Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 04

 

Б.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0150/Э

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                              

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Б.Э

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Даваасүрэн

           Хохирогч                                                   Б.Ц

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

      Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Э-д холбогдох, 1715001310029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ы давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ын Э.

      Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Зуун мод” гэх газарт иргэн С.О-тэй маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор:

        Шаргачин овогт Б-ын Э-ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

         Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримт ирээгүй, хохирогч энэ хэрэгтээ гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

        Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорьж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо:

         ... Уг хэргийн улмаас миний хадам аавын дүү надтай ойр дотно харьцаатай О ах маань хүнд гэмтэл авсанд үнэхээр харамсалтай байгаа ч ард үлдсэн гэр бүл, ахын биеийн байдлыг сонсохоор өдөр хоног ч өнгөрөхгүй байна. Надад хэргийн талаар болсон болоогүй гэж маргах зүйл байхгүй, харин ар гэрийнхээ амьдралын байдлыг танилцуулахад бага насны 3 хүүхэдтэй, 6 настай охин Х минь тархины саажилттай төрсний улмаас миний асаргаанд, хохирогч О-ийг хамтран амьдрагч Ц цаашид асран сувилж чадахгүй гэсэн тул миний эхнэр Ү өөрийн гэртээ авчран асарч байгаа бөгөөд асрахаар халамжийн байгууллагад бүртгэгдсэн. Одоо эхнэр маань өөрийгөө бөөцийлэх чадваргүй хоёр хүнийг асрах болсон тул ямар ч ажил төрөл хийх боломжгүй байдалд хүрээд байна.

     Миний бие нь нийгмээс тусгаарлагдахгүй байвал ар гэрээ энэ хүнд байдлаас гаргаж өөрийн буруугаас ийм байдалд хүргэсэн хадам ахыгаа тэжээн тэтгэх эмчлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ойлгож мэдлээ. Би хохирогчид 2.651.000 төгрөг төлсөн бөгөөд холбогдох бүх баримт байгаа боловч шүүхэд гаргаж өгдгийг мэдэхгүй баримтаа хадгалж байгаа тул гаргаад үзүүлэх боломжтой.

       Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед өмгөөлөгчтэй орох ёстой байсан ба тухайн үед төлбөрийг төлөх бэлэн мөнгө байгаагүйгээс нэн ядуу гэдэг тодорхойлолтыг багийн засаг даргаас авч төрийн өмгөөлөгч авсан маань манайхыг нэн ядуу өрх болгож, торгох ял оногдуулах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.

         Манайх эхнэр бид 2-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, хувьдаа 164 тооны малтай, өөрийн эзэмшлийн Портер маркийн авто машин зэрэг эд хөрөнгөтэй болно. Гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг арилаагүй гэж дүгнэсэн бөгөөд энэ хор уршгийг ямар ч орлогын үүсвэргүй миний ар гэр арилгах боломжгүй. Харин би тэднийхээ дэргэд байвал малаа хариулан өсгөж борлуулах, машинаараа ажил хийж орлого олох зэргээр хор уршгийг арилгах болно. Амьдралын энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ял болгон орлого олж ялаа барагдуулах боломж олгоно уу гэж энэхүү өргөдлийг гаргаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон холбогдох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

        Ш овогт Б-ын Э нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “Зуун мод” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь “...тархины хатуу хальсан доорхи болон дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, комын байдал, зүүн хөмсөг, чихэнд зулгаралт бүхий...” хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ц /хх 15-19/, гэрч С.М, С.О, М.Ү, Э.У болон насанд хүрээгүй гэрч Д.П нарын мэдүүлэг /хх 20-21, 22-23, 25-26, 29-30, 32/,

       С.О-ийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 282 дугаар дүгнэлт /хх 34/, шүүгдэгч Б.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 42-43/, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

         Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

        Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал, түүнчлэн гэмт хэргийн улмаас бие махбодид нь хүнд гэмтэл учирсан С.О эмчилгээний зардлыг сайн дураар нөхөн төлж, мөн түүнийг өөрийн гэртээ асарч сувилж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

      Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлууд шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, оролцогчдын тайлбар зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс Б.Э-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн торгох ялаар шийтгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

        Иймд шүүгдэгч Б.Э-ы “...ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

     Анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг шийвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2.т заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа /...14 хоногийн дотор.../-г хэтрүүлсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…2 жилийн хугацаагаар хорих …” гэснийг “…10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох…” гэж,

            тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Энхсайханд оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд жил бүр 5.000.000 /таван сая/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

           тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2.Шүүгдэгч Б.Э-ы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

    3.Шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН                                                                                                           

                      ШҮҮГЧИД                                                                       С.ЦЭЦЭГМАА     

     

  •                                                                                                     С.УРАНЧИМЭГ