Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 19

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн Малчин 1-6 тоотод оршин суух, Чонод овогт Лувсанжамцын Энхбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвэлмаа, гуравдагч этгээд Л.Энхбаяр,  нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус сумын 6-р багийн харъяат иргэн Лувсанжамцын Энхбаяр нь 46 настай, эрэгтэй, ам бүл 3-уул, ээжийн хамт Сайнцагаан сумын 6-р баг Малчин 1-6 тоотод оршин суудаг. Л.Энхбаяр нь сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулж, түгшүүр төрүүлэн удаа дараа саатуулах байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан. Л.Энхбаяр нь өөрийн хүсэлтээр архинаас гарна гэдэг боловч үр дүнгээ өгөхгүй байгаа тул ар гэрийн зүгээс архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг гаргасан. Иймд хүсэлтийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэгийн комиссын дүгнэлт, багийн Засаг даргын тодорхойлолт, ар гэрийн хүсэлт, тус Цагдаагийн газрын тодорхойлолт зэргийг үндэслэн Л.Энхбаярыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Сайнцагаан сумыг хариуцсан хэсгийн байцаагчаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Хэсгийн байцаагч нь тухайн хэсгийнхээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон архины хамааралтай хүмүүсийг хариуцдаг. Л.Энхбаяр нь 84 настай хөгшин эхийн хамт амьдардаг ба  байнга архидан согтуурч агсам тавьж хөгшин эхийгээ яасан үхдэггүй юм, үхэх болоогүй юу гэж арц уугуулдаг. Эх нь арц уугуулахаар нь чи яаж байна гэхээр таны үхэхийг хүлээж байна гэх зэргээр сэтгэл зүйн дарамтанд оруулдаг. Мөн 2016 онд хөгшин эх нь гутал авч өгснийг үүнийг чинь өмсөхгүй гэж өөдөөс нь шидэж нүүрэнд нь гэмтэл учруулж ар гэрээс нь гомдол гаргаж байсан. 2015 оны 3 сарын 23-нд, 2016 оны 6 сарын 11-нд, 2016 оны 12 сарын 18-нд, 2016 оны 12 сарын 21-нд ар гэртээ агсам тавьж, амгалан тайван байдал алдагдуулж эрүүлжүүлэгдэн шүүхээр 7 хоногийн баривчилгаа авч баривчлагдсан байгаа. Л.Энхбаяр нь шүүх хуралдаан болохоос өмнөх 2 өдөр л архи уугаагүй болохоос өмнө нь эхийнхээ байгаа зүйлийг зарж архи уудаг. Мөн авдарных нь цоожийг эвддэг. Байнгын архи ууж, агсам тавьж эхийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Л.Уранбайгаль гэж эгч нь манай байгууллагад хүсэлт гаргасан. Л.Энхбаяр нь хүмүүсийн эд зүйлийг хулгайлдаг гэсэн мэдээлэл ирээд байгаа. Архи уусан үедээ шөнжингөө гарж ороод ахтайгаа хэрэлдэж, хэвтэрт байгаа эхийгээ дарамталж ар гэртээ байнга гэр бүлийн хүчирхийлэлийг үйлддэг хүн. Л.Энхбаяр нь өмнө нь дахин архи уухгүй гэж баталгаа гаргаж байсан боловч байнга архи ууж, ар гэрийн амгалан тайван байдал алдагдуулдаг. Архинаас гаръя гэсэн бодол байдаггүй. Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саяын хэлээд байгаа шиг зүйл байхгүй. Архины албадан эмчилгээнд явахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь Л.Энхбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд Цагдаагийн газар согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийдгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Л.Энхбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 1-3 тоотод оршин суудаг болох нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн Засаг даргын 1 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ‘’Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ.’’ гэж заажээ.

Хэрэгт авагдсан Цагдаагийн газраас ирүүлсэн баримт, согтуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Л.Уранбайгалийн хүсэлт, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр зэргээр Л.Энхбаяр нь архи согтууруулах зүйл байнга хэрэглэх идэвхитэй донтой хам шинж 3-р зэрэг оноштой болох нь  тогтоогдож байх тул архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар ЗЮ70042031 регистрийн дугаартай Лувсанжамцын Энхбаярыг архины албадан эмчилгээнд явуулсугай

            2. Л.Энхбаярыг Архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР