Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0684

 

 

 

 

 

 

 

“Д Ж Э Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уын давж заалдах гомдлоор, “Д Ж Э Э” ХХК-ийн гомдолтой, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр:

“...Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 8 дугаар зүйлийн 8.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Д Ж Э Э” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 260297392 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрт: “...хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа мөн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан зөрчилд хамаарах цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 он/ хариуцлагын заалт болох 74 дүгээр зүйлийг хэрэглэсэн төлөөгүй татварыг нөхөн төлүүлж, торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасантай нийцсэн” гэжээ.

Тодруулбал гомдол гаргагчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг үндэслэж шийтгэлийн хуудас бичиж байгаа тохиолдолд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан торгууль ногдуулах ёстой байсан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан. Татварын байцаагч нар нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн байхад шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэнгүй.

2.“Д Ж Э Э” ХХК-ийн анхан шатны баримт материалууд нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1, 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн.

Тодруулбал гомдол гаргагч компани нь бараа материал худалдах, худалдан авах гэрээ болон кассын орлогын ордер, зарлагын баримтаас гадна харилцагч компаниудын НӨАТ-ын тайлан, мөн нэхэмжлэгч компанийн НӨАТ-ын тайлангаас тодорхой харагдаж байхад нэг талд шийдвэр гаргалаа гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

“Д Ж Э Э” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд “Д” ХХК, “М г э” ХХК, “И М ж” ХХК-иудаас 11 удаагийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нийт 280.463.454,53 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасанд хариуцлага хүлээлгэсэн шийтгэлийн хуудас хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн байна.

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 0297392 дугаар тэмдэглэлд “…“Д Ж Э Э” ХХК-ийн захирал Э.Д зөрчил үйлдэгдсэн болон учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, төлөхөө илэрхийлсэн болохыг…” тусгаснаас гадна уг тэмдэглэл болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоог тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Түүнчлэн татварын албаны цахим тайлангийн системд 2015 оны 12 сар, 2016 оны 4, 5, 6, 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дээрх худалдан авалтыг тусгасан байх боловч тэдгээр нь бодитой худалдан авалт биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “…хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтээр “М г э” ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан мэтээр цахим бичилт хуурамчаар бичиж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон нь;

-Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “М г э” ХХК, “Д” ХХК-ийн захирал Р.Б нь 2016 онд “М г э” ХХК-ийн нэрээр нийтдээ 1530 аж ахуйн нэгжид 194.3 тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулж, Монгол Улсын хилээр бусдын импортолсон бараа материалын баримтуудыг хууль бусаар ашиглан импортоор оруулж ирсэн мэтээр гаалийн бүрдүүлэлт хийж гаальд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн боловч татварын тайланд тусгахдаа гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг хэд дахин өсгөн тайлагнаж, их хэмжээний буцаан авалт үүсгэн, цахим баримтын системээс татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж, бичилт хийсэн мөнгөн дүнгээсээ 2-3 хувийн төгрөгийг авч бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон болох нь,

-мөн прокурорын тогтоолоор “М г э” ХХК, “Д” ХХК нь үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь тус тус тогтоогдсон;

“И М ж” ХХК мөн л үйл ажиллагаа эрхэлдэггүй, падаан тараасан болохыг Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10д/6590 албан бичгээр мэдээлсэн, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаар тогтоолоор тус компанийн захирал У.А 677 аж ахуйн нэгжтэй, түүний дотор нэхэмжлэгч “Д Ж Э Э” ХХК-д ямар нэгэн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явуулаагүй атлаа НӨАТ-ын төлбөрийн баримтыг бүрдүүлэн бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосныг тогтоосон байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, мөн хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.

Гэтэл давж заалдах гомдолд дурдсан бараа материал худалдан авсан гэх гэрээ, кассын орлогын ордер, зарлагын баримт, харилцагч компаниудын болон нэхэмжлэгчийн НӨАТ-ын тайлан зэрэг нь дээрх үйл баримтыг үгүйсгэж чадахгүй, өөрөөр хэлбэл нэр бүхий 3 компаниас НӨАТ-тай худалдан авалт огт хийгээгүй болох нь хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд шийтгэлийн хуудсыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй, худалдан авалт хийсэн болохыг “нотлох баримт”-ууд нь санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн”, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна” гэж тодорхойлжээ.

НӨАТ-ын падаан хэлбэрийн хувьд хуурамч биш, гагцхүү уг падаанаар тодорхойлогдох худалдан авалт хуурамч байна гэж хариуцагчаас дүгнэсэн, үндсэндээ НӨАТ-тай худалдан авалтын бодитой эсэхийг худалдан авагч тал нотлох үүрэгтэй болохыг ч дээрх журамд тодорхой заасан. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалтын бодитой эсэхийг санхүүгийн анхан шатны шаардлага хангахгүй баримтууд болон НӨАТ-ын падаанаар нотлох гэж буй нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хууль хэрэглээний хувьд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т зааснаар нөхөн татвар, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх торгууль, нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй хэмжээний алданги ногдуулсан нь хуульд нийцжээ.

Учир нь уг хуулийн 11.19 дүгээр зүйл /Татварын хууль зөрчих/-ийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байх тул цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0297392 тоот шийтгэлийн хуудсыг гаргахдаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэх боломжгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг бус, харин 5-д заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэж хариуцагчийг буруутгах, энэ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Д Ж Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН