Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/549

 

 

 

 

 

   

Т.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1159 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын эсэргүүцлээр Т.От холбогдох 2006008910768 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Тын О, 1987 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 94 дүгээр байрны 123 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Т.О нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр Плаза” төвийн хашаанд байсан иргэн Г.Өы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 380.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь 59-97 УНС улсын дугаартай автомашиныг “Тэнгэр плаза” төвийн хашаанаас эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яван нүүрсэн янданг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Автотээврийн хэрэгслийг эзэнд нь мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр авч явж, эд ангиар нь салгаж худалдсан, ашигласан бол автотээврийн хэрэгслийг авсан аргыг харгалзан өмчлөх эрхийн эсрэг аль тохирох гэмт хэргээр зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндэд халдахгүйгээр, өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст ямар нэгэн байдлаар мэдэгдэлгүйгээр эд зүйлийг авч өөртөө захиран зарцуулах боломжтой байдал үүсгэх үйлдэл байдаг. Шүүгдэгч Т.О нь 59-97 УНС улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг завших зорилгоор өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч явсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Харин Т.Оыг хохирогч С.Өы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан гэж 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа арга, гэмт хэргийн халдлагын зүйлд дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр явуулж хэргийг шийдвэрлүүлэхээр дахин шүүхэд ирүүлэх нь зүйтэй. ...” гээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Т.От холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол...” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт цугларсан баримтуудаас Т.О нь мөнгө олох зорилгоор хохирогч С.Өы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарж, оронд нь өөр яндан тавьж, улмаар тээврийн хэрэгслийг хохирогчид буцаан өгсөн болох нь гэрч У.Ган-Очир, О.Билэгсайхан, Б.Отгонбаяр нарын болон яллагдагч Т.Оын мэдүүлгээр тогтоогдсон болно. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг хамааруулан ойлгох учиртай. Яллагдагч Т.О нь зөвхөн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад зарсан ба улмаар тухайн тээврийн хэрэгсэлд өөр яндан орлуулан тавиад хохирогчид буцаан өгсөн нь автомашиныг бүхэлд нь хулгайлах зорилготой байгаагүйг илтгэнэ. Харин автомашин авч явсан үйлдлийг нь нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн арга нь гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинж биш гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1159 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1159 дугаартай шүүгчийн захирамжаар: “...Шүүгдэгч Т.О нь 59-97 УНС улсын дугаартай “Toyota Prius 20” загварын автомашиныг завших зорилгоор өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч явсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Харин Т.Оыг хохирогч С.Өы эзэмшлийн 59-97УНС улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлсан гэж 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа арга, гэмт хэргийн халдлагын зүйлд дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр явуулж хэргийг шийдвэрлүүлэхээр дахин шүүхэд ирүүлэх нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлүүдээр Т.От холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Т.От холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд яллах дүгнэлт үйлдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, яллагдагч Т.О нь “Тэнгэр Плаза” төвийн хашаанд байсан иргэн Г.Өы эзэмшлийн 59-97 УНС улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг бусдад зарах зорилгоор авч явсан үйл баримт нь:

хохирогч Г.Өы “...Машинаа асаалттай чигээр нь орхичхоод автобус дээр очиж хүнээ авчихаад эргээд машин дээрээ иртэл машин минь байхгүй болчихсон байсан. ...Удалгүй манай найз Өлзий ... ирээд “Томоо чиний ... яаман дээр гаргачихсан, янданг нь тайлж байх шиг байсан. ...” гэсэн. ...Миний 59-97 УНС дугаартай тээврийн хэрэгслийн зөөлөн янданг нь солиод оронд нь өөр яндан тавьчихсан байсан. ...” /хх 39-43/,

гэрч Б.Өлзийбаярын “...Найз Өы 59-97 УНС улсын дугаартай, саарал өнгийн, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл яаман дээр гарчихсан, 2-3 хүүхэд янданг нь тайлж байсан. ...” /хх 45-46/,

гэрч У.Ган-Очирын “...Над руу 8950-9197 дугаараас залгаад “Гуурсан яндан авах уу?” гэхээр нь гэхээр нь би Улаанкагийн дугаарыг өгсөн. ...Нэг ах “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлтэй, зөөлөн яндан өгөхөөр ирсэн. ...Янданг нь тайлаад оронд нь өөр гагнаастай яндан тавьж ... өгсөн. ...” /хх 51-53/,

гэрч О.Билэгсайханы “...Улаанка над руу залгаад “Нэг хүн яндан зармаар байна гэж байна, би гэртээ байна, одоо очлоо” гэсэн. ...Удалгүй 59-97 УНС улсын дугаартай, мөнгөлөг саарал, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийг автомашины яаман дээр гаргаад янданг нь тайлж аваад гагнаастай яндан тавьж өгөөд байж байтал нэг эрэгтэй хүн машинтай ирээд “59-97 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаана байна” гэсэн. Тэгэхээр нь “Сая явчихсан” гэсэн. ...” /хх 55-59/,

гэрч Б.Отгонбаярын “...Миний дугаар руу 8950-9197 гэсэн дугаараас залгаад “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан авч байгаа юу?” гэхээр нь би “Авч байгаа” гэсэн. ...Нөгөө ах 2 цаг 40 минутын орчимд ирсэн. Билгээ янданг нь тайлаад оронд нь өөр гагнаастай яндан тавьж өгөөд байж байтал Билгээд нөгөө ах “Дансаар явуулчих” гээд яваад өгсөн. Нөгөө ахын дугаараас миний гар утсан дээр “5022862418 О” гэсэн дансны дугаар ирсэн. ...” /хх 60-64/,

Т.Оын яллагдагчаар өгсөн “...Өы машиныг ... тээврийн хэрэгслийн зөөлөн янданг нь зарах бодолтой унаж явсан. Өы 59-97 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад ... явж байхдаа 8063-0440 дугаар руу залгаад “Зөөлөн яндан авч байгаа юу?” гэж асуухад “Авна” гэсэн. ...Очиход 3 залуу байсан ба тээврийн хэрэгслийг яаман дээр гаргаад Өы янданг аваад өөр гагнаастай яндан тавьсан. ...Архи уух санаатай найз Өы машины зөөлөн яндан буюу калтизаторыг зарах гэж байсан. ...” /хх 114-117/ гэх мэдүүлгүүд авагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэж заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж шалгах шаардлагатай.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээс гадна, дээрх ажиллагааг нэмж хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2020/ШЗ/1159 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт:

“...Т.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэж заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмж шалгах...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гантулгабатын бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ