Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 16

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч  *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Уранбайгаль, хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  боловсролын байгууллагад 29 жил ажилласан. Эрдмийн далай сургуульд тасралтгүй ажиллаж байгаад 2014 оны 7 сарын 7-ны өдөр Говийн ирээдүй сургуулийн захирал болсон. Намайг ажилд ороход тухайн сургууль дээр зөрчлүүд их байсан. Би улсын тэргүүний сургуульд 20 гаруй жил ажилласан, сургуулиа тийм байлгахыг хүссэн, ажлын шаардлага тавьсан учраас зөрчил үүссэн. Ажлын байран дээр согтуу байх, ажил хийдүүлэх, ур чадвараа дээшлүүлэхгүй байх, хүүхэд хохироох, хүүхдэд гар хүрэх зэрэг зохисгүй байдал гарч байсан учраас ажлыг нь дээшлүүлэх гээд багш нараас шалгалт авсан. Шалгалтын дүн муу гарснаас үүдсэн зөрчилдөөн байсан. Үүний улмаас аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орж энэ бол захирлыг чөлөөлөх хэмжээний гомдол биш байна гэж үзээд, тэмдэглэлээр зөвлөмж өгч намайг цаашид ажиллахыг зөвшөөрсөн. Ингээд ажиллаж байхдаа сургуулийнхаа ойг хийсэн. Ойд хандив сайн цуглаагүй, Улсын их хурлын гишүүн Наранхүү 30 гаруй сая төгрөг өгнө гэж амалсан байсан учраас хамтын сангаас 6.5 сая төгрөгийг хариуцдаг хүмүүстэй нь ярилцаад, гэрээ хийгээд зээлж  авсан. Ой хийж байгаа сургууль нэг багшаас 80000-100000 төгрөг, ажилчдаас 30000-50000 төгрөг цуглуулж хийдэг. Би ажилтнуудаас мөнгө бага авахыг зорьсон. Ахмад төгсөгчид, ахмад багш нарт ой хийх хэрэгцээ шаардлага байсан учраас би ой тэмдэглэх арга хэмжээг зоригтой зохион байгуулсан. Эдийн засгийн хувьд бэрхшээлтэй асуудал нилээд гарсан ч хамтын сангийн 6 хүнтэй ярьж байгаад гэрээ хийгээд мөнгө авсан. Хандив ороод ирэхээр өгнө гэж 1 сарын хугацаатай авсан. Ой дуусаад хандив ирээгүй учраас энэ мөнгийг яаж төлөх талаар зөвлөлдөж байсан. Багш нар ойдоо 20 000 төгрөг л хандивласан. Багш нар “бид ойдоо 20000 төгрөг л хандивласан учраас энэ 6500000 төгрөгийг тэр чигээр нь ойдоо хандивласан болгоё” гэсэн яриа хийж байхад Аймгийн засаг даргад ийм гомдол очсон байдаг. Энэ мөнгийг зарцуулсан талаарх баримтуудаа би хэрэгт өгсөн байгаа нь сая хариуцагч тал өгсөн баримттай тулах байх. 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхөөсөө өмнө сонсгох ажиллагаа гээд саналаа ирүүлэх тухай албан тоот өгсөн. Би заасан хугацаанд нь хариу тайлбараа өгсөн. Дараа нь би ажлаа хүлээлгэж өгсөн. Захирамж дээр заасан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Засаг даргын захирамжинд “удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилга бат зөрчсөн, захиргаанаас өгсөн үүргийг 2-с доошгүй удаа биелүүлээгүй, хамт олны дунд үлгэргүй  байдал гаргаж, бусадтай зүй бус харилцсан, байгууллагын нэр хүндийг гутаасан” гэж дурдсан байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Намайг буруугүй байхад буруутгаж ажлаас чөлөөлсөн тул Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2016 оны 10 сарын 21-нд би ажлаас чөлөөлөгдөөд өөр ажил өгнө гэсэн болохоор нь би 29 хоног хүлээсэн. Ажил өгвөл гомдол гаргахгүй байх бодолтой байсан. 29 дэх хоног дээрээ Засаг даргатай уулзахад Боловсрол соёлын газрын хяналт үнэлгээ шинжилгээний мэргэжилтэн гэсэн ажил өгөхөөр нь баярлалаа гэж хэлээд гарсан. Маргааш нь очиход тэр ажлыг өөр хүнд өгсөн байсан. Тийм учраас би гомдол гаргасан. Намайг Боловсрол соёлын газарт соёл урлаг хариуцсан мэргэжилтэн гэдэг ажилд авсан ч сонгон шалгаруулалт зарлах болсон гээд ажлаас чөлөөлсөн. Энэ хугацааны цалингаа хасаж тооцсон. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Би ажиллах хугацаандаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн. Бусдыг доромжилж, ёс зүйгүй байдал гаргаж, бусдыг хохироосон зүйл надад байхгүй. Ёс зүйгүй байдал гаргасан, байгууллагын нэр хүндийг гутаасан зэргийг хариуцагч тал батлах байх гэж бодож байна. Ямар хүнийг гомдоогоод, байгууллагын нэр хүндийг яаж гутаагаад, ямар хохирол үүссэн болохыг нотлох байх. Би сургуулийнхаа ажлыг ахиулах зорилготой байсан. Ажил нь ахисан, намайг ажиллаж байхад олимпиадад амжилттай оролцож байсан. Намайг сайн ажилласан гэж сумын Засаг даргын захирамж, Боловсрол соёлын газрын дарга шийдвэр гаргаж 4-5 удаа ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн нэмэгдэл авсан. Аймгийн мэргэжлийн олимпиадад манай сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр байранд орж байсан гэв. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь ******* сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хамт олны дунд ёс суртахуун, үлгэргүй байдал гаргаж, хамт олон, багш албан хаагч нартай зүй бусаар харилцаж байсан нь хамт олны саналаар нотлогдохын зэрэгцээ байгууллагын хамтын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал үүсгэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. *******гийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т хамт олны санал гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. ******* сургуулийн захирал *******гийн ёс суртахуун, үйл ажиллагааны зөрчил, дутагдалтай холбоотой хамт олны гомдол мэдээлэл 2015.03.23-нд аймгийн Боловсрол, Соёлын газар, аймгийн Засаг дарга, салбар /Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд/-ын сайдад тус тус ирүүлсэн уг гомдол мэдээлэл дурьдсан асуудлуудыг шалгах талаар аймгийн Засаг дарга үүрэг чиглэл өгч дотоодын болон мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийгдэж тодорхой зөрчил, дутагдал байгаа талаар Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.20-ны өдрийн 13-09-021/45 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2015.04.02-ны өдрийн 13-06-011/19 дугаар зөвлөмж, аймгийн Засаг даргын 2015.04.10-ны өдрийн А/129 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2015.05.07-ны өдрийн 105 тоот дүгнэлт тус тус гарсан. 2016-2017 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 2016 оны 9 дүгээр сараас хойш ******* сургуулийн багш ажилчид, нягтлан бодогч, нярав гэхчилэн тухайн байгууллагын хамт олноос сургуулийн захирал ******* нь ёс суртахуун, зан харьцааны доголдол гарган хамт олныг хагалган бутаргаж, зүй бус дарамт, шахалтаар айлган сүрдүүлдэг, байгууллагын хамтын сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан талаарх 5 удаагийн гомдол, мэдээллийг ирүүлээд байгаа нь хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т заасан ноцтой зөрчил гаргасан, гэрээний 3.2.3-т заасан хамт олны дунд үлгэргүй байдал гаргаж тэдэнтэй зүй бус харьцсан, энэ нь хамт олны олонхийн саналаар нотлогдсон төдийгүй, өмнөх алдаа, дутагдлаа засах талаар тодорхой ажил хэрэгжүүлээгүй нь захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн заалтуудыг зөрчсөн, байгууллагын хамтын сангийн хөрөнгөөс 6500000 төгрөгийг зүй бусаар зарцуулж санхүүгийн ноцтой зөрчил гарган асуудал үүсгэж хамт олон, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-ыг тус тус зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаа муу хийдэг гэж яриагүй, ажилдаа сайн л байх. Энэ хүний ёс зүйтэй холбоотой өргөдөл сургуулийн хамт олноос нь 2015, 2016 онд аймгийн Засаг даргад ирсэн. Мөн тус сургуулийн хамт олон нь Боловсролын яамны сайдад “******* нь ёс зүйтэй ажиллахгүй байна, биднийг дарамталж байна, байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулахаар дарамталж байна” гэсэн  утгатай өргөдөл өгсөн байдаг. Ийм учраас хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслээд нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Ноцтой зөрчил гэж юуг хэлэх талаар хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан  байгаа.  Хамт олны зүгээс хоёроос дээш удаа өргөдөл гомдол ирсэн нь ноцтой зөрчилд оруулахаар заасан. Энэ хүн өөрөө тэр хөдөлмөрийн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан.  Нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлсэн тохиолдолд хариугаа ирүүлдэггүй. Ийм учраас үүрэг даалгавар биелүүлээгүй байна гэж үзэж хуулийн заалтыг үндэслэн  ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн хамт олны зүгээс хоёроос ч олон удаа бичиг ирсэн байгаа. Хамт олонтойгоо зүй бус харьцдаг талаар хамт олон нь өргөх бичигтээ бичсэн байгаа. Энэ бол тус сургуулийн захирал нь байгууллагынхаа нэр хүндийг гутааж байгаа үйлдэл. Засаг даргын шийдвэр ийм үндэслэлээр гарсан байгаа. Санхүүгийн зөрчил гаргасан нь ноцтой зөрчилд орно гэж хөдөлмөрийн гэрээнд нь заасан байгаа. Хамтын сангийн хөрөнгийг захиран зарцуулах тусгай журамтай. Гэтэл нэхэмжлэгч хамт олонтойгоо хэлэлцэхгүйгээр  сангийн мөнгийг барьж байгаа хүнтэй нь тохироод хамтын сангийн журам зөрчөөд зарцуулсныг нь тус сургуулийн багш ажилтнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, хөдөлмөрийн хууль зөрчсөн нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэв.

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******г ******* сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7106112 /долоон сая нэг зуун зургаан мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг *******ас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг *******д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ас 198847 /нэг зуун ерэн найман мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уранбайгаль давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн дугаар 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т хамт олны санал гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг.  ******* нь хамт олны дунд ёс суртахуунгүй,үлгэргүй байдал гаргаж, багш, албан хаагч нартай зүй бусаар харилцдаг, харилцааны дутагдалтай холбоотой гомдол мэдээлэл байгууллагын хамт олны зүгээс 2015 оноос эхлэн  Боловсрол, соёлын газар, аймгийн засаг дарга, салбарын сайдад тус тус удаа дараа буюу 5 удаагийн гомдол ирсэн байхад үүнийг авч үзээгүй.

2.Тухайн байгууллагын хамт олноос ёс зүйтэй холбоотой удаа дараагийн гомдол мэдээлэл ирсний дагуу аймгийн засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлын хэсэг байгуулан хяналт, шалгалт хийсэн. Ажлын хэсгийн хяналт шалгалтаар ёс зүйн дутагдалтай ажилласан байсан гэдгийг тогтоож, нэхэмжлэгч *******г ажлын арга барил, ёс зүйн хувьд анхаарч, хамт олныг нэгтгэх үүрэг чиглэл өгч, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах талаарх үүргийг удирдлагын зүгээс өгч байсан ба өмнөх алдаа дутагдлаа засах талаар тодорхой ажил хэрэгжүүлээгүй, захиргааны зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ёс зүйгүй ажилласан талаарх байдлыг ажлын хэсгийн дүгнэлт, мэргэжлийн улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжөөс тодорхой харагдаж байхад үүнийг авч үзээгүй зэрэг нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн дугаар 139/ШШ2017/00211 шийдвэрийг хүчингүй болгож, иргэн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэн, хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан                                           Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/54 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ******* ******* сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хамт олны дунд ёс суртахуун, үлгэргүй байдал гаргаж, хамт олон, багш албан хаагч нартай зүй бусаар харилцаж байсан нь хамт олны саналаар нотлогдохын зэрэгцээ байгууллагын хамтын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал үүсгэж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 3.2.2, 3.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2 болон 3.2.3 дахь заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч уг гэрээний дээрх заалтуудад “Хамт олны санал, гомдол 2-оос дээш удаа удирдах дээд байгууллагад ирсэн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан” зэргийг ноцтой зөрчилд хамааруулжээ.

Дээрхи зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хэдий ч давтан зөрчил бүр тус тусдаа  тогтоогдсон талаар нотлох баримтгүй, төсвийн бус хамт олны дундын мөнгөн хуримтлалын зарцуулалт болон тухайн ажилтанд ирсэн санал гомдлын тоогоор ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 139/ШШ2017/00211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                            ШҮҮГЧИД                             П.ДОЛГОРМАА

                                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ