Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р нам,

Хариуцагч: С хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “С хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүрүүлэх тухай” 02 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Р намын “З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойргийн дахин сонгуульд оролцох тухай” хүсэлтийг хүлээн авахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Р намын дарга Ч.Э,

Хариуцагч С хорооны дарга Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бямба-Эрдэнэ,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, Р намын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус намын даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхэд анх С хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № 02 албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдааны явцад Р намын “З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох тухай” хүсэлтийг хүлээн авахыг тус Сонгуулийн хороонд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлийн талаар тайлбарлавал: С хорооны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт дахин сонгууль зарлаж, 2 дахь заалтаар  уг тогтоолыг улс төрийн холбогдох намуудад хүргэхийг Сонгуулийн хорооны даргад үүрэг болгожээ.

            Гэсэн ч сумын Сонгуулийн хорооны дарга “Дахин сонгууль товлон зарлах тухай” дээрх 01 дүгээр тогтоолыг сумын Р намд ирүүлээгүй, мэдэгдээгүй бөгөөд уг тогтоол гарсныг тус намын дарга Ч.Э нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олж мэдсэн. Тодруулбал, тус намын дарга Ч.Э 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, дахин сонгуулийн талаар сумын сонгуулийн хорооноос лавлаж тодруулахаар очиход тус Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга А.А “дахин сонгууль зарлагдсан. Танай нам бичиг баримтаа өгөөгүй хоцорсон, гэхдээ энэ талаар дээрээс асууя” гэснээр олж мэдсэн.

             Сумын Сонгуулийн хорооноос “Дахин сонгууль товлон зарлах тухай“ 01 дүгээр тогтоол гарсныг мэдсэн даруйдаа Сонгуулийн тухай хуулийн 151.3-т “Орон нутгийн хурлын сонгуульд нам энэ хуульд заасны дагуу оролцож болно” гэж заасны дагуу тус нам нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох хүсэлтээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

            Гэтэл З сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга А.Агаас тус намд хандан 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд “... Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Сонгуулийн цаг хугацааны хуваарийн 4 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн тул хүлээн авах боломжгүй ...” гэсэн байсан.

Сум орон нутгийн төрийн байгууллагаас гаргасан захирамж, тогтоолыг сумын албан ёсны сайтад тавьдаг. Гэтэл уг сайтад иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 64 дүгээр тогтоол тавигдаагүй. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 64 дүгээр тогтоолын 1 дэх  заалтад сонгуулийн хороо байгуулахаар, 2 дахь заалтаар сонгуулийн товыг улс төрийн намууд, бие даагч болон бусад байгууллагад хүргүүлэх, нийтэд зарлахыг сонгуулийн хорооны даргад даалгасан байдаг.

Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу орон нутгийн хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нь мөн хуулийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаад дуусгана” гэж заасны дагуу нэр дэвшүүлэх эрхтэй хэдий ч дээрх мэдэгдлийн улмаас Р нам нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх боломжгүйд хүрээд байгаа болно.

            “Дахин сонгууль товлон зарлах тухай” 01 дүгээр тогтоолыг намуудад мэдэгдээгүй, олон нийтэд зарлаагүй атлаа “сонгуульд оролцох хүсэлтээ хугацаа хожимдуулсан” гэх мэдэгдлийг тус намд ирүүлж байгаа нь Р намын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

 Иймд З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхээ эдлэх үүднээс С хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №02 албан бичгийг хүчингүй болгуулж, Р намын “З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох тухай” хүсэлтийг хүлээн авахыг тус Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

            Хариуцагч, С хорооны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон тус Сонгуулийн хорооны даргын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            Тус суманд 2016 оны орон нутгийн дахин сонгууль зарласантай холбогдуулан сумын Сонгуулийн хороог 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, мөн өдөр сумын Сонгуулийн хороо, дахин сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийхээр товлон зарласан тогтоол гарган Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Тухайн үед Сонгуулийн хороо шинээр байгуулагдсан учраас тамга, тэмдэггүй байсан тул дээрх шийдвэрийг нийтэд мэдээлээгүй бөгөөд холбогдох улс төрийн намуудад мөн хүргүүлээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болгон зарлаж сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг батлан олон нийтэд мэдээлсэн.

            Нөхөн болон дахин сонгуулийн хувьд санал авах өдөр нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болох тул сумын дахин сонгуулийн цаг хугацааны хуваарийг нөхөн сонгуулийн хуваарьтай дүйцүүлэн батлан гаргасан. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу сонгуульд оролцох намуудын хүсэлтийг  2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авч дуусгавар болох байсан.

Р нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх үед би ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд энэ хугацаанд сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга нь Сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг тул нарийн бичгийн дарга Сонгуулийн хорооны ажлыг хариуцаж зохион байгуулж байсан.

Р нам нь сонгуульд оролцох хүсэлтээ, сонгуулийн цаг хугацааны хуваарьт тусгагдсан хугацаанаас хэтрүүлж ирүүлсэн учраас Сонгуулийн хороо хуулийн хугацаанд захирагдаж Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалтыг үндэслэн хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан шийдэлд хүрсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Р нам нь /цаашид “Р нам” гэх/ шүүхэд анх /2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр/, “З сумынСонгуулийн хороо нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль зарлах тогтоол, шийдвэрийг нуун дарагдуулж тодорхой улс төрийн нам, нэр дэвшигчийг дэмжин өрсөлдөгчгүй сонгууль явуулах гэж байгааг зогсоох, дахин сонгуулийг хүчингүй болгуулах, буруутанд хариуцлага тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг  нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхойгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож буцаасан ба улмаар тус намаас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагаа “З сумынСонгуулийн хорооны  2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” гэсэн агуулгаар тодруулж ирүүлснийг нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “Сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум.../-ийн/ сонгуулийн хорооны шийдвэр нь...албан бичгийн хэлбэртэй байна”, 113 дугаар зүйлийн 113.3-т ”Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж, хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

            Улмаар нэхэмжлэгч Р нам нь шүүх хуралдааны эхэнд, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан Р намын, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох тухай“ хүсэлтийг хүлээн авахыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан ба хариуцагч нь уг шаардлагатай холбогдох тайлбарыг шүүх хуралдааны явцад шууд гаргах боломжтой бөгөөд хуралдааныг үргэлжлүүлэн хийлгэх саналтай байгаагаа илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан, С хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүрүүлэх тухай” 02 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Р намын “З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох тухай” хүсэлтийг хүлээн авахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлагуудын хүрээнд холбогдох дүгнэлтийг хийж, хэргийг  шийдвэрлэсэн болно.

            Хариуцагч З сумынСонгуулийн хороо нь тус сумын Р намаас /цаашид “Р нам” гэх/ ирүүлсэн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт явагдах дахин сонгуульд оролцох тухай” хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээж аваад, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 02 дугаар албан бичгээр “...Р намаас 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг, 42 минутад албан бичгээр “Сонгуульд оролцох тухай” хүсэлтээ ирүүлсэн. ...Уг асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар батлагдсан сонгуулийн цаг хугацааны хуваарийн 4 дүгээр зүйлийн 8 дахь заалтын зөрчсөн тул хүлээн авах боломжгүйг мэдэгдье” гэсэн хариуг тус намд хүргүүлжээ.

    Нэхэмжлэгч Р намаас, дээр дурдсан 02 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, тус намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авахыг сумын Сонгуулийн хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тухайн шийдвэр нь Р намын сонгуульд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна, учир нь тус Сонгуулийн хороо санал авах өдрийг товлон зарласан шийдвэрээ холбогдох улс төрийн намд буюу манай намд хүргүүлэлгүй нуун дарагдуулснаас шалтгаалж манай нам сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанаас хоцроож өгсөн, ... уг шийдвэрийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаас биечлэн асууж олж мэдсэнээр 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сонгуульд оролцох тухай хүсэлтээ тус Сонгуулийн хороонд гаргасан...” гэж, хариуцагч нь “...сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэхээр байхад уг хугацааг хэтрүүлж 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн, тус намын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь зөвхөн 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлэх шаардлагыг хангаагүй асуудал” хэмээн тайлбарлаж байгаа ба тэрээр “Сонгуулийн хороо нь зөвхөн сонгуулийг товлон зарлах үүрэгтэй, ...Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан нөхөн сонгуулийн цаг хуваарь нь тус байгууллагын цахим хуудсанд байршиж нийтэд нээлттэй байсан тул Р нам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгууль 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болохыг мэдсэн байх боломжтой” гэх тайлбарыг  нэмж гаргаж байна.

             Дорноговь аймгийн З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Д.Ариунболдыг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулах сумын Сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь хавсралтаар баталжээ.

             Улмаар тус Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “...дахин сонгуулийн санал авах өдрийг тухайн сонгуулийг зарлах эрх бүхий этгээд энэ хуульд нийцүүлэн товлож, цагийн хуваарийг гарган мөрдүүлнэ” гэж заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Дахин сонгууль товлон зарлах тухай” 01 дүгээр тогоол гаргаж, 1 дэх заалтаар З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойрогт явуулах дахин сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлон зарлаж, 2 дахь заалтаар уг тогтоолыг холбогдох улс төрийн намуудад хүргүүлэхийг болон дахин сонгуулийн хуваарийг шинэчлэн гаргаж мөрдөж ажиллахыг дарга, гишүүдэд тус тус үүрэг болгосон  байна. Мөн тус Сонгуулийн хороо 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоороо “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн цаг хугацааны хуваарь”-ийг батлан гаргасан байна.

             Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  “Тухайн...сум.../-т/ өөрийн салбартай,...нам тухайн сум.../-ийн/ хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй”, 153 дугаар зүйлийн 153.1-д “Намыг төлөөлж тухайн...сум... /дэх/ намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ...сум,.../-ийн/ сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ” гэж зааснаас үзвэл аливаа улс төрийн намын анхан шатны салбар нь тухайн шатныхаа Хурлын сонгуульд оролцох эрхээ сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө холбогдох Сонгуулийн хороонд “сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлэх” замаар хэрэгжүүлэхээр байна. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдах Дорноговь аймгийн З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонуулийн 1 дүгээр тойргийн дахин сонгуулийн тухайд намуудын “сонгуульд оролцох хүсэлт” ирүүлэх хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө байх цаг хугацааны хуваарьтай ажээ.

             Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р нам нь, З сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойргийн дахин сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу хуульд заасан хугацаанаас хоцроож, сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Харин уг хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан Сонгуулийн хорооны шийдвэртэй холбогдуулан маргаж байгаа ба сонгуульд оролцох хүсэлтээ ийнхүү хуульд заасан хугацаанаас хоцроож  ирүүлсэн шалтгаанаа “тухайн сонгуулийн санал авах өдөр тодорхойгүй байсан, энэ нь  Сонгуулийн хороо “Дахин сонгууль товлон зарлах тухай” шийдвэрээ тус намд хүргүүлэх болон нийтэд мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан” хэмээн хариуцагчийг буруутгадаг бол хариуцагч Сонгуулийн хороо нь ийм үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд тамга, тэмдэгээ хүлээж аваагүй байснаас шалтгаалан тухайн шийдвэрийг нийтэд мэдээлээгүй, орон нутгийн хурлын нөхөн сонгууль 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдана гэдэг нь Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаснаас тодорхой харагдана хэмээн маргадаг болно.

            Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Сум.../-ийн/  сонгуулийн хороо нь тухайн сум,.../-ийн/ хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Сум.../-ийн/ сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:”, 34.1.1-д “Сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах”, 34.1.13-т “...дахин...сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна”, 113 дугаар зүйлийн 113.4-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гарахыг ойлгох бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг мөн ойлгоно” хэмээн тус тус заажээ.

             Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч сумын Сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулагдах тухайн шатны хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг Сонгуулийн төв байгууллага болон дээд шатны сонгуулийн байгууллагаас үл хамааран бие дааж зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй бөгөөд тэрээр “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, илт тод байх талаарх” хуулиар тогтоосон шаардлагын дагуу өөрийн гаргасан шийдвэрийг байгууллагын цахим хуудсанд байршуулах, мэдээллийн самбарт гаргах зэргээр нийтэд нээлттэй, ил тод байлгах үүргийг мөн сонгууль зохион байгуулж явуулах чиг үүргийнхээ хүрээнд  хэрэгжүүлэх  учиртай.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд  хариуцагч сумын Сонгуулийн хороо нь “Дахин сонгууль товлон зарлах тухай“ 01 дүгээр тогтоолоо нийтэд нээлттэй, ил тод байлгах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй мөн уг шийдвэрийн 2 дахь заалтын дагуу тухайн шийдвэрээ холбогдох улс төрийн намуудад буюу сумын Р намд  хүргүүлээгүй  болох нь тогтоогдож байна.

            Хариуцагч сумын Сонгуулийн хороо нь тухайн шийдвэрийг нийтэд мэдээлээгүй болон сумын Р намд хүргүүлээгүй шалтгаанаа Сонгуулийн хорооны тамга, тэмдгийг хүлээн аваагүй нөхцөл байдалтай холбон тайлбарладаг боловч энэ нь уг шийдвэрийг нээлттэй, ил тод байлгах үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь тухайн шийдвэрийн агуулгыг буюу “дахин сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлосон” болохыг мэдээлэх замаар уг шийдвэрээ нийтэд нээлттэй, ил тод болгох боломж нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй байна.

            Дахин сонгуулийг зохион байгуулж явуулах үүрэг бүхий хариуцагч сумын Сонгуулийн хорооны “шийдвэрээ нээлттэй болгоогүй” энэхүү үйл ажиллагааны улмаас тухайн сонгуулийн санал өдөр тодорхойгүй байсан, улмаар энэ нь нэхэмжлэгч Р намын зүгээс тус сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацааг хоцроож ирүүлэх шалтгаан болжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь сонгуульд оролцох хүсэлт ирүүлэх цаг хугацаа нь сонгуулийн санал авах өдрөөс шууд хамааралтай учир сонгууль товлон зарласан шийдвэр нь нийтэд нээлттэй  бөгөөд сонгуульд оролцох эрх бүхий этгээдүүдэд тодорхой мэдэгдэж байх учиртай.

            Нэхэмжлэгч Р нам нь, сонгуульд оролцох хүсэлтээ ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаан /өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу тухайн хүсэлтийг хүлээн авах эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанаас хамааралтайгаар/-ны улмаас хугацаа хоцроож ирүүлсэн байх тул тус намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Р намын тухайн шатны хурлын дахин сонгуульд оролцох хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан хариуцагч сумын Сонгуулийн хорооны шийдвэр нь хууль бус байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Р намын сонгуульд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Р намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан С хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авахыг тус Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 113 дугаар зүйлийн 113.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ардчилсан намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ардчилсан намын Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 1 дүгээр тойргийн дахин сонгуульд оролцох тухай хүсэлтийг хүлээн авахыг Замын-Үүд сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус сумын Ардчилсан намд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА