Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0052

 

 

“М м э э” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0042 дугаар шийдвэрийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогч:

            Нэхэмжлэгч “М м э э” ХХК

            Хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн ашигт малтмалын МV-021363 XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0042 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, өмгөөлөгч Ч.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 118/2021/0039/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Завхан аймаг дахь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0042 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 60 дугаар зүйлийн 60.1.4, 62 дугаар зүйлийн 62.2, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаас нэхэмжлэгч “М м э э” ХХК-ийн 14806Х тоот хайгуулын МV-021363 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай хэсэг болох энгийн хамгаалалтын бүсийн талбай дахь 5651-5667 дугаарт бүртгэгдсэн Цахир, 5637-5650 дугаарт бүртгэгдсэн Сонжийн булаг, 5668-5687 дугаарт бүртгэгдсэн Баян-Улааны өврийн булаг, 3623-3659 дугаарт бүртгэгдсэн Хуудсан булаг, 5688-5708 дугаарт бүртгэгдсэн Шарилын амны булаг, онцгой хамгаалалтын бүсийн талбай дахь 8223-8249 дугаарт бүртгэгдсэн Хуудсан булаг, 9365-9382 дугаарт бүртгэгдсэн Баян-Улааны өврийн булагт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.2 дахь заалтуудыг үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 40 дүгээр зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/107 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох ажлын санал боловсруулах ажлын хэсгийг томилсон байдаг. Уг захирамжийн дагуу Усны тухай хууль болон холбогдох дүрэм журмыг баримтлан ажлын хэсэг ажиллаж, ажлын тайлан боловсруулалтыг 24 суманд хэлэлцүүлэн ард иргэд, нутгийн удирдлагын саналыг тусгаж албан тоот бичгээр баталгаажуулсан байдаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09/5719 тоот, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/1045 тоот албан бичгүүдээр тус тус санал дүгнэлтийг авч Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу “Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зааг, эрүүл ахуйн бүсийн талбайг тогтоож хамгаалах” шийдвэр захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол нөхцөл байдал үүссэн учир энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг нэхэмжлэгч “М м э э” ХХК-ийг оролцуулж хийх шаардлага байхгүй байсан. Учир нь “М м э э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн нутагт оршдог бөгөөд Бадрал багийн малчид, иргэд уг зөвшөөрөлтэй талбайд байгаа хүн амын болон бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашигладаг булгуудыг яаралтай хамгаалалтад авч өгөхийг аймаг, сумын удирдлагуудад санал гомдлоор тавьсан.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д усны нөөцийг хомсдох, бохирдлоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно гэсэн заалтууд байдаг тул Отгон сумын Бадрал багийн нутагт байдаг булгууд нь уг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд давхцалтай байгаа нь Усны тухай хуулийг зөрчиж байна.

Хяргас нуур-Завхан голын сав гарын захиргааны даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаар тушаалаар Завхан аймгийн Отгон сумын нутагт орших “М м э э” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай нь хамгаалалтын бүсэд орж байгаа эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргаж, өнөөгийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсгийг томилж, уг ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж мэргэжлийн дүгнэлтийг гаргасан .

“М м э э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдох захиргааны хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэж, “М м э э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хоёр тусгай зөвшөөрөлд холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “М м э э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй тул дээрх энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх нь өмнөх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 691 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах үндэслэл болж байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн, шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгч “М м э э” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д заасныг үндэслэн Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээ, хилийн цэсийг баталжээ.
  3. Тухайн бүс дотор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-14806Х тоот, ашиглалтын МҮ-021323 тоот тусгай зөвшөөрлийн талбай орсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
  4. Анхан шатны шүүх дээрх 54 дүгээр тогтоолыг Усны тухай хуулийн 11.1.3, 11.1.4 гэсэн өөр асуудлыг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэсэн, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 09/5719 дүгээр албан бичигт дурдсан “усны сан бүхий газрын бүсүүдийн хоорондоо давхцалтай алдаатай” гэснийг засаж залруулалгүй тогтоолыг баталсан, эрх ашиг нь хөндөгдөх нэхэмжлэгч компанийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 60.1.4, 62.2-т заасныг зөрчиж, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх  нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
  5. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар, шүүхийн шийдвэрээр ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн хамгаалагдах талаар дүгнээгүй, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэрийн алдаа болон нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхол нь ямар шалтгаант холбоотой болохыг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоолгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
  6. Усны тухай хуулийн 2 өөр заалтыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: ... 60.1.4. шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;” гэж заасныг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэжээ.
  7. Захиргааны ерөнхий хуулийн энэхүү заалт нь тухайн хэм хэмжээний актаар тогтоосон зохицуулалтын агуулга хоорондоо, мөн  бусад хууль, эрх зүйн актуудтай зөрчилдөхгүй байх талаар зохицуулсан, харин акт гаргах болсон хууль зүйн үндэслэлдээ хуулийн 2 өөр заалтыг баримталсан тохиолдлыг зохицуулаагүй тул хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
  8. Маргаан бүхий 54 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь тус тогтоолд баримталсан Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасныг хэрэгжүүлж гарсан байх бөгөөд илүү хуулийн заалтыг баримталсныг тухайн актыг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй.
  9. Хариуцагч нь 54 дүгээр тогтоолоор Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасны дагуу мөн хуулийн 11.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтоосон байна.
  10. Анхан шатны шүүхийн шийдвэрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 09/5719 дугаар албан бичигт “Танай боловсруулсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зураглалын ажилтай танилцаад ... усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс тогтоосон болон хамгаалалтын бүсүүд хоорондоо хэсэгчлэн давхцалтай зэрэг зураглалын алдаа байна” гэснийг засаж, залруулалгүй 54 дүгээр тогтоолыг гаргасан гэж хүчингүй болгох үндэслэлийн нэг болгожээ.  
  11. Уг 09/5719 дүгээр албан бичигт “... усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зураглалыг гаргахдаа Монгол Улсын усны тоо бүртгэлийн нэгдсэн дүн, байр зүйн зураг, Монгол орны гадаргын усны ус зүйн сүлжээний зураг, сансрын зургийг ашиглан боловсруулсан нь үндэслэлтэй болсон байна” гэж тусгасан байхад энэ хэсгийг үнэлээгүй атлаа зөвхөн бүсүүд хооронд хэсэгчлэн давхцалтай зурагдсан алдаа гарсан гэснийг үнэлж, уг алдаа нь нэхэмжлэгчийн ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн эрхтэй ямар холбоотой болох талаар дүгнэлгүй, 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангасан нь үндэслэлгүй байна.
  12. Мөн давж заалдах гомдолд дурдсан хэрэгт авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/1045 дугаар албан бичигт “... ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуй хамгаалалтын бүсийг тогтоосон асуудлыг дэмжиж байна” гэж заасан, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны дээрх албан бичигт дурдсан зураглалын алдааг засаж, усны хамгаалалтын бүсийг тогтоох боломжтой зэргээс үзвэл усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс тогтоосон 54 дүгээр тогтоолын тухайн алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглах эрх, ашиг сонирхол хамгаалагдах боломжгүйг харж болохоор байхад анхан шатны шүүх дээрх албан бичгийг 54 дүгээр тогтоол гарснаас хойш гарсан тул үнэлэх шаардлагагүй гэж үзжээ.
  13. Эдгээр нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхээр заасанд нийцээгүй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй юм.
  14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай хойшлуулшгүй тохиолдол нөхцөл байдал үүссэн учир энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг нэхэмжлэгчийг оролцуулж хийх шаардлага байхгүй” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.  
  15. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасан нь тухайн актаар зохицуулах асуудлын хүрээнд хамааралтай этгээдийг оролцуулж, тэдгээрийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг хийхээр заасан бөгөөд усны хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс тогтоох асуудалд оролцуулж хэлэлцүүлэг хийж санаа боодлыг нь сонсох этгээдэд нэхэмжлэгч хамаарахааргүй байх тул анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.
  16. Харин тухайн хамгаалалтын бүсэд нэхэмжлэгч “М м э э” ХХК нь ашигт малтмал хайх, ашиглах боломжгүй болж эрх, ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад мэдэгдэх шаардлагагүй гэж үзэхгүй.  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
  17. Гэвч хариуцагчийн хууль зөрчсөн дээрх алдаа нь 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн тухайн тогтоолын үр дагавар буюу ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрлөө зүй ёсоор эзэмшиж байсан бол уг үйл ажиллагааг явуулах боломжгүй болсны улмаас учирсан үр дагаврыг зохих этгээдээр арилгуулах боломжтой, энэхүү эрх, ашиг сонирхол нь нээлттэй үлджээ.
  18. Өөрөөр хэлбэл Усны тухай болон бусад хууль тогтоомжоор ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд усны хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийг тогтоохыг хориглосон заалт байхгүй тул хариуцагчийн мэдэгдэж, сонсгох үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглах, хайх эрх нь зөрчигдөхгүй тул 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
  19. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 54 дүгээр тогтоолоор тогтоосон усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн ашигт малтмалын МV-021363 XV-014806 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М м э э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү-ийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ