Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0042/З |
Дугаар | 339 |
Огноо | 2018-05-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 339
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны Үйлдвэрчны эвлэлийн хорооны дарга Н.Т.
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.
Гуравдагч этгээд: Ц.А.
Нэхэмжлэлийн шаардлага: “Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны Үйлдвэрчны эвлэлийн хорооны дарга Н.Т тус газрын ажилтны “Эв нэгдэл” ҮЭХорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А бие даасан шаардлагадаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ““Зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-ын “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан. Тухайн өдрийн хуралдаанаар 25 төлөөлөгч томилсон байдаг. Гэтэл хуралдааны тэмдэглэл дээр төлөөлөгч томилсон тухай байдаггүй. н.Пүрэвжав, н.Чулуунпүрэв, С.Цэрмаа гэсэн төлөөлөгч нарыг томилсон байдаг ч тогтоол дээрээ н.Пүрэвжав, н.Чулуунпүрэв, С.Цэрмаа, Э.Цэдэвсүрэн гэсэн хүмүүсийн нэрс байдаг. Ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгаараа биш, үзэл бодлоороо нэгдэж үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан. Үйлдвэрчний эвлэлийн хороог мэргэжлээрээ эсвэл үйлдвэрийнхээ шинжээр гэсэн 2 төрлөөр байгуулдаг. Тогтоол, шийдвэр гаргахдаа 3 тэргүүлэгч сонгосон байж 4 тэргүүлэгчээр батлуулсан байгаа нь зөрчилтэй байна. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Энэ гэрчилгээг дахин олгосон учир нь Автобус нэгдүгээр баазын нэрийг барьж хуралдаан зарлаад Зорчигч тээврийн автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэлийг гаргасан. Сэргээхдээ Автобус нэгдүгээр баазын шалгагч инженер техникийн албан хаагчид эвлэлдэн нэгдэж үйлдвэрийн эвлэлийн хороог шинэчилж орчин үеийн хэв маягаар зохион байгуулахаар үйлдвэрчний эвлэлийн түр хороог байгуулж өнөөдрийн хурлыг зарлан хуралдуулав гэсэн байна. Орчин үеийн хэв маягаар үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулдаггүй. Энэ нь Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчиж байна. Мөн Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хуралдааныг баазын дарга нь зохион байгуулсан. Өмнөх хорооноосоо 2 хүнийг чөлөөлөөд бусдыг нь чөлөөлөөгүй мөртлөө шинээр төлөөлөгчийг захиргааны ажилчдаас сонгож томилсон. Энэ хуралдааны тэмдэглэл, шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэж байгаа хууль бус юм. Тогтоолыг гаргахдаа “Зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-ын Автобусны нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол гэсэн байна. Нэгдүгээр баазын хурал явагдаж байхад “Эв нэгдэл” үйлдвэрчний эдлэлийн хорооны бүртгэл явагдсан нь ойлгомжгүй байна. Энэ бүртгэлийг хүчингүй болгуулах гол үндэслэл нь Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоол, шийдвэрийг гаргасан байхад “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороог бүртгэсэн байгаа үйлдэл юм.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлдээ: “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь анх Автобус нэг, Цахилгаан тээвэр, Автобус гурав гэсэн 3 байгууллага байж байгаад Нийслэлийн Иргэдийн төлөлөөгчдийн хурлын 132 дугаар тогтоолын дагуу нэгтгэгдсэн учраас Үйлдвэрчний эвлэлүүд нь нэгдсэн үйл ажиллагаа явуулахын тулд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н ажилтны ҮЭХороог байгуулсан. Энэ ҮЭХ нь нэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаагаа явуулахад чиглэж ажилладаг.
Тус ҮЭХ нь ҮЭ-н эрхийн тухай хуулийн 5-р зүйлд заасан эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл байгууллагын удаа дараагийн удирдлагууд ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өөрсдөө албан хүчээр ажилчдад тулган шаардаж, Эв нэгдэл гэх ҮЭХороог хууль бусаар байгуулсан. Энэ нь Монгол улсын хууль, Конвенцийг илт зөрчиж байгаа болно.
Тус хороо нь хууль бусаар байгуулагдчихаад албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н ажилтны Эв нэгдэл ҮЭХ-ны байр эд хөрөнгө, өрөө тасалгааг булааж авсан. Мөн манай 560 гишүүдийн 200 гаруй гишүүдийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй өөрийн гишүүнчлэлдээ бүртгэж, гишүүдийн эрх ашгийг хохироож байгаа.
Ажилчдаас ямар ч зөвшөөрөл авалгүй Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н автобусны 1, 2, 3-р баазуудын ҮЭХороодыг хамтын гэрээнд оролцуулалгүй ажилчдад хамтын гэрээний төслийг танилцуулалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 11-р зүйлийн 11.5, ҮЭ-н эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтуудыг зөрчиж баазыг удирдлага болох Г. Төмөрбаатартай Ц. А нь хууль бус хамтын гэрээг байгуулж, тус гэрээгээ Хан-Уул дүүгийн Засаг даргатай хууль бусаар хуйвалдан нууцаар бүртгүүлсэн байна.
Энэ мэтчилэн манай эрх ашгийг хөндөөд байгаа болно. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н ажилтны ҮЭХ-с хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 246 тоотоор албан бичиг хүрүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
Мөн Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130 тоотоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт, албан тоот хүргүүлсэн хариу өгөх боломжгүй, хуулийн байгууллага манайд хандах ёстой гэж хариу ирсэн болно.
Эв нэгдэн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өөрийн бүртгэлийн гэрчилгээ болон албан ёсны үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг нь гаргуулж, үзүүлээч гэхэд нэг ч удаа гаргаж өгөөгүй мөртлөө тамга тэмдэг хэрэглээд бичиг баримт үйлдээд байгаа болно.
Иймд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бэртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус байгууллагад холбогдуулан гаргасан байна. Үүнд:
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтаны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.
Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 5 үйлдвэрчний эвлэлийн хороо бүртгэлтэй байна.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог 2016 оны 05 дугаар сарын 06ны өдөр дарах баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
1. УБ-03 маягт
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3. Оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас
4. Гишүүдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл
5. Гишүүдийн төлөөлөгчдийн хурлын 01, 02, 03 дугаар тогтоол
6. Дүрэм
7. Иргэний үнэмлэхнүүдийн хуулбар
Уг бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан баримтуудын бүрдүүлсэн бүртгэхээс татгалзах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн байгууллага нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог улсын бүртгэлд бүртгэхдээ ямар хуулийг зөрчсөн талаар дурьдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн хуулийн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ““Зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-тай холбоотой улсын бүртгэлд бүртгэгдсэн 5 үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус хуралдааны тэмдэглэлийн тухай ярьж байна. Манай байгууллага бүртгэл хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримтыг бүрдүүлсэн эсэхийг шалгаж бүртгэл хийдэг. Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог бүртгэхдээ УБ-03 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас, гишүүдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, дүрэм, холбогдох хүмүүсийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг үндэслэсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан бүрдүүлсэн байсан тул бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Хөндлөнгөөс харахад удирдлагаа дагаад үйлдвэрчний эвлэл байгуулагдаж, эргээд хуучин байсан үйлдвэрчний эвлэлтэйгээ сөргөлддөг асуудал болсон юм шиг харагдаж байна. Шүүхийн зүгээс энэ асуудлыг сайтар анхаарч үзэх байх гэж бодож байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон бие даасан шаардлагадаа: ““Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. 2017 онд үйл ажиллагааг ахин сэргээж бүртгүүлсэн. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.
Бие даасан шаардлагын хувьд анх ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар н.Гэрэлчулуун гэж хүн ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. “Зорчигч тээвэр” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний хорооны даргаар Н.Тыг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хурал хийж Н.Тыг сонгосон байна. Гэтэл сонгосон тогтоол нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байна. Энэ 2 хоорондоо тохирохгүй байгаа учраас ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн хуулийн Үйлдвэрчний эвлэл нь хуулийн этгээдийнхээ хувьд өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь дүрэмгүй, салбарын дүрмээр явдаг тухай тайлбараа өгсөн.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2016 онд байгуулагдсан. “зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮ-ын ажилчдын санаачилгаар 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бүх ажилтан алба хаагчдын хурлаа хийн, хурлаас “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг дахин сэргээн даргаар нь Ц. А, бааз тус бүр дээр 8 тэргүүлэгч нийт 24 тэргүүлэгч болон хяналтын зөвлөлийн 11 гихүүдээ сонгосон билээ.
Тус нэгтгэл нь 1500 гаруй ажилтан алба хаагчтай бөгөөд одоогоор ``Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороонд 1300 гаруй ажилтан албан хаагч гишүүнээр элсэн орж гишүүнчлэлийн татвараа 2017 оны 05 дугаар сараас хойш төлж тогтмол хэвшсэн болно.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо нь Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаатай хамтын гэрээ байгуулж хуульд заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №23 тоот бүртгэлээр Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газарт бүртгэгдэн баталгаажсан.
Тус үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилтан албан хаагч нарын эрх ашгийг хамгаалах нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох тав тухтай аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 1, 2 дугаар бүлэг, үйлдвэрчни эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх хуулиар зохицуулагдаагүй эрхийн хэм хэмжээг зохицуулах үйлчилгээний соёл, ажлын чадварын түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Гэтэл өмнөх Автобус-1 үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга асан Н. Т, өөрсдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсоныг үл зөвшөөрөн, өөрсдийн явцуу эрх ашиг сонирхолын үүднээс Нийслэлийн Засаг дарга болон бусад албан байгууллагад санаатайгаар зориуд удаа дараа буруу ташаа мэдээлэл өгч манай үйлдвэрчний эвлэлийн нэр хүндэд халдсаар байгаа билээ.
Автобус-1 баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Тын сонгуульт ажлын хугацаа 2017 оны 03дугаар сарын 0-ны өдөр дуусгавар болсон мөн манай гэрээ албан ёсоор бүртгэгдснээр хамтын гэрээний хугацаа мөн дуусгавар болсон.Н.Т нь Монголын тээвэр, Холбоо,ГАзрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 1.3, 3.1, 5.4, 13.4-д тус тус заасан зүйл заалтыг удаа дараа зөрчиж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь хууль ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн. Он, сарын хувьд хуралдааны тэмдэглэл гэсний дээд хэсэгт байгаа. Үдээсэнд орсон учраас сайн харагдахгүй байгаа байх. Хууль бус үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулсан талаар тогтоосон зүйл өнөөдрийн байдлаар байхгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол түүнийгээ нотолсон баримтыг заавал гаргаж өгөх ёстой. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлтэйгээ холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Дүрэмтэй байх ёстой гэдэг асуудлыг тавьдаг ч энэ талаар гэрч н.Болдсайхан тодорхой тайлбарлаж өгсөн. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №36 тоот тогтоолын 5 дахь хэсэгт энэ тухай тодорхой заасан. Үүний дагуу Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг үндэслэж бүртгүүлсэн. Тиймээс хууль зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх болов ч яаж зөрчсөн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байна. Мөн энэ асуудал Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал мөн үү үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай. Ямар бүртгэлээс хэрхэн хасуулж, хэнд даалгах гээд байгаа нь тодорхойгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эдлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна. Энэ хороо нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр холбогдох баримтуудыг үндэслэж бүртгэгдсэн байдаг. Даргаар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Н.Т бүртгэгдсэн байна. Уг бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримтуудыг үндэслэж хийгдсэн. Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн ба тухайн үед н.Гэрэлчулуун гэж хүнийг даргаар нь бүртгэсэн. Түүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Тыг бүртгэсэн. Хурал хүчин төгөлдөр мөн эсэх талаар харьяалах шүүхэд ямар нэгэн маргаан үүсгээгүй гэж ойлгож байна. Манай зүгээс хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрийг үндэслэж бүртгэл хийсэн. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл харагдахгүй байх тул гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны Үйлдвэрчны эвлэлийн хорооны дарга Н.Т тус газрын ажилтны “Эв нэгдэл” ҮЭХорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
1.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Нийслэлийн өмчит нийтийн тээврийн үйлчилгээний үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай” 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулжээ.
Дээрх зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг нэгтгэн байгуулснаар өмнө нь бааз тус бүрийн ажилтны эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулж байсан Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гадна эдгээр байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтны хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Ажилтны” үйлдвэрчны эвлэлийн хороо (цаашид ОНӨААТҮГ), “Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчны эвлэлийн хороог тус тус байгуулж одоо Оюуны өмч,улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт автобус 1,2,3 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хороо болон “Ажилтны” үйлдвэрчний эвлэлийн хороо, мөн ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 5 хороо бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Гэвч нэхэмжлэгч Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Т ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороог хууль бусаар бүртгэсэн гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан явуулна.” гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын дэргэд үүсгэн байгуулагдсан үйлдвэрчний эвлэлд иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор сайн дураараа, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй байна.
Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага анх Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийг хороог 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр уг ҮЭХ-оос ирүүлсэн өргөдөл бусад баримтуудыг үндэслэн бүртгэж 9074004118 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ-ны улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт түүнд хавсарган ирүүлсэн баримт бичиг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг хангасан энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй гэж бүртгэсэн хариуцагчийн уг бүртгэл хууль зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ-ны 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, гишүүдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэл, 01, 02, 03 дугаар тогтоол, тус ҮЭХ-ны дүрмийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, гишүүдийн нэрсийн жагсаалт зэргийг үндэслэн Ц.Ариубаатарыг даргаар бүртгэж өөрчлөлт оруулсан бүртгэлүүд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасантай нийцжээ.
Ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ 2016 онд анх байгуулагдахад даргаар С.Давааг сонгон бүртгүүлсэн бөгөөд харин 2017 оны 04 дүгээр сард Ц.А тус ҮЭХ-ны даргаар сонгогдсоныг гэрчилгээнд энэ талаарх өөрчлөлт оруулж, гэрчилгээг шинээр авах тус хорооны хүсэлтийг үндэслэн хариуцагч анх олгосон улсын бүртгэлийн дугаар 9074004118 бүхий гэрчилгээг дахин олгосон нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр бүртгэсэн огноо, 9074004118 улсын бүртгэлийн дугаар бүхий хуулийн этгээдийн нэг гэрчилгээтэй байна.
Нөгөө талаар ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэгчийн болон бусад ҮЭХороодын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн шүүх ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ-г үүсгэн байгуулахдаа гишүүдийг яаж элсүүлсэн, бүх гишүүдийн хурал хууль, дүрэм зөрчсөн эсэх түүнчлэн тус ҮЭХ 2017 онд үйл ажиллагаагаа сэргээн явуулахдаа хууль зөрчсөн эсэх харьяаллын бус асуудалд дүгнэлт өгөх боломжгүй.
Нөгөө талаар бүртгэлийн байгууллага тус хорооны ҮЭХ дарга шинээр сонгогдсон өөрчлөлт оруулж, гэрчилгээ шинээр авах өргөдөл хүсэлтийг хүлээн авахдаа ирүүлсэн баримтуудыг хянан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын “Ажилтны эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороо бүртгэлийн байгууллагад хандахдаа зөвхөн Автобус 1 дүгээр баазын нийт ажилтны ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, гишүүдийн нэрсийн жагсаалт холбогдох баримтууд ирүүлж бусад баазын ажилтнуудын оролцоог хангаагүй байхад бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээ шинээр олгож байгаа нь захиргааны байгууллага хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй.
Тодруулбал бүх гишүүдийн хурал хэрхэн явагдсан, нийт баазуудын бүх гишүүдийн оролцоог хангасан эсэх, аль нэг ҮЭХ-нд мэдэгдсэн эсэх, тэдний эрх ашгийг хэрхэн зөрчсөн эсэх талаарх баримтыг бүртгэлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага хянах үүрэггүй болно.
Харин дээрх үйл баримтууд хууль зөрчсөн талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлэгч уг асуудлаар бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандах боломжтой.
2. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах бие даасан шаардлагын тухайд;
“Автобус нэг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ҮЭХ-ны 2013 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, “Автобус нэг” ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 01, 02 дугаар тогтоол, тэмдэглэл, тэргүүлэгчдийн хурлын тогтоол зэргийг үндэслэн “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын ажиллагсадын ҮЭХороо түүний даргаар Н.Тыг бүртгэсэн 2013 оны 02 дугаар сарын 04-ны болон 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэл,Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-ны төлөөлөгчдийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01, 02 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Н.Тын хүсэлт зэргийг үндэслэн Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-ны даргаар Н.Тыг томилсныг бүртгэсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэл тус тус хууль зөрчөөгүй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан баримт бичиг, өргөдөл хүсэдтүүдийг үндэслэн хийсэн Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасантай нийцжээ.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нэгтгэн зохион байгуулагдсанаар тус нэгтгэлийн нийт ажилтны эрх ашгийг хамгаалж нэгдсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахад чиглэж ажилтны ҮЭХ-г байгуулагдсаныг хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж 9074004059 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Ажилтны ҮЭХ 2015 онд байгуулагдсан үеэсээ Зорчигч тээврийн нэгтгэлийн ажиллагсадын хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой ашиг сонирхолыг хамгаалж үйл ажиллагаа явуулж ирсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.
Харин ийнхүү ажилтны ҮЭХ байгуулагдаж үйл ажиллагаа явуулснаар нөгөө талаар Н.Т “Автобус-1” болон Ажилтны ҮЭХ даргаар томилогдож ажилласнаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн зөрчсөн талаарх үйл баримт байхгүй байна.
Мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаснаар түүний ямар эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүйн дээр бие даасан шаардлагаа дэмжсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагадаа дурдсан Н.Тыг ҮЭХ-ны даргаар сонгохдоо хууль, дүрэм, журам зөрчсөн эсэх, бүх гишүүдийн хурал хууль, дүрмийн хүрээнд хийгдсэн эсэх, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны болон Тээвэр, холбоо, газрын тосны ажилтнуудын ҮЭХолбооны дүрмийг зөрчсөн талаарх маргааныг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж дүгнэлт өгөх хууль зүйн зохицуулалтгүй бөгөөд энэ талаар бүртгэлийн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага мөн адил хянан шалгах үүрэггүй болно.
Мөн ажилтны “Эв нэгдэл” ҮЭХ-г байгуулсан, тус ҮЭХ даргаар Ц.Аыг сонгосон, мөн “Автобус-1” болон Ажилтны ҮЭХ даргаар Н.Тыг сонгосон тус тусын бүх гишүүдийн болон тэргүүлэгчдийн хурлын тогтоолуудыг хууль бус гэж үзэж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн маргаан бүхий шинээр байгуулсан хуулийн этгээдийн бүртгэл түүнчлэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлүүд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй баййх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” Олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ажилтны “Эв нэгдэл” ҮЭХорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэл, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны болон ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус Н.Тыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох, ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо хууль, холбогдох дүрэм, журам зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг тогтоолгох, үйл ажиллагааг нь зогсоон, бүртгэлээс хасахыг даалгуулах гуравдагч этгээд Ц.Аын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР