Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 08

 

 

 

Х.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00065 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух Хуурчид овогт Хорлоогийн Баярсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Баярсайхан, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Х.Баярсайхан миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Дуут сумын соёлын төвийн эрхлэгчээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгүй ажиллаж ирсэн. Гэтэл ажил олгогч Дуут сумын Засаг дарга нь намайг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тушаал гаргахдаа баримталсан хуулийн заалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагатай нийцэхгүй байна. Захирамжид намайг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь тодорхой бус байна.

Намайг Соёлын төвийн эрхлэгчээр ажиллуулахдаа надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд би төрийн үйлчилгээний ажилтан. Би ТҮ-5-6-аар цалинждаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан. Гэтэл ажил олгогч Дуут сумын Засаг дарга намайг ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулж өгөөгүй. Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 2,137,640 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 05 сарын 13-ны өдрийн 124 дүгээр тоотоор тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоог хүргүүлээд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлагдан явагдаж Д.Одонтуяа гэдэг хүн тэнцсэн. Ингээд Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 06 сарын 08-ны өдөр 104 дүгээр тоот албан бичиг ирээд тэр дагуу сумын Засаг дарга Х.Баярсайханыг ажлаас нь чөлөөлж, Д.Одонтуяаг Соёлын төвийн эрхлэгчээр томилсон захирамж гаргасан. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын байрны захиалга өгч, сонгон шалгаруулалт зарлаад тэнцсэн хүнийг тухайн үеийн сумын Засаг дарга төрийн албаны бичгийг үндэслээд томилсон. Төрийн албаны бичгийг үндэслэж Х.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн.

Соёлын төвийн эрхлэгч нь бакалавраас дээш зэрэгтэй байх ёстой гэсэн ажлын байран дээр тавигдах шаардлага байгаа. Үүнийг Х.Баярсайхан хангаагүй гэж үзээд сонгон шалгаруулалт зарласан байх.

Сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч хоёр тухайн оныхоо эхэнд үр дүнгийн гэрээ байгуулж, сар, улирлаар нь дүгнэдэг. Тухайн соёлын байгууллага, аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, засгийн газар хэрэгжүүлж байгаа чиг үүргийн дагуу хоёр тал үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийгээ бүтэн жилийнхээ ажлын үзүүлэлт болгодог журамтай.

Иймд Х.Баярсайхан нь ТҮ-р цалинждаг, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00065 дугаар шийдвэрээр:“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Баярсайханыг Ховд аймгийн Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 1,924,412 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Баярсайханд олгож, илүү нэхэмжилсэн 213,228 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Х.Баярсайханы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Баярсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 115,940 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар төсвийн бусад байгууллагын дарга эрхлэгч нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байдаг. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх явдал мөн гэжээ. Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. Хууль журмын зохицуулалтаас үзэхэд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах, төсвийн шууд захирагчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг, байгууллагын менежер болох Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн иргэнийг томилох сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. Дуут сумын Засаг даргаас тус сумын соёлын төвийн эрхлэгчийн сул орон тоог сонгон шалгаруулалтын журмаар нөхөхөөр Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлсэн байдаг. Уг сонгон шалгаруулалтад иргэн Догсомын Одонтуяа тэнцэж, хамгийн өндөр оноо авсан тул түүнийг соёлын төвийн эрхлэгчээр томилуулахаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт ирүүлсэн. Иймээс Дуут сумын Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар захирамж гарган Дуут сумын соёлын төвийн эрхлэгчээр Д.Одонтуяаг томилж, уг албан тушаалд хууль бусаар ажиллаж байсан Х.Баярсайханыг чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангуулсан байдаг. Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Баярсайханыг Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4.-т заасан тусгай зарчим, цаашилбал Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчимд харшилсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Баярсайханы хариуцагч Дуут сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нь хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ: “Х.Баярсайхан нь Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдохоо Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон байсан тул сумын Тамгын газраас түүний сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтанд Д.Одонтуяа тэнцсэн тул Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 104 тоот албан бичгийг үндэслэж Х.Баярсайханыг ажлаас нь чөлөөлж Д.Одонтуяаг томилсон, мөн уг хэрэг нь захиргааны хэргийн шүүхэд харъяалагдах асуудал” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Дуут сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь зохигчидийн тайлбар, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар Х.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан субъект болох Дуут сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан байгууллага албан тушаалтан мөн боловч сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаал байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.

Иймд Х.Баярсайханы хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ”ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглодог” тул хэрэгт авагдсан “засгийн газар болон аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-г[1] шүүх үнэлээгүй нь  үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь Х.Баярсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, хэсгийг заавал баримтлах, ажилтанд урьдчилан мэдэгдэх, ажлаас халсан тухай шийдвэрээ гарсан өдөрт нь гардуулах зэрэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцсэн байна.

            Нөгөө талаар Дуут сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 124 дугаартай албан тоотоор тус сумын Соёлын төвийн эрхлэгчийн сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн албан тоот[2] хавтаст хэрэгт авагдсан боловч тухайн үед Х.Баярсайханы ажлын байр нь сул орон тоо байсан гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй байна.  

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн захирамж гаргасан боловч аймгийн соёлын байгууллагын даргатай зөвшилцсөн гэх зүйл уг тушаалд болон хавтаст хэрэгт байхгүй байна. 

            Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Х.Баярсайхан нь ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг 2016 оны 10 дугаар сард гардан авсан гэж тайлбарлах боловч Дуут сумын Засаг даргаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг ажилтанд гардуулсан  талаар нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал шүүхэд гаргаж өгөн мэтгэлцэх үүрэгтэй юм.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Х.Баярсайхан нь уг албан тушаалд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар ажиллаж байсан тул түүнийг чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангуулсан гэж тайлбарласан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй үйл баримтыг шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг түүний цалингийн цэснээс тооцохдоо нийт олгох цалингаас тооцоолоогүй нь буруу байх тул  шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 153/ШШ2017/00065 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас нэхэмжлэгч Х.Баярсайханы ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 1,924,412 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Баярсайханд олгож, илүү нэхэмжилсэн 213,228 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 2.292.321 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Баярсайханд олгосугай” гэж, 4 дэх заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Баярсайхан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 115,940 төгрөг гэснийг  121827 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                            Д.КӨБЕШ

 

                                                                                               М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

             

 


[1] Хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас