Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 65

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух, ПД62123091 регистрийн дугаартай, Хуурчид овогт Хорлоогийн Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдох Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Баярсайхан миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн эрхлэгчээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй ажиллаж ирсэн. Гэтэл ажил олгогч Дуут сумын Засаг дарга нь намайг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тушаал гаргахдаа баримталсан хуулийн заалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцэхгүй байна. Захирамжид намайг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.

Намайг Соёлын төвийн эрхлэгчээр ажиллуулахдаа надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд би төрийн үйлчилгээний ажилтан. Би ТҮ-5-6-аар цалинждаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан. Гэтэл ажил олгогч Дуут сумын Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулж өгөөгүй. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 2,137,640 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга А.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 05 сарын 13-ны өдрийн 124 дүгээр тоотоор тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоог хүргүүлээд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлагдан явагдаж Д.Одонтуяа гэдэг хүн тэнцсэн. Ингээд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 06 сарын 08-ны өдөр 104 дүгээр тоот албан бичиг ирээд тэр дагуу сумын Засаг дарга Х.Баярсайханыг ажлаас нь чөлөөлж, Д.Одонтуяаг Соёлын төвийн эрхлэгчээр томилсон захирамж гаргасан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын байрны захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлаад тэнцсэн хүнийг тухайн үеийн сумын Засаг дарга төрийн албаны бичгийг үндэслээд томилсон. Төрийн албаны бичгийг үндэслэж Х.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн.

Соёлын төвийн эрхлэгч нь бакалавраас дээш зэрэгтэй байх ёстой гэсэн ажлын байран дээр тавигдах шаардлага байгаа. Үүнийг Х.Баярсайхан хангаагүй гэж үзээд сонгон шалгаруулалт зарласан байх.

Сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч хоёр тухайн оныхоо эхэнд үр дүнгийн гэрээ байгуулж, сар, улирлаар нь дүгнэдэг. Тухайн соёлын байгууллага, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, засгийн газар хэрэгжүүлж байгаа чиг үүргийн дагуу хоёр тал үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийгээ бүтэн жилийнхээ ажлын үзүүлэлт болгодог журамтай. Иймд Х.Баярсайхан нь ТҮ-р цалинждаг, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нь хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нь Төрийн үйлчилгээний болох нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Дуут сумын Соёлын төвийн нягтлан бодогчийн тодорхойлолт, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэдэг тул тус гомдлыг Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж, улмаар Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот захирамж /хх-5/, нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Х.Баярсайхан нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг нотолж байна.

Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга ажилтан Х.Баярсайханыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 104 дугаартай тоотыг үндэслэжээ.

Мөн хариуцагч А.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын байрны захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлаад тэнцсэн хүнийг тухайн үеийн сумын Засаг дарга төрийн албаны бичгийг үндэслээд томилсон. Төрийн албаны бичгийг үндэслэж Х.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн...” гэж ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарсан ба Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын байрны захиалга өгч байсан нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 124 дугаартай албан бичиг /хх-19/-ээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Гэтэл Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг баримталж шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг зөрчсөн, ажил олгогчийн шийдвэр нь эрхийн акт болохын хувьд хуулийг буруу хэрэглэн захирамж гаргасан байна. Мөн ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ захирамждаа тодорхой дурдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэх боловч энэхүү зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн түүнчлэн ажил олгогч төрийн үйлчилгээний ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээг ажилтан Х.Баярсайхантай байгуулаагүй байх ба гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм.

Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Баярсайхан нь ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг 2016 оны 10 дугаар сард гардан авсан гэж тайлбарлах боловч ажилтанг ажлаас чөлөөлөхдөө ажилтанд урьдчилан мэдэгдэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” заалтыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан “ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй”-г зохицуулсан зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Баярсайханыг урьд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 2 сар 25 өдөрт ногдох олговрыг  гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо  хэрэгт авагдсан Х.Баярсайханы цалингийн цэс /хх-33-34/-ийг үндэслэн тооцоход тэрээр сард  608,456 төгрөгийн цалинтай байх бөгөөд ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дунджийг тооцвол 608,456:21.5=28,300 төгрөг байна.

Нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 2 сар 25 өдөрт ногдох нөхөх олговорт (608,456 х 2 сар)+ (28,300 х 25 ажлын өдөр) = 1,924,412 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Баярсайханд олгож, илүү нэхэмжилсэн 213,228 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн тооцуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбарын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаартай албан бичиг /хх-20/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан шаардлага хангаагүй, Засгийн газар болон аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ /хх-29-32/ нь хэрэгт ач холбогдолгүй байх тул  нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг (ажилд эгүүлэн тогтоосон тул) + төгрөг 45,740 төгрөг (1,924,412 төгрөгийн олговорт тохирох улсын тэмдэгтийн хураамж) нийт 115,940 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Баярсайханыг Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 1,924,412 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Баярсайханд олгож, илүү нэхэмжилсэн 213,228 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Х.Баярсайханы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Баярсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 115,940 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА