Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1300

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2020        07         16                                   2020/ШЦТ/1300

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.От холбогдох эрүүгийн 2006 00891 0768 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Плаза”-ын хашаанд байсан иргэн Г.Өлзийсайханы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн тухайн тээврийн хэрэгслийг авч яваад нүүрсэн янданг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00891 0768 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Т.О нь хулгайлах болон автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Өлзийсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнгэр Плаза”-ын хашаан дотор автобус тосож таксинд явах гээд өөрийн эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг асаачихсан зогсож байсан. Удалгүй автобус ирэхээр нь хүн авах гээд машинаа асаалттай чигээр нь орхичихоод автобус дээр очиж хүнээ авчихаад эргээд машин дээрээ иртэл байхгүй болчихсон байсан. Тэгээд таксины жолооч нараас асуухад Томоо унаад явсан гэсэн. Тэгэхээр нь Томоогийн 8950-9197 дугаарын утас руу залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Гэтэл Өлзий “Тэнгэр Плаза”-ын хажууд байрлах Петровис дээр ирээд “Томоо чиний машиныг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Шаргал төвийн зүүн талд яаман дээр гаргачихсан, янданг нь тайлж байх шиг байсан. Тэгэхээр нь ирж хэлж байна” гэсэн. Тэгээд Өлзийгийн машинтай очиход миний машин байхгүй байсан. Би тэгэхээр нь Өлзийгийн машинтай гарах хаалгыг нь хааж зогсоод цагдаа дуудсан. ...Томоо над руу “Уучлаарай” гэсэн мессеж бичихээр нь Томоогийн утас руу залгаад “Дүүргийн автобусны буудал дээр уулзая” гэж хэлээд ирэхээр нь цагдаад хүлээлгэж өгсөн. ...Миний 59-97 УНС дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг нь солиод оронд нь өөр яндан тавьчихсан байсан. ...тэр үед миний танил Т.О нь надаас зөвшөөрөл авахгүйгээр асаалттай машиныг минь нууцаар аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх-н 39-43, 172-174/,

 

Гэрч Б.Өлзийбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 01-ний 2 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын урд байрлах шатахуун түгээх станцаас бензин хийх гээд Чулуун-Овооны тойргоор эргээд Нарантуул захын чиглэлд явж байсан. Тэгтэл замын хажууд буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Ориентал” зочид буудлын замын ард найз Өлзийсайханы 59-97 УНС улсын дугаартай, саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийг яаман дээр гарчихсан 2-3 хүүхэд янданг нь тайлж байсан гэх мэдүүлэг /хх-н 45-46/,

 

Гэрч У.Ган-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 07 дугаар сараас эхлээд фэйсбүүкээр “Нүүрсэн яндан авна” гэж зар байршуулж, яндан авч эхэлсэн. Фэйсбүүк дээр зарын дагуу холбогдсон хүмүүсээс очиж янданг нь авдаг. ...тэгтэл над руу 8950-9197 дугаараас залгаад нүүрсэн яндан авах уу? гэхээр нь би Улаанкагийн дугаарыг өгсөн. ...тэгээд би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Ориентал” төвийн засвар дээр очоод Билгээ, Улаанка хоёртой паб-жи тоглоод байж байхад 2 цагийн орчимд нэг ах приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, зөөлөн яндан өгөхөөр ирсэн. Бид гурав “Энэ хэний машин бэ?” гэхэд “Ахынх нь машин, яаралтай мөнгөний хэрэг гараад зөөлөн яндангаа зарах гэж байгаа юм” гэсэн. Тэгээд Билгээ янданг нь тайлаад оронд нь өөр гагнаастай яндан тавьж өгөөд байж байтал Билгээд нөгөө ах “Дансаар мөнгийг нь явуулчих” гэж хэлээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-н 51-53/,

 

Гэрч О.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

...Улаанка над руу залгаад “Нэг хүн яндан зармаар байна гэж байна, би гэртээ байна, одоо очлоо” гэсэн. ...удалгүй 59-97 УНС улсын дугаартай мөнгөлөг саарал приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг автомашины яаман дээр гаргаад янданг нь тайлж аваад гагнаастай яндан тавьж өгсөн. Дараа нь нэг эрэгтэй хүн машинтай ирээд “59-97 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаана байна” гэсэн гэх мэдүүлэг /хх-н 55-59/,

 

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

...миний дугаар руу 8950-9197 гэсэн дугаараас залгаад “Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан авч байгаа юу? гэхээр нь би “Авч байгаа” гэсэн. Гэтэл нөгөө эрэгтэй “Хэдэн төгрөгөөр авч байгаа вэ? одоо яваад очвол болох уу?” гэсэн. Би “100.000 төгрөгөөр авч байгаа, Баянзүрх дүүргийн “Ориентал” зочид буудлын замын эсрэг талд хүрээд ир” гэсэн. ...нөгөө ах 02 цаг40 минутын орчимд ирсэн. Билгээ янданг нь тайлаад оронд нь өөр гагнаастай яндан тавьж өгөөд байж байтал Билгээд нөгөө ах “Дансаар явуулчих” гээд яваад өгсөн. Нөгөө ахын дугаараас миний гар утсан дээр “5022862418 О” гэсэн дансны дугаар ирсэн гэх мэдүүлэг /хх-н 60-64/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б31-20-464 дугаартай:

Тоёота приүс 20 маркын автомашины зөөлөн яндан 1 ширхэг нь 380.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 81-82/

 

Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Өлзийсайханы машиныг унаж яваад тээрийн хэрэглийн зөөлөн янданг нь зарах бодолтой унаж явсан. Өлзийсайханы 59-97 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны тойргоор тойроод явж байхдаа 8063-0440 дугаар руу залгаад “Зөөлөн яндан авч байгаа юу?” гэж асуухад “Авна” гэсэн. ...тэгээд очиход 3 залуу байсан ба тээврийн хэрэгслийн яаман дээр гаргаад Өлзийсайханы янданг аваад өөр гагнаастай яндан тавьсан. ...тухайн үед би сэтгэл санаа жаахан тааруухан байсан. Тэгээд архи уух санаатай найз Өлзийсайханы машины зөөлөн яндан буюу калтизаторыг зарах гэж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол мөнгөө бүрэн барагдуулсан. ...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Зүүн аймгийн авто вокзалын зогсоол дээр асаалттай байсан Г.Өлзийсайханы 59-97 УНС тээврийн хэрэгслийг өөрт нь хэлэхгүйгээр нууцаар унаад явчихсан гэх мэдүүлэг /хх-н 114-117, 175-177/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-н 4-5/,

-хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-н 6/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 9-32/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-н 33-36/,

-хохирогч Г.Өлзийсайханы “Т.Оаас эд зүйлээ бүрэн хүлээж авлаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 121-122/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг хувийн байдлын талаарх баримт /хх-н 86-95/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Плаза”-ын хашаанд байсан иргэн Г.Өлзийсайханы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

мөн тухайн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь гэмт этгээд уг тээврийн хэрэгслийг өөртөө бүр авч хэрэглэж ашиглах зорилгогүйгээр өөрт тулгарсан түр зуурын хэрэгцээг хангах зорилгоор эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр нууцаар авч яван байршилыг нь сольсноор бүрэн үйлдэгддэг.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Т.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг завших зорилгойгүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Т.Оыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Т.От ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

 

Хохирогчийн алдсан эд зүйлийг төлж өгсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул Т.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрт нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Тын Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Т.Оыг тус бүр шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Т.О нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ