Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 10

 

П.Шатарбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ц.Отгонцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийн 139/ШШ2017/00130 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Шатарбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Б.Бямбадэлгэрт хариуцагдах, 2430891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч П.Шатарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 05 сарын 07-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн /ченж/ Б.Бямбадэлгэрт 11000000 төгрөгний ноолуур тушаагаад мөнгөө авах гэтэл 2000000 төгрөгийг бэлэн өгөөд банк хаалттай байна нэг дэх өдөр араас чинь шилжүүлнэ гээд одоог болтол хэлсэн тохирсондоо өгөхгүй итгэл эвдэж малчин бидний гол орлого болох бэлэн мөнгийг өгөлгүй маш их хохироож байна. Миний бие 2016 оны 05 сарын 13-нд ХААН банкны зээл 5700000 төгрөг, Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн зээл болох 4668258 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан боловч Б.Бямбадэлгэрээс болоод Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн мөнгөний хугацааг хэтрүүлэн шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар алданги 730891 төгрөгийг илүү төлөх болсон. Иймд ноолуурын үлдэгдэл 1700000 төгрөг, Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хэтрүүлсэн алданги 730891 төгрөг, нийт 2430891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 5 сарын 7-ны өдөр Бямбадэлгэрт 198 хил ноолуур өгсөн юм. Тэгээд 11 сая төгрөг болсон. 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тус 2 сая төгрөгийг нь ямаа самнасан хүмүүст өгсөн. Тэгээд Бямбадэлгэр банк онгойхоор нэг дэх өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлнэ гэсэн. Бид хоёр Бямбадэлгэрт 13-нд банкны зээлтэй тэрнээс өмнө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд утсаар яриагүй байж байгаад 12-нд банкны мөнгө боллоо гээд утсаар Бямбадэлгэртэй ярьсан чинь ноолуураа зарж чадаагүй байна гэж хэлсэн. 15-нд Бямбадэлгэр 1500000 төгрөг өгсөн. Тус мөнгөн дээр нь мөнгө нэмээд банкныхаа зээлийг төлсөн. Үүнээс хойш мөнгөө нэхэж байгаад 6 сард 500000 төгрөг өгсөн. Дахиад 300000 төгрөг өгсөн. Бямбадэлгэрээс авах мөнгө маань 6700000 төгрөг болсон. Би 8 сарын 14-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум ороод Бямбадэлгэр дээр очсон чинь би 50 тн хонины ноос авсан гээд ачаад зогсож байсан. Хүний дэргэд мөнгө нэхээд муухай юм болох уу гэж бодоод машинд нь сууж байгаад хүүхэд сургуульдаа суух гээд байна. Тэгээд сум хөгжлийн мөнгө нэхэгдээд байгаа болохоор мөнгөө авъя гэсэн чинь та явж бай. Энэ халуунд зогсоод яахав би ноосоо өгчихөөд араас чинь мөнгийг нь шилжүүлье гэхээр нь би үгүй, хамт явж ноосыг чинь тушаалцаад мөнгөө авахгүй бол өчнөөн зардал гараад хэцүү байна гэсэн чинь за тэг, тэг гээд намайг худалдагчийндаа хонуулсан. Тэр шөнө ноосоо ачиж байгаад өглөө намайг ноостой машинтайгаа хот авч явна гэж байсан чинь надруу өглөө утсаар яриад би наадамд явахаар болчихлоо. Та наанаа хүлээж байх юм уу, явах юм уу, өөрөө л мэднэ биз гэсэн. Тэгэхээр нь би чи нөгөө ноосоо яасан бэ гэсэн чинь тэр миний ажил хамаагүй. Өөр хүнийг тушаагаад ир гээд явуулчихсан гэж хэлсэн. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд хариуцагчийг хүлээгээд 4 хоносон. 4 хонохдоо би дэлгүүрээс нь 100000 төгрөгөнд юм авсан. 40000 төгрөгийг нь бэлэн аваад тэр мөнгөөрөө эм авсан. 60000 төгрөгөнд хүнсний юм авсан. Тэгээд 6600000 төгрөг үлдсэн. Ноосоо тушаачихаад 2 сая төгрөг данс руу чинь хийе гэж утсаар ярихаар нь дүүгийнхээ данс руу хийлгэсэн. Тэгсэн хариуцагч та миний скаладанд их ноос байгааг харж байгаа биз дээ. Би ноосоо тушаах болгондоо 2, 2 саяар нь тушаана. Үлдсэн 4600000 төгрөгийг чинь би хоёр удаа ноосоо тушаагаад өгчихнө. Би өмнөх мөнгийг чинь өгчиж байгаа биз дээ гэж хэлсэн. Би гэртээ ирээд дахиад 4600000 төгрөгөө нэхээд байсан өгдөггүй. 9 сард манайхыг сум хөгжлийн мөнгөө төл гээд шүүх дээр дуудсан. Сум хөгжлийн мөнгийг 10 хоногийн дотор төлөх хугацаа өгсөн юм. Энэ хугацаанд нь хариуцагчаас мөнгөө авах санаатай цагдаа дээр очиж өргөдөл өгсөн. Тэгсэн намайг өргөдлөө буцаагаад авчих. Би таны мөнгийг олох гэж хотод ажил хийх гээд хөөцөлдөж байна. Тэгсэн цагдаагаас дуудаад зовлонтой байна. Би таны данс руу 1 сая төгрөг хийлээ гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө буцааж аваагүй. 1 сая төгрөг дансанд орж ирсэн. Тэгсэн цагдаагаас таны нэхэмжлэлийг прокурор руу шилжүүллээ гэсэн бичиг ирсэн. 3600000 төгрөгөө авч чадахааргүй байж байтал 10 сард манайх нүүх болсон. Үүнээс өмнө буюу оюутан цуглахаас өмнө 500000-аар 2 удаа мөнгө өгсөн. Ямарч байсан 2600000 төгрөг үлдсэн. Тэгээд 2600000 төгрөгөө авах гээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум орсон чинь хариуцагч байгаагүй. Тэгэхээр нь би хаиуцагч руу залгаад дэлгүүрээс чинь юу ч хамаагүй авлаа гэсэн чинь байж бай би одоо шөнө очлоо гэсэн. Өглөө нь хариуцагчтай уулзаад 600000 төгрөгөнд нь бараа өг гэсэн архи, тамхи авбал ав гэхээр нь 12 шил архи, тамхи, саван, бок гээд нийт 600000 төгрөгөнд юм авсан. Сүүлд нь 300000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд 1700000 төгрөг үлдсэн. Сүүлдээ хариуцагч утсаа ч авахаа байсан. Тэгэхээр нь би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цагдаа руу нь утсаар ярьсан чинь намайг шүүхэд ханд гэж хэлсэн. 700000 төгрөгийг нь цагаан сар болохоос 10 хоног дутуу байхад өгсөн. 1 сая төгрөгийг нь битүүний өдөр өгсөн байх. Хариуцагч би үндсэн мөнгөө төлчихсөн болохоор танайд ямар ч өргүй болсон гэж утсаар ярихаар нь би чи манайхыг их л хохироосон. Тиймээс баримттайгаар нь сум хөгжүүлэх сангийн мөнгийг өг гэж хэлсэн. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг төлөх гэж манайх мах 2600 төгрөг байхад 100 ширхэг хонь хийж төлсөн. Ядаж тэрний алданги болох 730891  төгрөгийг өг гэсэн өгөхгүй гэж хэлсэн. Тиймээс хариуцагчаас сум хөгжлийн мөнгөний алданги болох 730891 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Ноолуурынхаа мөнгийг багцаалдаад манайх банкнаас зээл хийчихсэн байсан. Зээлээ ч төлж чадаагүй гэжээ.

Хариуцагч Б.Бямбадэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн П.Шатарбаатараас 2016 оны 5 сард 11000000 төгрөгийн ноолуурыг кг тус бүрийг 61000 төгрөгөөр бодож авсан. Тэр өдрөө өөрт бэлэн байсан 2 сая төгрөгийг өгч  үлдсэн 9 сая төгрөгийг борлуулаад өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 9 сая төгрөгийг цувуулж өгсөн нь үнэн. Үүний гол шалтгаан нь маргааш нь ноолуурын ханш 10000 төгрөгөөр унаж борлуулалт хийгдэхгүй, ноолуур авах хүнгүй болж уг ноолуурын мөнгө удааширсан. Уг ноолуурыг сарын дараа 55000 төгрөгөөр зээлээр зарсан. Худалдаж авсан хүн маань уг ноолуурыг угааж урагшаа явуулсан. Ингээд удаан хугацааны дараа уг ноолуурын мөнгө уван цуван орж ирсэн. Мөн Шатарбаатараас худалдаж авсан ноолуур шороо ихтэй чанар муутай ноолуур байсан. Үүнийгээ тэр 2 хүн сайн мэдэж байгаа. Уг ноолуурыг зараад миний хувьд 1200000 төгрөгний алдагдалд орсон. Би энэ хугацаанд уг мөнгийг тэр хүмүүсээс нэхэмжлээгүй. Иймээс иргэн П.Шатарбаатарт миний бие өгөх ёстой мөнгөө бүрэн өгсөн. Иргэн П.Шатарбаатарын нэхэмжилж байгаа 730891 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Шалтгаан нь:  Ноолуурын үлдэгдэл болох 9 сая  төгрөгийн 4 сая төгрөгийг 2016 оны 07 сард, 2 сая төгрөгийг 2016 оны 08 сард өгсөн. ...2016 оны 9 сар гэхэд  би иргэн П.Шатарбаатарт 1 сая төгрөг өгөх үлдэгдэлтэй байсан нь үнэн болно. Одоо би иргэн П.Шатарбаатарт ямар ч мөнгөний тооцоогүй. 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сантай эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө 8 сая төгрөгийг өгсөн байсан тул П.Шатарбаатар уг Сум хөгжүүлэх сангийн зээлийг хугацаанд нь төлөх боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх:

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбадэлгэр нь нэхэмжлэгч П.Шатарбаатарт нэхэмжлэлийн шаардлагаас 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг төлснийг дурьдаж, үлдсэнийг хэрэгсэхгүй  болгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53844 /тавин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, улсын орлогоос 9626 /есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00130 дугаар шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Малчин бид тогтмол орлоготой биш өвлийн идэш, хаврын ноолуурын цагаар л малын ашиг шим, түүхий эдийг борлуулж мөнгөждөг. Бусад үед нь энэ л цаг хугацааны дээрх орлогоо тооцоолон банкнаас зээлийн гэрээ хэлцэл хийж авдаг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл бид Сум сангийн хөгжүүлэх зээлийн гэрээг гол орлого олдог ноолуур дээрээс төлөх нь ойлгомжтой. Бид энэ асуудлыг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа хэлсээр байхад шүүх энэ асуудлыг анхаарч үзэлгүй Сум хөгжүүлэх сангаас авсан зээлд төлсөн алданги 730891 төгрөгийг бидний мөнгийг авч хугацаа хэтрүүлсэн асуудалтай шалтгаант холбоогүй гэж үзсэн нь буруу. Бидэнд учирсан хохирлыг гаргуулахгүй, хуулийг буруу тайлбарлаж, худалдах, худалдан авах гэрээний  нөгөө талдаа хохирол учруулж байгаа мэт хуулийг тохируулж байгаа нь миний эрх ашиг хохирч байгаа учир шүүхийн шийдвэрийг өөрчилж, миний хохирол 730891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч П.Шатарбаатар нэхэмжлэл болон тайлбартаа 2016 оны 5 сарын 7-ны өдөр Б.Бямбадэлгэрт 198 кг ноолуур худалдаж, худалдсан ноолуурын үнэ 11.000.000 сая төгрөгнөөс 2.000.000 төгрөгийг тухайн өдөр нь авч,  үлдэх 9.000.000 төгрөгийг Б.Бямбадэлгэр 1 дэх өдөр араас нь банкаар шилжүүлнэ гэж тохирсон боловч ноолуурын үнийг 9 сар гаруй хугацааны турш хүүгүйгээр ашиглан хохироож бага багаар хэсэгчлэн төлсөн, энэ хооронд хэд хэдэн удаа Эрдэнэдалай сум явж, мөнгөө нэхэж бензин тос, замын зардлаараа хохирсон, малчин бидэнд орлого бөөн орж ирэх үе хаврын ноолуурын цаг байдаг, энэ мөнгөөрөө төлнө гэж бодож Сум хөгжлийн сангаас зээл авсан байсан боловч Б.Бямбадэлгэр ноолуурын мөнгийг бага багаар төлж байснаас болж Сум хөгжлийн сангийн зээл хугацаандаа төлөгдөөгүйгээс тухайн зээлийг авсан байгууллагад 730891 төгрөгийн алданги төлж хохирсон талаар, тайлбарлаж, ноолуурын үнийн үлдэгдэл 1.700.000 төгрөг, Сум хөгжлийн санд алдангид төлсөн 730.891 төгрөгийг  Б.Бямбадэлгэрээс гаргуулах шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноолуурын үнийн үлдэгдэл болох 1.700.000 төгрөг төлөгдсөн үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд хариуцагч Б.Бямбадэлгэр ноолуурын ханш унаж алдагдалд орсон, худалдан авсан ноолуур чанар муутай, шороотой байсан, ноолуурын мөнгө төлөгдөж дууссан учир 730.891 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ноолуурын үнийн үлдэгдэл болох 1.700.000 төгрөг, хохирол 730.891 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42470 төгрөг нийт 2473361 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр улсын тэмдэгтийн хураамж нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1.700.000 төгрөгийг биелүүлсэн зэрэг нөхцөл байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шаардлагын төлөгдсөн хэсгийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглэлгүй, төлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч худалдан авсан ноолуурын доголдолтой байдал нь үнийг төлөх нөхцөл байдалд нөлөөлсөн гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч доголдлыг арилгуулах, хохирсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болон үүнээс болж төлбөр төлөх хугацаа хэтэрсэн  талаар нотолж чадаагүй байна.

Хариуцагч худалдан авсан ноолуурын үнийг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлснөөс болж нэхэмжлэгч Сум хөгжлийн сангийн зээлийг төлөх боломжгүй болсноос алданги торгуульд 730.891 төгрөг төлж хохирсон болох нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдсон байхад анхан шатны шүүх тухайн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн тайлбараар 730891 төгрөг нь алданги биш, харин худалдан авагч Бямбадэлгэр нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тухайн хугацаанд нэхэмжлэгч өөрөө өөр үүргийг гүйцэтгэж чадаагүйгээс учирсан хохирлын хэмжээгээр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан  хохирол 730.891 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00130 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Бямбадэлгэр нь нэхэмжлэгч П.Шатарбаатарын нэхэмжлэлийн шаардлагаас 1700000 төгрөг төлснийг баталж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Б.Бямбадэлгэрээс 730891 /долоон зуун гучин мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж П.Шатарбаатарт олгосугай.” гэж,  2 дугаар заалтыг бүхэлд нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63470 / жаран гурван мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53844 /тавин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг, улсын орлогоос 9626 /есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22100 / хорин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                   ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ