Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 63

 

                                                            Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Ням-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, Д.Золзаяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Соёл-Эрдэнэ, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-т холбогдох эрүүгийн 201525011918 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Х овогт Б-ийн Б, 1988 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:************/;

            Б.Б- нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 228 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 04 тоотод 1 нас 8 сартай /бага насны/ хүү Баярцэцэгийн Анхбаярыг биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж ваннтай усанд толгойгоор нь дүрж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.Б-ын цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Б.Б-ыг хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, гэрч Ж.Дуламсүрэн, Г.Бямбаа нарын өгсөн Б.Б-ын хувийн байдал болон гэр бүлийн харилцааны талаарх мэдүүлгүүдийг үндэслэл болгосон нь хэт хийсвэр, хууль зүйн үндэслэл муутай болсон гэж үзэж байна.

Б.Б- нь өөрийн төрсөн хүүхдээ усанд булхуулж, улмаар гарч орж ирэх хооронд хүүхэд ваннтай усан дотроо амьсгалд бүтэлтэнд орж нас барсан талаар үйл баримтын сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг бүхэлд нь хууль зүйн дагуу үнэлж дүгнээгүй болно.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд Б.Б- нь хөнгөмсгөөр найдаж төрсөн хүүхдээ нас барах, хүнд хор уршиг учруулахгүй байх гэж тооцож, болгоомжгүйгээр асуудалд хандсан байдаг. Дээрх нөхцөл байдал нь Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ухаан алдсан байдалтай байхаар нь орон дээр тавиад хиймэл амьсгаа хийхэд хүүгийн амнаас ус гарсан, хиймэл амьсгаа хэд дахин давтаж хийсэн. Би сандраад 103-руу залгахад утас нь дуудаад аваагүй, тэгэхээр найз руугаа залгасан” гэх мэдүүлгээр нотлогддог юм.

2. Нөгөөтэйгүүр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2645 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг Улсын Ерөнхий прокурорын газраас хүчингүй болгож, улмаар “2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1631 тоот дүгнэлт гаргасан шинжээчийг шалгах” талаар тогтоолдоо дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл шинжээчийн гаргасан дүгнэлтийг нь анагаахын шинжлэх ухааны үүднээс тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг авах ёстой байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 тоот дүгнэлтийг хавтаст хэргийн материалаас гаргаж, улмаар Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Ингэхдээ шинжээч эмч Ч.Эрдэмболороос мэдүүлэг авч, улмаар яллах нотлох баримт болгосон, нотлох баримт зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй гэх хууль зүйн үндэслэлийг бий болгож буй юм.

З. Анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар “улаан өнгийн ванныг” хураан авсан тэмдэглэл байдаг. Гэтэл эд мөрийн баримт нь өөрөө нотлох баримт учир хэрхсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан нөхцөл байдал болно.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул уг тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн нөхөр Б-ыг төрсөн хүү Анхбаярынхаа амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Бидний хүү Анхбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд тухайн үед шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгааныг “Вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас барсан” гэж тогтоосон. Гэтэл 2 жилийн дараа уг хэргийг сэргээж, 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач Анхбаяр нь амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан” гэж гарсан. 2 дахь удаагийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ “Вирусын гаралтай архаг, халдвартай, зүрхний булчингийн хурц үрэвсэл нь үхэлд хүргэдэг өвчин юм” гэж өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй бөгөөд дүгнэлтээ гаргахдаа өмнөх шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцсан, өөрөөр хэлбэл нөхөр Б-ын мэдүүлэгт үндэслэж усанд живсэн байх магадлал өндөр гэж үзсэн байна. Харин эхний шинжээч нь хэргийн материалтай танилцаагүй, усанд живсэн байж болзошгүй гэсэн санаа сэжүүр авалгүйгээр, зөвхөн хүүхдийн биеийг үзэж мэргэжлийн дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Бид тухайн үед хүүхдээ алдчихаад нас барах үед хажууд нь байснаар нь нөхрийгөө буруутгаж, хамаг л муу муухай зүйлийг бодож байсан. Одоо эргээд мэдүүлгээ уншихад нөхрийгөө дэндүү их буруутгаж мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Нөхөр бид хоёр хүүхэддээ хайртай учраас хүүхдээ уйлах үед нь авахаар булаацалддаг байсан. Энэ үед хадам аав, ээж хоёр цагдаагийн байгууллага, хүүхдийн 108 дугаарын утсанд дуудлага өгөх зэргээр бидний амьдралд оролцоод байдаг байсан юм. Манай нөхөр 2015 онд мөрдөн байцаалтын шатанд 2 сар орчим цагдан хоригдож байгаад гарч ирсэн. Ингээд бид хамтдаа амьдарч 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дахин хүүтэй болсон. Бид өнгөрсөн хүүгийнхээ араас маш их гашуудан шаналж, бие биенийгээ дэмжин туслаж, алдаандаа дүгнэлт хийсэн. Шинээр мэндэлсэн хүүгээ хамтдаа өсгөн хүмүүжүүлж, аз жаргалаар дүүрэн амьдруулахаар төлөвлөж ирсэн. Би нөхөртэйгээ хамтдаа элэг бүтэн гэр бүлийг бүтээж, бяцхан хүүгээ хайраар дутаалгүй амьдармаар байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

Нэг: Шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тухайд:

1. Шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ. Гэтэл Б.Б-ын өгсөн мэдүүлгийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтэд үндэслэн түүнийг төрсөн хүүгээ санаатай алсан гэж үзэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байна.

2. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Б.Б-ын өгсөн мэдүүлгүүдийг дээрхи 692 тоот шинжээчийн дүгнэлтээс өөр ямар нэгэн нотлох баримтаар давхар нотолж чадаагүй бөгөөд хувийн таарамжгүй харилцаатай эцэг, эхийнх нь мэдүүлэг, урьд нь цагдаагийн байгууллага, 108 дугаарын утсанд дуудлага өгч байсан гэх дамжмал нөхцөл байдлуудаар түүний хувийн байдлыг тодорхойлж, бусдыг санаатай алсан гэх хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Б.Б- нь эцэг, эхтэйгээ хувийн таарамжгүй харилцаатай, мөн тухайн өдөр уурлаад хүүхдээ аваад гарсан гэдэг нь худал бөгөөд түүний төрсөн ах Б.Болдбаатарын “Би энэ хүний ахын хувьд дүүгээ архи, тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай, амьдралынхаа төлөө зүтгэдэг сайн залуу гэж үздэг... аав маань Б-ыг багад нь их зоддог байсан юм, түүнээс болоод хоорондоо таарахаа болиод хамт байхдаа хааяадаа томоохон хэрүүл маргаан болдог байсан. Үүнээс гадна аав өөр хүүхэнтэй болоод бид нарыг 5 жил орхиж явж байгаад буцаад ирж байсан юм. Үүнээс болоод дүүгийн сэтгэлд шарх үлдсэн байх гэж би боддог... би хүүхдээ гэртээ оруулчихаад гарч ирэхэд эхнэр маань 00-д сууж байсан, яг энэ үед Б- ирээд хүүгээ аваад миний хажуугаар гараад явсан. Би араас нь харсан юм. Тэгээд эхнэрээсээ “энэ 2 хаачих гэж байгаа юм бэ, ямархуу байдалтай явж байна” гэхэд хүүхдээ тэвэрчихсэн инээгээд л гарлаа гэж хэлсэн. 3 цаг орчмын дараа хүүхэд нь өнгөрснийг сонсоод үнэхээр их гайхсан... миний хувьд дүүгээ арай ч төрсөн хүүхдээ алсан гэж үзэхгүй байна...”, эхнэр Э.Баярцэцэгийн “...Би нөхөртэйгөө 2013 онд танилцсанаас хойш хамт амьдарч байгаагийн хувьд энэ хүнийг болон ар гэрийнхнийг нь мэддэг болсон. Манай нөхөр багаасаа эцэг, эхийн ямар ч хайр халамжгүй, гадуурхагдаж зодуулж өссөн гэдгийг би мэдэж авсан. Хадам аав, ээж, эгч бүгд нөхрийг минь зодож, алуурчин, дээрэмчин, яргачин минь намайг алаад өг, чамайг шоронд чинь хатаагаад өгье, чамайг үхэх гээд хэвтэж байхад чинь хүн болгосон нь буруутсан байна, үхүүлдэг байж гэх мэтээр байнга хэл амаар доромжилж, дорд үздэг. Хэзээ ч хүний эцэг, эх шиг хүүдээ сэтгэлээсээ хандаж байгаагүй. Хадам аавыг сэтгэцийн өвчтэй гэдгийг Шархадны тасаг дээр очиж ядаргааны тасагт хэвтүүлэх гээд үзүүлэхэд эмч нар нь ор байхгүй гэж хэлснээс болоод эмнэлэгт шүлсээ хаяж, эмч нарыг зодох гэж дайрч, хэл амаар доромжлоход мэргэжлийн эмч нь нүдний хүүхэн хараа нь эвгүй байна, хурцын тасагт хэвтэхээр хүн байна гэж хэлэхэд мэдэж авсан. Гэр бүлээрээ ямар ч шалтгаангүй Б- луу дайрч давшилдаг, нэг ч удаа гэр бүл шиг халуун ам бүлээрээ аятайхан сайхан байж үзээгүй. Би энэ айлд амьдарч байх хугацаандаа хадам аавд зодуулж, хадам эгчдээ хөөгдөж, хадам дүүтэйгээ зодолдож, хадам ээжтэй хэрэлдэж байсан. Юунаас болсон гэхээр би нөхрийнхөө ийм байдалтай байгааг харж чадахгүй өмөөрдөг болохоор над руу бас дайрч давшилдаг. Нөхөр маань хар багаасаа л ийм нөхцөл байдалд өссөн болохоор сэтгэлийн шарх авсан гэж би боддог” гэсэн мэдүүлгүүдийг шүүх анхаарч үзэлгүй, хэт нэг талыг барьж дүгнэлт хийжээ.

3. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Тухайн хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1631 тоот, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 тоот буюу хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүх сүүлд гарсан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн атлаа өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн тухай үндэслэлээ тогтоолдоо заагаагүй байна.

Эдгээр хоёр дүгнэлт нь харилцан зөрүүтэй бөгөөд эхний дүгнэлтэд “Вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас баржээ. Уушгины архаг үрэвсэлтэй байна” гэсэн бол сүүлийн дүгнэлтэд “Задлан шинжилгээний 1631 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Талийгаач нь амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ” гэсэн байдаг.

Тэгвэл миний хувьд сүүлийн дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь, уг дүгнэлтийг гаргахдаа Б.Б-ын мөрдөн байцаалтад өгч байсан мэдүүлгийг иш татаж байгаад түүнд нийцүүлж “амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан” гэж үзсэн байдаг. Харин эхний шинжээч нь “амьсгал бүтсэн шинж тэмдэг байгаагүй” гэдгийг тодорхой тайлбарлаж мэдүүлсэн байдаг.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд:

1. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “хоолны шавхруу болон ванн байсныг эд мөрийн баримтаар хураан авав” гэж, мөн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд “мультивитамин” гэсэн шошготой эд зүйл, “коровка” печень, “хам” печень зэргийг эд мөрийн баримтаар хураан авав” гэж тус тус дурдсан. Тэгвэл энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл хэрэгт байхгүй болсон, түүнийг хэн, хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байдаг.

2. Б.Б-ын мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол холбогдох шалгалтыг хийх шаардлагатай байсан. Түүний бусдад хэлсэн үгнүүд нь зөрүүтэй учраас гэм буруутай гэсэн үг биш бөгөөд түүний мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар нотлох эсхүл үгүйсгэх шаардлагатай юм. Эрүүгийн төлөөлөгч Б.Алтайн бичсэн илтгэх хуудсанд “Дээж дэлгүүрийн камерыг шүүх зорилгоор очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй, холбоо барих ямар нэгэн утас хаяган дээрээ байхгүй байсныг илтгэх хуудас болгон танилцуулъя” гэсэн байх бөгөөд дахин очиж шалгаагүй байдаг. Үүнд нь, Б.Б-ын зүгээс ямар нэгэн саад хийгээгүй ба ажлаа дутуу хийсэн энэ мэт байдлаас болж нотолж чадаагүй атлаа зөрүүтэй нотлох баримтаар ял оногдуулсан нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөрдөгч шүүгдэгч Б.Б-ын мэдүүлгийг яллах үндэслэл болгосон бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй юм.

2. Мөн энэ хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.Б-ын “...тултал дүрээд, 5-10 секунд болоход гар нь хөдөлсөн, тэгэхээр нь өргөж уснаас гаргасан” гэсэн мэдүүлгийг яллах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, гэрч Ж.Дуламсүрэн, Т.Бямбаа зэрэг шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдээс мэдүүлэг авахдаа, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгсөн эсэх нь тодорхойгүй байдаг.

4. Б.Б- нь өөрийн төрсөн хүү Б.Анхбаярыг санаатай алсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэр бүлийн гишүүд, тухайлбал түүний эцэг Бямбаа, эх Дуламсүрэн нарын харьцаа хандлагаас голлон түүнийг буруутгах хандлага байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын үйлдэл бол болгоомжгүй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн шинжийн хувьд шууд санаатай, нийгэмд аюултай гэмт үйлдлийнхээ үр дүнг мэдэж, түүндээ хүрэх зорилгоор үйлдсэн байхыг ойлгоно. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б- нь хүү Б.Анхбаярыг шууд алах санаа зорилгыг нотолсон нотолгоо байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Б.Б-ын эхнэр Э.Баярцэцэг нь “миний нөхөр хүүхдээ алах хүн биш, гэрчийн мэдүүлэг өгөхдөө сэтгэл санааны гүн хямралд орж худал мэдүүлэг өгсөн” хэмээн тайлбарладаг.

Хэргийн үйл баримтыг харсан гэрч эсхүл шууд нотлох дүрс, дуу бичлэг бүхий нотлох баримт байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Золзаяа нь улсын яллагчаас “Хэргийн сувьектив байдал буюу хэрэг хийх болсон сэдэлт зорилгыг хэрхэн тогтоосон бэ” гэж асуухад “Гэрч буюу яллагдагчийн эх Ж.Дуламсүрэнгийн мэдүүлгээр тогтоосон” хэмээн тайлбарласан байдаг. Гэвч энэхүү гэрч нь хэргийн үйл баримтыг шууд нүдээр үзээгүй бөгөөд яллагдагчийн хувийн байдлын талаар л мэдүүлсэн байдаг.

Энэ хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эхний буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1631 тоот шинжээчийн дүгнэлтэд “цогцос эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Хохирогч нь вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас баржээ” гэсэн байдаг. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт Э.Баярцэцэгийн “...Хүүхэд маань аав, ээж дээрээ ирэхдээ ханиадтай, замдаа гэдэс нь хямарсан юм уу, өмдөндөө баагаад нуруугаар нь баас нь урсаад хатчихсан байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэгтэй тохирдог. Аливаа нэг үг нь учир шалтгаанаас урган гардаг. Хүүг нас барахаас өмнө төрсөн эх нь түүний бие муу байгааг олж харсан нь “вирусын гаралтай өвчнөөс болж нас барсан” гэх шинжээчийн 1631 тоот дүгнэлттэй тохирч, хүүгийн нас барсан шалтгаан гадны нөлөөгүй болохыг гэрчилж байна.

Мөн хохирогч хүүг “архаг хууч өвчингүй байсан” хэмээн улсын яллагч, шүүх бүрэлдэхүүн үзсэн. Үүнийг гэрч Н.Болдбаатарын өгсөн “эхээс төрөхдөө хэвийн эрүүл хүүхэд байсан” гэх мэдүүлгээр нотолдог. Гэвч уг гэрчийн мэдүүлэгт “1 сар гарантай байхад нь ээж Баярцэцэг хүүхдээ агаарт Хөвсгөл аймаг руу авч явна гээд хяналтаас гарсан” гэсэн байдаг нь хүүг эмчийн хяналтаас гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харуулсан байна. Хүү эмчийн хяналтаас гарснаас хойш хууч өвчин туссан эсэхийг нотлох нотолгоо байхгүйг харуулж байна.

Яллагдагчид энэхүү эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гол нотлох баримт болгосон, түүний мөрдөн байцаалтад өгсөн “толгойгоор нь усанд хийгээд 5-10 секунд болгоход гар нь хөдөлсөн, тэгээд уснаас гаргахад ухаан алдсан” гэсэн мэдүүлгийг улсын яллагч яллах дүгнэлтдээ эш татсан, шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолдоо тусгасан байна. Яллагдагчийн энэхүү мэдүүлэг нь зөрүүтэй бөгөөд хэлэлцүүлгийн үед өөр байдаг нь 2015 онд хэрэг болох үед төрсөн хүүхдээ золгүй тохиолдлоор алдсан эцгийн сэтгэл санаа нь үймэрч, үнэн зөв мэдүүлэг өгөх, цаашилбал хэргийн үйл баримтыг дэс дараалалтай ярихад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хэргийг сэргээж дахин 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд “амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ” гэжээ. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гарсан бөгөөд сүүлийн дүгнэлт нь хэрэг учрал болсноос 2 жилийн дараа гарсан. Шинжээчид тавигдсан асуултанд “яллагдагч 5-10 секунд хохирогчийг толгойгоор нь дарсан байна” гэж бичигдсэн нь шинжээчийн дүгнэлтийг урьдаас хөтөлж, нэг ойлголт руу дагуулсан гэж үзэж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “мөрдөгч нь мэдүүлэг авахад хөтөлж, эсхүл тулгаж асуухыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн 2015 оны шинжээчийн дүгнэлт, 2017 оны шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн заалтыг зөрчиж, дахин шинжээч томилолгүй, процессын ноцтой алдаа гаргаж прокурорт шилжүүлсэн. Хянан шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан атал улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д “Прокуророос хянавал зохих асуудлууд ... яллагдагч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх” үүргийг биелүүлээгүй байна.

Хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарын бүрэлдэхүүн шүүгчийн мэргэжлийн ёс зүйн болон иргэний ёс зүйг уландаа гишгэн, ноцтой алдаа гаргасан. Шүүх хуралдааны дүрс бичлэгийг үзвээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хувийн хэргийн улмаас шүүх хуралдааны танхимыг хэсэг хугацаанд орхин гардаг, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1 хэсэгт “шүүх хуралдааныг тасралтгүй явуулах” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох хохирогчийн эх Э.Баярцэцэгийг чанга дуугаар орилон загнаж, хүнлэг бус харьцсан байдаг.

Мөрдөн байцаалтын бүхий л үе шат, шүүхийн хэлэлцүүлгийн үед, шүүх, прокурор, мөрдөн байцаалт явуулах ажилтан яллагдагч Б.Б-ыг гэмт хэрэгтэн мэтээр үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байдаг ч Б.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт хэт нэг талыг барьж асуудалд хандсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх гэм буруугүйд тооцох зарчим байдаг.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 1.6-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” гэх нотолбол зохих зайлшгүй нөхцлийг тогтоогоогүй.

Яллагдагч Б.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд архи, тамхи хэрэглэдэггүй, төлөв томоотой, гэр бүлийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлдэг нэгэн болохыг гэрч нар мэдүүлдэг. Тэрээр хохирогчийг нас барснаас хойш сэтгэлийн гүн хямралд орсон. Эхнэрийн хамт дахин амьдарч дахин нялх үртэй болсон. Хийгээгүй хэргийнхээ төлөө 16 жилийн хорих ял авсан нь ганц Б.Б- хэдий ч, нөгөө талаасаа түүний дахин төрсөн бяцхан үр нь өнчирч, эхнэр нь бэлэвсэрч үлдэж байгаа билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна” гэж заасан  байдаг. Хэдийгээр Б.Б- нь эцэг хүнийхээ хувьд хайхрамжгүй байдлаасаа болоод хүүгээ золгүй тохиолдлоор алдсан ч түүний гэм бурууд шүүх дэндүү хүнд ял шийтгэл оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд, анхан шатны шүүхийн алдааг залруулж, мөрдөн байцаалтын журам зөрчсөнг харгалзан үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдлөг болгон иргэн Б.Б-ын эрхийг сэргээж, түүнд тохирох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие төрсөн хүүхдээ санаатай алаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Учир нь хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1631 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 692 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Эдгээр дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байхад шүүх сүүлд гарсан шинжээчийн дүгнэлт болон шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үнэлсэн атлаа эхний шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар үндэслэлээ тогтоолдоо тусгаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” гэсэн заалтыг зөрчсөн байна. 1631 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Анхбаяр нь вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас баржээ” гэдэг. Өөрөөр хэлбэл усанд толгойг нь дүрэх үед ус уушиг болон бие рүү нь оролгүй, харин зүрхний булчингийн үрэвслээр нас барсан нь харагдаж байгаа юм. 692 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “өмнөх 1631 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна” гэсэн боловч уг дүгнэлтийг гаргасан шинжээч нь талийгаач Б.Анхбаярт вирусын гаралтай архаг халдвар, зүрхний булчингийн үрэвсэл байсан гэдгийг үгүйсгээгүй, тухайн өвчин нь үхэлд хүргэдэг болохыг мөн адил баталсан юм. Гэвч тухайн өвчин хэрэг үйлдэгдэх цаг үед талийгаачийг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэдгийг судлаагүй, шинжээчийн дүгнэлт болон шинжээчээс авсан мэдүүлгүүдэд тайлбарлаж өгөөгүй байдаг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь санаа зорилго, үйлдэл, шинж байдлаараа хэрэгт авагдсан нотлох баримттай таардаггүй. Иймээс шүүх гэмт хэргийн хэлбэр, санаа зорилгыг буруу тогтоосон гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох боловч дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Б-ын мэдүүлгийг үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлт нь шаардлага хангасан нотлох баримт эсэх талаар асуудал гарч байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шүүх зөвхөн Б.Б-ын өөрийн болон түүний эцэг, эхийн өгсөн мэдүүлэгт хэт анхаарч дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, гэрч Э.Б-, Б.Эрдэнэ нарын мэдүүлэгт Б.Б-ын хувийн зан байдлыг тодорхойлсон байхад, эдгээрийг иш татаж үнэлээгүй нь хэт нэг талыг барьсан гэж харагдахаар байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг буруу тогтоож өгсөн бөгөөд ямар нэг байдлаар алах санаа зорилго байгаагүй, ердөө л хүүхдийнх нь бие тааруу, бохир байсан, мөн хүүхдийнхээ уушгийг тэлэх зорилгоор л толгойг нь усанд дүрсэн зэргийг хангалттай тодруулж өгч чадаагүй юм. Өмгөөлөгчийн зүгээс эхний шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн түвшинд гаргасан шинжээчийн дүгнэлт гэж үзэж байгаа. Иймд Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Б- нь хүүхэддээ харгис догшин, ширүүн харьцдаг байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, гэрч Ж.Дуламсүрэн, Т.Бямбаа нарын мэдүүлгээр тогтоогддог. Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “тухайн үед хүүхдээ ваннтай усанд 5-10 секунд дүрээд гар нь хөдлөхгүй болохоор нь эмнэлэг дуудаж, хиймэл амьсгал хийсэн” тухайгаа мэдүүлсэн. Б.Б-ын төрсөн эцэг, эх болох гэрч Т.Бямбаа, Ж.Дуламсүрэн нарын мэдүүлэг нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тэдний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэгийн “Хөвсгөл аймагт очиход хүүхэд тайван болчихдог, эцгийнхээ хажууд ирэхээр айсан байдалтай болдог” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог. Сүүлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг нь мэдүүлэхдээ “би худал мэдүүлэг өгсөн учраас зохих хариуцлагаа хүлээнэ” гэдэг. Гэвч түүний худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “миний хүүхэд өвчтэй байсан. Өвчтэй байхдаа чичрээд сандал дээр сууж хоолоо идэж чадахгүй байсан. Тийм болохоор өвчний улмаас нас барсан” гэж мэдүүлдэг. Гэвч уг мэдүүлэг нь гэрч Ж.Дуламсүрэнгийн “тухайн өдөр хүүхэд хоолоо идээд хүүхдүүдтэй тоглоод эрүүл саруул унтсан” гэх, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмнө нь өгсөн “миний хүүхэд эрүүл төрсөн. Ямар нэгэн өвчин байхгүй байсан” гэж мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас удаа дараа мэдүүлэг авахдаа тэдэнд гэр бүл, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж, хууль сануулсан, эдгээр мэдүүлгийг үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурсан байдаг. Эхний шинжээчийн дүгнэлтээр талийгаач “архаг амьсгалын өвчний улмаас нас барсан” гэж гарсан боловч шинжээч эмч дараа нь тайлбарлахдаа “усанд толгойгоор нь дүрсэн тохиолдолд зүрх зогсдог” гэсэн мэдүүлгийг өгсөн. Хяналтын прокуророос эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Улсын ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг хянаад “хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, энэ байдлыг нь шалгаж тогтоох нь зүйтэй” гэж үзсэн учир тухайн хэргийг дахин шалгасан. Сүүлд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд хүүхдийг өвчтэй байсныг эрс үгүйсгээгүй. Тухайн үед хүүхэд халдварын өвчтэй байна. Гэхдээ уг өвчин нь үхэлд хүрээгүй, харин амьсгалын зам нь усаар дүүрч живж нас барсан гэж тогтоосон. Шинжээч эмчийг байцаахад архаг өвчин нь хүндэрч нас бараагүй, зөвхөн амьсгалын замд ус дүүрч нас барсан болохыг тайлбарласан. Давж заалдах гомдлуудаас үзэхэд шүүгдэгчид 16 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн байна гэжээ. Тухайн үед дөнгөж мэндлээд өсөж байсан хүүхдээ алдсан эх хүн одоо шинээр төрсөн хүүхдийнхээ ирээдүйг бодож байна гэж ярьж байгаа нь учир дутагдалтай. Амь хохирсон хүүхдийн эрх ашгийг хэн хамгаалаад байна вэ гэдэг нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрдэнэтолгойд байрлах нийтийн байранд 1 нас 8 сартай хүү Анхбаярыг аав Б-т нь үлдээгээд ажилдаа явсан... 20 цагийн үед нөхөр Б- залгаад “Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд “Танай хүү нас бараад 2 цаг болж байна, амьсгаа зүрхний цохилт зогсчихсон ирсэн” гэсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад “Хүүгээ усанд оруулж байгаад устай саванд орхиод дэлгүүр орчихоод ирэхэд хүү маань савтай усандаа дээшээ хараад живсэн байдалтай хэвтэж байсан” гэж хэлсэн. Миний хүү төрөлхийн эрүүл чийрэг, ямар нэг суурь өвчин байгаагүй. Би маш их гомдолтой байна... нөхөр маань багаасаа эцэг эхийн хайр халамжгүй, гадуурхагдаж зодуулж өссөн гэдгийг би мэднэ. Тэрээр “Би хүүгээ өөртэйгээ адилхан өсгөнө” гээд ширүүн догшин харьцаж, загнаж зандардаг. Үүнээс болоод би хүүхдээ өмөөрч хэрүүл зодоон үүсгэдэг байсан. Б- нь хүүхдээ хайрладаггүй, үзэж чаддаггүй байсан...” /1хх-ийн 35-36/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хүүгээ хооллож байхад хүүхэд маань сандал дээрээ тогтож сууж чадахгүй, бие нь их сул чичрээд байсан... хүүхэд маань хөдөөнөөс ирснээс хойш нэг ч усанд ороогүй байсан болохоор би ажилдаа явахдаа “Хүүхдээ усанд оруулчихаарай” гэж захиж хэлээд үлдээсэн... одоо нөхөр бид хоёр дахиад хүүхэдтэй болсон. Ирээдүйд элэг бүтэн амьдармаар байна. Нөхөртөө гомдол санал байхгүй... өмнө нь учир шалтгааныг нь сайн мэдэхгүй, нөхрийнхөө эсрэг хэтрүүлж мэдүүлэг өгсөн байна...” /2хх-ийн 8/,

- гэрч Ж.Дуламсүрэнгийн “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн үед манай төрсөн хүү Б- нь өөрийн хүү болох миний ач Анхбаярыг надад үлдээгээд ажил хөөцөлдөхөөр явсан. Тэгээд би ачийгаа харж байгаад 16 цагийн үед унтуулсан. Тэгсэн 30 минутын дараа Б- гаднаас нүд ам нь сонин болчихсон ууртай орж ирээд “Хүүхдээ аваад явлаа” гэхээр нь “Унтаж байгаа” гэхэд “Чамд хамаагүй” гээд хүүхдээ баруун сугандаа хавчуулаад гэрээс гарсан... ач маань надтай хамт байхдаа ямар нэг өвчин зовиургүй, тоглоод зүгээр гүйж явсан... Б-, Баярцэцэг нар нь хоорондоо байнга хэрэлдэж маргалддаг. Б- нь хүүхдээ их загнадаг, хүүхдээ айлгаад зүрх муутай болгочихсон. Би хүүхдийн эрхийг хамгаалах төвд хүртэл хандаж байсан...” /1хх-ийн 38, 40, 150/,

- гэрч Т.Бямбаагийн “...Б- нь манайд байхдаа хүүхдээ шалтгаангүй зоддог байсан. Намайг өмөөрөхөөр надтай зодолддог... тэгээд манайхаас тусдаа гараад эхнэрийнхээ хамт ажилдаа явахаараа хүүхдээ манайд авчирч үлдээгээд хөгшин маань хараад үлддэг байсан... Б- нь их огцом ууртай, уурлахаар нь бид юм хэлэхээ больчихдог...” /1хх-ийн 62-63, 151/,

- гэрч Б.Алтанзаяагийн “...2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс 108 дугаарт “Б- гэгч нь эхнэр, хүүхдээ Хөвсгөл явуулахгүй гээд зодоод байна” гэсэн дуудлага ирсний дагуу уг айлд олон нийтийн цагдаагийн хамт очиж шалгасан...” /1хх-ийн 47/,

- гэрч Д.Одончимэгийн “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цаг 05 минутад 1 нас 8 сартай эрэгтэй хүүхдийг эцэг нь тэвэрсэн эмнэлэг дээр ирсэн. Хүүхдийг үзэхэд бүх бие нь хөрсөн, амьсгал зүрх бүрэн зогссон, уруул хэл нь хөхөрсөн байдалтай байсан. Хүүхэд нас бараад 1 цаг болсон байсан ба амь насыг нь аврах боломж байгаагүй. Эцэг нь хэлэхдээ “Усанд оруулсан байж байгаад гараад найзтайгаа уулзаад орж ирэхэд живсэн байдалтай байсан” гэсэн...” /1хх-ийн 53/,

- гэрч Д.Мөнгөнсүхийн “...2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 20 цаг 55 минутын үед найз Б- залгаад “Манай хүү амьсгалахгүй байна, би одоо яах вэ, чи эмнэлэг дээр хүрээд ир” гэж ярьсан... Б- бид хоёр хамт ажилладаг, сайн найзууд бөгөөд тэрээр тайван, дөлгөөн, архи тамхи хэрэглэдэггүй хүн...” /1хх-ийн 58/,

- гэрч Н.Болдбаатарын “...Анхбаяр нь төрснөөс хойш 1 сарын хугацаанд миний хяналтад байсан. Түүний эх Баярцэцэг нь “Хүүхдээ агаарт гаргана, Хөвсгөл явлаа” гээд хяналтаас гаргасан. Хүүхэд том болсноос хойш 1 удаа очиж үзэхэд ханиад хүрсэн байсан санагдаж байна. Өөрөөр ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл хүүхэд байсан...” /1хх-ийн 180/,

- гэрч Г.Батцогтын “...Б-ыг байцаахдаа өмгөөлөгчийг нь хамт байлцуулсан... миний зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй. Өгсөн мэдүүлгийг нь бичээд өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан...” /1хх-ийн 183-184/,

- шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...18 цагийн үед гэртээ орсон.  Хүүхдийн хувцас нь халтар болсон байхаар нь хүүхдээ угаах зорилготой хувцсыг нь тайлсан... хүүхдээ усанд бүхлээр нь толгойг нь хүртэл дүрж авахад хүүхдийн уушиг тэлж, ханиад хүрдэггүй, эрүүл чийрэг болдог гэдгийг хүнээс сонсож байсан. Иймээс хүүгээ ваннтай усанд толгойгоор нь түргэн хугацаанд булхуулсан... намайг гэрт ороход хүү маань хөдөлгөөнгүй ваннтай усанд хөл, гар нь гарчихсан, толгой нь хөвчихсөн ухаангүй болчихсон байсан. Тэгэхээр нь уснаас гаргаад орон дээр хэвтүүлж хиймэл амьсгал хийсэн. Ваннтай усанд хүү ороод хэвтэхэд ус цэлэлзтэл дүүрч байсан...” /1хх-ийн 101, 190/,

- шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүүхдээ усанд оруулж байхдаа усан дотор булхуулсан. Ваннтай усанд хүүхэд суухад цээж хэсгээр нь татаж байсан. Тэгээд байж байхад миний гэдэс өвдөөд 00-ын өрөө рүү явсан. 10 минутын дараа хүүхдээ хартал хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тухайн үед айж сандраад хүүхдээ уснаас гаргаад хиймэл амьсгал хийсэн... миний ухаан санаа самуурчихсан байхад, байцаагч намайг айлгаж сүрдүүлж мэдүүлэг авсан. Хүүхэд маань бие султай, байнга айж цочдог, тархи толгойгоороо савж унадаг, зүрх судас, уушгины өвчтэй байсан. Ээж, аавынхаас хүүхдээ авахад бие нь сулавтар байсан...” /2хх-ийн 3/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт болон цогцосны гадна байдал, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-24/, Б.Б-ын мэдүүлгийг газар нь шалгасан тухай тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 25-30/,

талийгаач Б.Анхбаярын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 1631 тоот “Б.Анхбаярын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй байна. Б.Анхбаяр нь вирусын гаралтай архаг халдвартай байсан бөгөөд зүрхний булчингийн үрэвслээр хүндэрч нас баржээ. Уушигны архаг үрэвсэлтэй байжээ” гэх, давтан магадлан шинжилгээ хийсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн 692 тоот “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1631 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Талийгаач Б.Анхбаяр нь амьсгалын зам усаар бөглөрснөөс үүссэн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ” гэх дүгнэлтүүд /1хх-ийн 74-75, 162-164/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...өмнөх дүгнэлтэд талийгаачийн үхлийн үндсэн шалтгааныг буруу тогтоосон байсан... ер нь хүн 5-10 секундын хугацаанд усаар амьсгалсан үед амьсгалын зам усаар бөглөрч амьсгал механикаар бүтэн нас барах боломжтой. 1 нас 8 сартай хүүхдийн хувьд өөрийгөө хамгаалж амьсгалаа түгжиж чадахгүй тул усаар амьсгалж амьсгалын зам усаар бөглөрч нас барсан байх боломжтой. Талийгаачийн вирусын гаралтай архаг халдвар, зүрхний булчингийн хурц үрэвсэл нь үхэлд хүргэдэг өвчин боловч тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй. Талийгаач нь живж нас барсан...” /1хх-ийн 185-187/ гэсэн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Б.Б- нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 228 тоот хашаанд байрлах Нийтийн байрны 04 тоотод өөрийн 1 нас 8 сартай хүү Б.Анхбаярыг усанд оруулах явцдаа, ваннтай усанд толгойгоор нь дүрснээс Б.Анхбаяр нь амьсгалын замын бүтэлтэд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.  

Анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ, Б.Б-ын үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл, Б.Б-ын хувийн байдал болон түүнийг эцэг, эх, эхнэр, хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг байсан талаар мэдүүлсэн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд, түүнтэй холбогдох нотлох баримтыг үндэслэн Б.Б-ыг өөрийн төрсөн хүүхдээ санаатай алсан гэж үзэхэд учир дутагдалтай байх бөгөөд тухайн цаг хугацаанд Б.Б-ын хэт болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Б.Анхбаяр нь нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

Ш.Б- нь хүүхэдтэйгээ харьцах эв дүй муутай талаар мөрдөн байцаалтын явцад түүний эхнэр Э.Баярцэцэгээс удаа дараа мэдүүлсэн байх бөгөөд тухайн өдөр эхнэр Э.Баярцэцэг нь “Хүүхдээ усанд оруулаарай” гэж захиж хэлсний дагуу төрсөн хүүхдээ усанд оруулахаар ус халаан бэлдэж, усанд оруулан хүүхдээ халамжлах зорилготой байсан түүний үйлдлийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлдсэн хэмээн дүгнэх боломжгүй юм.

Харин тэрээр хүүхдээ усанд оруулах явцдаа биеийг нь чийрэгжүүлэх зорилгоор толгойг 10-15 секунд усанд байлгасан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарч байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцлийг тодорхойлон заажээ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар гарсан дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу Б.Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэнд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 5 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруугийн хэлбэрийн талаар гаргасан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, эдгээр давж заалдах гомдлуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хотгойд овогт Бямбаагийн Б-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-   2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-   3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Соёл-Эрдэнэ, Д.Золзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                     Н.БАТСАЙХАН