Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 106 байрны 12 тоотод оршин суух, Чойжилжавын Билэгжамц, Билэгжамцын Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд холбогдох,

Багажны сарайнуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Билэгжамц нь Замын 4 дүгээр ангид 1970 оноос 2010 оныг хүртэл засварын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа 3 хаалгатай багажны сарай 1ш, 1 хаалгатай багажны сaрaй 1 ширхэгийг худалдаж аваад цалингаасаа суутгуулсан гэж мэдүүлсэн байдаг. Түүнийг нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөн түүнийг Энхтөр, Оргодол, Цэвээндорж, Ганболд нар нь гэрчилсэн байдаг. Чөлөөлөх эзэмших эрхийн талаар өмнө маргаан үүсгэж байгаагүй бөгөөд гэнэт олон жилийн дараа маргаан үүсгэж байгаа нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн эрх зүйн төрөлд ордог буюу ганцхан худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдахгүй. Давхар үүргийн биелэлт яригддаг тул нэхэмжлэгчийн эзэмших, өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байдаг.  Тийм  учраас  Замын  4 дүгээр  ангиас эзэмших, шилжүүлэх эрхийн талаар шаардах нь зөв юм гэж үзэж байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчдийн эзэмшилд шилжүүлсэнээр багажны сарайнуудыг эзэмших эрх үүсэж Замын 4 дүгээр ангид байх эрх нь дуусгавар болсон байгаа. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт  хуулийн зохицуулалт байдаг. 22 жилийн өмнө гражийн хамт багажны сарайнуудыг худалдан авсан гэж нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хариуцагч талаас үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байдаг гэж маргадаг боловч, нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед худалдаж борлуулсан байж үндсэн хөрөнгөөс яагаад одоог хүртэл хасаагүй байгаа талаар мэдэх боломжгүй. Тийм учраас багажны сaрaйг үл хөдлөх үү, аль эсхүл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь эргэлзээтэй юм. Яагаад гэвэл Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд газрыг ашиглах эрхтэй байдаг гэдэг утгаар багажны сaрaйг хөдлөх эд хөрөнгө гэж үзэж байгаа юм. Тиймээс Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 1112 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн хувьд Замын 4 дүгээр анги гэж техникийн алдаатай бичсэн байна. Миний гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  Улаанбаатар төмөр зам юм...гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хариуцагч байгууллагыг Дорноговь аймгийн Сайншанд сум дахь замын 4 дүгээр анги гэж тодорхойлсон байдаг. Харин улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Улаанбаатар төмөр замын 4 дүгээр анги гэсэн хуулийн этгээд байхгүй. Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр зам байгууллага гэж байгаа гэдгийг хэлье. Багажны сарайнууд нь Улаанбаатар төмөр замын өмч хөрөнгө гэж хүлээн зөвшөөрч дурьдсан байдаг. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасан хуулийн зүйл ангийг үндэслээд байна. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байна уу гэж үзэхэд байхгүй байгаа юм. Эдгээр хүмүүс нь Замын 4 дүгээр ангитай ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Хэрвээ үнэхээр хууль ёсны дагуу өмчлөх эрх нь нэхэмжлэгч талд шилжсэн гэж үзэх байсан юм бол Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу акт, протокол, тушаал шийдвэр гарсан байх ёстой юм. Гэтэл ямар нэг тушаал шийдвэр, акт гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ үндсэн хөрөнгүүд нь Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр бүртгэлтэй байгаа. Улаанбаатар төмөр замын хөрөнгүүд, газар нь эзэмших ашиглах эрхтэйгээр явж байдаг тул Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар улсын бүртгэл дээр бүртгэдэггүй журамтай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү… гэв.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нар нь хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Улаанбаатар төмөр замын харъяа Замын 4 дүгээр ангид холбогдуулан 3 хаалгатай багажны сарай 1ш, 1 хаалгатай багажны сaрaй 1 ширхэгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал уг сарай нь УБТЗамын өмч бөгөөд одоог хүртэл байгууллагын дансанд бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Энхтуяад 3 жилийн хугацаагаар нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл гаргасан ба /2 дугаар хх-ийн 40,41 тал/  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нь “...нэхэмжлэгч нар 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хариуцагч байгууллагыг  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр зам гэхийн оронд техникийн алдаа гарган Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Замын 4 дүгээр анги гэж андуурч бичсэн байна” гэж мэдүүлдэг ба хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал нь энэ тал дээр маргаан гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй багажны сарайнуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нь маргаан бүхий багажны сарайнуудыг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор баригдсан багажны сарайнууд нь газартай салшгүй холбогдсон гэж байгаа боловч газрын бүрдэл хэсэг болохгүй учраас уг багажны сарайнуудыг хөдлөх эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан байх тул уг багажны сарайнуудыг хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...уг сарайнууд бидний өмч болох нь Замын 4 дүгээр ангийн  2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 6 тал/, гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар ч гэрч уг сарайнуудыг нэхэмжлэгч нар 1995 онд худалдаж авсан, уг сарай нь эдгээр хүмүүсийн өмч мөн гэдгийг гэрчилдэггүй ба  Замын 4 дүгээр ангийн  2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот тодорхойлолтыг гаргасан ерөнхий нягтлан Г.Энхтөр нь “...Ч.Билэгжамцын хүсэлтээр...үйлдэгдсэн бичигт гарын үсэг зурсан, дээрх хөрөнгийг би нүдээр үзээгүй” /1 дүгээр хх-ийн 20 тал/ гэсэн тайлбар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нар нь уг сарайнуудыг 100000 төгрөгөөр 1995 онд худалдаж авсан гэх боловч уг хөрөнгийг худалдаж авсан болон шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрчүүд уг сарайг 100000 төгрөгөөр зарсныг гэрчилдэггүй, 100000 төгрөгөө УБТЗамд яаж төлсөн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нар нь “...уг багажны сарайг 1995 онд худалдаж авсан, энэ сарай бидний өмч” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч В.Санжаажавын “...1996 онд бригадын дарга байхдаа багажаа хариуцаж сарайг ашигладаг байсан, буцаад замын 11 хэсгийн мастераар 2001 онд томилогдож ирэхэд үндсэн хөрөнгийн бүртгэлд багажны сарай байсан ба 1998 оноос хойш ашиглахгүй байгаа боловч үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 88 тал/, гэрч Д.Сандагийн “...Би 1996 оны 8 сард ажлаа хүлээлгэн өгөхдөө багажны сарай буюу ажлын багаж бүртгэлээр хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 90 тал/, хэрэгт авагдсан барилга байгууламжийн хийц, хэмжээсийн 2016 оны бүртгэл /2 дугаар хх-ийн 135 тал/, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үндсэн хөрөнгийн бүртгэл /2 дугаар хх-ийн 136-137 тал/, 2014 оны 12 дугаар сарын үндсэн хөрөнгийн бүртгэл /2 дугаар хх-ийн 138-140 тал/, 2015 оны 12 дугаар сарын үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл /2 дугаар хх-ийн 141-143 тал/, 2016 оны 11 дүгээр сарын үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл /2 дугаар хх-ийн 144-145 тал/, 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн УБТЗ Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл /2 дугаар хх-ийн 188 тал/, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн УБТЗ Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл /2 дугаар хх-ийн 170 тал/, үндсэн хөрөнгийн эд хогшилын жагсаалт 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар /2 дугаар хх-ийн 171 тал/, 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /2 дугаар хх-ийн 178 тал/  зэрэг нотлох баримтуудаар уг сарайнууд нь одоог хүртэл УБТЗамын өмч бөгөөд үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтад бүртгэлтэй болох нь  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй өөрөөр хэлбэл уг сарайнууд нь нэхэмжлэгч нарын өмч гэдэг нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Ч.Билэгжамц, Б.Түвшинжаргал нарын нэхэмжлэлтэй хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох багажны сарайнуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ