Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00144

 

 Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02147 дугаар магадлалтай,

            Д.Д-ын нэхэмжлэлтэй,

            Монгол банкинд холбогдох

         Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23.865.031 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Орших, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:Д.Д-ыг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/014 тоот хөдөлмөрийн гэрээ, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн захирлаар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/014 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж тус тус томилогдон ажиллаж байсан. Гэтэл Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/462 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр ажил олгогчийн санаачилгаарД.Д-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад одоог хүртэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 7.065.738 төгрөг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 1 өдрийн 131.851 төгрөгөөр тооцож 23.865.031 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилуулахаас татгалзвал, байгууллага нэхэмжилсэн мөнгөн дүнг олгох боломжтой гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Монгол банкнаас 23.865.031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчД.Д-т олгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29.453 төгрөгийг улсын төсвөөс, 277.275 төгрөгийг хариуцагч Монгол банкнаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02147 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оршихын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02147 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн үйл аижллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь Монголбанкны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаарД.Д-тай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлийг баримт нотолгоотой илрүүлсэн байдаг ба үүний дагуу нэхэмжлэгчД.Д-т Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б-462 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр өмнөх гурван шатны шүүхээр нэхэмжлэгчД.Д-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг боловч Монголбанкны зүгээсД.Д-ын гаргасан зөрчлийг нотолгоотой, бодитоор илрүүлж мэдсэн тул түүнийг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох асуудлыг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Монголбанкны хэлтсийн захирлын энэхүү өндөр хариуцлагатай албан тушаалыг төрийн албан хаагчийн ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр дахин хашуулах нь маш том эрсдэлтэй тул нэхэмжлэгчД.Д-т сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан явдалд Монголбанкны байр суурь хэвээр байгаа болно. Харин нэхэмжлэгчД.Д-ын иргэний журмаар сүүлд дахин гаргасан нэхэмжлэлийг хоёр тал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан ба анхан шатны шүүх уг хэргийг ИХШХШТХ-ийн 74, 75 дугаар зүйлд заасны дагуу маргааныг бүхий л талаас дүгнэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг хангалттай ашиглалгүй нэг талын буюу шууд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд, шүүх нь хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлт, саналыг хангалгүй шийдвэр гаргасан тул ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.   

НэхэмжлэгчД.Д- нь хариуцагч Монгол банканд холбогдуулж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23.865.031 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч нь "... ажилдаа орох буюу ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрээс татгалзаагүй тохиолдолд олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэжээ.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны Б/84 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 256 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00424 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд нь эгүүлэн томилсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасныг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй, улмаар шүүхээс нэгэнт хангаж шийдвэрлэсэн шаардлагаас татгалзах болзол тавьсан тайлбар гаргаж байгаа үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэгчийг ажилд аваагүй хугацаа ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 23.865.031 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02147 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН