Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 182/2017/01406/И |
Дугаар | 001/ХТ2018/00081 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/00081
Г.Ч-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01463 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2113 дугаар магадлалтай,
Г.Ч-гийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, 105 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Ч-гийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие нь Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн захирлын албан тушаалд 2013 оны 03 сарын 25-нд Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамж 2017 оны 03 сарын 07-ны өдөр гарсан ба 2017 оны 03 сарын 28-ны өдөр хүнээр дамжуулан уг захирамжийг надад өгсөн. Захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, мөн сахилгын шийтгэл ногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын Б/90 дүгээр захирамж 2017 оны 04 сарын 14-нд гарсан талаар надад 2017 оны 04 сарын 19-нд мэдэгдэж, мөн өдрөө ажил хүлээлцүүлсэн. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг иш татах ёстой байсан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нийслэлийн боловсролын газрын даргын удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар Г.Ч-д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлд Г.Ч- гомдол гаргаагүй. Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтын төлбөр 8.200.000 төгрөгийг бэлнээр хураан авч зарцуулсан нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам"-ын 2.6, 3.1 дэх заалтуудыг зөрчсөн, орлогыг санхүүгийн тайлан балансад тусгаагүй, бэлнээр зарцуулсан, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа зэрэг нь захирал өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэжээ. БСШУС, НХХС, Сангийн сайдын 2010 оны 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт"-ийн дагуу сургалтын менежер, багш нарыг хагас жил тутам дүгнэж ур чадварын нэмэгдэл олгох боловч захирлын тушаалаар багш нарт ур чадварын нэмэгдлийг амжилт гаргасан тухай бүр олгож байгаа нь дээрх журамтай нийцэхгүй байна" гэж дүгнэсэн байна. Энэ нь Г.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д "ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчоос эрх мэдлийг хэртрүүлсэн нь тогтоогдсон" гэж заасныг зөрчсөн тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01463 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ч-г Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.447.700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ч-д олгож, үлдэх 322.095 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124.313 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2113 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01463 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “Монголбанкнаас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж, 5 дах заалтын “хариуцагчаас” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл буюу хариуцагч Нийслэлийн Засаг даргын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01463 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2113 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлаж дүгнэлт хийгээгүй, зохигчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт " ... Г.Ч-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан ажлаас халах тухай ерөнхий заалтыг баримталсан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлон заагаагүй байна.“ гэсэн дүгнэлтийг хийж, хариуцагчийн Г.Ч-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан гэх тайлбар гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.“ гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг буруу тайлбарлаж, тухайн зүйлийг баримтлаагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болохоос гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 04 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдээгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргаж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Б/51, 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох үндсэн нэхэмжлэлийг гаргасан байна. Шүүх 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 01463 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/51 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Г.Ч-г СХД-ийн 105 дугаар сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2113 дугаар магадлалын Хянавал хэсэгт “шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасныг залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ" гэсэн дүгнэлтийг хийж магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01463 дугаартай шийдвэр нь ИХШХШ тухай хуулийн 116.2-т заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна“ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх техникийн алдаа гаргасныг засварлах хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. ИХШХШ тухай хуулийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн байхад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байхад хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/51 дугаар захирамжаар Г.Ч-д үндсэн цалингийн хувь бууруулах хөдөлмөрийн сахилга батын арга хэмжээ авсан байхад ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01463 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Г.Ч- нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дүгээр захирамж, ажлаас халах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, 105 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргаагүй, өөрийн эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.
Г.Ч- нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/90 дүгээр захирамжаар гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөрийг төрийн санд байршуулаагүй буюу Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийн тохиолдлыг гэрээндээ урьдчилан тохиролцсон байх ёстой бөгөөд энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаа болон ажилтны гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлын онцлогтой холбогдож тогтоогддог.
Ажлаас халах тушаалын үндэслэл болсон ажилтны хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “...байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байвал ноцтой зөрчилд тооцно” гэжээ.
Нэхэмжлэгч нь гүнзгийрүүлсэн сургалт бүхий ангийн сургалтын төлбөр 8.200.000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй боловч сургалтын үйл ажиллагаанд бэлнээр зарцуулсан нь мөнгөн кассын дүрэм журмыг зөрчсөн зөрчил бөгөөд харин байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн зөрчилд хамаарахгүй, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаагаа заагаагүй, ажлаас халах шийтгэл нь ажилтны зөрчлийн мөн чанарт тохироогүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн удирдамжаар батлагдсан ажлын хэсгийн шалгалтын илтгэх хуудсыг үндэслэн Г.Ч-д үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн буюу нэг хоногоор хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг тодорхойлсон хэдий ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт даалгасан нь зөв боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин олговрыг хэргийн оролцогч бус Монгол банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, улсын тэмдэгтийн хураамжийг хэнээс гаргуулж байгаа нь тодорхойгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2113 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН