Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 02

 

 ХААН банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 139/ШШ2017/00403 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  ХААН банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Н, Ц.С нарт  хариуцагдах  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариат, лавлагааны хураамж нийт 15339154,18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагч Ц.С-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.З, хариуцагч Х.Н, Ц.С, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн Х.Н, Ц.С нар нь ХААН банкны Дундговь салбараас 2015 оны 09 сарын 01-ний өдөр №ЗГ201542367051 тоот зээлийн гэрээ байгуулан 15666000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Иргэн Х.Н, Ц.С  нарын өмчлөлийн Notebook, зурагт 2 ширхэг, 5 ханатай гэр зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3256547.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2726305.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8090.04 төгрөг, нийт 5990943  төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /415 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээл 12409452.30 төгрөг, зээлийн хүү 2738646.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 178055.35 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 3000 төгрөг, лавлагааны хураамж 10000 төгрөг, нийт 15339154.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Н, Ц.С нар нь Дундговь аймгийн Хаан банкны салбараас 2015 оны 9 сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15600066 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд Х.Н, Ц.С нарын өмчлөлийн нөтбүк, 2 ширхэг зурагт, 5 ханатай гэр зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Зээлдэгч нар нь зээлийг хувиарынхаа дагуу төлж байсан. Нийт 5990043 төгрөг 19 мөнгийг хувиарт төлбөрийн дагуу төлсөн байдаг. Улмаар Х.Н нь ажлаасаа гарсан гэх шалтгаанаар зээл нь төлөгдөхгүй хугацаа хэтэрч 2017 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар нийт 415 хоног хугацаа хэтэрч байна. Тиймээс зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалтыг үндэслээд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 12409452 төгрөг 30 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 2738646 төгрөг 53 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 178055 төгрөг 45 мөнгө, нотариатын төлбөр 4000 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны хураамж 10000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 234646 төгрөг, нийт 15339154 төгрөг 18 мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байгаа учраас Ц.С-г зээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэжээ.

Хариуцагч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олдохгүй байсан юм. Урагшаа таван толгойд ажил хийх гэсэн боловч хилийн хоригтой байсан болохоор гарч чадаагүй. Би машин барьж цалин авдаг байсан болохоор эрхээ хасуулаад машин барьж чадахгүй байсан юм. Хотод барилга дээр ажилласан боловч цалингаа өгөхгүй нэг ч төгрөгийн цалин авч чадаагүй. Одоо би ажилтай болсон учраас цалингаараа зээлээ төлөөд явахад болохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна. Ц.С-г зээл төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байгаа учраас би өөрөө төлөөд явж болохгүй юм уу гэжээ.

Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зээлийг 2015 оны 9 сард авсан. Миний нэр дээр ч гэсэн 15 сая төгрөгийн зээл байгаа. Х.Н бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа зээл авсан юм. Тэгээд Х.Н-ээс салснаасаа хойш 2016 оны 7 сар хүртэл би хоёр зээлээ давхар төлж байсан. Тэгсэн анги дааж авахгүй болохоор миний цалин багасаад зээлээ төлж чадахаа болиод зээлээ огт төлөхөө больсон. Хоёр хүүхдээ би өөрөө өсгөдөг. Үүнээс хойш төлөгдөөгүй жил гарны хугацаа өнгөрчихсөн байгаа юм. Яагаад энэ зээлийг төлөхгүй гээд байна вэ гэхээр Н бид хоёр өөр өөрсдийнхөө нэр дээр 15, 15 сая төгрөгийн зээлтэй. Би Төрийн банкинд зээлтэй. Уг нь Хаан банкинд зээлтэй байсан юм. Хаан банкны эдийн засагч нь намайг олон сар зээлээ төлсөн гэдгийг мэдэж байгаа. Н-ээс салснаас хойш өөрийнхөө зээлийг нэг ч удаа төлүүлээгүй. Мөн хүүхдийн мөнгө авч үзээгүй. Н бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулчихсан. Тэгээд одоо авч байгаа цалин маань бага болохоор бид гуравт хүрэлцдэггүй. Тиймээс энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй. Одоо би зээлээ сард 450000 төгрөгөөр төлдөг. Гар дээрээ 510000 гаран төгрөг л авдаг. Цалингийн тодорхойлолт болон зээл төлж байсан дансны хуулгуудаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Н өөрөө ажилтай болчихсон мөн бид хоёр салчихсан учраас өөр өөрсдийнхөө зээлийг хариуцах хүсэлтэй байна. Тус зээлээс би өөрийнхөө нэрийг татаж авмаар байна. Миний нэр дээр авсан зээл нь Н бид хоёр хамт авсан зээл. Гэхдээ би өөрөө ганцаараа төлдөг. Х.Н-ээр төлүүлдэггүй. Тиймээс өөр өөрийнхөө зээлийг төлөх хүсэлтэй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.Н, Ц.С нараас 15339154 /арван таван сая гурван зуун гучин есөн мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Дундговь салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234646 /хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Ц.С нараас 234646 /хоёр зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан ХААН банкны Дундговь салбарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.С давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 139/ШШ2017/00403 дугаар шийдвэрийн надад холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  • Миний  салсан нөхөр Х.Н  нь Хаан банкнаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 15.660.000 төгрөгийн зээл авахад би хамтран зээлдэгч болсон. Энэхүү мөнгөний хэмжээнд маргадаггүй. Х.Н бол зээлдэгч. Би бол хамтран зээлдэгч. Х.Н нь авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байсан тул хамтран зээлдэгч гэдэг утгаар надаар  Хаанбанк нь Х.Н-ийн зээлийн мөнгөн дүнг төлүүлж ирсэн. Хамтран зээлдэгч гэдэг утгаараа би энэхүү зээлийг төлж байсандаа мөн маргадаггүй. Гэтэл Х.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд “Ц.С-г зээл төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас  би өөрөө төлөөд явъя” гэсэн тайлбарыг гаргасан байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 

            Учир нь зээлдэгч зээлээ төлөх үүрэгтэй. Тухайн зээлдэгч зээлээ төлөхгүй байх тохиолдолд хамтран зээлдэгч үүрэг хүлээнэ.Гэвч энэ тохиолдолд  зээлдэгч нь зээлээ дангаар төлөх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгчээс татгалзах ойлголт гарч ирж байна. Зээлдэгч нь хамтран зээлдэгчээ солих бүрэн боломжтой. Учир нь тухайн зээлдэгчийн ажил эрхлэлтийг үндэслэж түүнд цалингийн зээл олгодог. Хамтран зээлдэгч ямар ажил эрхэлдэг байх үүнд хамаагүй.Х.Нямдэлгэрийн авсан зээл нь бизнесийн зээл биш гагцхүү тухайн зээл хүсэгчийн ажил эрхлэлтийн байдлаас үүдэж олгодог “Цалингийн зээл” юм. Иймд хамтран зээлдэгчийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн хүсэлтээр солих бүрэн боломжтой болох нь илэрхийлэгдэж байна.

            Шүүгч шийдвэртээ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дээх заалтыг үндэслэл болгосон байна.  Гэтэл үүрэг тэнцүү байх нь үүргийн гүйцэтгэлийг тэнцүү ногдуулна гэсэн үг биш, тийм хуулийн зүйл, заалт байхгүй. Үүрэг тэнцүү байлаа ч буруутай этгээд нь хариуцлагаа хүлээдэг. Мөн энэ заалтад үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол үүрэг тэнцүү байна гэж заасан. Гэтэл зээлдэгч Х.Н  зээлээ төлөх, Х.Н зээл төлөхгүй байхад хамтран зээлдэгч нь зээл төлөх гэсэн үүрэг хүлээх нь тодорхой байна. Зээлдэгчийн үүрэг нь зөвхөн түүний ажил эрхлэлттэй холбоотой буюу цалингийн зээлээс болж үүссэн. Эндээс дүгнэхэд зээлдэгчийн хамтран зээлдэгчийг солих хүсэлтийг шүүх хүлээн аваагүй хэт нэг талыг барьж, хуулийн зүйл заалтыг оновчтой хэрэглэж шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

            Зээлдэгч нь банкинд хамтран зээлдэгчээ солиулах хүсэлт гаргах боломжтой. Хэрвээ цалингийн зээлэнд хамтран зээлдэгч нь  зээлдэгчийг солъё гэсэн хүсэлт гаргавал  банк зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Учир нь зөвхөн зээлдэгчийн ажил эрхлэлтийг үндэслэж банк зээл олгодог. Мөн эндээс дүгнэхэд зээлдэгч, хамтран зээлдэгчийн үүрэг нь өөр өөр болж байна гэсэн үг юм.

            Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу зээлдэгч Х.Н нь өөрийн хүсэл зоригийн дагуу зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байхад шүүх мөн хүлээн аваагүй нь хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 212 дугаар зүйлийн 212.3-т заасны дагуу Хаанбанкинд зээлдэгч Х.Н нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар мэдэгдсэн байдаг.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг баримтлан хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд  нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч  ХААН банкны Дундговь салбараас  шүүхэд хандан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн учир зээлдэгчээс зээл, зээлийн хүү төлүүлэхээр шаардсан бөгөөд энэхүү шаардлагын хоёр дахь хэсэг нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг  хангуулахыг шаарджээ. 

Нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн агуулгадаа: Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр  барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Х.Н,  Ц.Снарын өмчлөлийн  Notebook, зурагт 2 ширхэг, 5 ханатай гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмээн тодорхой зааж шаардсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд  ч энэхүү шаардлага  хэвээр байгааг тайлбарласан бөгөөд анхан шатны  шүүх хэлэлцээгүй орхигдуулсан, ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийсэн байдал харагдахгүй байгаа нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Зохигчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэлэлцэн нотлох баримтанд үндэслэн дүгнэж шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчиж, зохигч талын эрх ашгийг  хохироосон  гэж үзэх үндэстэй бөгөөд анхан шатны шүүхээр шинжлэн судлаагүй дээрхи асуудалд давж заалдах  шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий ямар нэгэн дүгнэлт хийх, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж тогтов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг  зөрчсөн  үндэслэлээр  шийдвэр хүчингүй болсон тул материаллаг хуулийн хэрэглээний асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон  тул гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 139/ШШ2017/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч Ц.С-аас давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137663 / нэг зуун гучин долоон мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР