдэнийг сэрээж, хэрэлдсэн зэрэг үйлдлүүд гаргасан байх ба энэ явцад хохирогчийн мөнгө унасан байхад нь авчихсан тухай шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл, баримт байна.    

Иймд шүүгдэгч Х.М-ийн гээгдэл 4.300.000 төгрөг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Тус гэмт хэргийн улмаас хохирогч П.Г т 4.300.000 төгрөгийн хохирол учирсан /хх-8, 41-42/ байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй ба хохирогч нь цагдаад торгуулах үедээ өөрт байсан бэлэн мөнгө алга байгааг мэдсэн гэх атлаа тухайн үед цагдаад мэдэгдээгүйгээс тус хэргийг газар дээр нь шуурхай илрүүлж, хохирлоо тэр даруйд авах боломжийг алдсан байгааг тэмдэглэв.      

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

Шүүгдэгч нь ял шийтгүүлж байгаагүй /х-74/, тус хэрэг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.       

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн тодорхой гэр орон, хөрөнгөгүй зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.   

Шүүгдэгч нь 2020.08.03-ны өдрөөс 2020.08.07-ны өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

         ТОГТООХ нь :

 

1.  Шүүгдэгч Х.М-ийг гээгдэл 4.300.000 төгрөг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийг 700 /долоон зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийн цагдан хоригдсон 4 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 32 цагаар тооцож, түүний эдлэх ялаас хассугай.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М эс 4.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Г т олгосугай.     

6. Шүүгдэгч Х.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хоригдож буй Х.М-ийг суллаж, шийтгэх тогтоол   хүчин төгөлдөр болох хүртэл түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

7. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.      

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г. Г