| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00382/И |
| Дугаар | 28 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 28
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* улсын иргэн, КАZ 00000000408, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Монгол Улсын ******* регистрийн дугаартай, *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ад холбогдох 3,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00382/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Х.ад 4 тонн манжин худалдахаар амаар харилцан тохиролцож, 1 кг-ийг нь 1650 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөгөөр зарсан. Х. нь өөрийн биеэр манжинг харсан бөгөөд тэр үед манжин шар цэцэгтэй байсан. Гэхдээ Х. өөрөө “болно” гэж хэлээд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөөд үлдсэн 3,600,000 төгрөгийг маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дансанд хийхээр тохиролцсон. Гэтэл Х. нь тухайн үед манай зоориноос манжинг үзээд “болно” гэж хэлээд авсан атлаа “чи муу ногоо өгсөн байна, тэр манжин чинь хот орох замд муудсан учир би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн. Х. нь уг манжинг ******* аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэхдээ муутгасан. Түүний манжинг тээвэрлэхээс үүссэн эрсдэлийг би хариуцах ёсгүй. Иймд манжингийн үнэ 3,600,000 төгрөгийг хариуцагч Х.аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*******эд хот руу ачиж явах манжингийн үнэ урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатар хот руу Б.*******ийн зоориноос ачиж явсан манжин муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан учир миний хувьд хохирол амссан бөгөөд Б.*******ээс элэгдэл хорогдолыг тооцон хасуулах шаардлагатай учир Б.*******ийн нэхэмжлээд байгаа 3,672,550 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед муудсан манжин байсан гэдгийг нотлох баримт байгаа болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 3,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Х.ад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалыг танилцуулж /хх-73/, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-74/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулан нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Х.ад 4 тонн манжинхудалдахаар амаар харилцан тохиролцож, хариуцагч Х. нь өөрийн биеэр манжинг харж аван урьдчилгаа 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд талууд манжин худалдах, худалдан авсан, 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй байна.
Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-д “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-д “амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус тус заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Х. уг манжинг надаас авахад зөвхөн шар цэцэг ургасан байсан. Гэхдээ хэрэглэж болохоор байсан тул Х. өөрийн биеэр ирж “болно” гэж хэлээд худалдан авсан. Тэрээр манжинг тээвэрлэхдээ муутгасан учир дутуу төлсөн үнийг төлөх ёстой гэж” тайлбарласан тайлбараас үзэхэд хариуцагч Х. нь уг манжинг шар цэцэгтэй байсан ч худалдан авахаар тохиролцож, биечлэн очиж худалдан авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх үүргийг үүсгэсэн байх тул нэхэмжлэгч Б.*******т хариуцагч Х.аас манжингийн төлбөрийг шаардах эрх үүсчээ.
Хариуцагч Х. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Улаанбаатар хот руу Б.*******ийн зоориноос ачиж явсан манжин муудсан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан” гэх боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.
Хэрэгт хариуцагч Х.ын өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч нарыг асуусан бөгөөд гэрч А.Алтанхүүгийн “Х.ыг танина. Х.аас ногоо худалдан авдаг. Х. ******* аймгаас муудсан манжин байна ачиж болох уу гэхэд би аваад ир гэж хэлээгүй. Телевизийн зооринд манжин ирсэн байна очоод үз гэхээр нь очиж үзсэн. Намайг очиход өөрсдөө 4, 5 хүнтэй цуг ялгаад сууж байсан. Манжин нь үс ноос ургаад цөмрөөд ялзарсан байсан. Ногоог Улаанбаатар хотод Х. ачаад очиход муудсан байсан нь үнэн. Би Х.ын ногоог ялгалцаагүй. Очиж үзэхэд манжин нь халуудаад муудсан үнэртэй байсан. Ялгасан манжингаас нь 30 шуудайг Барс захын Туяа гэдэг хүнд өгсөн. Оронд нь сонгино авсан. Нөгөөдөр нь Туяа утасдаад энэ манжингаа ав гээд буцаагаад ачаад явуулсан байсан. Манжин нь цөмрөөд цөмрөөд орсон байсан. Тэгээд зарах аргагүй байсан учраас би Х.ад буцааж өгсөн. Х. телевизийн зоориныхоо урд талын нурсан зоорины нүх руу хаясан” гэх /хх-64/ мэдүүлэг,
гэрч Ц.Мөнх-Учиралын “Х. надад ******* аймгаас муудсан манжин байна ачиж болох уу юм уу гэхэд би аваад ир гэж хэлээгүй. Зүгээр манжин байна ачаад очих уу гэхэд тэгээ гэж хэлсэн. Муудсан ногоог аваад ир гэж хэлээгүй. Муудсан ногоог хэн ч авахгүй гэж хэлнэ шүү дээ. Ногоог Улаанбаатар хотод Х. ачаад очиход муудсан байсан нь үнэн. Би Х.ын ногоог ялгалцаагүй. Ачаад ирэхэд муудсан байдалтай байсан. Би бүгдийг нь тоо ёсоор нь буцаасан” гэх /хх-66/ мэдүүлэгүүдээр болон манжингийн байдлыг харуулсан гэрэл зургуудаар /хх-22-23/ Х. нь манжинг ******* аймгаас ачаад Улаанбаатар хот руу тээвэрлээд Улаанбаатар хотод очиход муудсан байдлыг нотлож байна. Харин уг манжинг Б.*******ээс худалдаж авах үед буюу *******од байхад муудсаныг нотлоогүй байна.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн эрсдэл худалдан авагчид шилжинэ.
Иймд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.ад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 3,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Х.аас 3,600,000 төгрөгийг /гурван сая зургаан зуу/ гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.аас улсын тэмдэгтийн хураамжид 72,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА