Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

П.Г, А.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/268 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох 1929001010077 дугаартай эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Х сумын нутаг “Ц” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.Г, А.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: П.Г, А.Т нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,  хэргийг прокурорт очтол П.Г, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1236.25 кг /59 шуудай/ дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хэрэгт хавсарган хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Давж заалдах шатны шүүх хэргийг удаа дараа хянан хэлэлцэхдээ хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаагүй. Мөн шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ “анхан шатны шүүх П.Г, А.Т нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзсэн” талаар дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх дахин зөрчлийг давтан гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

 Анхан шатны шүүх алдааг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Өмнө нь шийдвэрлэснээс хойш хэрэгт шинээр ямар нэгэн баримт цуглараагүй, хэргийн үйл баримт өөрчлөгдөөгүй байхад дахин шийдвэрлэхдээ “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоолгох...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон эсэх талаарх шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн, өмнөх шийдвэрээ няцааж буй шалтгаан, үндэслэл нь тодорхойгүй, мөн “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, хэлбэр нь гэмт хэргийн шинжид нөлөөлөх эсэх..” гэж дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэл тодорхойгүй, ойлгомжтой биш байна.

Шүүгдэгч П.Г, А.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүгч захирамждаа шүүгдэгч П.Г, А.Т нарын “Би М, Д гэх зөвшөөрөлтэй хүнээс 42 000 төгрөгөөр аваад 3 000 төгрөг нэмж бусдад зарж ашиг олох гэж явсан” гэх мэдүүлгийг үндэслэл болгосон атлаа “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоолгох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, хэлбэр нь гэмт хэргийн шинжид нөлөөлөх эсэх”-ийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ханбогд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.А-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан бөгөөд уг ажиллагааг шүүх тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэж байна.

Шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах талаарх хуулийн заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон шийдвэр гаргасан нь хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор В.Төгсбаярын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн 28 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.Г, А.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлснийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж шийдвэрлэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/193 дугаартай шүүгчийн захирамжаар /1 хх-232-233/ хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаахаар шийдвэрлэснийг хяналтын прокурор Д.Ганчимэг эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцүүлээд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 203/МА2019/00044 дугаартай магадлалаар /2 хх-3-7/ хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүгч Д.Баттулга нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаартай цагаатгах тогтоолоор /2 хх-60-63/ шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаяр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203/МА2020/00052 дугаартай магадлалаар /2 хх-86-94/ цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж

2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай цагаатгах тогтоолоор  /2 хх-154-157 гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаяр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 203/МА2021/00026 дугаартай магадлалаар /2 хх-190-198/ цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Анхан шатны шүүх нь хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг нэг удаа, шүүгдэгчийг цагаатгасан цагаатгах тогтоолыг 2 удаа хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад магадлалын заалтыг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх удаа дараа зөрчжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/63 дугаартай шүүгчийн захирамжаар /2 хх-128/ “П.Г, А.Т нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдохгүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийж яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамжийг хүчингүй болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/268 дугаартай захирамжаар шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох хэргийг “мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдал нотлогдоогүй, шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосныг дүгнэж үзэхэд хэрэгт талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шийдвэр гаргаагүй байхад урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах тухай хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэв.

Иймд хяналтын прокурор В.Төгсбаярын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч шүүгдэгч П.Г, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/268 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Г, А.Т нарт холбогдох 1929001010077 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч П.Г, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Н.НАСАНЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД            Х.ГЭРЭЛМАА

                                                                        Ш.ТӨМӨРБААТАР