Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2147

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч МБ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23 865 031 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ыг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБ-ны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03/014 тоот хөдөлмөрийн гэрээ, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБ-ны хэлтсийн захирлаар 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03/014 тоот хөдөлмөрийн гэрээгээр хэлтсийн захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан. Гэтэл МБ-ны ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэлийг гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр ажил олгогчийн санаачилгаар Д.Д-т сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрхи Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад одоог хүртэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 7 065 738 төгрөг олгоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлсон бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 1 өдрийн 131 851 төгрөгөөр тооцож 23 865 031 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн томилуулахаас татгалзвал, байгууллага нэхэмжилсэн мөнгөн дүнг олгох боломжтой гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагу хариуцагч МБ-аас 23 865 031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т олгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 728,77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 29 453 төгрөгийг улсын төсвөөс, 277 275 төгрөгийг хариуцагч МБ-аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: МБ-ны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь МБ-ны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар Д.Д-тай холбоотой хэд хэдэн ноцтой зөрчлийг баримт нотолгоотой илрүүлсэн ба үүний дагуу нэхэмжлэгч Д.Д-т МБ-ны Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б-462 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБ-ны хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Хэдийгээр 3 шатны шүүх Д.Д-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч МБ-аас Д.Д-ын гаргасан зөрчлийг нотолгоотой, бодитоор илрүүлж мэдсэн тул түүнийг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. МБ-ны хэлтсийн захирлын энэ өндөр хариуцлагатай албан тушаалыг төрийн албан хаагчийн ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр хашуулах нь эрсдэлтэй тул Д.Д-т сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан явдалд МБ-ны байр суурь хэвээр байгаа.

Харин нэхэмжлэгчийн иргэний журмаар сүүлд дахин гаргасан нэхэмжлэлийг хоёр тал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан ба шүүх уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжийг хангалттай ашиглалгүй нэг талын буюу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23 865 031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч МБ эс зөвшөөрсөн байна.

МБ-ны ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны Б/84 дүгээр тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/00937 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын  23-ны өдрийн 256 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00424 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх 4-19/

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзвал шаардсан мөнгийг төлөх боломжтой” гэсэн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Д-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэгчийг ажилд аваагүй хугацаа ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.

Иймээс анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэж, хөдөлмөрийн тухай хуульд заасан зохих зохицуулалтыг зөв хэрэглэж, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд зохигчдыг эвлэрэх боломжийг олгосон боловч эвлэрээгүй, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА