Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/100

 

2020 оны 06 дугаар сарын 30 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/100                                               Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчдийн  өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис

Шүүгдэгч А.Т, П.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тайж овогт Пүрэвийн Г, Боржигин овогт Адилбишийн Т нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т нь мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Мандахнаран  гэх хүнээс албан ёсоор дэрвэгэр жиргэрүү гэх энэ ургамалыг худалдаж авахдаа албан ёсны бичигтэй болохоор хаана ч худалдаж болно гэсэн. За 4 хоног хүлээж бай 4 хоногийн дараа халх голд тушаасан баримт ирнэ. Энэ баримтыг үндэслээд би та нарт  4-н бичиг албан ёсоор нотариатаар батлуулан гаргаж өгнө гэсэн. Та нар 5,700,000 төгрөгний урьдчилгаа байршуулаад энэ хүн авч үлдээд дараа нь ямар нэг асуудал гарвал энэ хүн ямар ч байр суурь эзлээгүй. Бичиг баримт шилжүүлэх асуудал яригдаагүй. Энэ хүний хажууд түүний найз гэх Эрдэнэчимэг гэх хүн тэр хүнд зуучилж байсан. Тэр хүн нь бүгдийг эхнээс нь авхуулаад албан ёсны бичигтэй учраас хаана ч хэрэглэж болно. Дашдорж гэх хүн энэ бичиг баримтаар хаана ч үйлдэж болох болохоор энэ ургамалыг тээвэрлэж болно гэсэн шалтгааныг бид нарт анх өгч ийм асуудал гаргачихаад өнөөдөр прокурор дээр хэрэг ирэхэд Мандахнар, Даш-Очир нарт ямар ч хэлэлцүүлэг байхгүй. Бүх хэрэг нь бид хоёр дээр тохогдож байна. Би Мандахнаран гэх хүнийг энэ хэрэгт татан оролцуулмаар байна гэж Ганчимэг, Төгсбаяр прокурорт удаа дараа өөрийн биеэр орж хэлж ч байсан. Бичгээр ч хүсэлт гарган дамжуулж хэлж байсан. Энийг авч хэлэлцэхгүй Мандахнаранг харъяаллын дагуу шийдвэрлүүлнэ.Энэ хүмүүс энэ хэрэгт оролцох ямар ч шаардлага байхгүй гэсэн. Миний хамгийн гол өнөөдрийг хүртэл явж байгаа зорилго бол ерөөсөө Мандахнар, Алтангэрэл гэх хоёр хүнийг Алтангэрэл гэх хүн ямар учраас гомдолтой гээд байгаа байгаль орчинг сүйтгэсэн, хохироосон гэх гомдол гаргаад байгаан өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан өчнөөн боллоо. Гомдол гаргаад байгаа Алтангэрэл гэх хүн яагаад шүүх хуралд оролцохгүй байгаан бэ?” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г нь мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 28-нд дэрэвгэр жиргэрүүг худалдаж авахдаа Мандахнаран гэх хүн Эрх цагаан овоо ХХК-тай манайх экспортлох, импортлох тусгай зөвшөөрөлтэй. Одоо дээд шүүх дээр явж байгаа нэг гарын үсэг болвол экспортоор гарах бичигтэй бараа байгаа гэж анх бараагаа зарсан. Бараа зарчаад үлдэгдлийг нь авна гэж 5,700,000 төгрөг барьцаагаар авч үлдсэн. Мандахнаранг шүүх хуралдаанд байлгах саналтай байсан. Би Дорнодод хүртэл очиж уулзсан. Цагдаад хүртэл хэлэхэд авч хэлэлцэхгүй байсан” гэв.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р хуудас/

П.Гын гэрчээр дахин өгсөн: “Би эхнэр Тийн хамт 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод байдаг “Бэрх цагаан Овоо” ХХК-аас дээрх дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1 килограммыг нь 42 000 төгрөгөөр худалдаж авсан ... Манай эхнэр бид 2 Улаанбаатар хотод очоод уг ургамлын хадгалалтыг бодож шуудайных нь гадна талаар хогны уутанд хийж скочоор ороосон ... Би 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг тээвэрлэх зөвшөөрөлгүй явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,

А.Тийн гэрчээр дахин өгсөн: “Нөхөр бид хоёр манай хамаатны Хишигдэлгэрийн эзэмшлийн Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай автомашинд дэрэвгэр жиргэрүү ургамал ачсан явж байсан. Нийтдээ 1236.12 кг жинтэй ургамал ачиж явсан. Уг ургамлыг 1 кг-ийг нь 42 000 төгрөгөөр тооцож 50 000 000 /тавин сая/ төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,

П.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

А.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Б.Мандахнарын өгсөн: “Би Г, Т нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдсан. Анх надаас 1 тн ургамлын үндэс авна гээд 50 000 000 /тавин сая/ төгрөгийг миний 5414110962 дансаар шилжүүлсэн. Тэгээд ирээд ачаад авч явахдаа багцаагаар 900 кг-ийг ачсан. Учир нь машинд багтахгүй байсан болохоор дараа ирж авъя гээд үлдээгээд явсан ... “Бэрх Цагаан Овоо” ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэр дээр байдаг. Г, Тунгалах нарт дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “Хуульд заасны дагуу байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 160-162-р хуудас/,

Гэрч А.Хишигдэлгэрийн өгсөн: “Миний автомашиныг миний дүү болох Т 4 дүгээр сард надаас гуйгаад “ойрхон зуур явчихаад ирье” гээд авч явсан. Би “машин цэвэрхэн унаарай” гэж хэлээд өгч явуулсан чинь таг чимээгүй болчихсон. Таас “машин хаана байна” гэж асуусан чинь “айлын хашаанд тавьчихсан байгаа” гэж байснаа сүүлд нь “цагдаагийн журмын хашаанд байгаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165-р хуудас/

Гэрч Ш.Даш-Очирын өгсөн: “Би Т, Г нарт 1 кг-ийг нь 52 000 төгрөгөөр бодож 300 орчим кг-ийг зарсан санагдаж байна. Нийт 15 600 000 төгрөг болсон. Тэд нар надаас хүнд өгөх гэж байгаа юм, хүнд өгөх ёстой юм гээд гуйсаар байгаад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168-р хуудас/

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсөн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/

“Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/

Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р хх-ийн 112-р хуудас/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож цагаатгах тогтоолын үндэслэл болголоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Г, А.Т нарыг  байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын сайдыг 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар “ховор ургамлын жагсаалтын” 399 дугаарт “дэрэвгэр жиргэрүү” (Saposhnikovia divaricata) ордог, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “…Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан ( Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (SpaosHnikoia Schishkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (SpaosHnikoia divaricata  Schishkin 1951)  гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн, Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн /1995, 2004/ хавсралт болох ховор ургамлын жагсаалтанд уг зүйл ургамал орсон болно, Тухайн ургамлын үндсийг яг хэдийд түүж бэлтгэснийг тодорхойлох боломжгүй” гэсэн Шинжээчийн дүгнэлтээр/ хх-ийн 42-р хуудас/ зэргээр ховор ургамал болох тогтоогдож  байна.

Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд,  талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотолсон эсэхийг хянаад  П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй”  байх тул хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв. Учир нь:

Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан идэвхтэй үйлдэл, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг байхаар Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн  П.Г, А.Т нарыг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж ялладаг ч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шинжлэн судалсан 

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай Зөвшөөрөл олгох тухай “… Тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль Орчин Аялал жуучлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Дорнот аймгийн Халхгол сумын харьяат “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн  захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/,

2017 оны 12 сарын 20-ны өдрийн Халхгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гантуяагийн “…Б-17003 дугаартай эрхийн бичигтэй Бэрх цагаан овоо ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг –ыг Ялалт багийн Индүүт”  гэх газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1-р хх-ийн 111-р хуудас/ ,

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/, “Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/

Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/ 1-р  хх-ийн 114-116-р хуудас/,

Байгалийн ургамал ашиглах гэрээ /1-р хх-ийн 118-р хуудас/,

Дорнод аймгийн Халхгол сумын “Бэрх Цагаан Овоо” ХХК-д Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн А/304 тушаалыг үндэслэн олгосон “…Байгалийн ургамлын төрлийн эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах” чиглэлээр 3 жилийн хугацаагаар олгосон Байгаль Орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /1-р хх-ийн 119-р хуудас/, Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р хх-ийн 106-р хуудас/,

Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “…Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно. Худалдан авч байгаа болон худалдаж байгаа талууд дараах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай. Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагаас олгосон байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл, орон нутагтай байгуулсан ургамал түүж бэлтгэх гэрээ, улсын тэмдэгтийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуульд заасны дагуу байгалийн ургамал ашигласны төлбөр төлсөн баримт” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл  шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч П.Г, А.Т нарыг зохих зөвшөөрөлгүйгээр буюу  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын  ангилалд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэж яллаж байгаа нь хэрэгт авагдсан шинжлэн судалсан  нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс зохих зөвшөөрөлгүй байсан гэж мэтгэлздэг ч энэ талаар эрх бүхий байгууллага болох Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “…Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно” албан бичигт тодорхойлсноор шүүгдэгч П.Г, А.Т нар нь Дорнот аймгийн Халхгол сумын Бэрх цагаан овоо ХХК-ны захирал ажилтай Б.Мандахнараас худалдан авсан нь хууль зөрчөөгүй, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

Харин шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж шүүгдэгч П.Г, А.Т нарыг гэмт үйлдсэн гэж мэтгэлцэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Шүүгдэгч нар нь Б.Мандахнараас дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг худалдаж авсан, худалдсан Б.Мандахнаран нь эрх бүхий байгууллага Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай Зөвшөөрөл олгох тухай “… Тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль Орчин Аялал жуучлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Дорнот аймгийн Халхгол сумын харьяат “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн  захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/,

2017 оны 12 сарын 20-ны өдрийн Халхгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гантуяагийн “…Б-17003 дугаартай эрхийн бичигтэй Бэрх цагаан овоо ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг –ыг Ялалт багийн Индүүт”  гэх газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1-р хх-ийн 111-р хуудас/  зэрэг баримтуудаар ховор ургамал дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэсэн үйлдэл  хууль зөрчөөгүй нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд бүрэн тогтоогдсон байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Т, П.Г нарын Б.Мандахнараас худалдаж авсан хэрэгт эд мөрийн баримтаар 1236.25 кг дэргэвэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах  тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй. .