Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00810

 

Ж.У-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 314 дүгээр магадлалтай,

Ж.У-ы нэхэмжлэлтэй,

“З” ОНӨААТҮГ-т холбогдох

Тэтгэмж, нэмэгдэл цалинд нийт 19,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.У-ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.У- нь Автобус-3 компанийн 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 124 тоот захирлын тушаалаар уг байгууллагад жолоочоор ажилд орж, 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн ба мөн Автобус-3 компанийн захирлын 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар тушаалаар уг байгууллагад жолоочоор ажилд орж, тасралтгүй ажилласаар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тэтгэвэрт гарч, 15 жил 6 сар ажилласан байна. Энэ байгууллагад бүх насаараа ажилласан бөгөөд өндөр насандаа суухад олгодог тэтгэмжийг өгөөгүй байна. Автобус 3 дугаар бааз ОНӨААТҮГ захиргаа, Үйлдвэрчний хорооны хооронд байгуулсан 2010 оноос 2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2-р зүйлийн Д-д заасны дагуу 12 сарын тэтгэмж олгож өгнө үү. Нэг сарын дундаж цалин 961,125 төгрөг, 12 сарын тэтгэмж 11,533,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Ж.У- уг байгууллагад 20 жил, 1 сар ажилласан тул 18 сарын тэтгэмжид 1 сарын дундаж цалин хөлс болох 977,595 төгрөгөөр тооцож 17,298,000 төгрөг гаргуулах, Хамтын гэрээний 3.7-д зааснаар удаан жилийн нэмэгдэл цалин 2015 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 02 дугаар сар хүртэл 24 сарыг цалингийн 20 хувиар тооцож 2,088,000 төгрөг, нийт 19,386,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч байгууллагын итэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.У- нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар тушаалаар жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/101 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус 3 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2010-2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3155 тоотоор 3 дугаар баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр “Автобус-1” нь НИТТ-ын 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуй нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй, нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. “З” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автбус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 дугаар захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар З болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх талаар хэлэлцээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/167 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Цаашлаад ажил олгогчоос 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Удаан жилийн нэмэгдэл цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас тэтгэмж, нэмэгдэл цалинд 7,144,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,242,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.У- нь /тэтгэмжтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага/ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд /нэмэгдэл цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад/ 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 63,206 төгрөгөөс илүү төлсөн 14,848 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгож, үлдэх 48,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 37,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгож, 110,950 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 314 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 7,144,000” гэснийг  “8,640,000” гэж, “... 12,242,000” төгрөгийг ...” гэснийг “10,746,000 төгрөгийн шаардлагыг” гэж, 2 дахь заалтын “... 110,950 төгрөг ...” гэснийг “115,200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02384 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 314 тоот магадлалыг хэсэгчилэн дараах гомдлыг гаргаж байна. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. З ОНӨААТҮГ-Автобус 3 дугаар баазад 20 жил 1 сар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тус байгууллагын хамтын гэрээнийн 3.7 зааснаар 20 жил 1 сар ажилласан бол 18 сарын тэтгэмж олгоно гэж заасан байна.     Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 3 сарын цалин 2016 оны 11 сарын цалин 948,764 төгрөг, 12 сарын цалин 778,900 төгрөг, 2017 оны 1 сарын цалин 1,155,713 төгрөг. Цалингийн 3 сарын дунджаар 977,595 төгрөгөөр тооцож 18 сарын тэтгэмжид 17,298,000 төгрөг олгох байтал үндсэн цалин 400,000 төгрөгөөр тооцон бодож 8,640,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, 18,650,000 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосонд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д /дундаж цалингаар олгоно/ гэж зааснаас дордуулан хамтын гэрээнд тэтгэврийн тэтгэмжийг /үндсэн цалингаар/ олгоно гэж хөдөлмөрийн хуулиас дордуулж заасныг харьцуулан анхаарч дүгнээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 заалт нь /Хөдөлмөрийн хуулиас дордуулсан хамтын гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд биелүүлэхгүй/ гэж заасантай нийцүүлж дүгнээгүйд гомдолтой байна. Иймд тэтгэврийн тэтгэмжид дутуу шийдвэрлэсэн 8,650,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү. Мөн З ОНӨААТҮГ-ын 3-р баазаас нотлох баримтаар гаргуулсан цалин бодсон дэлгэрэнгүй задаргааг нягтлан шалгаж үнэлж дүгнээгүй удаан жилийн нэмэгдлийг 2015 онд үндсэн цалин 400,000 төгрөгний 20 хувь 80,000 төгрөгөөр бодож 11 сарын удаан жилийн нэмэгдэл 880,000 төгрөг гаргуулах, мөн 2016 онд нэг сараас эхлэн үндсэн цалин 25 хувиар нэмэгдэж 580,000 төгрөг болсоны 20 хувь нь 116,000 төгрөгөөр бодож 11 сарын удаан жилийн нэмэгдэл 1,276,000 төгрөг нийт 2,156,000 төгрөг олгохоор байтал 1,440,000 олгож, 716,000 төгрөгийг дутуу олгосонд гомдолтой байна. Дутуу олгосон удаан жилийн нэмэгдэл 716,000 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нийт удаан жилийн нэмэгдэл, тэтгэврийн тэтгэмж дутуу олгосон нийт 9,366,000 төгрөгийг нэмж хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Нэхэмжлэгчийн ажилласан жилийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Ж.У-ы ажилласан жил болон түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцласан талаар мэтгэлцэж маргаагүй болохыг дурьдсан бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна. Иймд магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.У- “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээний дагуу тэтгэмж, нэмэгдэл гаргуулахаар шаардахдаа тус байгууллагад 15 жил 6 сар ажилласан гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан хугацаагаа 20 жил, 1 сар гэж нэмэгдүүлэн, 18 сарын өндөр насны тэтгэмжид  17,298,000 төгрөг гаргуулах, удаан жилийн нэмэгдэл цалинд 2,088,000 төгрөг, нийт 19,386,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж байгаа, өмнөх гэрээгээр шаардах эрхгүй, удаан жилийн нэмэгдэл цалин гаргуулах тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

"З” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар ажилтан Ж.У-ы хөдөлмөрийн гэрээг тэтгэвэрт гарах үндэслэлээр цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.           

           Нэхэмжлэгч Ж.У- нь 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Автобус-3 компанид жолоочоор ажиллаж байсан нь түүний 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 383170 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар, 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Автобус-3 компанид жолоочоор, “З” ОНӨААТҮГ-т автобусны жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000008476 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдож байх тул Ж.У-ыг Автобус-3 компани, “З” ОНӨААТҮГ-т жолооч /тэрэг тавигч/-аар нийт 15 жил, 3 сар ажилласан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3“ ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨАГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн З ОНӨААТҮГ-т нийлүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хамтын гэрээний үүргийг “З” ОНӨААТҮГ-аас шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтын гэрээнд өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд 15-20 жил ажилласан бол 15 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор заасан, “З” ОНӨААТҮГ болон Ж.У- нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 400,000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 6,000,000 төгрөгийн тэтгэмжийг хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн,  хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн гэж үзнэ.

Хамтын гэрээний 3.7-д “тухайн байгууллагад олон жил тогтвортой ажилласан ажилтнуудад удаан жилийн нэмэгдлийг ажилласан хугацаанд нь ногдох үндсэн цалингаас сар бүр тооцон 10-15 жил ажилласан бол 15 хувиар олгоно” гэж заасан байхад ажил олгогч нь   ажилтан Ж.У-д 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны удаан жилийн нэмэгдлийг олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иймээс олон жил тогтвортой ажилласан удаан жилийн нэмэгдэл цалин 1,440,000 төгрөгийг хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.У-д олгохдоо ажилтны үндсэн цалин 400,000 төгрөгийн 15 хувиар, нийт 24 сарын хугацаагаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан  хэдий ч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар мэтгэлцэж, маргаагүй тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд буюу  нэг удаагийн буцалтгүй тусламж 7,200,000 төгрөгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй тул магадлалыг үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмжид 6,000,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 1,440,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрийн үндэслэх хэсэгт зөв тооцсон боловч тогтоох хэсэгт 7,144,000 гэж буруу бичсэнийг хяналтын шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 314 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02384 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7,144,000” гэснийг “7,440,000” гэж, “12,242,000” гэснийг “11,946,000” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “З” ОНӨААТҮГ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 115,200 /нэг зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,000 /хорин хоёр мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН