Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 17

 

Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 139/ШШ2017/00207 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нарт холбогдох 14440000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ц.Хатанбаатарын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнхзаяа, хариуцагч Ц.Хатанбаатар,  Д.Амар-Энх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нарт 2015 оны 8 сарын 12-ны өдөр бусдаас 10 хувийн хүүтэй 11 сая төгрөг зээлж авч өгсөн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд амаар тохиролцож 11 сая төгрөгийн 1 сарын хүү 1100000 төгрөгийг авч үлдэн 9900000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн хүүгээ төлөхгүй хугацаа хэтрүүлээд байхаар нь төлж чадах эсэх дээр эргэлзээ төрж хариуцагч Ц.Хатанбаатартай 2015 оны 12 сарын 17-нд гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа Ц.Хатанбаатар нь хугацаа дууссан иргэний үнэмлэхээр байгуулсан байсан. Анх бол Ц.Хатанбаатараас 15099900 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд дахин бодож үзээд хүүнд өгсөн мөнгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нараас 14400000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээнд мөнгө төлөх хугацаа дуусаад төлөгдөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцно гэсэн байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань үндсэн мөнгө, алдангийг нэхэмжилж байна. Иймд Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нараас 14400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Амар-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хатанбаатар бид хоёр анх 2015 оны 8 сарын 12-ны өдөр Г.Мөнхзаяа, Г.Чагнаадорж нартай уулзаж, “байрны урьчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэсэн. 11-ний өдөр бид 11 сая төгрөг зээлэхээр ярилцсан. 12-ны өдөр манайд ирж 10 хувийн хүүтэй мөнгө хүн зээлүүлнэ гэж байна гээд 9900000 төгрөг өгч, 1100000 төгрөгийг хүүнд авлаа гэж хэлсэн. Түүнээс хойш бид сар бүр 1-2 хоногоор хэтэрдэг байсан хэдий ч  хүүгээ төлөөд явж ирсэн. Одоогийн байдлаар 11300000 төгрөгийг төлсөн байгаа. 12 сарын мөнгийг би хэтрүүлсэн, намайг хөдөө орон нутагт явж байхад Г.Мөнхзаяа залгаж “зээлийн гэрээ байгуулъя” гэж хэлсэн. Би очиж байгаад гэрээ байгуулах талаар хэлсэн. Гэтэл манай нөхөртэй гэрээг байгуулсан байсан. Манай нөхрийн иргэний үнэмлэхийг нотариатч эргүүлж, тойруулж үзэж байгаад баталж өгсөн байсан. Бид мөнгөө өгч, авах талаар удаа дараа ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Тэгээд эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчид тухайн үед Г.Мөнхзаяад хүү, алданги авах эрхээ алдана гэж хэлэхэд “би мэдэж байна” гэж байсан. Тэгээд Г.Мөнхзаяа нь шүүхэд хандсан. Бид удаа дараа үндсэн мөнгө, хүүгээ тохиролцох талаар хэлсэн боловч өөрсдөө тохиролцохгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Г.Мөнхзаяа нь Мөнхжаргал гэдэг хүнээс 8 хувийн хүүтэй мөнгө авч бид хоёрт 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж дундаас нь ашиг олж байсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэв.

Нэхэмжлэгч Ц.Хатанбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Мөнхзаяа, Ц.Хатанбаатар нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

- Зээлийн гэрээний 2.3-т “зээлийн хугацаа нь зээлдэгч мөнгийг бэлнээр хүлээн авсан үеэс тоологдоно”, 2.5-д “зээл олгох хугацаа 2015 оны 12 сарын 17-ны өдөр” гэж тус тус заасан байна. Гэтэл талууд гэрээний 2.1-т заасан 11000000 төгрөгийг өгч авалцсан үйлдэл хийгээгүй ба харин дээрх мөнгийг 2015 оны 8 сарын 12-ны өдөр буюу гэрээ байгуулагдахаас 4 сарын өмнө Д.Амар-Энхэд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар хангалттай нотлогддог. Д.Амар-Энхэд зээлсэн мөнгөн дээр Ц.Хатанбаатартай зээлийн гэрээг нөхөж байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн байна. 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилж батлахдаа гэрээний нэг тал болох Ц.Хатанбаатарын 2014 оны 12 сарын 3-ны өдөр хүртэл хүчинтэй иргэний үнэмлэхийг үндэслэж хийсэн. Энэ нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан “нотариатч үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг тогтоох бичиг баримтанд үндэслэж хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл мөн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Хатанбаатарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

- Уг зээлийн гэрээг хийхэд би Ц.Хатанбаатарын гарыг барьж байгаад гарын үсэг зуруулаагүй, хуурч мэхэлж зээлийн гэрээ байгуулаагүй, өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байгуулсан бөгөөд хугацаагаа өөрөө хэлж байгуулсан. Заавал 11000000 төгрөгөө тухайн өдөр өгөлцөж авалцсан тухай сөрөг нэхэмжлэл дээр дурдсан байна. Тийм хуулийн заалт хаана байна. Ц.Хатанбаатар өөрөө надад үндсэн 11000000 төгрөг байгаа гэдгээ зөвшөөрч гэрээ байгуулсан. Хугацаа дууссан иргэний үнэмлэхээр зээлийн гэрээ байгуулсан нь нотариатын байгууллагын буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал аман гэрээ хийж өгч авалцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй байна гэв.

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Хатанбаатар /ЗЖ89120218/, Д.Амар-Энх /ЗЙ87011903/ нараас 4038000 /дөрвөн сая гучин найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхзаяа /ЗФ88062124/-д олгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Хатанбаатарын 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг, хариуцагч Ц.Хатанбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нараас 79558 /далан есөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхзаяад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн дугаар 139/ШШ2017/00207 шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан. Учир нь Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ талуудын 2015.08.12-ны өдөр харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. Тухайн мөнгө өгч, авсан өдөр талуудын хүсэл зориг нэг байсан буюу  нэхэмжлэгч нь 11 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх сонирхолтой байсан байна гэж дүгнэсэн мөртлөө хүүгийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Хатанбаатар, Амар-Энх нарт бусдаас мөнгө зээл авч өгсөн талаар нэхэмжлэл тайлбартаа дурдаж, шаардлагын үндэслэл болсон хохирлын баримтаа хэрэгт өгсөөр байхад хохирсон миний хохирлыг барагдуулахгүй удаа дараа миний эсрэг шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч намайг өмгөөлөх эрхээр хангуулалгүй, энэ талаар асуулгүй шүүх хурлыг явуулсанд гомдолтой байх тул шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Г.Мөнхзаяа нь хариуцагч Ц.Хатанбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон гэрээ биелэгдээгүйгээс учирсан хохирол 14.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хэргийн 5 дугаар хуудас/, барьцаат зээлийн гэрээ            /хэргийн 39-41 дүгээр хуудас/, Хаан банкны зарлагын мэдүүлэг/ хэргийн 42 дугаар хуудас/, Г.Мөнхзаяа, О.Мөнхжаргал нарын хооронд бичгээр үйлдэгдсэн баримт /хэргийн 123 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Хатанбаатартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу, гэрээний талын үүргийн зөрчлөөс учирсан хохирлыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ Ц.Хатанбаатар, Д.Амар-Энх нарт Мөнхжаргал гэгчээс 10 хувийн хүүтэй мөнгийг өөрийн нэрээр зээл авч өөрөө хохирсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа  удаа дараа дурдсан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үзлэг хийлгэж шаардлагаа нотлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс хүсэлтийн дагуу үзлэг хийх ажиллагааг явуулсан боловч үзлэгийн тэмдэглэл  хөтөлсөн шүүгчийн туслах шүүх хуралдаанд  тэмдэглэл хөтөлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасан “ Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ.” гэснийг, мөн шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын үндсэн чиг үүргийг ялгаа заагтайгаар тогтоосон Шүүхийн захиргааны тухай хуулийн 26, 27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчжээ.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бурдүүлж буй ажиллагаанд буюу гэрчээс мэдүүлэг авах, үзлэг хийх ажиллагаануудад шүүх хуралдаанд тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах тэмдэглэл хөтөлж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

Дээр дурдсан хууль зөрчиж гарсан тэмдэглэлээр баталгаажсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.3-т зааснаар шүүх шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь уг хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх хэн ч гэрч байж болох боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй хэрэгт гэрч ямар нэгэн сонирхолгүй байх ёстой.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Амар-Энхийг хамтран хариуцагчаар татсан байна. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 сарын 27-ны өдрийн 6 тоот магадлалд гэрээ хэлцлийн нэг тал буюу зээлдэгч болсон этгээдийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, уг гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлийг дурдаж байжээ.

Шүүх хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад шийдвэр гаргасан талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч болсон этгээд Д.Амар-Энхийн урьд гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан дээрх алдаа залруулагдаагүй төдийгүй, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох эрх хангагдаагүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан.

Шүүх хэргийн нөхцөл байдал тухайн баримтыг нотлох, батлах эсхүл үгүйсгэх үндэслэл нөхцөлийг шүүхийн шийдвэрт тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад нийцнэ. Гэтэл шүүх нотлох баримтыг уг хуулийн заалтад нийцүүлэн үнэлээгүй, маргааны үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнээс бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлд шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг зээлийн гэрээний үнийн дүнгээр бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөх 70200 төгрөгөөр тооцож төлүүлсэн нь хуульд нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвтгөн эцэслэн шийдвэрлэх боломж бүрдээгүй гэж үзээд  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180742 / нэг зуун наян мянга долоон зуун дөчин хоёр / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

              ШҮҮГЧИД                              П.ДОЛГОРМАА

                                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ