Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0683

 

 

 

 

 

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А, Э.Э нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Бгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

“...1.Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09, 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ц.Бг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бгийн ажилгүй байсан 7 сар 17 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 10.201.138 төгрөгийг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 106 дугаар зүйлийн 106.1-д “Анхан шатны шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана”, 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан байдаг.

Гэтэл хэргийн материалд авагдсан Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, МУЗЗНДНТУТ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасныг баримтлан /Давж заалдах шатны шүүхээс баримтлах заалтад оруулсан өөрчлөлт учир/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс нэр дэвшигчидтэй сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр тэдгээрийн нэгийг сонгон нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргах хүртэл тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ц.Бг ажилд томилох тухай” 44 дүгээр тогтоолыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хэрэв Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд тухайн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Улмаар шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, түүнчлэн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн” тул Тэргүүлэгчид шинээр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтын хүрээнд явуулж шинэ актыг гаргах ёстой байсан.

Гэтэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 32 дугаартай магадлалыг биелүүлэх явцдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтуудыг зөрчиж акт гаргасан байна.

Тодруулбал Ш.Бд 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагаанд оролцуулах тухай мэдэгдэл ирсэн, утсаар мэдэгдсэн талаарх баримт үйлдэгдсэн боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс энэ үед захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-27.6-д заасан хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн болно.

Ингээд ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болох Ш.Бгаас гаргасан өргөдөл, гомдлыг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээн авч, ажлын хэсэн байгуулан, тэдгээрийн дүгнэлтийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаартай актыг хүчингүй болгосон байдаг.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай актыг гаргах явцдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд болох Ш.Бд холбогдох захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх зэрэг эрхүүдийг нь ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр нөхцөл байдлууд байсан болох нь харагддаг.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан дээрх актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байгаа гэж үзэхээр байгаа, түүнчлэн захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг тул тэдгээрт харшилсан захиргааны акт гарсан тохиолдолд хууль зөрчсөн захиргааны акт гэж үздэг тул хүчингүй болгож Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, дахин сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулж шинэ акт гаргах нь хууль зүйн хувьд ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9,10 дугаар тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх шаардлагатай байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зэрэг шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гурав. Хариуцагчийн өмгөөлөгч О.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй тухайд:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Шийдвэрт “Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Г, түүний өмгөөлөгч Г.Г, гуравдагч этгээд Ш.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Т нар оролцов" гэж бичигдсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүх хуралд дээрх оролцогч нараас гадна гэрч С.М оролцсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ” гэж зааснаас үзэхэд шүүх хуралдаанд оролцсон гэрчийг шийдвэрийн удиртгал хэсэгт нэрлэн заах хуулийн зохицуулалтыг шүүх зөрчиж, шүүх хуралдаанд гэрч оролцоогүй мэтээр шийдвэрийг бичсэн байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд:

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдаанд гэрч С.Мыг шүүх өөрийн санаачилгаар оролцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байх боловч гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүгчийн захирамж гараагүй байна.

Мөн шүүх гэрч С.Мыг шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авсан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Шүүх хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, баримтжуулна” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гэрчид хууль сануулсан, эрх, үүрэг тайлбарлаж гэрчээр гарын үсэг зуруулж баримтжуулаагүй байна. Хэргийн 2 дахь хавтаст гэрчид эрх, үүрэг тайлбарлаж баримтжуулсан баримт огт байхгүй байна.

Гэрчийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэгддэг. Энэ ч утгаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэр дэвшигч Ш.Бд 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1/41 тоот албан бичгээр сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг тухайн өдөр түүний фэйсбүүк хаягаар хүргүүлсэн болох нь гэрч С.Мын мэдүүлгээр нотлогдож байна. Тус мэдэгдэл дээр хуралдаан болох огноог 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт гэж техникийн алдаа гаргаж буруу бичсэнээ гэрчээс хүлээн зөвшөөрсөн болно” гэж дүгнэж маргааны зүйлийн талаар хариуцагч татгалзлын гол үндэслэлээ болгож буй сонсох ажиллагааны журам зөрчсөн гэх асуудлыг шүүх няцаасан байна. Хууль сануулж, эрх, үүрэг тайлбарлаагүй гэрчийн мэдүүлэг болох хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Гэрчид хууль сануулаагүй, эрх, үүрэг тайлбарлан баримтжуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, мөн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг шүүх үндэслэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна.

3.Шийдвэрийн үндэслэлийн тухайд:

3.1.Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Маргаан бүхий 2021 оны 6 дугаар тогтоолоор хүчингүй болгосон 2020 оны 22 дугаар тогтоол нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилсон агуулгатай хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 “ж”, 20.1-д заасан Тэргүүлэгчдийн өмнөх тогтоолоо хүчингүй болгох бүрэн эрх нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэрт хамаарахгүй, иймд хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1 “ж" 20.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, өмнө гаргасан төрийн захиргааны албан тушаалд иргэнийг томилсон тогтоолоо хүчингүй болгосон нь хууль бус байна” гэж дүгнэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “ж”-д “тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох” гэж заасан зохицуулалт нь Тэргүүлэгчдийн шийдвэрийн агуулгаас үл хамаарч хэрэгжих хуулийн зохицуулалт байхад шүүх хүний нөөцийн холбогдолтой шийдвэрт энэ зохицуулалт хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж маргааны зүйл болсон тогтоолыг хүчингүй болгосон байна. Хуулийн уг зохицуулалтыг анхан шатны шүүхийн тайлбарласнаар ойлгох ямар ч боломжгүй бөгөөд уг зохицуулалт нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ямар ч агуулгатай шийдвэр, тогтоол байснаас үл хамаарч хүчингүй болгох эрхийг олгосон зохицуулалт юм.

3.2.Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг тус тус үндэслэж нэр дэвшигч Ш.Б нь гомдол гаргах харьяаллыг зөрчсөн байна гэж дүгнэлт хийсэн нь Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан иргэн Ш.Бгийн өргөдлийн агуулгыг буруу ойлгосноос үүдэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл Ш.Б нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хамаарах агуулга болох 2020 оны 7 дугаар сарын 24 -ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах асуудлаар бус, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаандаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “иргэн намайг оролцуулж өгнө үү” гэдэг агуулгатай өргөдлийг гаргасан байна. Тус өргөдлийн дагуу захиргааны байгууллага Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэснийг өргөдөл гаргагч иргэн гомдол гаргах харьяалал зөрчсөн, захиргааны байгууллага өөрийн шийдвэрлэхгүй асуудлыг шийдсэн гэж үзэж буруутгах үндэслэл болохгүй юм.

3.3.Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс бодохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу бодсон гэх боловч уг журмыг шүүх зөв хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Тодруулбал ажлаас буруу халагдсан маргаанд цалин хөлсийг тодорхойлохдоо журмын “7.а”-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр боддог. Гэвч шүүх 6 сарын, эсхүл 3 сарын дунджаар бодсон эсэх нь тодорхойгүй байна. Дээрх журмын дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход шүүхийн шийдвэрт тусгагдсан 10.201.138 төгрөг нь буруу байна. Шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн сүүлийн 6 сарын цалин хөлсний талаарх баримтыг гаргуулснаас үзэхэд шүүх “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн сүүлийн 6 сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тодорхойлсон байна.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагаар бичигдээгүй, шүүх хуралдаанд гэрч оролцуулах захирамж гаргаагүй, гэрчид хууль сануулж эрх, үүрэг тайлбарлаж баримтжуулахгүйгээр мэдүүлэг авч, уг мэдүүлгээ шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан, маргааны зүйлийн талаар буруу дүгнэлт хийсэн, дундаж цалин хөлс тодорхойлох журмыг буруу хэрэглэсэн зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэр гаргахдаа анхнаасаа хууль бусаар ажилд томилогдсон Ц.Бгийн талд үйлчилж, Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилох үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн талаарх дүгнэлтийг хийгээгүй.

Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэр дэвшигч Ш.Бд сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлэхдээ огноог зориуд буруу тавьсан, хууль бус мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлээгүй байхад техникийн алдаа хийсэн үйл баримтыг зөв хэмээн анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ц.Бг ажилд томилохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно" гэж заасан заалтыг хангаагүй байхад шүүх дүгнэлт хийхгүй орхисон нь ойлгомжгүй байна.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016-2020 оны хооронд бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Ц.Бг удаа дараа хууль бусаар ажилд томилж, иргэн Ш.Бгийн Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 1, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.7 дугаар зүйлд зааснаар эдэлбэл зохих эрхийг ноцтой зөрчиж ирсэн хууль бус үйл ажиллагааг шүүх зөвтгөж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6, мөн оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9, 10 дугаар тогтоолууд нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт хамааралтай үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцсон хэсэгт зохих өөрчлөлт оруулав.

            Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 32 дугаар магадлал, түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 04/1328 дугаар албан шаардлагыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор тус аймгийн Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигч Ц.Б, Ш.Б нарын хэнийг нь томилох талаарх сонсох ажиллагааг анх 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийх тухайгаа 15-ны өдөр Ш.Бд мэдэгдсэн, гэвч тэрбээр “шүүхээс тогтоосон хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр сонсох ажиллагаанд оролцоогүй болохоо Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гт 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан өргөдөлдөө тодорхой тайлбарлажээ.

            Гэтэл давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг хэргийн оролцогчид 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр гардаж авсан талаар хариуцагчийн бичгийн тайлбарт дурдсаныг талуудаас үгүйсгээгүй тул үүнээс тэдгээрийн хяналтын журмаар гомдол гаргах 14 хоног болон шүүхийн шийдвэрээр тогтоосон 3 сарыг тус тус тооцоход 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор дахин шинээр акт гаргах байсан, иймд дээрх сонсох ажиллагааны тов шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хамаарч байна.

            Харин 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт мөн л сонсох ажиллагаа хийхээр товлосон тухай Ш.Бд мэдэгдэхдээ “2020 оны 5 дугаар сарын 24” гэж “сарыг” андуурсан байх боловч цаг хугацааны хувьд байж боломжгүй, илтэд алдаатай энэхүү товын талаар Ш.Б огт тодруулан лавлаагүй төдийгүй уг сонсох ажиллагаанд оролцоогүй, эрхээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсноор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 27.5-д заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхгүй.

            Учир нь гуравдагч этгээд Ш.Б удаа дараагийн сонсох ажиллагаанд оролцоогүй, үүний шалтгаанаа шүүхийн шийдвэрт заасан хугацаа хэтэрсэн, эсхүл товыг буруу мэдэгдсэн гэх байдлаар тайлбарладаг ч сүүлийн сонсох ажиллагааны товлосон хугацааг  7 дугаар сарын 21-ний өдөр мессежээр мэдэгдэх үед “5 дугаар сарын 24-ны өдөр” гэснийг зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал бөгөөд үүнд зөвхөн бүрэн эрхийн хугацаа нь дуусч байсан хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Ш.Б нь дээрх байдлаар сонсох ажиллагаанд оролцоогүйгээс гадна 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ц.Бг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон 22 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа буюу орон нутгийн ээлжит сонгуулиар сонгогдсон дараагийн Хурлын даргад гомдол гаргасан, хэдийгээр давж заалдах гомдолд “…22 дугаар тогтоолтой маргаагүй, харин сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхийг хүссэн…” гэх боловч үүнийг агуулгаар нь Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохтой холбоотой гомдол гэж үзнэ. 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг биелүүлэх зорилгоор сонсох ажиллагааг нэг бус удаа товлосон боловч дээрх байдлаар Ш.Б оролцоогүй болох нь тогтоогдож байхад хариуцагчаас маргаан бүхий тогтоолуудыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан зохицуулалттай тус тус нийцээгүй, нэхэмжлэгч Ц.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

            Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдийн сонсох ажиллагаанд оролцох эрхийг хамгаалсан шийдвэрүүд удаа дараа гарч байсан боловч огт оролцоогүй байх тул нэхэмжлэгчийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Ш.Бгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн дээрх магадлалд “…Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 3/96 дугаар албан бичгээр Ш.Бг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн талаар томилох эрх бүхий этгээдэд мэдэгдэхэд Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2/70 дугаар хариу албан бичгээр Ш.Бг уг албан тушаалд тавигдах мэргэшлийн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсан хариуг салбар зөвлөлд хүргүүлснийг эрх бүхий этгээдээс “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасан эрхийн хүрээнд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна…” гэж дүгнэснийг ч тэмдэглэх нь зүйтэй. 

Түүнчлэн давж заалдах гомдолд дурдсан процессийн шинжтэй бусад зөрчлүүд нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үр дагаварт хүргэхээргүй байна.

            Харин нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хэрхэн тооцох, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлыг тодруулан шалгах нь хариуцагчийн үүрэг тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “…нөхөн олговор 10.201.138 төгрөгийг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид…” гэснийг “нөхөн олговрыг тооцон” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                         

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН