Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0426/З |
Дугаар | 221/МА2021/0685 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0685
“Г ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Тгийн давж заалдах гомдлоор, “Г ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаар шийдвэрээр:
“...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ү” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь “Г ү” ХХК-ийн ашигт малтмалын 14475Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлт өгснийг сунгахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгах хүсэлтийг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Тгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авах хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ашигт малтмалын хайгуулын XV-014475 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байрлах “Сүртийн ам” нэртэй 2136.11 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна...” гэжээ
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 өвчний анхны тохиолдолд бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийн огноотой “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарсан.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ”Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 181 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 07 дүгээр тогтоолоор дээрх дэглэмийг Улаанбаатар хотод 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д.”Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж хуульчилсан.
Дээрх нөхцөл байдлаас хамаарч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд С.Т миний бие орон нутаг руу зорчих боломжгүй байсан, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-д заасан баримт бичгийг хавсаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж гээд 6.1.41 г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж хуульчилжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогчдоос нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэсэн ч хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг цуглуулах нь шүүхийн үүрэг болно.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, мөн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөр огноолсон баримт нь нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсантай холбоотой байхад түүний хэргийн материалтай танилцах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
1.“Г ү” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14475Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оноос эхлэн эзэмшиж байх хугацаанд 2012, 2015 онд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийн эрхийг тухай бүр сэргээсэн, улмаар 9 дэх жилийн хугацаа 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргахаар заасан.
Гэтэл хэрэгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаар батлуулж, байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хянуулсан дээрх тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нүүр хуудасны хуулбар авагдсан, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 03/21 дугаар албан хүсэлтэд дээрх төлөвлөгөөг мөн оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээж авсан талаар, түүнчлэн ийнхүү төлөвлөгөөг авсан өдрөө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Кадастрын хэлтэст гаргасан боловч хүлээн аваагүй талаар дурдсан, энэ албан бичгийн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/1416 дугаар албан бичгээр өгсөн, мөн үүнээс өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Г ү” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан, гэвч энэхүү хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах эрх зүйн боломжгүй болохыг 20-ны өдрийн 8/206 дугаар албан бичгээр мэдэгдэж байсан зэргээс тус тус үзэхэд дээрх байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон өргөдлийг тухайн үед хүлээн аваагүйтэй холбоотой баримтыг цуглуулах шаардлагатай байна.
Цаг хугацааны хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нэгэнт дуусгавар болсон ч 2020 онд цар тахлын улмаас нэхэмжлэгч компанийг үйл ажиллагааг явуулаагүй болох тухай Өвөрхангай аймгийн Тарагт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Бийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөр огноолсон тодорхойлолт болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нэгтгэн дүгнэх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 822 дугаар тогтоолоор нэмэлт нотлох баримт цуглуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 30 хоногоор сунгасан боловч энэ талаар огт ажиллагаа хийсэнгүй.
Төрийн банкны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалтын төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн нь хуульд заасан үйлчилгээний хөлс, эсхүл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн алин болохыг, мөн оны 1 дүгээр улиралд түгээмэл тархацтай ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрт 500.000 төгрөг төлсөн нь хэрэгт ямар хамааралтай болохыг тус тус нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хоорондоо зөрчилтэй, тухайлбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн атлаа хугацаа сунгахыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэсэн нь өмнөх шаардлагатайгаа нийцээгүй, харилцан хамааралгүй байгааг хэргийг шийдвэрлэхдээ анхаарсангүй.
Түүнээс гадна хэрэгт тусгай зөвшөөрлийн сунгах хугацааг хойшлуулах хүсэлттэй л холбоотой баримт авагдсанаас бус нэхэмжлэлийн эхний шаардлагад хамаарах сунгуулах хүсэлт гаргаж байсан талаарх баримт огт авагдаагүйгээс гадна “…хугацаа сунгахыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан шийдвэр гаргах эрх хэмжээ хариуцагчид хуулиар олгогдоогүй…” гэж дүгнэсэн атлаа энэ талаарх шаардлагыг тодруулалгүйгээр шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН