Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 07

 

С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ний  өдрийн 139/ШШ2017/00110 дугаар шийдвэртэй, С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгох  тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч: С.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай. Улсад 39 жил ажилласан. Үүнээс 1981 оны 01 сарын 01-нээс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байсан ба тэр үед хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир цалингийн баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Анхан шатны шүүх:

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяууд овогт Санжидын Алтанцэцэгийг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 11 сарын 05-ны өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1981.01.01-нээс 1982.12.31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байснаа ,

тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл миний бие бага насандаа сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүйгээс болоод шүүх хуралдаанд өөрийн ажиллаж байсан талаар буруу тайлбар хэлснээс болж  миний ажилласан жил тогтоолгох шаардлага гаргасан хэсгээс 1982.11.05-наас 1982.12.31-нийг хүртэл тогтоосон.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2017/00110 дугаар шийдвэрийг хянан үзэж, миний ажилласан жилийг үнэн зөв тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй улсад ажилласан жил тогтоолгох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй боловч давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч 1981 оны 1 сарын 1-нээс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргаж, 1981-1982 оны цалингийн баримтын хуулбар, гэрч Д.Бүдханд, Ц.Цэвэлсүрэн, А.Алимаа нарын зэрэг гэрчүүдийн мэдүүлгээр  нэхэмжлэлийн шаардлагаа нотложээ.

Хавтаст хэргийн 3-5 дугаар талд цугларсан цалингийн баримтанд нэр бүхий хүмүүсийн хөдөлмөрийн хөлс авсан тооцоо байх бөгөөд хавтаст хэргийн 3 дугаар хуудасны нэрсийн жагсаалтын 16,  4 дүгээр хуудасны нэрсийн жагсаалтын 21,  5 дугаар хуудасны нэрсийн жагсаалтын 22-рт тус тус Алтанцэцэг гэсэн нэр байгаа ба энэ нотлох баримтыг Луус сумын архиваас хуулбарлан авсан, Алтанцэцэг гэдэг нь миний нэр мөн гэх байдлаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Шаардлагын үндэслэл болсон цалингийн баримтуудын 4-5 дугаар хуудсанд авагдсан баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Анхан шатны шүүх С.Алтанцэцэг нь 1981 оны 1 сарын 1-нээс ажилласан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ 1981 он гэсэн бичиглэлтэй цалингийн баримт / хэргийн 3 дугаар хуудас/-ыг хэрхэн үнэлсэн, ямар учраас шаардлагын үндэслэл болохгүй байгаа талаар шийдвэртээ огт дурдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт ямар ажил эрхэлж байсныг  тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болжээ.

С.Алтанцэцэг нь 1980 оны намар анх нэгдлээс мал авч малласан гэж тайлбарлах бөгөөд мал маллаж эхэлсэн хугацааг 1981 оны 1 сарын 1-ний өдрөөс тогтоолгох шаардлага гаргасан байдлыг харгалзан түүний ажиллаж эхэлсэн хугацааг 1981 оны 1 сарын 1-нээс тогтоох боломжтой, энэ нь хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн хөлс бодож олгосон нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхээр тогтов.

 Шүүх 1973 оны Хөдөлмөрийн хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийг бус хүсэлтийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг зөрчсөн байгааг  дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 139/ШШ2017/00110 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг             “ Баяууд овогт Санжидын Алтанцэцэгийг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг С.Алтанцэцэгт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БЯМБАЖАВ

                                ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ