Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2021/0235/З |
Дугаар | 221/МА2022/0034 |
Огноо | 2022-01-05 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2022/0034
“Т Б Э э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэнгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК
Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 712
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0235/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрээр Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг тус тус баримтлан Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах эрчим хүчний нөөцийн судалгааг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутагт байрлах 80 метр өндөр хэмжилтийн станцаар тасралтгүй 12 сарын хугацааны салхины судалгаа, тооцоо хийж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурлаас салхин цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмшихийг дэмжиж, “Их луус” 50 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар хянуулах зэрэг шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Эрчим хүчний барилга байгууламж барих 20/2015 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хуагцаатайгаар авсан.
Тусгай зөвшөөрөл авснаас хойш тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж, салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг хийхэд шаардлагатай ажлууд болох 50 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэх тарифыг 9.4 ам.цент/кВт,ц-аар Эрчим хүчний зохицуулах хороогоор батлуулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “О к” ХХК хийлгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам батлуулах, шинэчилсэн ТЭЗҮ-ын дагуу салхин сэнсний байрлалд тохируулан газрын хэмжээг нэмэдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож, 1760 га газрыг авах, Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагаа үеийн горимын тооцоог “Эрдэм шинжилгээ судалгааны Эрчим төв” хийлгэж, дүгнэлт гаргасныг Диспетчерийн үндэсний төв ХХК зөвшөөрлийг авах, БНХАУ-ын Hydrochino Corporation-тэй “Зураг төсөл ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ”-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох “Техникийн нөхцөл”-ийг жилийн хугацаатай авах, Диспетчерийн үндэсний төв ХХК-тай Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн СЭХ-2017/12 дугаартай “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”, хөрөнгө оруулалтын сантай “Хөрөнгө оруулалтын гэрээ”, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨААТҮГ-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах зэрэг ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн, тасралтгүй ажиллаж, байгуулагдсан гэрээнүүдийн урьдчилгаа, төлбөр, ажлын хөлс, цалин, татвар зэрэг нийт 1.5 сая ам.долларын зарцуулсан бөгөөд энэ талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл эдгээр баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэ нь тодорхойгүй бөгөөд зөвхөн Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын хэсгийн үнэлгээг үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.
Манай компани 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн EJ/18-11 тоотоор Эрчим хүчний яаманд “Техникийн нөхцөл”-ийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Техникийн нөхцөл” сунгах асуудлыг “түр түдгэлзүүлсэн” гэсэн шийдвэр гаргасан байсан.
Мөн бид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн EJ/19-03 тоотоор “Техникийн нөхцөл”-ийг хүсэлтийг дахин Эрчим хүчний яаманд гаргасан боловч Эрчим хүчний Сайдын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 08 дугаар тэмдэглэлийг үндэслэн дээрхтэй ижил хариу өгсөн.
Гэрчийн мэдүүлгээр “Эрчим хүчний яамнаас барилга эхлүүлэх зөвшөөрөл авах ажлыг техникийн нөхцөл сунгахгүйгээр түдгэлзүүлсэн байсан” болох нь тогтоогдсон, мөн ДҮТ-ээс горимын тооцоо дахин хийлгэх хугацааг заасан шийдвэрүүдийг нотлох баримтаар хүргүүлсэн байхад анхан шатны шүүхээс тэдгээр баримтыг үнэлээгүй, ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 8-н үзүүлэлтээс 2-ийг бүрэн биелүүлж ажилласан бөгөөд бусад 6-н үзүүлэлт нь зураг төсөл, барилга угсралттай холбоотой, батлагдсны дараагаар хийгдэх ажлууд тул төсөл хэрэгжүүлэгч “Т Б Э э з” ХХК нь 2015 онд эрчим хүчний барилгын угсралт, зураг төслийн чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Hydrochino Corporation-тай 78.5 сая долларын үнийн дүнтэй, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан.
Гэтэл цар тахлын улмаас Монгол Улсын хил хаагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш ажлын виз олголто зогсож, тус гэрээний хэрэгжилт хойшлогдсон учир Монголын үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ болон тус ажл гүйцэтгэгчээс ирүүлсэн нотлох баримтаар хүргүүлсний дараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4887, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолыг Эрчим хүчний зохицуулах хороо гаргасан байдаг. Энэ өдөр хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг хэвээр байсан гэж үзэж байна.
Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгахаар олгосон байсан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх нөхцөл шаардлагын биелэлтийн үүргийг дүгнэж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий 537 дугаар тогтоол гаргасан нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусаагүйг харуулж байна
“Т Б Э э з” ХХК нь техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой бөгөөд тус компаниас шалтгаалаагүй нэгдсэн сүлжээний горимын үйл ажиллагааны улмаас Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн шийдвэрийн улмаас 2023 он хүртэл түр хүлээлтийн байдал байгаа тус төвийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/497, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрий н02/570 тоот албан бичгээр тогтоогдож байхад харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК нь анх байгуулагдсанаас хойш санхүүгийн хувь ямар ч хүндрэлд орж байгаагүй, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу байнгын санхүүжилт хийгддэг бөгөөд төслийн санхүүжилтийг бүрэн шийдсэнийг нотолсон Хөрөнгө оруулалтын гэрээ, банкны баталгаа хэрэгт авагдсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар маргаан бүхий 537 дугаартай шийдвэр гаргах өдөр хуралд оролцосон боловч маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 болон 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоол гарахдаа хуралд оролцуулалгүйгээр хийсэн. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралд оролцохоор Эрчим хүчний зохицуулах хороод очиход тус тусгай зөвшөөрлийг хариуцсан мэргэжилтэн “Таны итгэмжлэлийг бид бичиг баримтаасаа олохгүй байна дахин авч ирж хуралд оролц” гэж буцааж байгаад хурлаа хийсэн байдаг ба Эрчим хүчний зохицуулах хорооноос шүүхэд тус итгэмжлэлийг гарган өгсөн байдаг. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоол гарахдаа миний гар утас руу “2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн онлайнаар хэлэлцэх тул 11 цаг 00 минутаас цахим хуралд нэвтэрч орно уу” гэсэн зурвас ирүүлсэн боловч өмнөх өдөр нь энэхүү шийдвэрээр гаргасан байдаг.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар маргаан бүхий 537 дугаартай шийдвэр гаргахдаа “Т Б Э э з” ХХК-д ажлын хэсгийн үнэлгээг мэдэгдэлгүйгээр нөхцөл шаардлагыг дүгнэх хуралд оролцуулж, тайлбар гаргах боломж өлгөөгүй тул мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхээс маргаан бүхий захиргааны актуудын бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн бөгөөд тус бүрийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад, шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад тодорхой дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
2. Нэхэмжлэгчээс Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Маргаан бүхий захиргааны актууд болох Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолоор “... Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Хангалтгүй” гэж дүгнэсэн.
4. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 487 дугаар тогтоолоор “... барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар” гэж,
5. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор “... эрчим хүчний барилга байгууламж барих 20/2015 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон” тус тус шийдвэрлэжээ.
6. Анх Эрчим хүчний зохицуулах хорооноос 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-д “Эрчим хүчний барилга байгууламж /50 МВт-ын Салхин цахилгаан станц” барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олгосон, хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусах, эсхүл “Хангалтгүй” гэж дүгнэсэн үедээ сунгах боломжгүй буюу Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар хүчингүй болгох эсэхийг шийдвэрлээгүй, уг хугацаанаас хойш 1 жилийн дараа Эрчим хүчний зохицуулах хороо нь 487, 526 дугаар тогтоолуудыг гаргаснаас үзвэл тухайн тусгай зөвшөөрөл нь “хугацаа дууссан” үндэслэлээр дуусгавар болоогүй байх бөгөөд захиргааны байгууллага нь ямар шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр гэж үзэж маргаан бүхий актуудыг гаргаж байсныг тодруулах шаардлагатай.
7. Учир нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн атлаа 2020 оны 10 дугаар сарын 487 дугаар тогтоолоор уг үндэслэлээс гадна “цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсүгэй” гэснээс үзвэл “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан”, “Хангалтгүй” гэж дүгнэгдсэнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангах боломж олгож байсан, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “... тусгай зөвшөөрөлтэй холбоотой хийж гүйцэтгэсэн ажлуудтай холбоотой тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжүүлэх боломж олгосон” байж болохоор байна.
8. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг авсны дараа Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж, тариф батлуулах тухай (хэргийн 1 дүгээр хавтасны 118 дахь тал), “О к” ХХК-тай Байгаль орчны зөвлөл үйлчилгээний, Эрдэм шинжилгээ судалгааны Эрчим хүчний төвтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан (хэргийн 1 дүгээр хавтасны 141 дэх тал), “Диспетчерийн үндэсний төв” ХХК-тай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан (хэргийн 1 дүгээр хавтасны 153-173 дахь тал), Эрчим хүчний яамны бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандаж “Техникийн нөхцөл шинэчлэн авах тухай” хүсэлт гаргасан (хэргийн 1 дүгээр хавтасны 188 дахь тал), Диспетрчерийн үндэсний төвд Горимын тооцоонд дахин дүгнэлт гаргуулахаар хандсан (хэргийн 1 дүгээр хавтасны 190, 205 дахь тал), мөн холбогдох дүгнэлтийг гаргуулахаар дэмжлэг хүссэн албан бичиг хүргүүлсэн (хэргийн 1 дүгээр хавтасны 192 дахь тал), Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрлийг сунгах талаар хандаж дэмжлэг хүссэн (хэргийн 1 дүгээр хавтасны 193, 206 дахь тал), “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан (хэргийн 1 дүгээр хавтасны 207-208 дахь тал), станц барих зорилгоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын захирамжаар нэмж 1760 газрыг нэхэмжлэгчид олгосон (хэргийн 1 дүгээр хавтасны 131, 133-139 дэх тал) зэрэг холбогдох ажлуудыг явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгч “.... нийт 1.5 сая ам.долларыг зарцуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахын тулд дээрх ажлуудыг гүйцэтгэсэн гэх бөгөөд зарим ажлуудын тухайд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хийгдээгүй, хийгдэх боломжгүй байсан талаар тайлбараа гаргаж энэ талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл эдгээр баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй” гэж маргаж байгаа гомдол үндэслэлтэй байна.
10. Анхан шатны шүүхээс захиргааны байгууллагаас маргаан бүхий актуудыг үргэлжүүлэн гаргаж байсан шалтгааныг тодруулаагүй атлаа тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэв уг хугацаа дууссан гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх үндэслэл байсан эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөхөөр байхад энэ талаар дүгнээгүй байна.
11. Нэхэмжлэгчээс “... техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой бөгөөд тус компаниас шалтгаалаагүй ... санхүүгийн хувьд ямар ч хүндрэлд орж байгаагүй, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу байнгын санхүүжилт хийгддэг...” гэж давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд маргаан бүхий тогтоолуудад дурдсан “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн”, “цаашид үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжгүй” гэсэн нь үндэслэлтэй эсэх, тухайн актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
12. Дээр дурдсан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хариуцагчаас тодруулаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтыг бүрэн дүгнээгүй байхад давж заалдах гомдлын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ