Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2018/0010/З |
Дугаар | 28 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г газар болон тус газрын улсын байцаагчид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ”Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгуулж, уг шийдвэрийн улмаас гаалийн татварт илүү төлсөн 73,070,651.43 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, “М” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “…барилгын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай 2013 оны 03 дугаар сарын 29-нд “М” ХК Ган туйван /арматур/-ийн үнэ тогтворжуулах 60 дугаартай гэрээ байгуулж, энэхүү гэрээг манай компани амжилттай биелүүлсэн.
2013 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинхуа төмөрлөгийн үйлдвэртэй арматур төмөр нийлүүлэх тухай гурван гэрээ байгуулснаас сүүлийн XGEMGCL1307-03 тоот гэрээг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр Шинхуа төмөрлөгийн үйлдвэр нь 5 төрлийн диаметрийн 5100 тонн арматурыг нийлүүлэх, манай зүгээс 7 хоногийн дотор барааны үнийг 100% төлсөн байхаар харилцан тохиролцсон. Гэвч Монгол банкнаас Засгийн газрын дэд хөтөлбөрийн хүрээнд олгох зээлээ бүрэн олгоогүйгээс манай компани өөрсдийн санхүүгийн боломжоороо төлбөрийг 4 хувааж буюу 2013 оны 07 дугаар сарын 30-нд 4,000,000 юань, 08 дугаар сарын 14-нд 5,000,000 юань, 08 дугаар сарын 22-нд 5,200,000 юань, 08 дугаар сарын 23-нд 3,100,000 юань нийт 17,300,000 юанийг худалдагч талд шилжүүлсэн. Төлбөрийг хэсэгчлэн төлсөн талаар нийлүүлэгч талаас ямар нэгэн гомдол, шаардлага гаргаагүй. Төлбөр хэсэгчлэн төлсөнтэй уялдуулан арматур төмөр нийлүүлэх үйлдвэртэйгээ тохиролцож бараагаа 2 хувааж ачуулсан бөгөөд худалдагч талаас ф:12 мм-ийн арматур төмөр 900 тн захиалснаас 947.286 тн, ф:16 мм-ийн арматур төмөр 900 тн захиалснаас 937.429 тн, ф:22 мм-ийн арматур төмөр 1200 тн захиалснаас 1,153.823 тн, ф:25 мм-ийн арматур төмөр 1500 тн захиалснаас 1,454.996 тн, ф:28 мм-ийн арматур төмөр 600 тн захиалснаас 588.494 тн арматур төмөр нийлүүлсэн. Бид Шинхуа үйлдвэртэй тооцоо нийлж, барааны үнийн зөрүүг буцаан авсан нь гэрээний үнийг үнэн зөв болохыг давхар нотолж байна.
Уг гэрээний дагуу нийлүүлэгдсэн эхний 44 вагон арматур төмрийг хэлцлийн үнээр үнэлсэн атлаа сүүлийн 40 вагон арматур төмрийн гаалийн үнийг тодорхойлохдоо гаалийн улсын байцаагч Д.Б нь барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнэлсэн. Гаалийн улсын байцаагч 1-р аргаас татгалзаж 6-р арга буюу уялдуулан хэрэглэх үнийн аргыг хэрэглэсэн шалтгааныг “төлбөрийн баримтын хугацаа өөр, гэрээнд заасан марк, тоо хэмжээгээр биш” гэж тайлбарласан байдаг.
Гэтэл нийлүүлсэн арматурын марк нь яг гэрээнд заасны дагуу байдаг. Өмнөх 2 гэрээгээр нийлүүлэгдсэн барааг ч 1-р арга буюу хэлцлийн үнийн аргаар үнэлсэн байдаг.
Мөн ямар ч үндэслэлгүйгээр нэг гэрээгээр 2 хуваагдан орж ирсэн барааг 2 өөр аргаар үнэлж, хэлцлийн үнээр үнэлэхээс татгалзаж, 6-р аргаар үнэлснээс болж манай байгууллага 73,070,651.43 төгрөгийн гаалийн татварыг илүү төлж хохирсон. Ийнхүү 73 сая төгрөгийг илүү төлсөн нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, 100 гаруй ажилтан, албан хаагчтай, 1600 хувьцаа эзэмшигчтэй манай компанийн хувьд маш том хохирол бөгөөд компани хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байхад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө төлүүлсэн нь компанийн болон хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болно.
Тухайн үед гаалийн татварыг төлөхгүй байсан бол олон цуваа вагоны сул зогсолтын төлбөр гарах, төмөр замын бусад цуваанд саад болох зэрэг нөхцөл байдал үүсэх учир гаалийн татвараа бүрэн төлж бараагаа авсан.
6-р арга буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнэлсэн гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч бид холбогдох газруудад цаг тухай бүрт гомдол, хүсэлтээ албан ёсоор тавьж ирсэн ба Г газрын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/195 тоот албан бичигт “гаалийн улсын байцаагчийн үнэлгээний бусад аргаар барааг үнэлсэн шийдвэр нь үндэслэлтэй байна” гэснийг хүлээн зөвшөөрөөгүй тул дээд шатны байгууллага болох Гаалийн ерөнхий газарт гомдлоо гаргаж, эцсийн хариуг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.
Бид гомдлын хариуг Гаалийн ерөнхий газраас удаа дараа шаардсаны эцэст 5 жилийн дараа хариу өгөхдөө “улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй” гэж үзсэн байсан тул шүүхэд гомдол гаргасан.
Хариуцагч манай компанийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үздэг боловч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу дээд шатны байгууллагад гомдлоо тухай бүрт гаргасан бөгөөд Гаалийн ерөнхий газраас манай гомдлын хариуг албан ёсоор 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-2/2130 тоот албан бичгээр өгсөн ба үүнээс өмнө буюу 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “БНХАУ-ын гаалийн байгууллагаас мэдээлэл авах шаардлагатай болсон, хариу ирүүлээгүй байна” гэх агуулга бүхий 03-5/2590 тоот албан бичиг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “БНХАУ-аас хариу ирээгүй тул бүрдүүлэлтийн дараах шалгалт хийлгэнэ” гэх агуулга бүхий 03-5/2096 тоот албан бичгүүдийг ирүүлж байсан.
Манай компанийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэрийг хэрхэн гарахыг урьдчилан мэдэх боломжгүй тул шууд шүүхэд хандаж чадаагүй. Харин Г газар Гаалийн газрын дээд шатны байгууллага болох Гаалийн ерөнхий газрын эцсийн шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор буюу хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан болно.
Хариуцагч хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзсан үндэслэлээ Шинхуа төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан 3 дугаар гэрээний 15 дугаар зүйлийг зөрчиж, барааны үнийг 4 хувааж төлөхдөө 22 хоногоор хэтрүүлсэн гэдэг боловч манай компани Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан “Үнэ тогтворжуулах гэрээ”-ний хүрээнд ган туйван буюу арматур төмөр татан авалтад зориулж Хаан банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийн эрх нээж, ЗГ/391 тоот гэрээ байгуулсан боловч Хаан банкнаас 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5 тэрбум, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,5 тэрбум төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу авахаар тооцоолсон мөнгө бүрэн орж ирээгүйгээс бид сүүлийн 3 тоот гэрээний төлбөрийг хувааж төлөхөд хүрсэн. Гэхдээ 3 дугаар гэрээний төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд бүрэн хийж дуусгасан бөгөөд бараа Монгол Улсын хилээр 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр орж ирэхэд бид гэрээний үүргээ биелүүлж барааныхаа үнийг 100 хувь төлсөн байсан.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэж маш тодорхой тодорхойлсон бөгөөд бид төлбөр төлсөн баримтуудыг мэдүүлэгт хавсаргасан байгаа нь хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудад ч авагдсан байдаг. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д заасан хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл байгаагүй.
Мөн хариуцагч нь манай компанийг барааны үнээс 40,000 юань дутуу төлсөн гэх боловч 3 дахь гэрээгээр бид нийт 5100 тонн арматурыг 17,340,000 юаниар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд нийлүүлэгч талаас 5080 орчим тонн бараа ачуулсан талаар манай компанид мэдэгдсэн тул 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 тонн арматурын төлбөрийг хасаж, мөнгөн дүнгээ тэгшилж 3,100,000 юань шилжүүлсэн. Гэсэн хэдий ч 3 дахь гэрээгээ дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд манай байгууллага 3 тоот гэрээний төлбөрт 21125.2 юань илүү төлсөн байсан тул уг мөнгийг нийлүүлэгч талаас манай компани руу буцаан шилжүүлсэн байгаа. Энэ мэтчилэн бараа нь гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү ачигдсан бол манай компаниас нийлүүлэгч талд мөнгө нэмж явуулах, хэрэв гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу ачигдвал нийлүүлэгч талаас илүү төлсөн мөнгийг манай компанид буцаан шилжүүлэх зэргээр тооцоо нийлдэг. Иймд 40,000 юань дутуу төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Ф:12 мм-ийн хэмжээтэй арматурыг гэрээнд заагдсанаас 234 тонноор илүү импортолсон гэж хариуцагч тайлбарладаг. Арматур төмөр нь тоннын хувьд онцлог бөгөөд харилцан адилгүй боодлоор багцалсан байдлаар ирдэг. Манай компанийн хувьд 50-60 жилийн турш импортоор арматур төмөр оруулж ирж байгаа бөгөөд хятадын төмрийн үйлдвэрүүдтэй байгуулсан арматур төмөр худалдан авах гэрээнүүдийн дагуу нийт 427 вагон арматур төмрийг 67 удаагийн ачилтаар гаалийн хилээр нэвтрүүлсэн байдаг. Гаалийн улсын байцаагч нараас дээрх бараануудын гаалийн үнийг тодорхойлохдоо 1-р аргыг хэрэглэсэн бол зөвхөн Д.Б байцаагч л 1 ачилтын 40 вагон арматур төмрийн гаалийн үнийг тодорхойлохдоо 6-р аргыг хэрэглэсэн. Гаалийн хилээр нэвтрүүлж байсан 427 вагон арматур төмөр нь гэрээнд заасан тоо хэмжээгээ барьж байсан түүх байхгүй. Учир нь нийлүүлэгч компани нь боодолтой арматур төмрийг вагонд ачсаны дараа жинг нь хэмждэг бөгөөд бараагаа ачиж дууссаны дараа манай компани руу нийт жинг мэдээлдэг юм.
Мөн гэрээний хавсралтын 5-р зүйлд бодит жингээр талууд тооцно гэж тусгасан байгаа нь гэрээнд заасан тоо хэмжээ бага хэмжээгээр зөрүүтэй ирдэгтэй холбоотой юм.
Манай компани 3 тоот гэрээгээр ф:12 мм-ийн хэмжээтэй арматур төмөр 900 тонныг захиалсан. Ачилтаар 947.286 тонн орж ирсэн нь гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Мөн гэрээний 16-р зүйлд барааг ачсан он, сар, өдөр, вагоны дугаар, барааны тоо хэмжээг нөгөө талдаа мэдэгдэнэ, 18-р зүйлд барааны тоо хэмжээний талаар бараа хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаж болно гэж заасан. I32500 дугаартай мэдүүлгээр орж ирсэн 301,864 тонн арматур төмөр нь нийт 5 вагон арматур төмөр бөгөөд үүнээс 2 вагон нь ф:12мм-ийн, 3 вагон нь ф:16 мм-ийн хэмжээтэй байсан ба энэ нь арматур төмрийн дагалдах бичиг баримт болох чанарын сертификатаар нотлогдоно. Иймд ф:12 мм-ийн арматур төмөр 234 тонноор илүү орж ирээгүй байна.
Мөн хариуцагчаас DAP нөхцөлийн талаар дурдаж манай компанийг хил хоорондын тээврийн зардлыг мэдүүлээгүй гэдэг. Гэтэл манай компани гэрээний 19 дүгээр зүйлд Инкотермс-2010 нөхцөлөөр барааг хүлээн авахаар тохиролцсон. Инкотермс-2010-ын 5 дугаар бүлэгт DAP нөхцөлийг “Нэрлэсэн газар хүлээлгэж өгөх газар нь худалдан авагчийн нутаг байна” хэмээн тайлбарласан байдаг. Гэрээний 13-т эцсийн очих газрыг мөн Монгол Улсын Замын-Үүд гэж тодорхой заасан. Хавсралтын 3-т заасан DAP-EREEN HOT гэдгийг Эрээн хотын хилийн боомт гэж ойлгох бөгөөд хил хүртэлх тээвэр болон бусад зардлыг нийлүүлэгч тал хариуцсан. Худалдан авагч тал Монгол Улсын хилээс эцсийн хүрэх газар хүртэлх тээвэр, бусад зардлаа үнэн зөв мэдүүлсэн байхад хариуцагчаас ямар ч тээврийн зардлыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн гаалийн улсын байцаагч Д.Б нь гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудастаа тээврийн зардлыг мэдүүлээгүй гэж огт дурдаагүй байдаг.
Гаалийн ерөнхий газрын гаалийн үнэ, ангиллын албанаас хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын талаарх 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудсын 4-т “... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын компанитай байгуулсан гадаад худалдааны гэрээний дагуу арматур төмрийн төлбөр /юань/-ийг гуйвуулж бараагаа татан авдаг нь гадаад худалдааны болон санхүүгийн баримтаар тогтоогдсон тул импортын барааны үнэлгээний 1 дүгээр аргаар үнэлж гаалийн бүрдүүлэлт хийгдэж байсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй” хэмээн дүгнэсэн нь манай нийт 3 гэрээг дүгнэсэн дүгнэлт гэж ойлгож байгааг дурдах нь зүйтэй юм.
Манай компани 3 дахь гэрээний хүрээнд нийлүүлэгдсэн сүүлийн 40 вагон арматур төмрийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ 500-р мэдүүлгийн хүрээнд 53,331,183.12 төгрөг, 493-р мэдүүлгийн хүрээнд 381,166,273.93 төгрөг, нийт 434,497,456.0 төгрөгийн татвар төлсөн байдаг. Хэрэв гаалийн улсын байцаагч нь гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнийн аргыг хэрэглэсэн бол манай компаниас дээрх 2 мэдүүлгийн хүрээнд нийт 361,437,522 төгрөгийн татвар төлөх байсан.
Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан хэлцлийн үнийн аргаас татгалзаж, 9.1.6-д заасан уялдуулан хэрэглэх үнийн аргаар үнэлсэн гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тухай тайлбар хуудсыг” хүчингүй болгож, гаалийн татварт илүү төлсөн 73,070,651.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно” гэж заасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтад “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байна.
“М” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Замын-Үүд дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Б гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнийн аргаас татгалзан үнэлгээний бусад аргаар үнэлж 73,070,651.0 төгрөгийн хохирол учруулсан гэх гомдлыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Г газар болон Гаалийн ерөнхий газарт удаа дараа гаргаж байсан боловч бидний гомдлыг шийдвэрлэхгүй цаг хугацаа алдаж байна. Бид гомдлын хариуг Гаалийн Ерөнхий газраас удаа дараа шаардаж байсан ба 5 жилийн дараа хариу өгөхдөө улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байна” гэж дурдсан байдаг.
Гэтэл “М” ХК нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрх нь тухайн үед нээлттэй байсан боловч Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-2/2130 тоот албан бичгийг хүлээн авах хүртэл 5 жил шүүхэд хандаагүй болно. Иймээс Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна.
Мөн “М” ХК-ийн 03-2091004-13-I332493, 03-2091004-13-I32500 дугаартай импортын гаалийн бүрдүүлэлт, гаалийн улсын байцаагч Д.Базарваанийн гаалийн үнийг тодорхойлсон тухай тайлбар хуудас зэргээс үзэхэд гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Учир нь:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гаалийн байгууллага нь бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болох бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т зааснаар гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол дараагийн арга руу шилжиж болно.
Ерөнхийдөө импортоор нэвтрүүлэх барааны мэдүүлэгт хавсаргагдсан бүхий л баримтуудыг хоорондоо уялдаж байна уу гэдгийг гаалийн улсын байцаагч шалгадаг. Бүх баримтууд нь хоорондоо таарч байвал гэрээний үнийн аргыг хэрэглэхээс татгалзах шалтгаан байхгүй. Гаалийн үнийг тодорхойлоход тодорхой шалгуур байх ёстой байдаг, учир нь доод тал нь 2 улсын хил дамжиж хийгдэж байгаа худалдаа бөгөөд дэлгүүрээс талх авахтай адилтгах боломжгүй юм. Тухайн үед “М” ХК-ийн гаргаж өгсөн баримтууд зөрүүтэй байсан учраас гаалийн улсын байцаагч гаалийн үнийг тодорхойлохдоо 6-р аргыг хэрэглэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сүүлийн гэрээний дагуу 2 хуваагдаж нийлүүлэгдсэн барааны эхний нийлүүлэлтээр орж ирсэн барааны гаалийн үнийг тодорхойлохдоо 1-ээр аргыг хэрэглэсэн мөртлөө хоёр дахь нийлүүлэлтээр орж ирсэн барааны гаалийн үнийг тодорхойлохдоо 6-аар аргыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарладаг. Гэтэл эхний удаа орж ирсэн барааны хувьд улсын байцаагч нараас зөрүүтэй байгаа баримтуудыг залруул гэсэн заавар, зөвлөгөө өгсөн байх боломжтой.
Хариуцагч талаас 3 дахь гэрээний дагуу нийлүүлэгдсэн 5 төрлийн хэмжээтэй арматур төмрийн маркийн талаар маргах зүйл байхгүй. Харин нийлүүлэгдсэн бараа нь гэрээнд заасан тоо хэмжээнээс өөр бөгөөд барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж, дутуу төлсөн гэж үзэж байгаа. Мөн тээврийн зардлыг мэдүүлээгүй нь гэрээний үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэлд хамаарна.
Иймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг “Гаалийн байгууллага нь дараах тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно”, 8.3.1 дэх заалтад “Гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол” гэж заасны дагуу гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлох үндэслэл болсон байх тул “М” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХК нь Г газар болон тус газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан, Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгуулж, гаалийн татварт илүү төлсөн гэх 73,070,561.43 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасныг[1] нь хүлээн авч хянаад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоож буцаасан ба нэхэмжлэгч нь уг хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлснээр шүүх, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагчаас, нэхэмжлэгч “М” ХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тухайлбал 2013 онд гарсан захиргааны актад холбогдуулан 5 жилийн дараа буюу 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргаж байх боловч шүүхийн зүгээс уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-т “Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно”, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана:”, 17.1.1-т “гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;”, 17.1.2-т “гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;”, 17.1.3-т “гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд”, 17.2-т “Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно” гэж зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 9.1-д “Гаалийн газар, хороодод бичиг баримтын бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагчийн гаргасан гаалийн үнэлгээтэй холбогдох шийдвэрт гаргасан гомдол.../-ыг/ анхан шатанд хянан шийдвэрлэнэ”, 9.2-т “Гаалийн удирдах төв байгууллагад, гаалийн газар.../-ын/ дарга.../-ын/ гаргасан шийдвэрийг давж заалдах шатанд хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд гаалийн үнэлгээтэй холбоотой гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга анхан шатанд, гаалийн удирдах байгууллага нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэж болохоор зохицуулагдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХК нь гаалийн үнэлгээтэй холбогдох шийдвэр болох Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг[2] эс зөвшөөрч холбогдох гомдлоо 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 367[3], 11 дүгээр сарын 01-ний өдрийн 414[4] тоот албан бичгээр тус тус Г газрын даргад гаргасан,тус газраас “...гаалийн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1/195 тоот албан бичгээр[5] өгсөн, улмаар үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот албан бичгээр[6] Гаалийн ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргаснаар тус газраас “БНХАУ-ын холбогдох байгууллагаас мэдээлэл авах шаардлагатай байгаа” талаар мөн онд хариу ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 170 тоот албан бичгээр[7] дахин Гаалийн ерөнхий газрын даргад хандсанаар Гаалийн ерөнхий газраас уг гомдлыг нь хянан шийдвэрлэх хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээдийн импортын гол нэрийн бараа /арматур төмөр/-нд “Бүрдүүлэлтийн дараах шалгалт”-ыг хийхээр холбогдох удирдамжийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 50/15 тоот албан бичгээр[8] ирүүлж улмаар тухайн шалгалтыг явуулснаар 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Илтгэх хуудас”-аар холбогдох дүгнэлтийг[9] гаргасан байх боловч тодорхой хариуг мөн ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 348[10], 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 284[11] , 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 127[12], 10 дугаар сарын 19-ний өдрийн 382, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 115[13] тоот албан бичгүүдээр тус тус Гаалийн ерөнхий газрын даргад хандаж тухайн шалгалтын дүн болон гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг шаардсанаар, тус газраас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-2/2130 тоот албан бичгээр[14] “... Г газар гаалийн газраас 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1/195 тоот албан бичгээр хүргүүлсэн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг авчээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...хуулийн этгээд дараахь тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 12.1.4-т “... дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны байгууллага.../-д/ гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу Гаалийн ерөнхий газраас тухайн гомдлыг нь хуульд заасан хугацааны дотор хянан шийдвэрлээгүй цаг хугацаанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байсан байх боловч гаалийн үнэлгээтэй холбоотой тухайн гомдлыг давж заалдах шатанд хянан шийдвэрлэх эрх бүхий Гаалийн ерөнхий газраас уг гомдлын талаарх эцсийн хариуг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-2/2130 тоот албан бичгээр нэгэнт ирүүлснээр нэхэмжлэгч “М” ХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойших 30 хоногийн дотор буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “М” ХК болон Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”[15] байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч “М” ХК нь төмөр бетон бүтээцийн MNS JIS G3112:2002 стандартын шаардлага хангасан 1 тн арматур төмрийг 1,150,000 төгрөгөөс дээшгүй үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх, харин нөгөө талаас ХААН банкаар дамжуулан 15,000,000,000 /арван таван тэрбум/ төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгох замаар уг хөтөлбөрийг санхүүжүүлэх үүргийг хүлээжээ.
Нэхэмжлэгч “М” ХК нь дээр дурдсан “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-ний үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор БНХАУ-ын хэд хэдэн компаниас ган туйван \арматур төмөр\ оруулж ирж нийлүүлсний дотор “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацитай нийт 3 удаагийн худалдааны гэрээ байгуулсан тухайлбал, 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн XGEMGCL1304-01 дугаартай эхний гэрээгээр 2000 тн арматур төмрийг 7,460,000 юаниар, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн XGEMGCL1305-02 дугаартай хоёрдахь гэрээгээр 3880 тн арматур төмрийг 14,472,400 юаниар, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай гуравдахь гэрээгээр[16] 5100 тн арматур төмрийг 17,340,000 юаниар тус тус худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд эхний 2 гэрээ /XGEMGCL1304-01,XGEMGCL1305-02/-ний дагуу оруулж ирсэн арматур төмөр /цаашид “бараа” гэх/-ийн үнийг 1-р аргаар буюу хэлцлийн үнийн аргаар тодорхойлж татвар ногдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Харин сүүлийн буюу 3 дахь гэрээ /XGEMGCL1307-03/-ний дагуу нийлүүлэгдсэн 5100 тн бараа хоёр хуваагдаж орж ирсний эхний ачилтаар 44 вагоноор орж ирсэн 2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-2091004-13-I32356R дугаар, 09-ний өдрийн 03-2091004-13-I32392R, 03-2091004-13-I32392R дугаар мэдүүлгүүдээр тус тус мэдүүлсэн нийт 2,622,140 кг /2,622тн/ барааны үнийг мөн 1-р аргаар буюу хэлцлийн үнийн аргаар тодорхойлсон үйл баримтын хувьд талууд мөн маргаагүй байх бөгөөд харин хоёр дахь удаагийн ачилтаар 40 вагоноор орж ирсэн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр[17] мэдүүлсэн 2,158,018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр[18] мэдүүлсэн 301,864 кг, нийт 2,459,882 кг /2,459тн/ барааг 1-р арга буюу хэлцлийн үнийн аргаар тодорхойлохоос татгалзаж, 6-р арга буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлж гаалийн татвар ногдуулсан үйл баримттай холбогдуулан маргаж байна.
Тодруулбал, гаалийн улсын байцаагч /Д.Б/ нь нэхэмжлэгч “М” ХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн 2,158,018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн 301,864 кг барааны гаалийн үнийг шалгаад “төлбөрийн баримтын хугацаа өөр, гэрээнд заасан марк, тоо хэмжээгээр биш” гэх үндэслэлээр тухайн барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлж 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг[19] бичсэнээр нэхэмжлэгч нь 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн бараанд 381,166,273.93 төгрөгийн[20], 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн бараанд 53,331,183.12 төгрөгийн[21], нийт 434,497,457,05 төгрөгийн гаалийн болон бусад татварыг төлжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс, гаалийн улсын байцаагчийн “Гаалийн үнийг тодорхойлох тайлбар хуудас”-ыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах улмаар уг шийдвэрийн улмаас гаалийн татварт илүү төлсөн гэх 73,070,651.43 төгрөгийг буцаан гаргуулахаар маргаж буй үндэслэлээ “...нэг гэрээгээр хоёр хуваагдан орж ирсэн барааны үнийг 2 өөр аргаар тодорхойлж үнэлсэн, ... “Үнэ тогтворжуулах гэрээ”-ний санхүүжилт дутуу орж ирсэнтэй холбоотойгоор төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроож төлсөн боловч барааг нийлүүлэхээс өмнө төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байсан, нийлүүлэгч талаас төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, ...импортоор оруулж ирсэн барааны марк гэрээнд заасантай тохирдог, харин тухайн барааны онцлогоос хамаараад тоо хэмжээний хувьд гэрээнд зааснаас зөрөх тохиолдол гардаг тул талууд гэрээгээ дүгнэж зөрүү үнийг төлөх эсхүл буцаан авах зэргээр сүүлд нь тооцоо нийлдэг ба тоо хэмжээний хувьд дутуу нийлүүлэгдсэн барааны зөрүү үнийг манай талд буцаан шилжүүлсэн, ... DAP нөхцөлийн хувьд Замын-Үүд буюу худалдан авагчийн нутаг дэвсгэр байхаар заасан бөгөөд энэ хүртэлх бүх зардлыг худалдагч тал хариуцсан тул тээврийн зардлыг мэдүүлэх шаардлагагүй” гэх агуулгаар; хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад дурдагдсан “төлбөрийн баримтын хугацаа өөр буюу төлбөрийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж төлсөн, ...бараа нь гэрээнд заасан марк, тоо хэмжээнээс зөрүүтэй” гэх үндэслэлээс гадна “...барааны үнийг дутуу төлсөн, ...гаалийн байгууллагад тээврийн зардлыг мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...хуульд заасны дагуу шүүхэд хандах эрх нь нээлттэй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр хэтрүүлсэн” гэх үндэслэлийг нэмж дурдан улмаар эдгээр нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар буюу 6-р арга болох уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлох үндэслэл болсон” гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.
- Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан “төлбөрийн баримтын хугацаа өөр” гэх үндэслэл болоод хариуцагчаас нэмж тайлбарласан “төлбөрөөс 40,000 юанийг дутуу төлсөн” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагчаас дээрх үндэслэлийг тодруулж тайлбарлахдаа “2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 тоот худалдааны гэрээний 15 дугаар зүйлд “... худалдагч тал гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор барааны үнийг 100 хувь төлнө” гэж заасан байхад “М” ХК нь барааны төлбөрийг гэрээнд зааснаас 22 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн, мөн гэрээний хавсралтаар худалдан авагч нь барааны төлбөрт нийт 17,340,000 юань төлөхөөр заасан боловч 17,300,000 юань төлж, 40,000 юань дутуу төлсөн” гэж, нэхэмжлэгч нь “Үнэ тогтворжуулах гэрээ”-ний санхүүжилт дутуу орж ирсэнтэй холбоотойгоор төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроож төлсөн хэдий ч барааг нийлүүлэхээс өмнө барааны үнийг бүрэн төлж барагдуулсан байсан хэмээн тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХК, БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан XGEMGCL1307-03 дугаартай худалдааны гэрээний хүрээнд худалдагч талаас 5 төрөл /12мм, 16мм, 22мм, 25мм, 28мм/-ийн диаметр /Ф/-тэй, 5100 тн арматур төмөр /бараа/-ийг нийлүүлэх[22], худалдан авагч “М” ХК-иас барааны үнэ17,340,000 юанийн төлбөрийг гэрээнд гарын үсэг зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор 100% төлж барагдуулахаар тохиролцсон[23] байх боловч худалдан авагч талаас 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 юань, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 юань, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5,200,000 юань, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3,100,000 юань, нийт 17,300,000 юанийг худалдагч тал “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацид шилжүүлсэн[24] нь тогтоогдож байх ба энэ нь хариуцагчийн “...төлбөрийг 22 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн” гэх тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна.
Мөн XGEMGCL1307-03 дугаар бүхий дээрх гэрээний дагуу худалдан авагч “М” ХК нь 5100 тн барааны үнэд 17,340,000 юанийн төлбөрийг худалдагч талд шилжүүлэхээр тохиролцсон ч 17,300,000 юанийг шилжүүлсэн, харин худалдагч талаас 2 удаагийн ачилтаар нийт 5082 тн-ийн[25] буюу 17,278,800 юанийн үнэ бүхий барааг нийлүүлж худалдан авагчаас шилжүүлсэн 17,300,000 юанийн зөрүү болох 21,105.20 юанийг “М” ХК-д буцаан шилжүүлсэн[26] зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “М” ХК болон Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хооронд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-г санхүүжүүлэх хүрээнд 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкнаас “М” ХК-д 15,000,000,000 төгрөгийг олгохоор зээлийн гэрээ байгуулагдсан[27] байх боловч уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000,000[28], 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000,000[29] төгрөгийн буюу нийт 7,500,000,000 / 7.5 тэрбум/ төгрөгийн зээлийг нэхэмжлэгчид олгож, харин үлдсэн 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт огт хийгдээгүй болох нь Зээлийн дэлгэрэнгүй хуулга[30], ХААН банкны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18/9825 дугаартай Тодорхойлолт[31], нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх ба,
Улмаар нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу орж ирсэн 7,5 тэрбум төгрөгөөс БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацитай байгуулсан 1 дэх худалдааны гэрээний төлбөрт 1,732,336,700.00 төгрөг[32], 2 дахь худалдааны гэрээний төлбөрт 3,473,372,800.00 төгрөг[33], нийт 5.2 тэрбум орчим төгрөгийг тус тус шилжүүлсэн улмаар Бугатын төмөрлөгийн үйлдвэр болон “ZHEJIANG MATERIALS INDUSTRY INTERNATIONAL” компанитай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдсэн барааны үнэ болох 26,859,502.4 юанийг дээрх санхүүжилтийг авснаас хойших хугацаанд шилжүүлсэн[34] болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээр тогтоогдож буй үйл баримтуудаас үзвэл “М” ХК нь “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-ний хүрээнд олгогдсон 7.5 тэрбум төгрөгийн дийлэнхийг БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацитай байгуулсан өмнөх 2 удаагийн гэрээний дагуу нийлүүлэгдсэн барааны төлбөрт шилжүүлснээр тус корпорацитай байгуулсан ”XGEMGCL1307-03 дугаартай 3 дахь гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны үнийг гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор төлөх үүргээ хугацаа хоцроож буюу 22 хоногийн дотор биелүүлэх бодит шалтгаан болжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс барааны үнийг гэрээнд заасан хугацааг хоцроож төлсөн шалтгаан нь “Ган туйвангийн үнэ тогтворжуулах гэрээ”-ний санхүүжилт дутуу олгогдсон нөхцөл байдлаас шууд хамаарсан гэж үзэхээр байх ба гэрээний үүргийг ийнхүү хугацаанд нь биелүүлээгүйтэй холбогдуулан худалдагч талаас гомдол гаргаагүй түүнчлэн худалдан авагч нь худалдагч талаас нийлүүлсэн барааны үнийг тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлэхээс 1 сар орчмын өмнө бүрэн төлж барагдуулсан үйл баримт мөн тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн худалдан авагч “М” ХК нь XGEMGCL1307-03 дугаартай 3 дахь худалдааны гэрээгээр нийлүүлэгдэх 5100 тн барааны үнэ 17,340,000 юанийг худалдагч талд тухайн тоо, хэмжээгээр нь төлөөгүй боловч худалдагчаас нийлүүлсэн 5082 тн барааны үнийг 17,300,000 юанийг шилжүүлснээр бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгчийг “барааны төлбөрийг дутуу төлсөн” гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчаас дээрх үндэслэлийг тодруулж тайлбарлахдаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.3.7-т “биет шалгалтын явцад гаалийн мэдүүлэг болон дагалдах бичиг баримт дээр барааны үнэд нөлөөлөх үзүүлэлтийг бараатай тулган шалгана” гэж заасан, улмаар 3 дахь гэрээний хавсралтад зааснаар ф:12 мм-ийн хэмжээтэй арматур төмөр 900 тн-ыг импортоор оруулахаар байхад 03-2091004-13-I32493R дугаартай мэдүүлгээр 832,161 кг, 03-2091004-13-I32500R дугаартай мэдүүлгээр 301,864 кг, нийт 1,134 тн-ыг оруулсан нь гэрээнд зааснаас 234 тн-оор илүүг оруулсан хэмээн маргасан ба харин барааны маркийн хувьд зөрүүгүй гэх тайлбарыг өгсөн бол,
Нэхэмжлэгчээс, хариуцагчийн дээрх тайлбарыг няцааж Ф:12 мм-ийн хэмжээтэй арматурыг 234 тн-оор бус, 47 орчим тн-оор илүү нийлүүлсэн байсан бөгөөд тухайн барааны хувьд гэрээнд заасан тоо, хэмжээгээр оруулж ирэх боломжгүй, учир нь уг бараа ширхгээр бус боодлоор багцлагддаг бөгөөд тухайн барааны онцлогоос хамааран 1 боодолд хамгийн багадаа 54,3 тн, ихдээ 65,7 тн-ийн хэмжээтэйгээр багцлагддаг учир жингийн хувьд гэрээнд заасан хэмжээг бариулах боломжгүй, иймээс гэрээлэгч талууд барааг нийлүүлсний дараа тооцоо нийлж, гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү нийлүүлсэн тохиолдолд барааны үнийн зөрүүг худалдагч талд нэмж төлөх, харин дутуу нийлүүлэгдсэн тохиолдолд зөрүү үнийг худалдан авагч талд буцаан шилжүүлэх журмаар тухайн барааг импортолдог гэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар[35] 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн XGEMGCL1307-03 дугаартай худалдааны гэрээний дагуу худалдагч тал болох БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорациас:
-12мм-ийн диаметртэй - 12м-ийн урттай арматур - 900 тн,
-16мм-ийн диаметртэй - 12м-ийн урттай арматур -900 тн,
-22мм-ийн диаметртэй - 12м-ийн урттай арматур 1200 тн,
-25мм-ийн диаметртэй - 12м-ийн урттай арматур 1500 тн,
-28мм-ийн диаметртэй - 12м-ийн урттай арматур 600 тн
буюу 12-25 мм-ийн диаметр /Ф/ бүхий,12 м-ийн урттай, 5 төрлийн, нийт 5100 тн арматур төмрийг нийлүүлэхээр тохиролцсоноор тухайн барааг 2 хувааж нийлүүлсэн байх бөгөөд,
Үүний эхний удаагийн 44 вагоноор нийлүүлсэн барааны хувьд:
2013 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-2091004-13-I32356R дугаартай мэдүүлгээр:
-Ф:22 мм – 578,650 кг,
-ф:25 мм – 845,710 кг,
-ф:28 мм – 292,419 кг, нийт 1,716,779 кг-ийг буюу 1.716 тн,
2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03-2091004-13-I32392R дугаартай мэдүүлгээр:
-Ф:25 мм – 177,958 кг-ийг буюу 177.9 тн,
2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 03-2091004-13-I32373R дугаартай мэдүүлгээр:
-Ф:25 мм – 431,328 кг,
-ф:28 мм -296,075 кг, нийт 727,403 кг-ийг буюу 727,4 тн
Харин хоёр дахь удаагийн 40 вагоноор нийлүүлсэн, маргаан бүхий барааны хувьд:
2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаартай мэдүүлгээр:
-Ф:12 мм- 832,161 кг,
-Ф:16 мм - 750,690 кг,
-ф:22 мм – 575,173 кг, нийт 2,158,024 кг-ийг буюу 2,158 тн,
2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32500R дугаартай мэдүүлгээр:
-Ф:12 мм – 115,125 кг,
-Ф:16 мм – 186,739 кг, нийт 301,864 кг-ийг буюу 301,8 тн-ийг мэдүүлснээс тус тус үзвэл 3 дахь гэрээгээр нийлүүлбэл зохих бараанаас:
-12мм-диаметртэйг – 947,286 кг-ийг нийлүүлсэн нь 47,286 кг буюу 47,2 тн-оор илүү,
-16мм-диаметртэйг - 937,429 кг-ийг нийлүүлсэн нь 37,429 кг буюу 37,4 тн-оор илүү,
-22мм-диаметртэйг - 1,1,53,823 кг-ийг нийлүүлсэн нь 46,177 кг буюу 46,1 тн-оор дутуу,
-25мм-диаметртэйг - 1,454,996 кг-ийг нийлүүлсэн нь 45,004 кг буюу 45 тн-оор дутуу,
-28мм- диаметртэйг - 588,494 кг-ийг нийлүүлсэн нь 11,506 кг буюу 11,5 тн-оор дутуу буюу нийтдээ 5082 тн бараа нийлүүлэгдсэн нь гэрээнд тусгагдсан хэмжээнээс зөрүүтэй байх боловч гэрээний 3-т “Тоо хэмжээ: 5100 тн (нийт жин ба размер тус бүр нь +10/-10%-ийн хэлбэлзэлтэйгээр зөвшөөрөв)” гэж тусгагдсан байх тул гаалийн үнийг тодорхойлоход ашигласан баримт дахь тоо хэмжээний талаарх мэдээллүүд зөрүүтэй гэж үзэх боломжгүй байна.
- Маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй боловч хариуцагчаас нэмж тайлбарласан “тээврийн зардлыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:
Хариуцагч нь энэхүү үндэслэлийг тайлбарлахдаа: Гэрээнд Инкотермс-2010 DAP Эрээн нөхцөлтэй гэж заасан. Олон улсын гадаад худалдааны ИНКОТЕРМС-2010 бараа нийлүүлэх нөхцөлийн дагуу DAP-Delivered At Place (named place of destination) буюу DAP-(нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх) Худалдан авагч дараах зардлуудыг хариуцахаар заасан. Энэ заалтын дагуу “Гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн газрын нэрлэсэн цэгээс хүлээн авснаас хойших ачаа бараатай холбоотой бүх зардлууд”-ыг хүлээн авагч тал хариуцах ёстой. Иймээс “М” ХК нь БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцах учраас гаалийн байгууллагад тээврийн зардлыг мэдүүлэх үүрэгтэй байсан гэж,
Нэхэмжлэгчээс, Гэрээний 19 дүгээр зүйлд Инкотермс-2010 нөхцөлөөр барааг хүлээн авахаар тохиролцсон бөгөөд Инкотермс-2010-ын V бүлэгт DAP нөхцөлийг “Нэрлэсэн газар хүлээлгэж өгөх газар нь худалдан авагчийн нутаг байна” хэмээн тайлбарласан байдаг. Гэрээний 13-т эцсийн очих газрыг Монгол Улсын Замын-Үүд гэж тодорхой заасан ба хил хүртэлх тээвэр болон бусад зардлыг нийлүүлэгч тал хариуцсан” хэмээн “барааг хүлээлгэж өгөх нэрлэсэн газрын тухайд” маргаж байна.
Хэрэгт авагдсан “М” ХК, БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Худалдааны гэрээ”-ний 19-д “Нийлүүлэлтийн нөхцөл: Инкотермс-2010-аар зохицуулагдана”[36] гэж, уг гэрээний хавсралтын 3-т “Нийлүүлэлтийн нөхцөл: DAP Эрээн хот, Хятад улс”[37] гэж тусгажээ.
Хэргийн оролцогчдын маргаж буй DAP–Delivered At Place (named place of destination) буюу DAP /нэрлэсэн газарт хүлээлгэн өгөх/ нөхцлийн талаар “ИНКОТЕРМС-2010”-ын V-д “Тус нөхцлөөр худалдагч /үйлдвэрлэгч/ экспортлогч нь нийлүүлэх нэрлэсэн хүрэх газарт тээврийн хэрэгслээс буулгахад бэлэн болсон ачаа барааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэж өгнө. Худалдагч барааг нэрлэсэн газарт авчрахтай холбоотой бүх эрсдлийг хариуцна. “Нэрлэсэн хүлээлгэж өгөх газар” нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байна” хэмээн заажээ.
Дээрх гэрээнийн хавсралтад Нийлүүлэлтийн нөхцөлийг “DAP Эрээн хот” гэж тусгасан байх боловч гэрээний 19-д нийлүүлэлтийн нөхцөлийг “ИНКОТЕРМС-2010”-аар зохицуулахаар заасан улмаар “ИНКОТЕРМС-2010”-т заасан DAP нөхцлийн тухайд “Нэрлэсэн хүлээлгэж өгөх газар” нь худалдан авагчийн нутаг дэвсгэр байх”-аар заасан түүнчлэн уг гэрээний 12-т “Хүргэх газар: Хятад, Монголын хилээр Эрээн хот болон Замын-Үүд өртөөнд”[38] , 13-т “Хүрэх газар: Замын-Үүд, Монгол Улс”[39] хэмээн тус тус зааснаас үзэхэд DAP буюу “Нэрлэсэн хүлээлгэж өгөх газар” нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Замын-Үүд өртөө гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хувьд нь “БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын-Үүд өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцах улмаар тээврийн энэхүү зардлыг гаалийн байгууллагад мэдүүлэх үүрэг”-ийг хүлээх үндэслэлгүй байна гэж үзэв.
Гаалийн улсын байцаагч нь нэхэмжлэгч “М” ХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 2,158,018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 301,864 кг барааны гаалийн үнийг шалгаад “төлбөрийн баримтын хугацаа өөр, гэрээнд заасан марк, тоо хэмжээгээр биш” гэх шалтгаанаар тухайн барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсон хэлцлийн үнийн аргаас өөр аргаар буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлон 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг бичжээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэр гаргана”, 8.3-т “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно” 8.3.1-т “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-т “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаал /ГЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/82 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/-ын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар”-ын 2.5-д “Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийг дараахь байдлаар шалгана”, 2.5.7-д “мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гаалийн мэдүүлгийн маягтын 38-43 дугаар хүснэгтийг нөхөн бичиж, гаалийн үнийг тодорхойлох”, 2.5.8-д “зааврын 2.5.7-д заасан тохиолдолд мэдүүлэгч хүсэлт гаргасан бол бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн “Гаалийн үнийг тодорхойлсон тухай тайлбар хуудас” бичих” гэж зааснаар, гаалийн улсын байцаагч нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлох улмаар дээрх маргаан бүхий захиргааны акт болох “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг бичиж болохоор байх боловч хуульд заасан тодорхой тохиолдлуудад л уул эрхээ хэрэгжүүлэх учиртай.
Гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий дээрх шийдвэрээр “импортын барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсон хэлцлийн үнийн аргаар тодорхойлохоос татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон”-той холбогдуулан гаалийн үнийг тодорхойлох арга, түүнийг хэрэглэх талаарх хуулийн зохицуулалтыг авч үзвэл,
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:”
9.1.1. хэлцлийн үнийн арга;
9.1.2. нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
9.1.3. ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
9.1.4. ялгаварт үнийн арга;
9.1.5. нийлбэр үнийн арга;
9.1.6. уялдуулан хэрэглэх үнийн арга; хэмээн гаалийн үнийг тодорхойлох аргуудыг нэрлэн заажээ.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т зааснаар “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтад тусгагдсан мэдээлэл зөрсөн” хэмээн тодорхойлж үүнийгээ “төлбөр төлсөн хугацаа гэрээнд зааснаас өөр буюу 22 хоногоор хэтэрсэн, худалдагч талаас нийлүүлсэн барааны тоо, хэмжээ гэрээнд заасан тоо, хэмжээ зөрсөн” гэх нөхцөл байдалтай холбон тайлбарласан улмаар эдгээр нөхцөл байдлууд нь өмнө дурдсанаар тогтоогдож байгаа ч уг нөхцөл байдлууд нь хуулийн энэхүү үндэслэлд хамааралгүй байна гэж үзэв. Учир нь:
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ” гэж заасан, улмаар 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” хэмээн тодорхойлсон,
түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 2.1-т “Мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгахад Гаалийн тухай хуулийн 35, 60 дугаар зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлоход ашигласан баримт бичгийг үндэслэнэ”, 3.3.3-т “... импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтыг дараах байдлаар шалгана:” 3.3.3.1-д “импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход шаардлагатай бичиг баримт бүрдсэн эсэх;”, 3.3.3.2-т “бичиг баримтуудын огноо, баталгаажуулалт (гарын үсэг, тамга тэмдэг гэх мэт) хүчин төгөлдөр эсэх;”, 3.3.3.3-т “тухайн бичиг баримтыг хэн, хэзээ, ямар зорилгоор үйлддэг болох, ямар мэдээллүүдийг агуулсан байх ёстой зэргийг анхаарах;”, 3.3.3.4-т “бичиг баримт тус бүрийн үйлчлэл, форматыг анхаарах;”, 3.3.3.5-д “зөвхөн тухайн бичиг баримтан дээрх мэдээллийг өөр хооронд нь харьцуулж уялдуулан шалгах;”, 3.3.3.6-т “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бүх бичиг баримт дээрх мэдээллийг хооронд нь уялдуулан шалгах;”, 3.3.4-т “мэдүүлсэн үнийг тухайн импортын бараанд төлсөн бодит төлбөртэй уялдуулан шалгана. Төлсөн болон төлбөл зохих үнийн дүн, төлбөр төлсөн огноо, төлбөрийн нөхцөл, арга тухайн төлбөрийг хэнд төлсөн зэргийг анхаарна” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мэдүүлэгч буюу нэхэмжлэгч “М” ХК нь 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 2,158,018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 301,864 кг барааны гаалийн үнийг хэлцэлд дурдсан үнэ /1 тн барааны үнэ 3400 юань/-ээр тодорхойлж мэдүүлсэн[40], тухайн этгээдээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх” үүргийнхээ дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацитай байгуулсан 3 дахь удаагийн худалдааны гэрээнд 5100 тн барааг 17,340,000 юаниар буюу 1тн-ыг 3400 юаниар худалдан авахаар тусгасан улмаар барааны төлбөрт 17,300,000 юанийг шилжүүлснээр 40,000 юанийн үний зөрүү гарсан байх боловч худалдагч талаас 5082 тн бараа нийлүүлсэн болох нь тогтоогдож байх тул мэдүүлэгчээс 03-2091004-13-I32493R, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгүүдээр мэдүүлсэн барааны гаалийн үнийг 3400 юаниар буюу хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо ашигласан бичиг баримтад тусгагдсан мэдээлэл \худалдагчид төлсөн бодит үний талаарх\-ийг зөрүүтэй байна гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХК, БНХАУ-ын “ШИНХУА АЯРН, СТЕЛ” корпорацийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан XGEMGCL1307-03 дугаартай гэрээ, уг гэрээний дагуу нийлүүлэх барааны төлбөрийг төлсөн баримтууд нь хэдийгээр гаалийн үнийг тодорхойлоход ашигласан баримт бичиг мөн бөгөөд гэрээнд заасан барааны үнийг төлөх хугацаа болон төлбөрийг төлсөн хугацаа мөн төлсөн болон төлбөл зохих үнийн дүнгийн хувьд хоорондоо зөрүүтэй байгаа нь маргаангүй байх боловч уг баримтууд дахь “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан мэдээлэл” буюу мэдүүлэгчээс бараагаа хэлцлийн үнийн аргаар тодорхойлохдоо ашигласан мэдээлэл болох барааны нэгж үнэ /1тн-3400юань/-ийн талаарх мэдээллийг зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргах урьдчилсан нөхцөл болгон тайлбарласан бөгөөд өмнө дурдсанаар тогтоогдсон “төлбөр төлсөн хугацаа гэрээнд зааснаас өөр буюу 22 хоногоор хэтэрсэн, төлбөрийг гэрээнд зааснаас дутуу төлсөн улмаар худалдагч талаас нийлүүлсэн барааны тоо, хэмжээ гэрээнд заасан тоо, хэмжээнээс зөрсөн” зэрэг нөхцөл байдлууд нь гаалийн үнийг \1тн-ийг 3400 юаниар\ тодорхойлохтой шууд хамааралгүй өөрөөр хэлбэл, төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн болон гэрээнд зааснаас дутуу төлсөн нөхцөл байдал нь хэлцлийн үнэд нөлөөлөөгүй байхын дээр төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан улмаар тухайн бараа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбарласанчлан тоо, хэмжээний хувьд ширхгээр жинлэгдэх боломжгүй, боодлоор багцлагдаж тн-оор жинлэгддэг онцлогтой зэргээс хамааран гэрээнд тусгагдсан тоо, хэмжээнээс зөрүүтэй нийлүүлэгдэх боломжтой болох нь тогтоогдож байна.
Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл Гаалийн улсын байцаагч нь “М” ХК-ийн импортоор оруулж ирсэн 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 2,158,018 кг, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 301,864 кг барааны гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсон хэлцлийн үнийн аргаар тодорхойлохоос татгалзаж өөр аргаар буюу тодруулбал бусад аргуудыг шууд алгасан гаалийн үнийг тодорхойлох сүүлийн арга болох уялдуулан хэрэглэх үнийн аргаар тодорхойлсон нь хууль болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг хүчингүй болгох зүйтэй гэж үзлээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно”, 43.2.3-т “гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд”, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ”, 17.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах...” гэж заажээ.
“М” ХК нь, гаалийн улсын байцаагчаас “гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг бичсэн”-ээр 2013 оны 09 дүгэр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 2,158,018 кг бараанд 381,166,273.93 төгрөгийн, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгээр мэдүүлсэн 301,864 кг бараанд 53,331,183.12 төгрөгийн, нийт 434,497,457.05 төгрөгийн гаалийн болон бусад татварыг төлсөн байх боловч уг хэмжээний татварыг төлөх үндэслэл болсон гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас”-ыг шүүхээс нэгэнт хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэж байх тул уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид илүү ногдуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “М” ХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээнд илүү төлсөн гэх татварыг 73,070,651.43 төгрөгөөр тооцоолж нэхэмжилсэн улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “хэрэв 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03-2091004-13-I32493R, 03-2091004-13-I32500R дугаар мэдүүлгүүдээр гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлбол гаалийн болон бусад татварт 73 сая гаруй төгрөгийг илүү төлсөн байх тооцоолол гарч байна” гэсэн тайлбарыг гаргасан зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Г газраас 73,070,651.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Материал-Импэкс ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Гаалийн үнийг тодорхойлсон тайлбар хуудас-ыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид илүү ногдуулсан гаалийн болон бусад татвар болох 73,070,651.43 төгрөгийг Замын-Үүд дэх Гаалийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Материал-Импэкс ХК-д буцаан олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,303.00 төгрөгөөс төлбөл зохих 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 453,103.00 /дөрвөн зуун тавин гурван мянга нэг зуун гурав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Материал-Импэкс ХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА